| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00355/И |
| Дугаар | 302/ШШ2025/00460 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00460
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г . Хаяг:Б аймаг, А сум, 5 дугаар багт оршин суух
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Г ,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.А ,
Гэрч Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г нь Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1998 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие тус аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 насандаа тус нэгдлийн дарга байсан Л гийн тушаалаар 2 дугаар бригад буюу Борбургас багт аав Б гийн туслах малчин болсон юм. Тэр үед нэгдэлд малчин байсан хүний хүүхдүүдийг малчнаар авч ажиллуулдаг байсан бөгөөд би жолооны курс төгсөөд тус багийн цэгийн Газ-53 маркийн машиныг хөдөлгөж ойр зуурын ажилд нь явдаг байсан юм.
1.2 Би малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Б 021 дүгээр ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр халагдсан юм. Цэргийн албанаас халагдаж ирээд амраад тус нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн урьд маллаж байсан малаа үргэлжлүүлэн авч аавын туслах малчнаар ажиллаж байхад 1992 оны эцсээр тус Я нэгдэл хувьчлагдан тарсан юм. Бид өөрт оногдох хэдэн мал болон өвөлжөө, орон байрыг хувьцаагаар авсан бөгөөд одоо тус Борбургас багт Бөөрөг гэдэг газарт байдаг өвөлжөөндөө хувиараа мал маллаж байгаа. Хамгийн сүүлд хилийн Цэргийн 0165 дугаар анги надтай гэрээ хийж 2003 оноос 2004 он дуустал тус ангийн малчнаар ажилласан.
1.3 Миний мал маллаж байсан үедээ тоолуулсан баримт нотолгоонууд бүгд байгаа. Мөн гэрчүүд тодорхой гэрчлэх болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт Я нэгдэлд орсон болон гарсан тухай тэмдэг, тамга дарагдаж гарын үсэг зурагдаж бичилт хийгдсэн болохоор шүүхээс тухайн дэвтрийг нотлох баримтаар үнэлж өгнө үү.
1.4 Иймд Г миний Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажилласныг минь хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, Хил хамгаалах Ерөнхий газар Хийлийн цэргийн тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/1723 дугаартай хугацаат цэргийн албан хаасны лавлагаа зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай архивын лавлагаа, иргэн Б , Г , Т нарын бичсэн тодорхойлолт, өмгөөллийн гэрээ, Б төв архивын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 510, 511, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 579, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 606 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №12/442 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г ын ХААТР маягтууд, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1986.07.20-ны өдрийн 31 тоот, 1988.11.11-ний өдрийн 35 тоот тушаалуудын, мөн өдрийн 168 дугаар албан бичгээр ирүүлсэн тус нэгдлийн Б 2 дугаар хэсгийн 1985-1991 онуудын цалин хөлсний баримтуудын тус тус архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, Б төв архивын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр ирүүлсэн Г ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 2025 оны 5 дугаар сарын 09, 21-ний өдрүүдэд Т , Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын зарим хэсэг болох Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагч Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие тус аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 насандаа тус нэгдлийн дарга байсан Л гийн тушаалаар 2 дугаар бригад буюу Борбургас багт аав Б гийн туслах малчин болсон юм. Би малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Б 021 дүгээр ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр халагдсан юм. Цэргийн албанаас халагдаж ирээд амраад тус нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн урьд маллаж байсан малын үргэлжлүүлэн авч аавын туслах малчнаар ажиллаж байхад 1992 оны эцсээр тус Я нэгдэл хувьчлагдан тарах хүртэл ажилласан.Иймд эдгээр ажилласан жилийг маань хуулийн дагуу тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/1723 дугаартай архивын лавлагаанд: Б гийн Г нь 0165 дугаар ангийн захирагчийн 2003 оны 7 дугаар сарын 29-ний 114 дүгээр тушаалаар 7 дугаар сарын 01-ээс малчнаар томилогдон ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны б/73 дугаар тушаалаар 6 дугаар сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдсөн ба энэ нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
6.2 Хүсэлт гаргагч Г нь Б аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Б 021 дүгээр ангид цэргийн алба хааж 1990.10.16-ны өдөр халагдсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024.12.10-ны өдөр гаргасан Б төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар тогтоогдсон.
6.3 Ажил олгогч болох тус аймгийн А сумын Я нэгдлээс хүсэлт гаргагч Г од 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон №539 дүгээр Хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1986.06.25-ны өдрийн 31 тоот тушаалаар 1986.06.25-ны өдрөөс нэгдлийн 2-р бригадад малчнаар томилсон тухай бичилт хийгдэж тус нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан бөгөөд тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй нэгдлийн 1986 оны 31 дүгээр тушаал нь хүсэлт гаргагчийг бус өөр хүнийг ажилд томилсон тушаал байх тул тухайн бичилтийг мөн дэвтрийн 11-17 дугаар хуудас хүртэл 1986 оны 6 дугаар сараас 1992 он дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлс нь бичигдсэн боловч нэгдлийн тамга дарагдаагүй, мөн 1988.10.16-ны өдрөөс 1990.10.16-ны өдөр хүртэл Г нь цэргийн алба хаасан байхад тухайн хугацаанд ажилласнаар ажилласан хоног, авсан хөлс нь бичигдсэн тус тус эргэлзээтэй байх тул хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийг хүсэлтийн шаардлагад хамаарА , ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
6.4 Харин Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай албан бичгээр ирүүлсэн А сумын Я нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын 01 дэх заалтад: Хугацаат цэргийн албанд явах болсон мэргэжилтэн, малчин, туслах үйлдвэр бригадын барилгачин нарыг 10-р сарын 22-аас эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалын хавсралтад хугацаат цэргийн албанд явсан залуучуудыг ажлаас чөлөөлсөн тухай жагсаалтын 8-рт албан тушаал үхэрчин, овог нэр Б Г гэж бичигдсэн ба энэ нь хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан хугацаатай тохирч байна.
6.5 Б төв архивын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 311 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад: Г, 1969.12.05-ны өдөр, 19 настай, урианхай, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаал ажил хийж байсан эсэх дээр 1985 оноос Я нэгдэлд малчин, үхэрчин байсан гэж бичигдсэн байв.
6.6 Мөн түүний эцэг, эх нь Б аймгийн А сумын Я нэгдэлд малчин байсан нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.Б , Б нарын 1985-1990 оны цалин хөлсний баримтаар тогтоогдсон.
6.7 Хамт ажилласан гэх Г , Т , Б нарын бичсэн тодорхойлолт болон шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
-Г : Би 1981 оноос эхлээд 1992 он хүртэл Б аймгийн А сумын Я нэгдлийн Б хэсэгт малчнаар ажилласан. Г нь 1986 оноос 1992 он хүртэл Б аймгийн А сумын Я нэгдлийн Б хэсэгт Л гэдэг хүний туслах малчин байсан. Харин дунд нь цэргийн алба хаасан. Би өөрөө Д аймагт 1983-1986 он хүртэл цэргийн алба хааж ирээд тус нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед Г нь Л гэдэг хүний туслахаар малчнаар ажиллаж байсан. Эцэг нь Б гэдэг хүн байсан. Тус нэгдэлд түүний эцэг, эх нь малчнаар ажилласан. Г нь 8-р ангийг 1985 онд төгссөн. Л гэдэг хүний туслахаар ажиллаж нэгдлийн хонийг малладаг байсан. Л гэдэг хүн нэгдлийн дарга байсан. Г өөрөө хоньчин, үхэрчин байсан ба аав нь үхэрчин байсан. Тэр цэрэгт явах хүртэл Л гэдэг хүний туслахаар хоньчноор ажилласан. Дараа нь цэргээс халагдаж ирээд Ж гэдэг хүний туслах малчнаар ажилласан. Нэгдлийн дарга байсан Л гэх хүн одоо байхгүй, нас барсан. Г 1998 онд гэр бүл болсон. Урьд нь гэр бүл болж байгаагүй. Тус нэгдэлд Гэрлийн Г гэдэг хүн сумын төвд тракторчоор ажилладаг байсан. Тус нэгдлийн Б хэсэгт Г нэртэй өөр хүн байхгүй гэх,
-Т : Би А сумын Я нэгдэлд 1973-1989 оны хооронд малчнаар ажилласан. Тус нэгдэл нь 1989 онд тарсан. Г нь А сумын Я нэгдэлд 1986-1992 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Г нь цэрэгт явахаас өмнө малчин байсан. Түүний эцэг, эх нь мөн адил нэгдэлд малчин байсан. А сумын Я нэгдлийн дарга нь Л гэх хүн байсан. Г нь 4-р анги төгсөөд малчин болсон. Г нь малчин байсныг мэддэг тул би түүнд өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн нь үнэн гэх,.
-Б : Миний бие 1981-1987 он хүртэл А сумын Я нэгдэлд ажилласан. Дараа нь б газарт А сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Г 1987 оны үед нэгдэлд малчин байсан. Дараа нь би байгаль хамгаалагчаар ажиллах үед ч гэсэн Г малчин байсан. Тухайн үед би ажлын шаардлагаар мал тооллогод явдаг байсан. Тэр үед ч гэсэн малчнаар ажилладаг байсан. Гэхдээ тасралтгүй ажилласан эсэхийг мэдэхгүй. Эцэг, эх нь ч гэсэн малчин байсан. Тэр хүн туслах биш, малчнаар ажилласан. Миний бие Г од бичиж өгсөн тодорхойлолтод туслах малчин гэж бичсэн байж магадгүй, Г малчнаар ажилласан үнэн болно. Я нэгдэл нь 1990 онд хувьчлагдсан. Тус нэгдэлд Б гийн Г ажиллаж байсан. Өөр Г гэдэг хүн байгаагүй. Нэгдэлийн дарга н.Л гэдэг хүн байсан. Ганбаатар, Тамжаа гэсэн хүмүүс малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
6.8 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №12/442 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г ын 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөтөлсөн ХААТР-1(А) маягтын 14-рт ажилладаг байгууллага А Я нэгдэл, ажилд орсон он 1986, Борбургас бригад, эрхэлдэг ажил үхэрчин гэж бичигдсэн бичилт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
7.Хэдийгээр тус аймгийн архивын тасгаас хүсэлт гаргагчийг Б аймгийн А сумын Я нэгдэлд үхэрчин, малчнаар ажилд томилсон тушаал нь гаргаагүй, тус нэгдлийн даргын тушаалаар ажилд томилсон тушаал нь өөр хүнийх байсан ч гэсэн хүсэлт гаргагч Г ыг малчны ажлаас цэргийн алба хаах болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тушаал, тэрээр тухайн хугацаанаас хойш цэргийн алба хаасан нь тохирч байгаа байдал мөн тухайн үед хөтөлсөн цэргийн анкетад цэрэгт татагдахаас өмнө эрхэлж байсан ажил нь тус нэгдлийн малчин, үхэрчин байсан талаарх бичилт болон эцэг, эх нь тус нэгдлийн малчин байсан байдал, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт тэдний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэхэд хүсэлт гаргагч Г нь Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
8.Харин хүсэлт гаргагч Г ын Б аймгийн А сумын Я нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч Б аймгийн А сумын Я нэгдэлд хамт малчнаар ажилласан гэх Г , Т , Б нарын бичгээр олгосон тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Г той хамт тус нэгдэлд 1986-1992 он хүртэл хамт малчнаар ажилласан гэж мэдүүлдэг боловч түүний 1990.11.01-ний өдрөөс 1992 оны дуустал хугацаанд тус нэгдэлд малчнаар ажилласан нь хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны бусад хэрэгслүүдээр тогтоогдохгүй байгаа тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн мэдүүлгээр тухайн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г ын Б аймгийн А сумын Я нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул уг хүсэлтийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Хүсэлт гаргагч Г нь Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
12.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Г ын Б аймгийн А сумын Я нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус нэгдэлд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ