| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00338/И |
| Дугаар | 302/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 302/ШШ2025/00441
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О . Хаяг: Б аймаг Ө сум, 2 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль /захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч А /. Хаяг: Б аймаг, Ө сумд үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр дуустал хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О нь хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч А д холбогдуулан тус сургуулийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг дуустал хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай хүсэлтийн шаардлага гаргасан. О нь Б аймгийн, Ө сумын ЕБ-ын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 тоот тушаалаар О ийг ажилд эгүүлэн томилгосон байдаг. Ажил олгогчийн зүгээс ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Уг хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Гэтэл Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн шинээр томилогдсон захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч А 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч талаас цуцлуулах тухай тушаалаар О ийг нярвын үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч О т нярвын ажлаас чөлөөлөгдөхийг урьдчилан мэдэгдээгүй. О тус сургуульд нярваар ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Иймээс О ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус гэж үзэж байгаа.
1.2 Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар ажил олгогчийн тушаал хууль бус, үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ тухай хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тухайн шийдвэрийг биелүүлээгүй учраас тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой учраас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тэмдэглэлийг гардаж аваад 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилд анх орсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний эх хувь, Төрийн албаны зөвлөлд гаргаж байсан өргөдөл, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
1.3 Иймд Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгахыг хүсье гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч А йн хариу тайлбар, татгалзал:
2.1 Тус сургуулийн нярваар ажиллаж байсан О нь сургуулийн эд хөрөнгийн бүргэл хийгээгүй, сургуулийн мэдэлд байгаа хромбүүкийг бүрэн хүлээж аваагүй, 2 ширхэг хромбүүкийг гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй бусдад ашиглуулсан, шилжүүлсэн үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.15-д заасан Бүртгэлээр хариуцсан эд хогшил техник хэрэгсэл, бусад зүйлсийг албан бус зориулалтаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад хэрэглүүлэх, шилжүүлэхийг ... хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болно. Үүнээс гадна эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу төсвийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй шууд албан хаагч нарт шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
2.2 Нярваар ажиллаж байсан нэхэмжлэгч О нь дээрх үйлдлээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ын холбогдох хэсэг болох албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон.
2.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг үндэслэн сургуулийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа.
2.4 Иймд нэхэмжлэгч О ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул түүний Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн О ийг ажилд томилох тухай Б/28 дугаар тушаал, мөн сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Б/12 дугаар тушаал, Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн нярвын алан тушаалын тодорхойлолт,№28 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2024.10.18-ний өдрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж байсан өргөдөл, тус хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №14 дүгээр тэмдэглэл, нэхэмжлэгчээс өмгөөлөгч С 2025 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр олгосон итгэмжлэл, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан О ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 35 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг шүүхэд гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч О ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг нярвын ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж ажиллаж байсан.Гэтэл тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон захирал 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нярвын ажлаас маань чөлөөлсөнд гомдолтой байна. Ажил олгогчоос надад ажлаас чөлөөлсөн тухай урьдчилан мэдэгдээгүй,би нярваар ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан. Иймд намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль бус тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
7.Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... тус сургуулийн нярваар ажиллаж байсан О нь сургуулийн эд хөрөнгийн бүртгэл хийгээгүй, мэдэлд байгаа хромбүүкийг бүрэн хүлээж аваагүй,2 ширхэг хромбүүкийг гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй бусдад ашиглуулсан,шилжүүлсэн үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн. Үүнээс гадна эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу төсвийн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй,шууд албан хаагч нарт шилжүүлсэн үйлдлүүд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ын холбогдох хэсэг болох албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргажээ.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Хариуцагч буюу ажил олгогч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 тоот тушаалаар нэхэмжлэгч О ийг мөн өдрөөс эхлэн нярваар томилж, түүнтэй 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй байгуулж, ажиллуулжээ.
- Улмаар ажилтан О ийг ажил олгогч байгууллагын даргын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 4.1,4,2,3-д заасны тус тус үндэслэж О нь сургуулийн эд хөрөнгийг бүртгэл хийгээгүй, сургуулийн мэдэлд байгаа хромбүүкийг бүрэн хүлээж аваагүй, 2 ширхэг хромбүүкийг гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй бусдад ашиглуулсан, шилжүүлсэн үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.15 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
-Уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хандахад тус хорооны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №14 дүгээр тэмдэглэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг ажил олгогч холбогдох нотлох баримтаар нотлоогүй, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж ажил олгогч гомдол гаргагч О ийг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж урьдчилан шийдвэрлүүлсэн боловч түүнийг хариуцагчаас эс зөвшөөрч гарын үсэг зураагүй байна.
10.Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирал нь нэхэмжлэгч О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.2.15, 4.1, 4.2.1, 4.2.3 дахь заалтуудыг тус тус баримталж, гэрээндээ заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлжээ.
11.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 6 үндэслэл заасны 80.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол шууд цуцлахаар заасан.
12.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.6 хөдөлмөрийн гэрээ, 2.3.7 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахаар зохицуулсан.
13.Хэрэгт авагдсан ажил олгогч болон ажилтан нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 28 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь зүйлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах 14 үндэслэл бүхий ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд түүний албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасны зөрчсөн гэж хариуцагчаас тайлбарласан.
14.Гэтэл ажилтан О нь маргаан бүхий 2 ширхэг хромбүүкийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод авч ашигласан эсэх, мөн гээгдүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
15.Харин хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс ажил олгогчоос ажилтан О ийг нярвын ажлаас чөлөөлсний дараа маргаан бүхий 2 ширхэг хромбүүкийг авсан нь тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан Х.Күнсауле, сургалтын менежер Б.Марта нараас буцааж авсан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
16.Нэхэмжлэгч О нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн нярвын албан тушаалын тодорхойлолтод заасан Багш, ажилтнуудад эзэмшүүлэхээр өгсөн эд хөрөнгө, компьютер, бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг картаар хүлээлгэн өгч, кодолж бүртгэлжүүлэх гэснийг мөн ажил олгогчтой байгуулсан 28 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 2.2.15 дахь заалтад бүртгэлээр хариуцсан эд хогшил техник хэрэгсэл, бусад зүйлсийг ..., зөвшөөрөлгүйгээр бусдад хэрэглүүлэх, шилжүүлэх.. хориглоно гэж заасныг тус тус зөрчиж бүртгэлгүй тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан Х.Күнсауле, сургалтын менежер Б.Марта нарт өгсөн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч энэхүү зөрчлүүд нь талуудын хооронд байгуулагдсан 28 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээндээ тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
17.Иймээс нэхэмжлэгч О нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтыг барьж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
18.Нөгөөтээгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаарддаггүй боловч хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаварт /байгууллагад бодитой хохирол, хор уршиг учирсан байдал, зөрчлийг залруулах боломжтой эсэх/ нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай байна.
19.Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилсан. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай зохицуулалт нь бие даасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай зохицуулалтыг хуулийн 80 дугаар зүйлд тусгайлан заасан ба 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдол бүр нь ажилтны сахилгын зөрчилтэй холбоотой шийдвэр учраас сахилгын зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулж буй хэлбэр мөн гэж шүүх үзлээ.
Иймээс тус хуулийн 80.1.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар ажилтан О т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагааг хийгдээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
20.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О ийн гомдлыг хангаж, хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
21.Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025.03.21-ний өдрөөс 2025.05.16-ны өдөр дуустал ажилгүй байсан 1 сар 21 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах ёстой байсан боловч нэхэмжлэгч О т 2025 оны 3 дугаар сарын цалинг бүтэн олгосон байх тул 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025.05.16-ны өдрийг дуустал хугацаанд дахь 1 сар, 12 хоногийн цалин хөлсийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж, 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар журамласан.
Улмаар нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2025 оны 3 дугаар сард 1,376,000 төгрөг, 02 дугаар сард 1,376,000 төгрөг, 01 дүгээр сард 1,026,000 төгрөгийн цалин тус тус хүлээн авсан байна. Иймд дээрх журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс нь 1,259,333 төгрөг (3,778,000/3)-байна. Харин нэхэмжлэгчийг ажил олгогчоос 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх боловч тухайн сарын цалинг бүтэн олгосон байх тул уг цалингаас нь нэг өдрийн цалинг тооцоход 65,524 /1,376,000/ 3 дугаар сард ажлын 21 хоног/ төгрөг байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2025.04.01-ний өдрөөс 2025.05.16-ны өдөр дуустал 1 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,045,621 төгрөгийг /1,259,333+ 65,524х 12 хоног/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч О т олгож, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтаар хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
22.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 117,880 /70200+47,680 (2,045,621)/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулийн санхүүгээс 2025.04.01-ний өдрөөс 2025.05.16-ны өдрийг дуустал хугацаанд дахь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,045,621 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулиас гаргуулан нэхэмжлэгч О т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О ийн 2025.04.01-ний өдрөөс 2025.05.16-ны өдөр дуустал хугацаанд дахь хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,045,621 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн захиралд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 117,880 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ