| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0706/э |
| Дугаар | 0767 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 0767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, улсын яллагч П.Даваасүрэн, хохирогч Б.Б, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806003730806 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Г Б, 19 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн сумын дугаар баг гэдэг газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ИН96092016
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн Хантайшир бөөний төв дотор Б.Б цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбар өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед “Нарантуул” олон улсын худалданы төвийн “Хан тайшир” худалдааны төвөөс 2 хайрцаг чинжүү худалдаж авсан. Авсан хүн маань яараад байсан учир энэ дүүг хүргээд өгчих гэж гуйсан. Энэ дүү “байж бай завгүй байна” гэж хэлсэн. Би хурдал гэхэд над руу муухай хараад байхаар нь би алгадаад авсан. Тэгэхэд намайг урдаас мөргөж унагаагаад дахин босоод ирэхэд нэг удаа мөргөсөн. Үүнээс болж миний үүдэн 4 шүд унаж, нуруу өвддөг болсон. 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний нуруу өмнө нь суулттай байсан юм. Нэг шүдээ 650.000 төгрөгөөр эмчлүүлсэн. Шүдний эмнэлэгт 6 шүд хийлгэсэн. Нийт 2.355.000 төгрөгийн хохирол гарсаныг нэхэмжилнэ. Одоо шүд зүгээр болсон гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул төвийн өргөтгөл хэсэг дээр байрлах Хантайшир бөөний худалдааны төв дээр туслах ажилтан хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14.00 цаг өнгөрч байхад ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манайхаас 2 хайрцаг чинжүү авсан ах надад хандан ахынхаа авсан барааг лангуун дээр хүргээд өг гэж хэлэхээр нь би одоо завгүй байна нэг данс руу мөнгө шилжүүлэх гэж байна гэхэд ямар нэгэн үгийн зөрүүгүй гараа атгаж байгаад миний зүүн чамархай хэсэгт нэг удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд хамт явж байсан дүү нь гэх залуу мөн хажуугаар орж ирээд миний толгойн тус газар нэг удаа цохиж мөн гэмтэл учруулсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө ахыг барьж аваад нэг удаа тонгороод газар унагаасан. Тэгтэл нөгөө дүү нь гэх залуу чамайг ална чи манай ахыг яагаад зодож байгаа юм гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би босож ирээд нөгөө ахыг нэг удаа мөргөсөн. Тэр ахын эхнэр гээд нэг эмэгтэй ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төв дээр жимс жимсгэнэ зардаг бөгөөд өдөр 14.00 цаг өнгөрч байхад жимсний бөөний худалдааны төв болох Хантайшир бөөний худалдааны төвөөс 2 хайрцаг чинжүү худалдан авсан бөгөөд бараа зөөлөг залууг ахынхаа барааг зөөгөөд лангуун дээр хүргээд өг гэхэд байж бай би завгүй байна гэхээр нь ах нь яараад байна гэтэл өөдөөс муухай хараад байсан. Тэгэхээр нь би нэг удаа алгадсан чинь миний нүүрэн тус газар мөргөөд тонгорч унагаан миний биед гэмтэл учруулсан юм. Миний үүдэн 4 ширхэг шүд хугарсан. Нуруу өвдөж байна. Би маш их гомдолтой байна гэжээ. /8-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 21/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 862 тоот ДҮГНЭЛТ:
1.Б.Б биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4.Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/
Хохирогч Б.Б эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 25-26/
Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/
Г.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-33/
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 35 /, эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 36-46/ зэрэг болно.
Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн Хантайшир бөөний төв дотор Б.Батбуянг ахынхаа авсан барааг лангуун дээр хүргээд өг гэж хэлэхээр нь би одоо завгүй байна нэг данс руу мөнгө шилжүүлэх гэж байна гэхэд муухай харлаа гэж түүнийг алгадахад өөдөөс нь нэг удаа нүүр орчимд нь мөргөсөнөөс түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Б.Б биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2 дугаар шүдний хугарал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 862 тоот дүгнэлт /хх-ийн 22/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Хантайшир бөөний худалдааны төвөөс 2 хайрцаг чинжүү худалдан авсан бөгөөд бараа зөөдөг залууг ахынхаа барааг зөөгөөд лангуун дээр хүргээд өг гэхэд байж бай би завгүй байна гэхээр нь ах нь яараад байна гэтэл өөдөөс муухай хараад байсан. Тэгэхээр нь би нэг удаа алгадсан чинь миний нүүрэн тус газар мөргөөд тонгорч унагаан миний биед гэмтэл учруулсан юм. Миний үүдэн 4 ширхэг шүд хугарсан гэсэн мэдүүлэг / хх-н 8-16/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манайхаас 2 хайрцаг чинжүү авсан ах надад хандан ахынхаа авсан барааг лангуун дээр хүргээд өг гэж хэлэхээр нь би одоо завгүй байна нэг данс руу мөнгө шилжүүлэх гэж байна гэхэд ямар нэгэн үгийн зөрүүгүй гараа атгаж байгаад миний зүүн чамархай хэсэгт нэг удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд хамт явж байсан дүү нь гэх залуу мөн хажуугаар орж ирээд миний толгойн тус газар нэг удаа цохиж мөн гэмтэл учруулсан. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө ахыг барьж аваад нэг удаа тонгороод газар унагаасан. Тэгтэл нөгөө дүү нь гэх залуу чамайг ална чи манай ахыг яагаад зодож байгаа юм гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би босож ирээд нөгөө ахыг нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд 2.355.000 төгрөгийг нэхэмжилсэнг шүүгдэгч Г.Б хүлээн зөвшөөрч 4 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Г Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож солихыг дурьдсугай.
4. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Б 2.355.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 41-7 тоотод оршин суух АГ80052918 регистрийн дугаартай Б Б олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН