Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00245

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00245

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02813 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Х-ын хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 43,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2018 оны 06 дугаар сард миний гэр бүлийн хүн Б.Г нь найздаа мөнгө зээлүүлье, гайгүй хүүтэй зээлнэ гэж байна гэсний дагуу Д.А-д 38,000,000 төгрөг зээлүүлэхээр болсон. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.А-тай зээлийн гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийг авч 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.

Д.А-ийн Хаан банк дахь төгрөгийн 5063172595 тоот дансанд 37,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.А нь нийт 23,860,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,360,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг буюу нийт 23,860,000 төгрөгийг 5063172595 данснаас шилжүүлсэн.

Д.А нь хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийснээсээ хойш үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүй алга болсон тул шүүхэд хандан нэхэмжлэхээс өөр аргагүй болсон.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн төлбөр 37,600,000 төгрөг, 2 сарын хүү 7,520,000 буюу нийт 45,120,000 төгрөг төлөх ёстой байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гэрээний 3.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги төлөх ёстой төлбөрийн дүн 67,680,000 төгрөг болох ба үүнээс төлөгдсөн төлбөр 23,860,000 төгрөгийг хасвал 43,820,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна.

Иймд талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.А гаас 43,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.А нэхэмжлэгч болох Х.Х түүний эхнэр Б.Г г өмнө нь огт таньдаггүй байсан бөгөөд н.Х гэх эмэгтэйн хүсэлтээр түүнтэй 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уулзсан.

Мөнгөө өсгөмөөр байна...", ...миний мөнгийг хүнд зээлдүүлээд өсгөөд өг... гэхээр нь хамтран ажиллахыг зөвшөөрсөн. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5064384633 тоот данснаас миний данс руу 37,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг би Б.Г гийн зөвшөөрлөөр н.А, н.Г, н.Э гэх гурван хүнд зээлсэн боловч эргүүлэн төлөөгүй. Дээрх 3 хүнд зээлсэн мөнгийг авч чадаагүй Х.Х ад 23,860,000 төгрөгийг өөрөөсөө гарган өгсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлгүй зээлийн гэрээ байгуулагдаагүй. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь мөнгө зээлдүүлэх, зээлэх хүсэл зориг байгаагүй ба Х.Х болон Б.Г гийн гуйлтаар тэдний мөнгийг бусдад зээлэх зорилготойгоор миний бие 37,600,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан Б.Г гийн хамт мөнгийг шилжүүлсэн.

Энэхүү гэрээ нь бусдад мөнгө зээлдүүлэхдээ хэрэглэдэг загвар гэрээ бөгөөд гэрээний 2.6-д "Төлбөрийг тогтсон хугацаанд зээлдүүлэгчийн ХААН банкны 5063334047 тоот дансанд шилжүүлнэ гэсэн ба 5063334047 тоот данс нь Х.Х-ын бус миний данс юм.

Мөн гэрээний гэрээ байгуулсан гэх хэсэгт зээлдүүлэгч Д.А гэж бичигдсэн ба гэрийн хаяг минийх бөгөөд түүний доорх регистрийн дугаар болон утасны дугаарыг цагаанаар дарсан. Харин Х.Х-ын гарын үсгийг миний бие бичсэн байдаг. Дээрхээс үзвэл 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд эд хөрөнгө зээлэх бодит хүсэл зориг байгаагүй бөгөөд Х.Х болон Б.Г нарыг мөнгийг бусдад зээлдүүлэх гэснийг халхавчилж хийсэн гэрээ гэж үзэхээр байна.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан ба гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг талуудын хэн ч бие биеэсээ шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.А гаас 31,890,000 /гучин нэгэн сая найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Х ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 317,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Х ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 13,740,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

а/ Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач, холбогдолтой байх талаас үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ц, О.Ц (хх-ийн 76, 77 тал) нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт дурьдсанаар Х.Х бус түүний эхнэр гэх Б.Г гэх эмэгтэйтэй хамтран зээл гаргах үйл ажиллагаа явүүлж байсан болох нь тогтоогдсон нь Иргэнийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий зээлийн гэрээн дэх Х.Х гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болохыг, гэрээг хариуцагч үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрдөг.

Талуудын хооронд зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан гэх, нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэл зориг байсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд гэрээний 3.1.4, 3.2.1-т зааснаас үзвэл уг гэрээ нотариатаар гэрчлүүлж, мөнгийг шилжүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох байсан.

Гэрээний чөлөөт байдлын зарчим буюу гэрээг заавал нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр тооцогдох ба мөн гэрээний гэрээ байгуулсан гэх хэсэгт зээлдүүлэгч Д.А гэж бичигдсэн байх бөгөөд түүний регистрийн дугаар, утасны дугаарыг цагаанаар дарсан байна. Харин Х.Х-ын гарын үсгийг хариуцагч бичсэн байдаг. Уг гэрээ нь хариуцагчийн бусдад мөнгө зээлдүүлэхдээ хэрэглэдэг загвар гэрээ бөгөөд гэрээний 2.6-д Төлбөрийг тогтсон хугацаанд зээлдүүлэгчийн Хаан банкны 5063334047 тоот дансанд шилжүүлнэ. гэсэн ба 5063334047 тоот данс нь Х.Х-ын бус хариуцагч Д.А-ийн данс юм.

Дээрхээс үзвэл 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд эд хөрөнгө зээлэх бодит хүсэл зориг байгаагүй бөгөөд Х.Х болон Б.Г нарыг мөнгийг бусдад зээлдүүлэх гэсэн үйл ажиллагааг халхавчилж, дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэхээр байна.

б/ Мөн маргаан бүхий зээлийн гэрээ нь 38,000,000 төгрөгийг зээлнэ гэж тохиролцсон байх ба бодитоор мөн хэмжээний мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн депозит дансны хуулгаар тогтоогдоно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд мөн хуулийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан ба гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг талуудын хэн аль нь шаардах эрхгүй юм. Харин Иргэний хуулийн 56 дутаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу бодитоор шилжүүлсэн 37,600,000 төгрөгийг шаардах эрхтэй буюу түүнээс төлөгдсөн 23,860,000 төгрөгийг хасч үлдэгдэл 13,740,000 төгрөгийг шаардах эрхтэй буюу хүү, алданги шаардах эрхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Д.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Х.Х , Д.А нар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Х.Х нь 37,600,000 төгрөгийг 3 сарын хугацаатай Д.А-д зээлдүүлэх, Д.А нь сарын 10 хувийн хүүтэй буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-6 дахь тал/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу Х.Х нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 37,600,000 төгрөгийг Д.А-д шилжүүлсэн болох нь хэргийн 8 дахь талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Д.А 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,360,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, нийт 23,860,000 төгрөг зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаар зохигчид маргаагүй. /хх-9-13 дахь тал/

 

2.Хариуцагч нь нэхэмжлэгч Х-ын эхнэр Г-тай хамтарч зээл гаргах үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч Ц.Ц, О.Ц нарын мэдүүлгээр нотлогддог, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө зээлэх бодит хүсэл зориг байгаагүй, гэрээнд нөгөө тал гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлж хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн тул үлдэгдэл 13,740,000 төгрөгийг шаардах эрхтэй хүү, алданги шаардах эрхгүй гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй болно. /4а/

 

Учир нь талууд зээлийн гэрээг байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн, хариуцагч гэрээнд гарын үсэг зурж нөгөө талдаа хүлээлгэж өгсөн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалтад нийцжээ.

 

Шүүхэд гэрч Ц.Ц Б.Г ... хэдэн төгрөгний зээл гаргах гэсэн юм... мөнгийг өсгөөд өгөөч гэсэн... би чадахгүй... Д.А-ийн утсыг өгөөд өөрөө очиж уулз... ажилтай нь танилцаад болмоор байвал цуг суугаад 2,3 өдөр заалгуулаад мөнгөө өсгөөд яв гэж хэлсэн гэх, гэрч О.Ц А-ийн зээлийг хаах гэсэн...зээлэх мөнгө байна уу гэхээр нь 12,000,000 төгрөг данс руу нь шилжүүлээд, 2,700,000 төгрөг бэлэн өгч байсан... А-ийн зээлийг хаах гэсэн юм зээл нь удаашраад байна гэж байсан... нэг ширээнд суугаад одоо хамтарч ажиллая би ч гэсэн мөнгөө өсгөмөөр байна гэж хэлж байсан... гэх агуулга бүхий мэдүүлэгийг тус тус шүүхэд өгчээ.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч Д.А г Б.Г тай хамтарч бусдад мөнгөн хөрөнгө зээлдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүйгээс гадна уг гэрчийн мэдүүлгүүд нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд үүсэх ёстой үр дагаврыг үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлж хэлцэл хийгдсэн гэх, эсвэл тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлэлгүйгээр, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул гэрээнд заасан үүрэг буюу зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4а/

 

3. Д.А нь өөртөө шилжүүлэн авсан зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өөр бусдад шилжүүлэн өгсөн нь зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4. Д.А нь үндсэн зээл 37,600,000 төгрөгөөс 23,860,000 төгрөгийг төлж, үлдэх 13,740,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Х.Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 13,740,000 төгрөгийг хариуцагч Д.А гаас шаардах эрхтэй байна.

 

Талууд зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүү 10 хувь, 3.1.3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 сарын хүү 7,520,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд зээлийн хүү шаардах эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4б/

 

Хариуцагч Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийг буцаан төлөх үүрэгтэй байсан боловч зээлийг төлөөгүй тул нэхэмжлэгч Х.Х нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А гаас алданги шаардах эрхтэй тул алдангийн хэмжээг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 13,740,000 төгрөг, зээлийн хүү 7,520,000 төгрөг, нийт 21,260,000 төгрөгийн 0,5 хувиар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1044 хоног тутам тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул алданги 10,630,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн байна. Иймд алданги шаардах эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4б/

 

5. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.А гаас үндсэн зээл 13,740,000 төгрөг, зээлийн хүү 7,520,000 төгрөг, алданги 10,630,000 төгрөг, нийт 31,890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Х ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ