Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00436

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Н . Хаяг: Б аймаг, Ө сум, 08 дугаар багт оршин суух, 

 

Хүсэлтийн шаардлага: А нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н ,

Гэрч Б , Б , Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Н аас хүү А нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсныг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие Т Н нь А той 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, дундаасаа 6 хүүхэд төрүүлсэн. 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү А , 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин А , 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр охин А , 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүү Ц , 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М гэдэг хүүхдийг төрүүлсэн. Нөхрөөс салж, гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гарсны дараа М гэдэг хүүхэдтэй болсон. Бидний хоёр дахь хүүхэд болох А нь 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан.

1.2 Хүүхэд маань тухайн үед хадам өвөө, эмээ дэрээ байсан бөгөөд төрөлхий бие муутай хүүхэд байсан. Түүний шарилыг өвөө, эмээ нар нь Ц сумын 4 дүгээр багийн нутаг З " гэх газар оршуулсан. Тухайн үед эцэг нь болох А тус аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд бүртгүүлсэн гэж хэлж байсан. Би түүний дагуу тухайн үед нас барсны бүртгэлд бүртгэгдэж хасалт хийгдсэн гэж ойлгоод явж ирсэн.

1.3 Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр миний бие А оос гэрлэлтийг цуцлуулсан учир түүнээс хойш түүнтэй ямар нэгэн холбоогүй болсон. Гэтэл саяхан Эхийн алдар 1 дүгээр зэргийн одон авахаар холбогдох материалуудаа бүрдүүлж Ц сумын улсын бүртгэгчээс хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа авахад талийгаач хүү А гийн нас барсан талаарх мэдээлэл нь мэдээллийн санд ороогүй, одоо хүртэл бүртгэлээс хасагдаагүй болох нь гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор түүний нас барсныг шүүхээр тогтоолгох шаардлага гарсан учир энэхүү хүсэлтийг гаргаж байна. Тухайн үед шарил дээр нэр хаягийг нь бичээгүй. Манай ёсонд жоохон хүүхдийн шарил дээр хаяг бичдэггүй юм.

1.4 Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хүү А нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас Н ийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А , Н нарын гэрлэлтийн гэрчилгээ, А.А гийн төрсний гэрчилгээ, Б , Б нарын бичсэн тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.А гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ц сумын 4 дүгээр сумын багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт,шарилын зураг, тус шүүхийн Тамгын газраас хуулбарлаж олгсоон Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 505, 506, 509 дугаар , 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/445 дугаартай албан бичиг, тус аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/85 дугаартай албан бичиг, А газрын Ү архивын 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/468 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц сумын бүртгэлээс А од холбогдох хүн амын тооллогын лавлагаа, Б аймгийн Х газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/234 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр 10 үндэслэл бүхий заасны 133.1.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-оор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх тогтоохоор хуульчилсан байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчаас тус шүүхэд хүсэлт гаргасан байжээ.

7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... Миний бие Т Н нь А той 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, дундаасаа 6 хүүхэд төрүүлсэн. Бидний хоёр дахь хүүхэд болох хүү  А нь 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өдөр өвчний улмаас нас барсан. Хүүхэд маань тухайн үед өвөө, эмээ дэрээ байсан бөгөөд төрөлхийн бие муутай хүүхэд байсан. Түүний шарилыг өвөө, эмээ нар нь Ц сумын 4 дүгээр багийн нутаг З " гэх газар оршуулсан. Тухайн үед шарил дээр нэр хаягийг нь бичээгүй. Манай ёсонд жоохон хүүхдийн шарил дээр хаяг бичдэггүй юм. Эцэг нь болох А тухайн үед Ц сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд бүртгүүлсэн гэж хэлж байсан. Би тэрний дагуу тухайн үед нас барсны бүртгэлд бүртгэгдэж хасалт хийгдсэн гэж ойлгоод явж ирсэн. Гэтэл саяхан Эхийн алдар 1 дүгээр зэргийн одон авахаар холбогдох материалуудаа бүрдүүлж Ц сумын улсын бүртгэгчээс хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа авахад хүү А гийн нас барсан мэдээлэл нь мэдээллийн санд ороогүй, одоо хүртэл бүртгэлээс хасагдаагүй болох нь гарч ирсэн учраас шүүхийн журмаар нас барсныг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа гаргасан гэж тодорхойлжээ.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Хүсэлт гаргагч Н , А нар 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан №00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байгаа боловч тэд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцалсан болох нь тогтоогдсон.

8.2 Тэдний дундаас 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А , 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү А.А , 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин  А , 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ц төгөлдөр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М нар төрсөн болох нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийдвэр, А.А гийн төрсний бүртгэлийн лавлагаа, түүний төрсний гэрчилгээ, А газрын Ү архивын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/468 дугаартай албан бичгээр ирүүлсэн А газрын Ү архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

8.3 Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээр 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү  А , 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин  А , 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ц төгөлдөр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М нарыг эх нь Н ийн асрамжид үлдээж, эцгээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байна.

9. Харин хавтаст хэрэгт авагдсан Н болон А нарын гэрлэлтийг цуцалсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарахад тэдний дундаас 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү А гийн асрамжийн асуудал яригдаагүй мөн тус аймгийн Ц сумын 2014 оны нас барсны бүртгэлийн журналаас шүүн үзэхэд бүргэгдээгүй байхгүй, тус аймгийн Ц сумын хүн эмнэлэгт хэвтэж байсан гэх баримт олдоогүй, Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2014 оны нас баралтад бүртгэгдээгүй тус тус байхгүй байгаа боловч А.А нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1 Б аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2022 оноос эхлэн Ц сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Тэрнээс өмнө уурхайд ажиллаж байсан ба 2014 онд Ц сумын төвд нүүж ирээд, засвар ажиллуулдаг байсан. Тэрнээс өмнө хөдөө мал дээр байсан. Би 2022 оноос тус багийн Засаг даргаар ажилласнаас хойш жилийн эцэст судалгаа авдаг байсан. С ийн газраас ч гэсэн жилийн эхэнд судалгаа ирдэг тэгээд нас барагчийн бүртгэл гаргаж ажилладаг юм. Иймд судалгаа хийж байх үед Н ийн гэрт очиход 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү нь болох А.А гийн нас барсны мэдсэн. Тэгээд нас барсны бүртгэлд бүртгэж авсан.Дараа нь нас барсан үнэн гэх тодорхойлолт олгосон. Судалгаанаас мэдээлэл нь дутуу хүүхдүүдийн нэр ирдэг. Тэрийг тодруулахаар эцэг, эхэд утсаар холбогдож цэцэрлэгт явж байна уу, сургуульд явж байна уу, цэрэгт явж байна гэдэг байдлаар судалгаа авдаг. Тэр үед А.А гэдэг хүүхэд нь нас барсан гэдгийг мэдэж, тэмдэглэж авсан. Тус багийн иргэн А болон  Н нарын хүү болох  нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан нь үнэн байна гэх мэдүүлэг,

9.2 Хүсэлт гаргагчийн хадам эцэг, эх нь байсан Б , Б нарын бичсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Б , Б бид Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт амьдардаг. Бидний төрсөн хүү А нь 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Н тай гэр бүл болон амьдарч улмаар ач хүү А.А маань 2007 онд мэндэлсэн. Гэвч ач хүү А.А минь 2014 онд өвчний улмаас нас барж бидэнд нөхөж баршгүй гарз тохиосон. Ач хүү А.А төрөлхийн экзэмтэй байсан учраас эмчилгээ хийлгээд болохгүй сүүлд хүндрээд өвдөөд гэртээ нас барсан. 6 настай байхад нас барсан гэдгийг мэдэж байна. Хүү А.А г Ц сумын Загас нуурт ёс, заншлын дагуу оршуулсан. Том хүн биш учраас хүүхдийн шарил дээр хаяг бичигдээгүй болно. Ач хүүг минь нас барсан талаар тухайн үед аав, ээж нь буюу миний хүү А , бэр маань болох Н нар зохих ёсоор бүртгүүлж чадаагүй юм байна. Ач хүү А.А нь 2014 онд 6 настай байхдаа гэртээ нас барсан нь үнэн. Хэрэгт авагдсан шарилын зураг нь А гийн шарилын зураг мөн байна гэх мэдүүлэг болон шарилын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон болно.

10.Иймд дээрх үйл баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Н ийн хүү Ариунболдын А нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

11.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан А  нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт нас барсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ