Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00262

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00262

 

А.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/02979 дугаар шийдвэртэй А.М-ийн нэхэмжлэлтэй А.С , Д.Ч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 417,433,485 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч А.С гийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.М миний бие А.С болон түүний хүү Д.Ч нарт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн ба үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, А.С гийн Хаан банкин дахь 5087010852 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 184,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь А.С дахин 100,000,000 төгрөг зээлсэн ба өмнө авсан зээлээсээ түрүүлж богино хугацаанд төлж дуусгана гэсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус гэрээг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шинэчилсэн. А.С , Д.Ч нар нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 120,392,000 төгрөг, алданги 100,000,000 төгрөгийг, мөн А.С нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн зээлийн хүүд 13,925,000 төгрөг, нийт 469,317,000 төгрөгийг тус тус гүйцэтгээгүй. Миний бие хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч А.С нь ...одоо надад өгөх мөнгө байхгүй, яаж алдсан түүн шигээ олж ав гэсэн тул 2020 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан боловч прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 674 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан Д.Чийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна. Мөн өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас зөрүү 51,894,514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг татан авч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд А.М буюу А.Б г төлөөлөн оролцож байна. А.Б нь өөрийн нэрийг А.М болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагч Д.Чт холбогдох шаардлагаасаа татгалзсан. Хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлс 2,800,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 232,600,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 121,815,745 төгрөг, хохирол 60,206,740 төгрөг, нийт 414,633,485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.С гийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие А.М-ийн гаргасан нэхэмжлэлээр түүнд өр төлбөргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.М гаас 200,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байгаа ба үүнээс 59,000,000 гаруй төгрөг үлдсэн. 100,000,000 төгрөгийн гэрээний тухайд А.М манай ажил дээр ирээд ...мөнгөө өсгөх хэрэгтэй байна, банкны хүү бага байна гэж ярилцаад 100,000,000 төгрөг зээлэхээр тохирсон боловч бодитоор 65,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь үлдсэн мөнгийг өгнө гэсэн учраас сүүлд нь ам.долларын гэрээ байгуулсан боловч өгөөгүй. Миний бие зээлээ өндөр хүүтэйгээс нь эхэлж төлсөн. Банкны дансны хуулгаар төлөгдсөн төлбөрүүд нь 200,000,000 төгрөгийн төлбөрөө төлсөн. Энэ зээлийн гэрээний сарын хүү 4,000,000 төгрөг бөгөөд 4,000,000 төгрөгөөр төлсөн нь уг зээлийн хүү юм. Би 100,000,000 төгрөгийг бодитоор аваагүй. Би авсан мөнгөнийхөө төлөлтийг урагш нь шахаж төлж явсан. Бүх гүйлгээгээ хүү төлөлт гэх утгаар шилжүүлээрэй гэж тохирсон тул энэ утгаар шилжүүлсэн. Цагдаагийн газарт 35,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлж байгаагүй, харин өгнө гэсэн атлаа өгөөгүй гэж хэлсэн. А.М д ...би 35,000,000 төгрөгөө 2 сарын хүү төлөөгүй байна гэхээр нь ...тэрэндээ тооцох юм уу гэхэд ...үгүй, би гүйцээгээд өгчихнө гэж ярьж байсан. А.М гадаадад амьдардаг учир бид нэг их уулзаагүй. Тийм болохоор бид өдөр хоногоор алданги тооцно, ханшийн зөрүүний хохирол гэж яриагүй ба өгсөн авсан, үлдэгдэл тооцоогоо ярьж байсан гэжээ.

 

3. Хариуцагч Д.Чийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие А.М-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд А.М тай мөнгөний өглөг авлагагүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.С гаас 117,816,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М д олгож, нэхэмжлэлээс үлдэх 296,817,485 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Д.Чт холбогдох шаардлага болон 54,694,514 төгрөгийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,504,535 төгрөгөөс 2,288,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 215,712 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч А.С гаас 747,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагад ногдох хүүгийн төлбөрийг тооцохдоо 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоолж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэлийн үнийг тооцож нэхэмжилсэн. Ингэхдээ зээлийн хүү төлөв гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хүүд тооцож суутган, зээлийн хүү төлөлгүй алгассан сарууд болон хамгийн сүүлд хүү төлснөөс 2021 оны 10 дугаар сар хүртэлх 29 сарын хугацаанд ногдох зээлийн гэрээний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүд 121,815,745 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээн зөвшөөрч хүү төлснөөр гэрээний хугацааг сунгасан асуудлыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх зээлийн гэрээнд хамааруулан тайлбарласан ба талууд харилцан тохиролцож өмнө байгуулсан гэрээний үүргийг сольсноор өмнөх үүрэг дуусгавар болж, шинэ үүрэг бий болсон байх тул 200,000,000 төгрөгийн болон 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тоо бодох нь ач холбогдолгүй.

Харин 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 82,135 ам.доллар, 42,067 ам.долларын гэрээгээр талууд тооцоо нийлж, зээлдүүлэгч алданги тооцохгүй, зээлдэгч авсан зээлээ ам.доллараар эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээний үүргийг сольсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тус ам.долларын гэрээний дагуу өөрчилсөн. Энэ талаар тайлбарласаар байтал нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа ойлгомжтой тайлбарлаагүй гэх субьектив хандлагаар нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул хугацаатай гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, хугацаа заагаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг зээлдүүлэгч сануулснаас хойш зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд хугацаатай гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг хариуцагчид сануулах үүрэг хүлээхгүй юм. Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа хариуцагчаас шаардаж, цагдаагийн байгууллагад хүртэл хандсан.

б/ Анхан шатны шүүх дээрх алдаатай дүгнэлтдээ үндэслэн нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхийг хариуцагчаас шаардаагүй, тиймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн хүү шаардах, 222.7 дахь хэсгийг үндэслэн хохирол нэхэмжлэх эрхгүй гэж дүгнээд хугацаа хэтрүүлсний хүү болон хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсгийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар юм. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид хүү авах, хохирол нэхэмжлэх эрхийг олгосон бие даасан зохицуулалт юм. Тиймээс гэрээний хугацаа дууссан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу сар бүр 82,135 ам долларын 2 хувьтай тэнцэх хэмжээгээр, 41,067 ам долларын 1 хувьтай тэнцэх хэмжээгээр тус тус хүү шаардах эрхтэй. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 13, 22, 23-ны өдрүүдэд 40,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг гэх зэргээр төлсөн төлбөрийг зээлдэгчтэй харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу бага хүүтэйгээр сүүлд зээлсэн 100,000,000 төгрөгийн зээлээс хасч 2 зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүүнд нийт 121,815,745 төгрөгийг шаардсан.

Түүнчлэн, гэрээ байгуулах үед 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,435 төгрөг байсан бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,848 төгрөг болж төгрөгийн ханш унав. Энэ бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан шууд хохирол мөн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг үндэслэн үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролд 60,206,740 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

в/ Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 82,135 ам.долларын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагч А.С д холбогдуулан 417,433,485 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Д.Чт холбогдуулан гаргасан шаардлага болон 51,894,514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн татан авсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас 51,894,514 төгрөгийг татан авч, тус татан авсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг буцаан олгохыг хүссэн боловч тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй, энэ талаараа тодорхой тайлбар хийгээгүй, хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож, мэтгэлцээнд оролцоогүй атал түүнийг шүүх хуралд оролцож тайлбар гаргасан мэтээр шүүхийн шийдвэрт бичсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт 232,600,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсэн хүүд 121,815,745 төгрөг, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн зөрүүнд 60,206,740 төгрөг, нийт 414,633,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас татан авсан 51,894,514 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн дансанд буцаан олгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарыг агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотойгоор гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт болсон. 100,000,000 төгрөг өгсөн нь нотлогдож байна гэж үзэж байгаад манай талаас гомдолтой байна. 65,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Явцын дунд 35,000,000 төгрөг шилжүүлнэ гэсэн аман хэлэлцээр хийгээд гэрээ байгуулагдсан боловч тухайн үед нь мөнгө өгөөгүй. Өгсөн бол мөнгө өгсөн талаар шүүх дүгнэх байсан. Шүүх төлж байсан хүүгийн хэмжээгээр, мөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгах явцад 10,000,000 төгрөг өгнө гэж байсан мэдүүлгийг үнэлээд мөнгө авсан гэж дүгнэсэн нь буруу. Төлөгдөөгүй буюу өгөөгүй мөнгө болох 35,000,000 төгрөг болон хүүг нь хасч тооцох ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрлэсэн 117,000,000 төгрөгөөс нийт 40,000,000 төгрөгийг хасч тооцуулья гэсэн гомдлыг гаргаж байгаа. Хэрэг бүртгэлийн хэрэгт гаргаж байгаа гомдол нь эцэслэн шийдвэрлээгүй, иргэд хоорондын маргаан байна гэж шийдвэрлэсэн. Тухайн үед мөнгө авч байсан уу гэдгийг яригдаж байсан зүйл болохоос биш баталсан баримт байхгүй гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч А.С нэхэмжлэгч А.М гаас 65,000,000 төгрөг авсан ба 35,000,000 төгрөг нэмж өгнө гэж хэлээд өгөөгүй, 300,000,000 төгрөгийг авсан гэсэн баримтад эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж цагдаагаар айлгаж байгаад зуруулсан, А.М мөнгөө дансаар өгдөг, бэлнээр өгөх тохиолдолд заавал баримт үйлдэж өгдөг бид нар төрсөн эгч дүүс боловч санхүүгийн тал дээр нарийн данс хөтөлж, өгсөн авсан мөнгөө банкны гүйлгээгээр давхар нотолдог гэж хариуцагчийн хэлж байгаа тайлбар болон хэрэгт авагдсан 2 талын гаргаж өгсөн Хаан банк ХХК дахь дансны хуулга болон бусад банкны хуулгаас 35,000,000 төгрөг аваагүй болох нь нотлогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалттай нийцэхгүй үйл баримтыг дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч А.М-ийн өгнө гээд өгөөгүй 35,000,000 төгрөг түүний хүүд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 38,000,000 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч А.С , Д.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 469,317,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Чт холбогдох шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа 51,894,514 төгрөгөөр багасган, А.С гаас нийт 417,433,485 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.М нь улсын бүртгэлийн иргэний бүртгэлд 1973 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, А.Б гэж бүртгүүлснийг А.М гэж нэрээ өөрчлөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх ба нэхэмжлэгчийг А.Б нэрээ А.М болгон нэр өөрчилсөн, зээлийн гэрээний нэг тал болох А.Б нь нэхэмжлэгч А.М мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

1/ Талууд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч А.М /А.Б / нь хариуцагч А.С гийн Хаан банк дахь 5087010852 тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 184,000,000 төгрөг тус тус шилжүүлсэнээс гадна 6,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно. /хэргийн 40 дэх тал/

 

Ийнхүү зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Түүнчлэн, талууд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр хүү, алдангийг тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан нийцжээ.

 

2/ Үүний дараа талууд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэргийн 11 дүгээр талд авагдсан мөнгө авсныг баталгаажуулах тухай тодорхойлолт гэх баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлдүүлэхээр тохиролцсон 100,000,000 төгрөгөөс бодитойгоор 65,000,000 төгрөг шилжүүлж, 35,000,000 төгрөгийг өгөөгүй тул төлбөр төлөхгүй гэж маргасан байна.

 

3/ Хэргийн 8 дугаар тал дахь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар А.Б нэрээр А.С гийн 5087010852 тоот дансанд 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийн 11 дүгээр талд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгө авсныг баталгаажуулах тухай тодорхойлолт гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад А.С нь А.Б гаас /шинэ нэр Мааяа/ 2016 оны 7 дугаар сарын 21-нд дансаар 194 сая төгрөг, бэлнээр 6 сая төгрөг нийт 200 сая төгрөг 2 хувийн хүүтэй зээлж авсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-нд нийт 100 /нэг зуун/ сая төгрөг 1 хувийн хүүтэй зээлж авсан тус тус үнэн болно. Нийт 300 сая төгрөг гэсэн байна.

 

Мөн А.С нь А.М д 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зээлийн хүү төлөв гэж дурьджээ./хх-44-46 тал/

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно./7/

 

4/ Хариуцагч А.С нь дээрх баримтыг няцаан нэхэмжлэгч 300,000,000 төгрөг авсан гэх баримтыг эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлгаж зуруулсан гэх агуулга бүхий тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлосонгүй. Уг баримтыг хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дарамт шахалтын үндсэн дээр хийсэн гэх үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /7/

 

5/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

6/ Талууд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 24,000,000 төгрөг, нийт 224,000,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний зээлийн гэрээгээр зээлд 100,000,000 төгрөг зээлийн хүүд 6,000,000 нийт 106,000,000 төгрөг нийт 330,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хэргийн 40-46 дахь талд авагдсан А.С гийн Хаан банк ХХК дахь депозит дансны хуулгаас үзвэл 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч А.М-ийн Хаан банк ХХК дахь дансанд нийт 55,350,000 төгрөгийг А.С шилжүүлсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид 6,610,367 төгрөгийг 7 сарын хугацаа хэтрүүлсний алдангид төлснийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг үндэслэн 6,610,367 төгрөгийг алдангид тооцож, үлдэх 21,739,633 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг болох 224,000,000 төгрөгөөс хасч, 175,260,367 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж, мөн нэхэмжлэгч А.М д 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийт 3,000,000 төгрөг төлснийг 100,000,000 төгрөгийн үндсэн зээлээс хасч 97,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээг зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

7/ Талууд дээрх 2 зээлийн гэрээг дүгнэж эхний 200,000,000 төгрөгний зээлийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 82,135 ам.доллар болгон хөрвүүлж, сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 1 ам.долларыг 2,435 төгрөгийн ханшаар тооцож төлөхөөр, 2 дахь 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 41,067 ам.доллар болгон хөрвүүлж, сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 1 ам.долларыг 2,435 төгрөгийн ханшаар тооцож төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгажээ. /хэргийн 5-7, 38 дахь тал/

 

Дээрх гэрээнүүдийг сунгасан байдал болон талуудын тайлбараас үзвэл, зохигчид гэрээний зүйл болох төгрөгийг ам.доллар болгон хөрвүүлж төлөхөөр харилцан тохиролцсоныг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д өмнөх гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно./5а/

 

8/ Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаас үзвэл 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын 2 гэрээний үүрэгт А.С нь А.М д 2017 онд 14,575,000 төгрөг, 2018 онд 110,401,000 төгрөг, 2019 онд 69,000,000 төгрөг, 2020 онд 7,500,000 төгрөг нийт 204,157,000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ам.долларын дансанд 2017 онд 1,642 ам.доллар буюу 8,027,377 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч А.С нь нэхэмжлэгч А.М д 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын зээлд 82.135 ам.доллар, 6 сарын зээлийн хүүд 9.856,2 ам.доллар, мөн өдрийн ам.долларын зээлд 41.067 ам.доллар, 6 сарын зээлийн хүүд 2.464.02 ам.доллар, нийт 135.522,22 ам.доллар буюу 329,996,605 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг үүрэгт хариуцагч А.С гаас нэхэмжлэгч А.М д төлсөн 212,184,377 төгрөгийг хасч тооцвол 117,812,228 төгрөг төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас 117,816,000 төгрөг гаргуулж үлдэх 296,817,485 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

9/ Нэхэмжлэгчийн хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн мөнгөнөөс хүү гэсэн зориулалтаар шилжүүлсэн нь үндсэн зээлийг төлөгдөөгүй гэж үзэх үндэслэл болно гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд хүү шаардах эрхийн тогтоосон хугацааг заасан. Энэ хугацааг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан гэж шүүх дүгнэсэн. Иймд энэ хугацаанаас хойш дахин хугацааг сунгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна./5а/

 

10/ Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгууулсан зээлийн гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаагаар тасалж нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжилсэн. Зээлийн хүүд төлөв гэсэн утгаар шилжүүлснийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсний хүүнд тооцон зээлийн хүү төлөлгүй алгассан сарууд болон хамгийн сүүлд хүү төлснөөс 2021 оны 10 дугаар сар хүртэлх 29 сарын хүүнд ногдох зээлийн гэрээний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүнд 121,815,745 төгрөг нэхэмжилсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

Учир нь талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан уг гэрээгээр хүү төлөх хугацааг тохиролцсон, энэ нь гэрээний үндсэн үүрэг юм. Зээл, хүү нь гэрээний үндсэн үүрэг байх бөгөөд төлбөрийг аль үүрэгт тооцох нь гэрээнээс үүсэх хариуцлагын хэмжээнд нөлөөлөхгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь зохицуулалт нь энэхүү гэрээнд хэрэглэгдэхгүй./5б/

 

11. Нэхэмжлэгч А.М-ийн хариуцагч А.С г 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш 2,848 төгрөг болсон тул хохиролд 60,206,740 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 121,815,000 төгрөгийг тус тус шаардсан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь ам.долларын зээлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2.435 төгрөгөөр тооцож шаардлагаа тодорхойлсноос гадна, ам.долларын ханшийн зөрүү үүссэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээний нөгөө талын үүрэг зөрчигдсөнтэй шууд холбогдох хохирол биш юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү болон хохирол учирсан гэх үндэслэл бодитойгоор тухайн хөрөнгөөс олох ёстой байсан орлого гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /5б/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татан авсан 51,894,514 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн дансанд буцаан олгуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 54,694,514 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. /5в/

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/02979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,642,037 төгрөг, хариуцагчаас төлсөн 352,273 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ