Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/945

 

                   

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405019240873 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

С.Б ......  тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор .... дүүргийн 00 дүгээр хороо, ... хотхоны ... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр .... дүүргийн 00 дүгээр хороо, ... хотхоны ... дугаар байрны .... тоотод байхдаа хамтран амьдрагч Д.А-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт С.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих учрыг мэдэгдэж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний биеийн байдал баруун нүдний бүрхүүл гэмтэж нүдний цөцгий гоожиж баруун нүд хараагүй болсны улмаас хоёр удаа хүнд хагалгаанд орсон. Хөдөлгөөн хязгаарлаж, хүнд хүчир ажил хийх боломжгүй, эмчийн хяналтад байдаг болсон. 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хувиараа хөдөлмөр эрхэлж, жижиг бизнес эхлүүлэн ажиллаж байгаа учир миний хүсэлтийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсхүл торгох ялын доод хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрийг харгалзаад түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Ял нь биелэгдэх шинж чанартай байх ёстой. Гэвч ял нь хүний эрх зүйн байдлыг дордуулах хэмжээнд буюу магадгүй шүүгдэгч хараагүй болвол энэ ял насан туршдаа дагаж явахаар болж байх шиг байна. Эрүүл мэндийн байдалтай холбоотой баримттай нь сайн танилцсан. Ял хөнгөрүүлэх тал дээр тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.    

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч С.Б-т холбогдох 2405019240873 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр .... дүүргийн 00 дүгээр хороо, ... хотхоны ... дугаар байрны .... тоотод шүүгдэгч С.Б нь хамтран амьдрагч Д.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь “...тархи доргилт, нуруу, баруун тохой, эрүү, зүүн бугалга, 2 гуя, умдаг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх...” гэсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.А-ийн: “...би гэрээсээ 10:00 цагийн үед гарч яваад шүүх хуралд суучихаад буцаад 12:00 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэх замд явж байхад Б над руу мессеж бичээд намайг доромжлоод ирэхээр чинь ална гээд байсан. Би арай ч үгүй байлгүй дээ гээд гэртээ ороод иртэл хүүхдээ тэвэрч байсан чигээрээ намайг шууд зодоод эхэлсэн. ...Намайг гэрт орж ирэхэд гараа зангидаж байгаад толгой, эрүү, хоёр талын шанаа, гэдэс, хэвлий хэсэг рүү маш олон удаа цохисон бөөр, нуруу хэсэгт өшиглөсөн, завжнаас цус гарсан, шалны модоор нуруу бие хэсэгт нэлээн олон удаа цохисон. Намайг бол гэртээ орж ирэхэд л зодож эхэлсэн бараг 5-6 цаг тасралтгүй хэд хэдэн минутын зайтай зодсон. Анх гэртээ орж ирэхэд би бага насны хүүхэдтэй тул гараа угаах гээд 00-н өрөөнд ортол араас орж ирээд шалны мод, гар, хөлөөрөө зодоод байсан. Жижиг өрөөнд ортол намайг өмдөө тайл дотуур өмдөө тайл гэсэн би айгаад тайлтал дотуур өмдөндөө хүндэрсэн байсан. Тэгсэн энийгээ цэвэрлэ гээд дарамталсан. Тэгээд би өөрөө цэвэрлэсэн, тэгтэл бага хүүхдийг чинь хана руу савна, газар савж шиднэ, энэ хүүхэд надад хэрэггүй шүү гэж хэлсэн. Намайг өмнө 4 удаа зодож байсан. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2022 оны 12 дугаар сараас хойш хамт амьдарч байна, дундаасаа 1 хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй...” /хх-ийн 6-8/, “...С.Б нь намайг гэртээ орж ирснээс хойш шалны модыг гартаа бариад шалны модоороо миний биеийн мөр бугалга, ташаа, нуруу, гуя, хэсэг рүү маш олон тоогоор цохиж эхэлсэн. С.Б нь гараа зангидах, алгадах байдлаар уруул, эрүү, нүүр, шанаа, толгой хэсэг рүү маш олон удаа цохисон. Намайг гэрт орж ирсэн цагаас хойш 18 цаг хүртэл тасралтгүй хүчирхийлж, зодож цохисон. Гол шалтгаан нь ерөөсөө байнгын хардалтын улмаас намайг цохиж зоддог. ...” /хх-ийн 30-31/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5692 дугаартай: “...Д.А-ийн биед тархи доргилт, нуруу, баруун тохой, эрүү, зүүн бугалга, 2 гуя, умдаг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, нидрэгдэх, маажигдах үйлчлэлээр 2024.4.23-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би шүүх хурал болсон эсэхийг нь мэдэхгүй. Би хардаж эхэлсэн. А нь энд тэнд явж байна гэдгээ огт хэлэхгүй таг алга болсон. А нь надаас ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг хачин байгаад байсан. Энэ бүхнээс болоод хэрүүл маргаан даамжирч ийм байдалд хүрсэн. ...Би эхнэрээ чи өмдөө тайл яагаачгүй юм бол надад харуул гэж хэлсэн. Өмдөө тайлахад өмдөндөө баачихсан байсан.  ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч С.Б-ын гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Д.А-ийг иргэний шүүх хуралд оролцоод гэртээ ирэхэд нь утсаа авсангүй гэсэн шалтгаар зодож,  түүний  биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар (Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан) үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх С.Б-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож, зургаан зуун цагийн хугацаагаар оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.

С.Б-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч С.Б-ын гаргасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ