| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00360/И |
| Дугаар | 302/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 302/ШШ2025/00400
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С . Хаяг:Б аймаг, Н сум, 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух,
Хүсэлт гаргагч: К . Хаяг:Б аймаг, Н сум, 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух,
Хүсэлт гаргагч: Б . Хаяг:Б аймаг, Н сум, 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 38 дугаартай захирамжаар А /А /-ыг эмэг эх Б ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С , К , Б ,
Орчуулагч Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 38 дугаартай захирамжаар А /А /-ыг эмэг эх Б ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч С , К бид хоёр гэр бүл болж, 2008 онд охин М , 2009 онд охин А нар төрсөн. Тухайн үед бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учраас хоёр хүүхдээ нэгэн зэрэг асрах боломжгүй болж, өөр тийшээ явж ажиллах болсон. Тийм учраас хоёр дахь охин А ыг ээжид үрчлүүлсэн. Мөн тухайн үед аав нас барсан учраас ээж маань ганцаараа үлдсэн. Ээжийнхээ хажууд тус дэм болог гээд охиноо үрчлүүлсэн. Ээж бидний охин А ыг үрчилж авсны дараа нэрийг нь А болгож өөрчлүүлсэн.Ээжийн А тай нэртэй хадам ах нь байсан учраас А ын нэрийг А болгож өөчлүүлсэн.Одоо А нэрээр явж байгаа. Ээж Б ын ургийн овог нь Ж бөгөөд одоо охин маань Ж овгийн Б аар овоглож явж байна. Харин миний ургийн овог О овогтой юм. Охин хүүхэд учраас ирээдүйд хадамлах буюу нөхөр гарах тул өөрийнхөө жинхэнэ ургийн овгоор овоглож явахыг хүсэж байна.Мөн ээж маань би хөгширч байна, охиноо өөрсдөө асрамждаа аваарай гэж хүсэлт гаргасан. Тийм учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлтийг шүүхэд гаргасан. 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай Б аймгийн Ц тосгоны захирагчийн захирамжаар үрчлүүлсэн. Тухайн захирамжийг хүчингүй тооцуулж, охиноо өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна гэв.
1.2 Хүсэлт гаргагч Б миний бие 9 хүүхэд төрүүлсэн бөгөөд түүнээс 1976 онд хүү Т , 1979 онд охин Роза, 1981 онд хүү М , 1984 онд хүү С , 1987 онд Б нар амьд сэрүүн ба бусад хүүхэд маань нас барсан. Нөхөр мань нас барж ганцаараа үлдсэн байсан тул хүү С ы охин буюу ач охиноо үрчилж авсан. Хүн амын тооллогод хоёулаа тусдаа тоологддог. Би одоо өндөр настай буюу 74 настай хөгшин хүн учраас охиноо харах хамгаалах боломжгүй болсон. Мөн охин маань ирээдүйд гадаадад сурах хүсэлттэй байгаа тул хөгшин хүнд виз гаргахгүй асуудал гардаг гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна. Дээрээс нь ургийн овгийн хувьд миний овгоор овоглодог учраас охин хүүхдийн хувьд ирээдүйд асуудалтай учир үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мөн тус тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээс тус тус олгосон тодорхойлолт, З газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон CVL00 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, мөн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон CVL00 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон CVL00 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэхийн өмнө болон үрчлэн авсны дараах гэрчилгээ, үрчилсний дараа олгосон гэрчилгээ, нэр өөрчилсний дараа олгосон №00 Г-0 дугаартай гэрчилгээ, Б , С , К нарын иргэний үнэмлэх, С , К нарын гэрлэлтийн гэрчилгээ, Б , К нарын бичсэн тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 38 тоот захирамж, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Өлгий сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 48 дугаартай захирамж, З газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр олгосон CVL00 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, мөн өдөр тус нэгдсэн сангаас олгосон CVL00 5 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 496, 497 дугаар, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 584 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/444 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С , К нарын дундаас төрсөн хүүхдүүд болон Б ын хүүхдүүдийн ХААТР маягтууд, С.А ын үрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/491 дүгээр албан бичгээр ирүүлсэн CVL00 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 38 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эх Б , хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эх К нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... С , К бид хоёрын дундаас 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А ыг ээж Б ад үрчлүүлсэн. Яагаад гэвэл аав нас барсны дараа ээж ганцаараа байсан тул ганцаардах байх гэж үрчлүүлсэн. Үрчилсний дараа охин А ын нэрийг А болгож нэрийг нь ээж өөрчилсөн. Учир нь, аавын ах нарын нэр А нэртэй байсан тул А болгож өөрчилсөн. Одоо А нэрээр явж байгаа. Ээжийн ургийн овог нь Ж бөгөөд одоо охин маань Ж овгийн Б аар овоглож явж байна. Харин миний ургийн овог О овогтой юм. Охин хүүхэд учраас ирээдүйд хадамлах буюу нөхөрт гарах тул өөрийнхөө жинхэнэ ургийн овгоор овоглож явахыг хүсэж байна. Одоо ээж өндөр настан хөгшин хүн учраас охин маань гадаадад сурах гэхэд тэтгэврийн хүнд биз гаргахгүй байх эрсдэлтэй байгаа учраас тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан гэж, үрчлэн авагч эх Б ... нөхөр мань нас барж ганцаараа үлдсэн байсан тул хүү С ы охин буюу ач охиноо үрчилж авсан. Хүн амын тооллогод хоёулаа тусдаа тоологддог. Би одоо өндөр настай буюу 74 настай хөгшин хүн учраас охиноо харж хамгаалах боломжгүй болсон. Мөн охин маань ирээдүйд гадаадад сурах хүсэлттэй байгаа тул хөгшин хүнд виз гаргахгүй асуудал гардаг гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна гэж тус тус тодорхойлжээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Б аймгийн Ц тосгоны Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 11-рт бүртгэж олгосон гэрлэлтийн гэрчилгээгээр С , К нар, мөн Б , С Б нарын гэрлэлтийг эрх бүхий байгууллагаас 1970 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэрлэлтийн бүртгэлийн 3-рт бүртгэсэн болох нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон CVL00 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.
8.2 Улмаар Б 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг эрх бүхий байгууллагад 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн болох нь 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр З газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон CVL00 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд хүсэлт гаргагч Б ын нөхөр Б ын нас барсны бүртгэл хийгдсэн өдрөөр тэдний гэрлэлт нь дуусгавар болсон байжээ.
8.3 Гэтэл хүсэлт гаргагч С , К нарын дундаас 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А ыг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б аймгийн Ц тосгоны захирагчийн Хүүхэд үрчлэх тухай 38 тоот захирамжаар эмэг эх Б ад үрчлүүлж, улмаар 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн Ц тосгоны үрчлэлтийн бүртгэлийн 7-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлэх тухай 38 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/444 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б ын төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд С.А ын үрчлэлтийн талаарх ХААТР маягт, үрчлэхийн өмнө болон авсны дараах гэрчилгээ, үрчлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
8.4 Гэвч энэхүү үрчлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Ганц бие, ... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж ганц бие Б ад хүүхэд үрчлүүлсэн Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүүхэд үрчлэх тухай 38 дугаартай захирамж нь хууль бус байна.
8.5 Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заасан үндэслэлд хамаарч байна.
8.6 Харин тухайн үрчлэлт хийгдсэний дараа үрчлэгдсэн хүүхэд Ж овогт Б ын А ын нэрийг 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Н сумын овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн 01-рт бүртгэж Ж овогт Б ын А болгож нэрийг өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/491 дүгээр албан бичгээр ирүүлсэн CVL00 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
8.7 Тэрээр одоо үрчилж авсан эх Б ын хамт тус аймгийн Ц тосгонд амьдарч, тус тосгоны Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр ангид сурдаг болох нь хэрэгт авагдсан тус тосгоны захирагч болон сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтоор нотлогдож байна.
8.8 Мөн хүсэлт гаргагч С , К нараас ... бидний охиныг ээж Б нь үрчилж авсан бөгөөд ээжийн ургийн овог нь Ж бөгөөд одоо охин маань Ж овгийн Б аар овоглож явж байна. Харин миний ургийн овог О овогтой юм. Охин хүүхэд учраас ирээдүйд хадамлах буюу нөхөр гарах тул өөрийнхөө жинхэнэ ургийн овгоор овоглож явахыг хүсэж байна. Мөн одоо ээж өндөр настан хөгшин хүн учраас охин маань гадаад сурах гэхэд тэтгэврийн хүнд виз гарахгүй байх эрсдэлтэй учраас тухайн үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан гэж, үрчлэн авагч эх Б ... нөхөр мань нас барж ганцаараа үлдсэн байсан тул хүү С ы охин буюу ач охиноо үрчилж авсан. Хүн амын тооллогод хоёулаа тусдаа тоологддог. Би одоо өндөр настай буюу 74 настай хөгшин хүн учраас охин харах хамгаалах боломжгүй болсон. Мөн охин маань ирээдүйд гадаад сурах хүсэлттэй байгаа тул хөгшин хүнд виз гаргахгүй асуудал гардаг гэж байгаа тул амьд байхад эцэг, эхэд нь буцаан шилжүүлэх хүсэлттэй байна гэх хүсэлтийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд ман хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 38 тоот захирамжаар А /А /-г эмэг эх Ж овогт Сайпгалигийн Б ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин А /А /-г төрүүлсэн эцэг нь С , эх нь К нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ц тосгоны захирагчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 38 тоот захирамжаар А /А /-г эмэг эх Ж овогт Б ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 04-ны өдөр төрсөн охин А /А /-г төрүүлсэн эцэг С , төрүүлсэн эх К нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ