Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

                                         С.*******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0046/Э/208/2023/0028 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, *** настай, ****эгтэй, *****боловсролтой, ******** мэргэжилтэй,************* ажилтай, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ****дугаар баг, * тоотод оршин суух хаягтай, *****урьд ял шийтгэлгүй, /РД: *****/,

Шүүгдэгч С.******* нь 2020 оны зун Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төв байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.*******ийг “ээж *******ээгийнхээ иргэний үнэмлэхийг олсонгүй” гэх шалтгаанаар хогны шүүрний ишээр зүүн гуя, зүүн гарын булчин хэсэг рүү тус тус цохиж зодсон;

-2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ дагавар охин Х.*******ийг “бэлэгний чихэр идсэн байна” гэх шалтгаанаар хувцаснаас нь өргөж, сэгсрээд зүүн хацар, хоёр гарын мөр орчим хэсэгт гараараа цохиж, зодсон;

-2021 оны 03 дугаар сард гэртээ дагавар охин Х.*******ийг “айл руу хүн дагаж явах гэлээ” гэх шалтгаанаар ор луу нь шидэж, 2 гар хэсэгт алгадаж зодсон;

-2021 оны 12 дугаар сард гэртээ хамтран амьдрагч Ц.*******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар дагавар охин Х.*******ийн салтаа орчим өшиглөж, зодсон;

-2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ дагавар охин Х.*******ийг “галаа түлсэнгүй” гэх шалтгаанаар түлхэн унагаан, дэвсэж, зүүн хацар, баруун гуя орчимд цохиж зодсон;

-2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд гэртээ дагавар охин Х.*******ийг “дүүгийнхээ хажуугаар түргэн орж хэвтсэнгүй” гэх шалтгаанаар баруун хацар, зүүн хацар орчимд нь гараараа цохиж зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.*******ийг 6 удаагийн үйлдлээр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан С.*******д оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь бага насны хохирогч *******ийн сэтгэл заслын эмчилгээний зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.7   дугаар   зүйлийн   2  дахь  хэсгийн  2.1-д   заасан    зүйлчлэлийг    хүлээн   зөвшөөрч   шүүгдэгчид  оногдуулах  эрүүгийн

хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралд оролцсон. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний ганц бие эцэг болох талаар хавтаст хэрэгт гэрчээр Ц.*******ийн өгсөн “...одоо охин *******г ******* ээж *******гаар харуулж байгаа гэсэн би жилийн дараа охиноо очиж авна...” гэх мэдүүлэг /хх-60 ху/, Л.*******гийн өгсөн “...*******ийн ээж нь ******* эгч *******г харж байгаа..” гэх мэдүүлэг, С.*******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн миний ээж ******* 51 настай одоо миний охин *******г хардаг. ******* 2 настай. Ээж ******* нь охин *******ийг аваад Дархан явсан ажилд орсон гэсэн...” гэх мэдүүлэг, мөн багийн засаг даргын тодорхойлолт, охин Н.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр охин Н.******* нь төрсөн эцэг С.*******ийн асрамжинд байгаа нь нотлогдон тогтоогдсон байхад шүүхийн тогтоолд заасан шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн хуулийн зохицуулалтанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн хувийн бодит байдалтай нийцээгүй ба эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. /ЭХХШТХ-ийн 39.6-1.4/

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрийн талаар хэрэгт нэхэмжилсэн зүйл байхгүй, түүний хувийн байдал болох 2 настай охин Н.*******, ээж 51 настай Л.******* нарын хамт амьдардаг, эхнэр дагавар охин нар нь Дарханд амьдрахаар болсон цаашид хамт амьдрахгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, цагдан хоригдсон хугацааг оруулан тооцож хасаж өгнө үү.

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэх боломжтой байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их харамсаж байна. гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Ц.*******тэй хамтран амьдрах хугацаанд өөрийн дагавар охин *******д гар хүрч зодож байсандаа маш их харамсаж байна. Миний бие бага охин Н.*******гаа асрамжлан харж байсан. Эхнэр Ц.******* өөрийн охин болох *******тайгаа тусдаа Дархан-Уул аймагт амьдарч байгаа. Өндөр настай ээжтэй маань Ерөө суманд 2 настай охин Н.******* нь амьдарч байгаа. Энэ байдлыг маань харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийн хүрээнд биш, хэргийг бүхэлд нь хянахаар хуульчилсан байдаг. Хэргийн хувьд авч үзвэл бага насны хүүхдийг байнга зодож, гэр  бүлийн  хүчирхийллийг  үйлдсэн  нөхцөл  байдал  тогтоогдсон. Хэрэгт хэд хэдэн удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогч нь төрсөн эх *******ийн хамт  тусдаа буюу Дархан-Уул аймагт амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хохирогчийн  хууль   ёсны   төлөөлөгч,   шүүгдэгч   нар   нь  хамтран  амьдарч  байх хугацаандаа ******* охиныг төрүүлсэн. Өмгөөлөгчийн ярьж буйгаар шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын зүгээс татгалзах зүйлгүй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төв байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.*******ийг удаа дараа үл ялих зүйлээр шалтаглан зодсон  гэмт хэрэгт холбогджээ.

2. Түүний энэхүү үйлдлийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд  шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.*******ийг 6 удаагийн үйлдлээр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “шүүгдэгч нь 02 настай охин Н.******* болон ээжийн хамт амьдардаг ганц бие эцэг болох нь тогтоогдсон байхад шүүх шүүгдэгчийн хувийн бодит байдалтай нийцээгүй  дүгнэлт хийж,  эрүүгийн хуулийг зөв хэрэглэж чадаагүй” гэжээ.

4. Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төв байрлах гэртээ 09 настай дагавар охин Х.*******ийг 2020 оны 06 дугаар сард, 2021 оны 02 дугаар сард, 2021 оны 03 дугаар сард, 2021 оны 12 дугаар сард, 2022 оны 01 дүгээр сард, 2022 оны 06 дугаар сард тус тус  “гадуур айл хэсэх гэлээ, гал түлсэнгүй, бэлгэнд өгөх гэсэн чихэр идчихлээ, эд зүйл олсонгүй, удаан хөдөлгөөнтэй” гэх мэтээр үл ялих зүйлээр шалтаглан баруун хацар, зүүн хацар орчимд нь гараараа цохих, хогийн шүүрний ишээр зүүн гуя, зүүн гарын булчин хэсэг рүү зохих зэргээр тус тус зодож, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар   үндэслэл   бүхий  дүгнэлт  хийж  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.7

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий дагавар

охиноо зодсон гэмт хэрэгт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 6. Шүүгдэгч нь өөрийн төрсөн эх болон бага насны 02 настай охин Н.*******гийн хамт амьдардаг ганц бие эцэг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.  Шүүгдэгч С.*******, иргэн Ц.******* нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч тодорхой хугацаанд хамтын амьдралтай байсан, охин Н.******* нь тэднийг хамтын амьдралтай байхад төрсөн  боловч охины  эх Ц.******* нь хүүхдээ асрах боломжгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэлгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн хуулийн зохицуулалтад шүүгдэгч С.******* нь хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

7. Харин шүүгдэгч нь анх удаа гэмт эрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2. Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан С.*******д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

ардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                          ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН