| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0152/э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан
улсын яллагч М.Гансувд,
хохирогч Х.Баярсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох 1734001550110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, Баянбуурал гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Д.Д, регистрийн дугаар гэв.
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэн дурьдагдсанаар/:
Яллагдагч Д.Д нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг "Баянбуурал" гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Баярсайхантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д: “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа хамт загасанд явж байсан. Тэгээд байж байтал А.Мухамед нэг найзтайгаа хамт ирээд надтай юм ярьж байгаад голын цаашаа гараад явсан. Хамт байсан хүн нь айраг өгчихөөд явахаар нь араас нь баярлалаа гэж хэлэх гээд очсон чинь А.Мухамед дуудахад би очсон чинь намайг зодсон. Тэгээд би гол руу очиж нүүрээ усаар угаачихаад эргэж ирээд яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд А.Мухамед намайг дахиад зодсон. Тэгээд Х.Баярсайхан ах хүрч ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь Х.Баярсайхан ахыг хол бай гээд А.Мухамед цохисон. Х.Баярсайхан ах босч ирээд чи ах дүү хоёрыг муудалцууллаа гэж над руу дайрсан. Араас А.Мухамед мод юм уу нэг юм ардаа нууцан байсан. Тэгээд би А.Мухамед, Х.Баярсайхан хоёрыг хоёуланг нь цохисон. Би Х.Баярсайхан ахын нүүрэн тус газар нь нэг удаа, А.Мухамедын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд манай найз ирээд намайг аваад явсан гэв.
Хохирогч Х.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би А.Мухамейд Д.Д хоёрыг салгах гээд очсон чинь миний нүүр рүү цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Яг хэн цохисоныг нь мэдэхгүй байгаа. Маргааш нь бодоход намайг хоёр удаа цохисон байх. Миний эрүү хоёр хугаралтай, нүд хөхөрсөн байсан. Намайг хүн танихгүй болтол нүд маань хөхөрсөн байсан гэв.
Шинжээч ахлах дэслэгч Э.Дэлгэрхүү шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогч Х.Баярсайханг өөрийн биеээр үзээд 2017 оны 07 сарын 22-ны өдрийн эмнэлэгийн томографикийн хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Дүгнэлт дутуу бичээгүй. Эрүү яс гэж энэ харагдаж байна. Компьютер томографикт эрүүний үе хэсэг гээд эрүү ясны оочны зүүн гэж энэ гол энэ хэсгийг хэлж байна. Суурийн баруун талын толгойн суурь гэхээрээ толгойн яг энэ огтлол үүсгэж байгаа энэ хэсгийг хэлж байна. Эрүүний суурь хэсэг гэж эрүүний доод хэсгийг хэлж байна. Тэгээд эрүүний булан дайрсан энэ хэсгийг хэлээд байгаа. Ингээд доод эрүү яс нь зажилах, бутлах, хазах, ярих үйл ажиллагаанд оролцдог байнгын хөдөлгөөнтэй маш хүчтэй булчингуудын тусламжтайгаар энэ үйл ажиллагаа явагддаг. Тэгээд энэ доголдолуудыг дүгнээд компьютер томографикт дээр бүгдийг дүгнэлт хэсэг дээр дүгнэж бичдэг. Дүгнэлт нь өөрөө дүгнэж бичнэ гэсэн үг. Тэгээд нэг ясанд 2, 3 яс хугарсан учраас доод эрүүний яс хугарсан гэж дүгнэсэн. Эрүүний оочны зүүн хэсэг, эрүүний энэ булан, сэртэнгийн доод хэсэг ингээд нийт гурван газар хугарсан. Эрүүний шугам дээр зөрж байгаа. Компьютер томографикт дээр яг ингэж гарч байна. Х.Баярсайханы биед өмнө хуучин гэмтэл байсан гэв. /зурган дээр тайлбарлав үзүүлэв/
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтанд: .... “2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянбуурал овооны баяр болоод өнгөрсөн. Тэгээд би Хараа гол дээр 16 цагийн орчим загас бариад зогсож байсан тэгтэл Нурбек гэдэг залуу миний хажуугаар гарахдаа над руу морины хүүхэд байна гээд айраг шидсэн. Тэр айргийг нь би уучихаад баярлалаа гэж хэлэх гээд Нурбек дээр очтол Денесель Х.Баярсайхан А.Мухамед танихгүй 2 хүнтэй хамт байсан. Би тэд нар дээр очингуутаа Х.Баярсайхан А.Мухамед нартай сайн байцгаана уу гэж мэндэлсэн тэгтэл Х.Баярсайхан чам шиг бацааныг танихгүй юм байна шүү ямар хэгжүүн дуутай банди вэ гэж хэлсэн тэгтэл А.Мухамед босож ирээд чамтай уулзаадахъя гээд хүмүүсээс холдуулаад намайг учир зүггүй зодож эхэлсэн ба би зодуулаад уруул амнаас цус гарчихаар нь гол дээр угаачихаад эргэж А.Мухамед дээр очоод та намайг яагаад зодож байгаа юм бэ би таныг яачихсан юм гэтэл намайг мөн адил зодсон тэгтэл Х.Баярсайхан ах А.Мухамедийг боль гээд бариад автал А.Мухамед чамд хамаагүй шүү гээд эргэж хараад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохитол Х.Баярсайхан ах газарт уначихсан тэр хооронд би уруул амнаас цус гоожоод доошоогоо амаа дараад завилаад суучихсан байтал Х.Баярсайхан ах босож ирээд миний урд суугаад би чамд яаж цохидгоо харуулах уу гээд миний нүүрэн тус газарт гараараа цохитол цаанаас нь А.Мухамед гарч ирээд гартаа нэг зүйл барьчихсан энд тэндгүй зоогоод байхаар нь би айсандаа Х.Баярсайхан А.Мухамед нарын нүүрэн тус газарт нь нэг нэг удаа цохисон тэгтэл манай найз Ган-Эрдэнэ ирээд салгаад аваад явсан юм. Тэгээд тэд нар голын эрэг дээр үлдсэн. Маргааш нь болтол Х.Баярсайхан манай ахын гэрт очоод дүүд чинь зодуулсан гээд ах над руу залгаад намайг дуудахаар нь очтол Х.Баярсайхан А.Мухамед нар бид хоёр согтуу байхад чи арай дэндүү зодчихсон байна гэж хэлэхээр нь би тэнд хоёр эрүүл хүн байсан шүү дээ гээд Баянбуурал амралт руу дагуулж яваад өмнөх өдөр нь хамт байсан хоёр хүнтэй уулзуулахад тэр хоёр хүн та хоёр өөрсдөө согтуу байсан зүгээр байсан хүүхдүүдийг зодсон шүү дээ та хоёр яагаад гомдол нэхээд байгаа юм бэ гэтэл Х.Баярсайхан за за тэгвэл эр хүн шиг салъя ганц шил архи аваад ир гээд би 0,75 литрийн архи авч өгсөн. Тэгээд архи аваад өгөнгүүт ямар ч иймээ тиймээ зүйл байхгүй шүү гээд явсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 22-23хуудас/, /хх-ийн 34-35хуудас/ зэрэг болно.
Хохирогч Х.Баярсайханы мөрдөн байцаалтанд: 2017оны 07 дугаар 18-ны өдөр би Баянбуурал гэх газрын голын эрэг дээр Улаанбаатар хотод амьдардаг хуурай дүү нар болох Сөрмөнх, Гэрэлгоо нар ирчихсэн байсан ба тэд нар дээр А.Мухамедын хамт очоод 2-3 шил архи уусан, архи ууж байх хооронд А.Мухамед яваад голын цаад талд байсан хэдэн танихгүй хүмүүстэй муудалцаж байгаад хүрээд ирсэн юм. Тэгтэл А.Мухамедийн араас нь Д.Д ирээд бид нарын сууж байсан газраас зайдуу суугаад юм яриад байсан. Тэгэхээр нь А.Мухамедийг ирэхгүй болохоор нь тэд нар дээр очоод Д.Д дүү яваа бид нар тухтай суумаар байна гэтэл Д.Д бид хоёрын яриа чамд хамаагүй бид хоёр тусдаа юм ярьж байна гэж хэлсэн. А.Мухамед намайг алгадаад миний шар хөдлөөд байна шүү дээ гээд явахгүй суугаад байсан юм. Тэгээд байж байтал Д.Дгийн хамт сууж байсан найз нар нь ирээд юм ярьж байтал Д.Д А.Мухамед бид хоёрыг нэг нэг удаа нүүрэн тус газар цохисон юм тэгтэл нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Тэгтэл үзлэг хийсэн эмч нар намайг зүгээр байна гэж хэлээд гаргасан...миний эрүү хугарсан юм....Би нилээн согтуу байсан. Д.Д бага зэрэг л архи уучихсан байх гэж бодож байна... ", "...А.Мухамед Д.Дг алгадсан юм. Д.Д явахгүй А.Мухамедэд алгадуулсандаа шар хөдлөөд байна гээд байгаад байсан юм би бол Д.Дг алгадаагүй тэд нар хоорондоо муудалцаад байхаар нь би салгах гэж байгаад Д.Дд эрүү рүүгээ цохиулаад ухаан алдаад эмнэлэгт сэрсэн тухайн үед миний эрүү гурван газраа хугарсан байсан одоо миний эрүү бороолоод эдгэсэн гурван шүд зөрж байрлаж хөдөлгөөнтэй байгаад байна. Хоорондоо маргасан хүмүүсийг салгах гэж байгаад Д.Дд цохиулсан би хүмүүстэй хэрүүл уруул хийж муудалцаагүй...Гомдолтой байна. Шүд эрүүгээ эмнэлгээр явж үзүүлмээр байна. Эмчилгээний зардал одоогоор тооцсон юм байхгүй байна. Эмчилгээний зардлаа Д.Дгээс нэхэмжилж байна. Ойролцоогоор 3 000 000 төгрөг болох байх...Анх зодуулсаны дараа ухаан алдаад сэргээд миний нүүр хавдчихсан, зүүн эрүү ангайж болохгүй юм ярьж болохгүй, их янгинаж өвдсөн бараг 2 cap янгинаж өвдөөд өвчин намдаах эм хэрэглэж явсан, би ухаан алдсан байхдаа сумын түргэнээр Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлэгт ирсэн, 4 хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт очиж эрүү нүүрний зураг авахуулсан тэгэхэд эрүү голоороо хоёр баруун талд нэг хугаралтай байсан түүний дараа 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн эрүү хадуулах шаардлагатай гэж хэлсэн. Ор хоногийн мөнгө байхгүй одоо хүртэл эрүүгээ хадуулж чадахгүй бороолж эдгэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуудас, 12-13 хуудас/,
Гэрч А.Мухамедын мөрдөн байцаалтанд:.. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Баярсайхан найз гэх хоёр хүн Денесль бид 5 голын эрэг дээр ямаагаар хорхог хийж идчихээд архи уугаад байж байсан тэгтэл голын цаанаас Д.Д бид нар дээр ирээд бид нартай мэндэлсэн тэгтэл Х.Баярсайхан дүүг танихгүй юм байна гэж хэлээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр хоёр маргалдахаар нь би Д.Дг таньдаг юм болохоороо яв гээд хөөгөөд явуулсан тэгтэл явчихаад хэсэг байж байгаад эргээд ирж байгаа харагдсан тэгээд Х.Баярсайхантай маргалдаад байсан тухайн үед би утсаар ярьж байсан намайг утсаар яриад зогсож байтал Д.Д гэнэт миний нүүрэн тус газар оч манартал цохиод ухаан алдуулчихсан. Нэг мэдсэн чинь голын эрэг дээр хэвтээд сэрж байсан ба сэрээд ойр орчмоо хартал Х.Баярсайхан бургасны сүүдэрт хэвтэж байсан юу болсон талаар асуухад хажууд байсан Денесель Д.Д та хоёрыг ухаан алдтал цохичихоод явчихсан гэж хэлсэн. Тэгээд Х.Баярсайхан ахыг сэрээх гэтэл сэрэхгүй болохоор нь түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Надад гомдол санал гээд байх юм алга байна...Д.Д бага зэрэг юм уучихсан байх шиг байсан найзуудтайгаа голын эрэг дээр хөгжим сонсоод л байж байсан. Х.Баярсайхан бид хоёр нилээн согтуу байсан...Х.Баярсайхан ахтай муудалцахаар нь би хөөсөн тэгээд уур нь хүрээд бид хоёрыг цохиод явчихсан юм шиг байгаа юм...", "...Х.Баярсайхан ахын хацар шанаа хавдчихсан маргааш нь бид хоёр Д.Дгийн ахынд нь очиж уулзсан. Тэгээд чи бид хоёрыг ийм болтол цохиод байхдаа яадаг юм бэ гээд цагдаад гомдол гаргана шүү гэсэн ах нь дүүгээ загнаад байсан...Х.Баярсайхан ах эмнэлэгт очиж үзүүлсэн эрүү нь хугарсан байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16хуудас/,
Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд:...."2017 оны 07 сарын 18-ны өдөр би Хараа голоос загас барих санаатай голын эрэг дээр явж байсан.Тэгтэл голын цаана хүмүүс маргалдаад байсан ба ямар хүмүүс байгааг харахад Д.Д А.Мухамед мөн танихгүй хэдэн залуучууд байсан. Намайг харахад Д.Дг А.Мухамед цохиж байгаа харагдсан. Намайг гол гарах гээд явж байхад Д.Д завилаад суучихсан байсан. Д.Дг нэг танихгүй хүн цохиж байгаа харагдсан тэгээд би алхаад ойртоод очтол Д.Д сууж байсан газраасаа босоод А.Мухамед болон хажууд нь байсан танихгүй залуу хоёрыг нэг нэг удаа цохиод А.Мухамед нөгөө танихгүй залуу хоёр газар уначихсан.Тэгэхээр нь би Д.Дг тэнэг юм уу хаашаа юм гээд аваад явсан...Намайг очоод аваад явахад А.Мухамед тэр хоёр газарт хэвтээд үлдсэн...Д.Д би зөндөө л зодууллаа ш дээ гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17хуудас/,
Гэрч Ш.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд:...."2017 оны 07 дугаар сарын 19-ний үед Сумын хүн эмнэлгээс тухайн үед нь хэн хэлснийг нь санахгүй байна. Танай хүү Баянбууралд ухаангүй хүнд зодуулаад хэвтэж байхад нь цагдаа авчирсан гээд залгахаар нь очсон.Тэгээд сумын эмнэлэгт очиход хүү Х.Баярсайхан эмнэлэгт амаа ангайлгаж ярьж чадахгүй доод эрүүний яс нь үүдэн шүднийхээ орчмоор хугарч салсан болов уу гэмээр хугарчихсан нүүр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Зодуулсаныхаа дараа хээр орхичихсон байхад нь нутгийн хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм билээ. Тэгээд сумын эмнэлэгт нэг хоноод 1-р эмнэлгийн эрүү нүүрний тасагт хэвтэж эмчлүүлсэн. Зодсон гэх залуу нь эмнэлэгт очиж уулзсан гэсэн. Надтай уулзаагүй. Баянбууралд байдаг залуу л гэсэн ямар шалтгааны улмаас зодуулсан хэн хэн байсан талаар надад хэлээгүй толгой нь боолттой байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 хуудас/,
Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 455 тоот:
-Х.Баярсайханы биед доод эрүү ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 28-29хуудас/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 43 хуудас/,
Шүүгдэгч Д.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан, цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Даваагийн Д.Д нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг "Баянбуурал" гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Баярсайхантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “доод эрүү ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал”хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
-Хохирогч Х.Баярсайханы...Тэгээд байж байтал Д.Дгийн хамт сууж байсан найз нар нь ирээд юм ярьж байтал Д.Д А.Мухамед бид хоёрыг нэг нэг удаа нүүрэн тус газар цохисон юм тэгтэл нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуудас, 12-13 хуудас/,
- Гэрч А.Мухамедын... Нэг мэдсэн чинь голын эрэг дээр хэвтээд сэрж байсан ба сэрээд ойр орчмоо хартал Х.Баярсайхан бургасны сүүдэрт хэвтэж байсан юу болсон талаар асуухад хажууд байсан Денесель Д.Д та хоёрыг ухаан алдтал цохичихоод явчихсан гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч Г.Ган-Эрдэнийн...." Д.Дг нэг танихгүй хүн цохиж байгаа харагдсан тэгээд би алхаад ойртоод очтол Д.Д сууж байсан газраасаа босоод А.Мухамед болон хажууд нь байсан танихгүй залуу хоёрыг нэг нэг удаа цохиход тэр хоёр газар уначихсан.Тэгэхээр нь би Д.Дг тэнэг юм уу хаашаа юм гээд аваад явсан...Намайг очоод аваад явахад А.Мухамед тэр хоёр газарт хэвтээд үлдсэн...Д.Д би зөндөө л зодууллаа ш дээ гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17хуудас/,
Гэрч Ш.Хүрэлбаатарын...."2017 оны 07 дугаар сарын 19-ний үед Сумын хүн эмнэлгээс тухайн үед нь хэн хэлснийг нь санахгүй байна. Танай хүү Баянбууралд ухаангүй хүнд зодуулаад хэвтэж байхад нь цагдаа авчирсан гээд залгахаар нь очсон.Тэгээд сумын эмнэлэгт очиход хүү Х.Баярсайхан эмнэлэгт амаа ангайлгаж ярьж чадахгүй доод эрүүний яс нь үүдэн шүднийхээ орчмоор хугарч салсан болов уу гэмээр хугарчихсан нүүр нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан...." гэх мэдүүлэг/хх-ийн 24-25хуудас/,
Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 455 тоот:
-Х.Баярсайханы биед доод эрүү ясанд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.Баярсайхан, шүүгдэгч Д.Д нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг бүрэн агуулсан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн тус зүйл, хэсэгт тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Дөрөв:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Дгийн “Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг "Баянбуурал" гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Баярсайхантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус, зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч Д.Д-д 480 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр шүүгдэгчийн 450000 төгрөгөөс хэтрүүлэхгүй торгох ял оногдуулж өгнө гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Дгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохиролоо төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Д.Д-д 480 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Тав:Бусад зүйлийн талаар:
Хохирогч Х.Баярсайхан нь баримтаар 143000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Д нь хохиролд 143 000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүх хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалаа зохих баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Даваагийн Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 480 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 480 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5.Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Баярсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ