| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00380/И |
| Дугаар | 302/ШШ2025/00435 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 302/ШШ2025/00435
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А . Хаяг:Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: Е . Хаяг:Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: Н . Хаяг:Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух,
Хүсэлт гаргагч: Ж . Хаяг:Б аймаг, Б сум, 3-р баг Ц гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор тус аймгийн Ө сум 5 дугаар багт түр оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 53 дугаартай захирамжаар Н ыг өвөг эцэг Б , эмэг эх Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж,эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч А , Е , Ж , Н ,
Орчуулагч Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 53 тоот захирамжаар Н ыг өвөг эцэг Б , эмэг эх Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч А : Миний бие эхнэр Е тэй 2006 онд гэр бүл болсон. Тухайн үед эхнэр маань К д улсаас сурдаг төгсөөгүй оюутан байсан. Дээрээс нь К үндэстний ёс заншилд анхны ач хүүхдээ өвөө, эмээ дээр нь үрчлүүлэх ёс заншилтай байсан учраас эцэг,эхийн хүсэлтийн дагуу хүүхдээ өвөө, эмээ дээр нь үрчлүүлсэн. Хүү маань 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Одоо өөрсдийнхөө үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, буцаан шилжүүлж авах гэж байгаа шалтгаан нь ээж маань одоо 80 нас гарсан хөгшин, настай хүн байгаа. Үрчилж авсан эцэг маань нас барсан байгаа. Цаашдаа хүүхдийг сурган хүмүүжүүлэх, асарч тэжээн тэтгэж чадахгүй, хүүхдээ өөрсдөө буцаан авч, хичээлд нь сургаарай, миний тэтгэврийн мөнгө хүрэхгүй байгаа учраас хүүхдээ өөрсдөө аваарай гэсэн. Үүнээс гадна хүү Н ыг С улсад суралцуулахаар хүсэлт гаргасан байгаа. Тухайн хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөл нь ирсэн байгаа. С улсад суралцуулахын тулд визэнд хамаарагдах ёстой юм байна. Визэд тавигдах шаардлага дээр хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь эрхэлсэн ажилтай, нийгмийн даатгалын шимтгэл нь 2 сая төгрөгөөс дээш төлөгдсөн, дээрээс нь эцэг, эхийн өөрийн өмчлөлийн байртай байх ёстой гэдэг шаардлагыг хангасны дараа виз гардаг юм байна. Үүнтэй холбогдуулан хүү Н ыг өөрсдийн асрамжид буцаан авч, С улсад суралцуулж, боловсон хүчин гаргах хүсэлттэй байгаа учраас Б сумын Засаг даргын захирамжаар Н ыг өвөг эцэг,эмэг эхэд үрчлүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэв.
1.2 Хүсэлт гаргагч Е : Миний бие нөхөр А тэй 2005 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсон. Тухайн үед би К улсад сурдаг 3-р курсийн оюутан байсан. Сургуулиа төгсөхийн тул 2 жил суралцах ёстой байсан учраас хадам өвөө, эмээгийн нэр дээр том хүүгээ зөвшөөлийн дагуу үрчлүүлсэн. Улмаар би хоёр жилийн дараа сургуулиа төгсөж ирсэн. Мөн манай нөхөр айлын хоёр хүүгийн том хүү нь байсан учраас том хүүгийнхээ анхны хүүхдийг К ёсны заншлын дагуу үрчилж авна гэж тухайн үед үрчилж авч байсан. Одоо тухайн үрчлэлтийг хүчингүй тооцуулах гэж байгаа шалтгаан нь хүүгээ С улсад суралцуулахын тулд материал өгчихсөн, зөвшөөрөл нь ирчихсэн. Гэтэл виз хамааруулах гэхэд хүүхдийн эцэг, эхийн нэр дээр байх, эцэг,эхийн аль нэгэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх, нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байх шаардлагатай байна. Н нь ярилцлагын шалгалтаа өгчихсөн байгаа. Одоо визэд материал бүрдүүлэх гэхэд хадам эцэг,хадам эмээгийн дээр байгаа учраас виз гарах боломжгүй учраас тухайн үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан гэв.
1.3 Хүсэлт гаргагч Ж : Тухайн үед өвөө нь ач хүүдээ хайртай байсан учраас хүү Н ыг үрчилж авна гэж хүсэлт тавьж үрчилж авсан. Одоо манай нөхөр нас барсан, би хөгширсөн байгаа учраас хүүгээ харж хандаж чадахгүй болсон. Би 6 охин, 2 хүү төрүүлсэн бөгөөд нэрийг дурдвал Г , А , М , С , Ө , А , А , А нар юм. Үүнээс охин С нас барсан ба бусад хүүхдүүд маань амьд сэрүүн байгаа. А нь айлын том хүү байгаа. Би одоо хөгширсөн, хүү Н ах, дүүгийн гэрт хамт байж чадахгүй учраас үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эх дээр нь буцаан өгөх хүсэлттэй байна. Дээрээс нь төрсөн эцэг, эх нь Н ыг гадаад улсад суралцуулна гэсэн, би суралцуулж чадахгүй. Тийм учраас амьд сэрүүн байхад хүүхдээ төрсөн эцэг, эх дээр нь өгөх хүсэлттэй байна. Хамгийн бага хүү маань 6 хүүхэдтэй гэв.
1.4 Хүсэлт гаргагч Н : Би 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А ий том хүүхэд болж мэндэлсэн байна. Өвөө, эмээ маань намайг 2010 онд үрчилж авсан. Одоо С улсад суралцах гэж байгаа учраас бичиг баримт бүрдүүлэх шаардлага гарсан. Эмээ маань 80 гарсан настай хүн байгаа. С улсад явахын тулд визэд хамаарагдах шаардлагатай. Визэд хамаарагдахад тавигдах шаардлага нь эцэг, эх нь цалинтай байх ёстой, нийгмийн даатгалын шимтгэл 2 сая төгрөгөөс дээш төлөгдөх ёстой. Гэтэл эмээ маань цалин хөлс авдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэр авдаг учраас визэд хамаарагдах боломжгүй байна. Тийм учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, төрүүлсэн эцэг,эхэд маань буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, Б аймгийн Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 00 дугаартай Б ы нас барсны бүртгэлийн лавлагаа, 00 дугаартай Н ы төрсний бүртгэлийн лавлагаа, 00 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, А , Ж , Н нарын бичсэн тодорхойлолт, А , Е нарын иргэний үнэмлэх, Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 53 тоот захирамж, Н ы төрсний гэрчилгээ, А , Е нарын гэрлэлтийн гэрчилгээ, Н ы төрсний гэрчилгээ, түүний үрчлэхийн өмнө болон үрчилсний дараах гэрчилгээ, Ж , Н нарын иргэний үнэмлэх, зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон 00 дугаартай Б , Ж нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, С улсын Ч -ийн элсэгчийн анкет зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 516, 517 дугаартай, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 585, 586, мөн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/449 дугаар албан бичгээр Б , Ж , А , Е нарын дундаас төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, журналын хуулбар, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 53 тоот захирамж, Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар албан бичгээр ирүүлсэн Н ы 2019 оны 6 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан талаарх судалгаа зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эмэг эх Ж , хүүхэд үрчлүүлсэн төрүүлсэн эх Е , үрчлэгдэгч хүүхэд болох Н нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагч нараар тус тус оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... А , Е бид хоёр анхны хүүхдээ К ёсны заншлаар эцэг, эхдээ үрчлүүлсэн. Тухайн Е миний бие К улсад сурдаг 3-р курсийн оюутан байсан. Сургуулиа төгсөхийн тулд 2 жил суралцах ёстой байсан учраас хүүхэд харах боломжгүй нөхцөл байдалтай байсан тул хадам эцэг,эхэд үрчлүүлсэн. Одоо тухайн үрчлэлтийг хүчингүй тооцуулах гэж байгаа шалтгаан нь хүүгээ С улсад суралцуулахын тулд материал өгчихсөн, зөвшөөрөл нь ирчихсэн. Гэтэл виз хамааруулах гэхэд хүүхдийн эцэг, эхийн нэр дээр байх, эцэг, эхийн аль нэгэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх, нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байх шаардлагатай байна. Н нь ярилцлагын шалгалтаа өгчихсөн. Одоо визэд материал бүрдүүлэх гэхэд эцэг маань нас барчихсан. Ээж өндөр настай тэтгэврийн хүн учраас виз гарахгүй байгаа учраас тухайн үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан гэж, үрчилж авсан эх Ж ... тухайн үед өвөө нь ач хүүдээ хайртай байсан учраас хүү Н ыг үрчилж авна гэж хүсэлт тавьж үрчилж авсан. Одоо манай нөхөр нас барсан, би хөгширсөн байгаа учраас хүүгээ харж хандаж чадахгүй болсон. Би одоо хөгширсөн, тэгээд ч төрсөн эцэг, эх нь Н ыг гадаад улсад суралцуулна гэсэн, би суралцуулж чадахгүй. Тийм учраас амьд сэрүүн байхад хүүхдээ төрсөн эцэг, эх дээр нь өгөх хүсэлттэй байна гэж тус тус тодорхойлжээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Б , Ж нар, мөн тус аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэж олгосон №00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр А , Е нар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.
8.2 Улмаар хүсэлт гаргагч А , Е нарын дундаас 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н ыг 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б аймгийн Б сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 53 дугаартай захирамжаар өвөг эцэг Б , эмэг эх Ж нарт үрчлүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б аймгийн Б сумын үрчлэлтийн бүртгэлийн 06-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 153 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай 53 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/449 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н ы үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд Н ы үрчлэлтийн талаарх ХААТР маягт, түүний төрсний бүртгэх анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, 2010-2011 оны үрчлэлтийн бүртгэлийн журнал, төрсний гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
8.3 Гэтэл хүүхэд үрчилж авсан эцэг Б нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нас барж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б аймгийн Б сумын нас барсны бүртгэлийн 21-рт бүртгэгдсэн болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
8.4 Үрчлэгдсэн хүүхэд Н нь одоо Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуульд 12а дугаар ангид сурч, одоо төрүүлсэн эцэг, эх болох А , Е нарын хамт Ө сумын 8 дугаар багт амьдарч байгаа болох нь тус багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 8/19 дүгээр албан бичгээр олгосон мөн тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн тус тус тодорхойлолтоор, мөн үрчлэгдсэн хүүхэд Н нь С улсад суралцахаар явах гэж байгаа нь тус улсын Ч -ийн элсэгчийн анкетаар тус тус тогтоогдож байна.
8.5 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н ыг 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б аймгийн Б сумын Засаг даргын 53 дугаар хүүхэд үрчлэх тухай захирамжаар өвөг эцэг Б , эмэг эх Ж нарт үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.6 Харин хүүхэд үрчилж авсан өвөг эцэг Б нь 2014 онд нас барж, хүүхэд үрчлэн авсан эмэг эх Ж нь ...нас өндөр болж, хүүхдийг гадаад улсад сургуульд сургах боломжгүй, цаашид асран хамгаалах чадваргүй болсон, амьд сэрүүн байхдаа төрүүлсэн эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байна гэх, мөн төрүүлсэн эцэг, эх нь болох А , Е ...бид хүүхдээ С улсад суралцуулахаар явуулах тул виз гарах шаардлага болох эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг байх гэх шаардлагыг үрчилж авсан эх нь өндөр насны тэтгэвэрт учраас уг хангахгүй байна. Иймээс үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байгаа гэх, мөн үрчлэгдэгч хүүхэд Н ы цаашид С улсад сурч боловсрол эзэмшихийн тулд төрүүлсэн эцэг, эхэд буцаан шилжүүлэхийг хүсэлттэй байна гэжээ.
8.7 Хэдийгээр үрчлэгдэгч хүүхэд болох Н нь 18 нас хүрсэн ч гэсэн Монгол улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг нь хангаж өгөхийг хүссэн түүний төрүүлсэн эцэг, эхийн болон Н ы цаашид гадаад улсад боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл мөн үрчилж авсан эх болох Ж гийн эцэг, эхэд нь буцааж өгөх тухай дээрх хүсэлтүүдийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 53 дугаартай захирамжаар Н ыг өвөг эцэг Б , эмэг эх Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.
9.Харин Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба үрчлэгдэгч хүүхэд болох Н нь төрсөн эхтэй хамт амьдарч, тэд нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагч нарын тайлбар, Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа мөн тэрээр одоо 18 нас 6 сартай буюу Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон байх тул түүнийг эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасны дагуу иргэний бүртгэлийн байгууллагад хандаж төрсний бүртгэлийг сэргээлгэж авахыг хүсэлт гаргагч А , Е нарт тайлбарлах нь зүйтэй байна.
10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 53 дугаартай захирамжаар Н ыг өвөө нь болох Б , эмээ нь Ж нарт үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н нь төрүүлсэн эцэг А , төрүүлсэн эх нь Е нарын асрамжид байгаа болохыг дурдаж, энэхүү шийдвэрийг үндэслэн үрчлэлтийн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг улсын бүртгэгчид үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ