Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00349

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК /гүйцэтгэх захирал А /. Хаяг: У хот, С дүүрэг, 5-р хороо, П гудамж, өөрийн байрт үйл ажиллагаа явуулах 

 

Хариуцагч: К. Хаяг: Б аймаг, Т сум, 6 дугаар багт оршин суух, 

 

Хариуцагч: Б. Хаяг: Б аймаг, Т сум, 6 дугаар багт оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үдсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 37,584,046 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч К , Б нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 37,584,046 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Т ББСБ" нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот Зээлийн гэрээгээр К 30,000,000 /гучин сая/ төгрөгийг сарын 2,99% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Б нарт гэрээ байгуулсан.

1.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Баталгаат ипотекийн гэрээг байгуулж, гэрээгээр Б аймгийн Т сумын 6-р баг Б -1 гудамж 101 тоот хаягт байршилтай 120 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б аймгийн Т сумын 6 дугаар баг Б Б -1 гудамж 101 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай өвөлжөө /өргөн шийрэг/ зориулалттай эзэмших газрыг барьцаалж, барьцааг хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн хэлтэст, аймгийн ГХБХБ-ын газарт бүртгэлд бүртгүүлсэн.

1.3 Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч нар нь 2025 оны 3 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,312,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,262,541 төгрөг, нотариатын төлбөр 8800 төгрөг, нийт 37,584,046 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу дээрх үнийн дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

1.5 Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 37,584,046 /гучин долоон сая таван наян дөрвөн мянган дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж, өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн К ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б ийн хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие Б нэхэмжлэгч Т ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. К , Б бид хоёр Т ББСБ-аас 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. К нь мөнгө олохын тулд К улсад ажил хийхээр явсан, 3-4 сар ажиллаж ирнэ. Нөхөр К нь К улсаас ойрын үед ирж чадахгүй тул Т ББСБ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг надад олгосон.

2.2 Нөхөр К бид хоёр Т ББСБ-ийн бид нараас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,312,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,262,541 төгрөг, нотариатын зардал 8800 төгрөг, нийт 37,584,046 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нөхөр уг зээлийг төлөхийн тулд ажил хийж байгаа. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.3 Иймд энэхүү иргэний хэргийг К , Б бид хоёрын хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй тухай ойлгож мэдлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К , Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 37,584,046 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч К , Б нараас нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,890 төгрөгийн тал нь болох 172,945 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 172,945 төгрөг, мөн хариуцагч К , Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 172,945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч К , Б нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 37,584,046 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,890 төгрөгийн тал нь болох 172,945 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 172,945 төгрөг, мөн хариуцагч К , Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 172,945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ