Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/944

 

 

 

А.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдол гаргасныг үндэслэн А.С-т холбогдох эрүүгийн 2411000000650 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

..... тоотод оршин суух хаягтай, урьд:

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/740 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/1847 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Баян сум дахь 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

Шүүгдэгч А.С- нь 2024 оны 4 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэсэр” сүмийн замын уулзвар орчим хохирогч Ч.Г-тай “таксиныхаа мөнгийг өгөхгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж, түүний 1,394,910 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-54 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

     Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.С-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.С- нь өөрт холбогдох хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шатанд ч гэм буруугийн хувьд маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан юм. Мөн хохирогчид эд зүйлийг буцаан өгч хохиролгүй болгосон.

Анхан шатны шүүхээс А.С-т түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан.

Миний үйлчлүүлэгчийн хувьд эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд ажил хөдөлмөр хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийн гэмшиж, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрах болно.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.С-т холбогдох 2411000000650 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

2024 оны 4 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө 04:00 цагийн үед шүүгдэгч А.С- нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэсэр” сүмийн замын уулзвар орчим хохирогч Ч.Г-г “...явсан таксиныхаа төлбөрийг өгөхгүй байна...” гэх шалтгаанаар маргалдаж, түүний 1,394,910 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-54 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь:

ЧДЦГ ЦХ-1, Шуурхай удирлагын тасаг “...Таксины жолооч гар утас дээрэмдэж явсан 1705УБС...” гэх 2024.04.06 03:44.31 гэсэн огноо бүхий дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 1/,

хохирогч Ч.Г-гийн: “...би гэртээ харих гээд хорооллын эцсээс такси барих гээд гараа өргөөд зогсож байтал хар өнгийн жижиг тэрэг ирээд зогссон. Тухайн машины жолооч нь 20-25 орчим насны бор царайтай, туранхай биетэй залуу байсан. Би тухайн жолоочид Ардын эрх орно гэж хэлээд Ардын эрхийн тэнд очоод хэд гарсан гэхэд надаас 30,000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би “...яагаад 30,000 төгрөг гардаг юм бэ, байнга такси барьдаг, 5000-7000 төгрөг гардаг...” гэж хэлсэн чинь “хуцаад бай согтуу авгай минь миний мөнгө өг” гээд загнаад байсан. Тэгээд Тэнгис кино театрын урд талаар явахаар нь энд Чингэлтэй дүүргийн цагдаа байдаг ийшээ ор гэсэн чинь зогсохгүй би чамайг ална гээд чигээрээ давхиад байсан. Тэгээд би зогсооч ээ гэж хэлээд байхад зогсохгүй чигээрээ явсаар Бөмбөгөр рүү эргэдэг уулзвараар хойшоо эргээд явж байхад нь би хаалгыг нь онгойлгоод орилсон. Тэр үед зам дагуу унадаг дугуйтай хэдэн хүүхдүүд явж байсан. Тэгээд машин зогссон чинь тэр хүүхдүүд хүрч ирээд намайг хамгаалсан. Гэрлэн дохионы гарцан дээр зогсож байхад таксины жолооч миний гар руу цохиод “Самсунг А54” загварын цагаан саарал өнгөтэй гар утсыг булаагаад авсан. Ингээд намайг буусан даруйд тэр машин хөдлөөд явсан.  ...” /хх-ийн 6-7/,

насанд хүрээгүй гэрч Н.Ч-ын: “...машин дотроос эмэгтэй хүн тусламж гуйгаад орилоод байхаар нь бид нарыг очиход нэг эгч таксины ах суучихсан тэр эгч энэ ах чинь миний гар утсыг авчихаад өгөхгүй байна. Надад туслаач, аваад өгөөч гэж хэлээд уйлчихсан байдалтай байсан. Тэгээд би очоод “ахаа та утсыг нь өгчих тэгэх үү” гэж хэлсэн чинь “наад хүн чинь таксиныхаа мөнгийг өгөөгүй, тийм болохоор утсыг нь би авна” гээд утсыг нь гартаа барьчихсан суугаад байсан, нөгөө эгч чинь хойд хаалганаасаа буугаад тэр ахын цонхон дээр ирээд “Чи миний гар утсыг өгчихөөчээ” гэж хэлсэн чинь тэр ах шууд хөдлөөд зугтаад явчихсан.  ...” /хх-ийн 11/ гэх мэдүүлгүүд,

“...хар өнгөтэй Samsung гэсэн бичигтэй, камерын хэсэгт шигтгээтэй, 351285622292391 гэсэн имей дугаартай, гадна талаар өнгөгүй резинэн гэртэй гар утас хүлээлгэн өгсөн...” гэх 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17/,/хх-ийн 21/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “...“Самсунг А-54” загварын гар утсыг 1,239,920 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан /хх-ийн 27-32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч А.С-ын 2024 оны 4 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө 04:00 цагийн үед таксиныхаа мөнгийг өгөхгүй байна гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Г-гийн 1,394,910 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-54 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

   Анхан шатны шүүх, А.С- үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцүүлэн хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс шүүгдэгч А.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг сонгож, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.   

А.С-т хорих ялын төрлийг сонгож,1 жилийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.С-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

Шүүгдэгч А.С- нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТСАЙХАН

          ШҮҮГЧ                                                         Т.ШИНЭБАЯР

          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ