| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00400/И |
| Дугаар | 302/ШШ2025/00466 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00466
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С . Хаяг:Б аймаг, С сум, 2 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл мөн Б аймгийн С сумын туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С ,
Гэрч Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ утсаар илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 -д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С нь анх шүүхэд Б аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл болон Б аймгийн С сумын туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж Б аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл мөн Б аймгийн С сумын туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие 8 дугаар ангиа 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төгсөж тус аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр аавын туслах малчнаар ажилд орж 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан. Дараа нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж яваад цэргийн албанаас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдаж ирсэн.
1.2 Цэргээс халагдаж ирээд тус аймгийн С сумын туслах аж ахуйн малчнаар ажилд орсон. Миний бие анх шүүхэд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын туслах аж ахуйд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн шаардлагаа 1991 оны 01 дүгээр сарын 031-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Б аймгийн С сумын туслах аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор багасгаж байна.
1.3 Миний малчнаар ажилласан зарим сарын шимтгэл дутуу, нэгдэлд малчнаар томилогдсон тушаал архиваас гараагүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд тус аймгийн Н байгууллагаас ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсний дагуу дээрх ажилласан жилээ тогтоолгохоор хандсан.
1.4 Иймд миний Б аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл, мөн Б аймгийн С сумын туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус малчнаар ажиллаж байсныг минь хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хамт ажилласан гэх К , Ж нарын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн С сумын эрхлэгчийн 1991.01.03-ны өдрийн туслах аж ахуйд малчин ажиллуулах тухай 01 дүгээр тушаал, Т сумын У нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас 1987-1988 оны баримт, Б аймгийн С сумын эрхлэгчийн 2002.02.09-ний өдрийн хөлс тооцож олгох тухай 06 дугаар тушаал, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024.10.13-ны өдөр гаргасан С ын Н шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б яам Б ын төв архивын 2023.03.22-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны 2462 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Н газраас С ын шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан лавлагаа 2 хуудас, №00 дугаартай Цэргийн батлахын эх хувь, 2025.05.21-ний өдөр хүсэлтийн шаардлага багасгасан тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар тус аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 430 дугаартай албан бичгээр Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 589, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 591 дүгээр албан бичгүүдээр Б аймгийн У хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/493 дугаартай албан бичгээр ирүүлсэн С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын эрхлэгчийн 1991.01.03-ны өдрийн туслах аж ахуйд малчин ажиллуулах тухай 01 дүгээр, 1993.01.29-ний өдрийн малчны цалинг шинэчлэн тогтоох тухай 06 дугаар, 1994.03.26-ны өдрийн шагналд мөнгө зарцуулах тухай 19 дүгээр, 1994.11.01-ний өдрийн цалинг шинэчлэн тогтоох тухай 18 дугаар, 1995.12.05-ны өдрийн малчинд байшин олгох тухай 26 дугаар, 1996.02.19-ний өдрийн сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын зарим хүмүүсийг шагнах тухай 04 дүгээр, 1996.08.15-ны өдрийн төл бойжуулсны хөлс тооцож олгох тухай 12 дугаар, 1998.04.02-ны өдрийн цалин шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр, 2022.02.09-ний өдрийн хөлс тооцож олгох тухай 06 дугаар тушаалууд, Б аймгийн С сумын Е нэгдлийн 1981-1988 онуудын цалин хөлсний баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сараас цэрэгт явах хүртэл буюу 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл, улмаар цэргээс халагдаж ирээд Б аймгийн С сумын туслах аж ахуйд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орж 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажилласан. Гэтэл миний малчнаар ажилласан зарим сарын шимтгэл дутуу, нэгдэлд малчнаар томилогдсон тушаал архиваас гаргахгүй улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд тус аймгийн Н байгууллагаас ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсний дагуу дээрх ажилласан жилээ тогтоолгохоор хандсан гэж тайлбарлажээ.
6.Хүсэлт гаргагчид ажил олгогч болох Б аймгийн С сумын Е нэгдэл болон тус аймгийн С сумын Хүн эмнэлгээс тус тус олгосон ажлын тухай мэдээ бичигдсэн Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тус аймгийн архивын тасгаас түүнийг С сумын Е нэгдэлд малчнаар томилсон тушаал нь гарахгүй байхгүй байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай албан бичгээр ирүүлсэн:
-Б аймгийн С сумын эрхлэгчийн 1991.01.03-ны өдрийн туслах аж ахуйд малчин ажиллуулах тухай 01 дүгээр тушаалд: Туслах аж ахуйд малчнаар С ыг 1991 оны 01-р сарын 01-ээс эхлэн томилсон байна.
- С сумын эрхлэгчийн 1993.01.29-ний өдрийн малчны цалинг шинэчлэн тогтоох тухай 06 дугаар тушаалд: Малчин С ын сарын цалинг 1993.01.01-ний өдрөөс 1600 төгрөгөөр тогтоосон байв.
-Эрхлэгчийн 1994.03.26-ны өдрийн шагналд мөнгө зарцуулах тухай 19 дүгээр тушаалд: Туслах аж ахуйн малчин С ыг 1993 оны төл бойжилт, малын тарга хүч, онд мэнд оруулах ажлаар ажлын өндөр үзүүлэлт үзүүлсэн явдлыг талархан сайшааж Диплом 5000 төгрөгөөр шагнасан.
-Мөн эрхлэгчийн 1994.11.01-ний өдрийн цалинг шинэчлэн тогтоох тухай 18 дугаар тушаалд: Туслах аж ахуйн малчин С нь өөрийн хүчээр тэжээлийг бэлтгэж, 1994 он гарсаар малд хэрэглэх э тариаг өөрөө худалдаж авч байгаа зэргийг харгалзан үзэж цалинг 1994 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн 4500 төгрөг болгон тогтоосон.
-Эрхлэгчийн 1995.12.05-ны өдрийн малчинд байшин олгох тухай 26 дугаар тушаалд: Туслах аж ахуйн малчин С ын нэр дээр байгаа доороо шалгүй байшинг орлогод авсан үнээр нь өөрт нь олгохоор шийдвэрлэсэн, 1996.02.19-ний өдрийн сар шинийн баярыг тохиолдуулан байгууллагын зарим хүмүүсийг шагнах тухай 04 дүгээр, тушаалд: 1995 оны ажлаар үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан зарим албан хаагчийг шагнасны дотор малчин С ыг мөн адил Баярын бичиг 4200 төгрөгөө шагнасан байдал,
-1996.08.15-ны өдрийн төл бойжуулсны хөлс тооцож олгох тухай 12 дугаар тушаалд: малчин С төллөх 80 хониноос 70 төл бойжуулсны хөлсийг төл бүр 300 төгрөгөөр тооцож 21,000 төгрөг олгохыг ня-бод зөвшөөрсөн, мөн эрхлэгчийн 1998.04.02-ны өдрийн цалин шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тушаалаар туслах аж ахуйн малчин С ын цалинг 1998.01.01-ээс эхлэн 19,000 төгрөгөөр тогтоосон, 2022.02.09-ний өдрийн хөлс тооцож олгох тухай 06 дугаар тушаалаар малчин С ад 35 төл /2001 онд/ бойжуулсны хөлсөнд 17,500 төгрөг олгож байсан байна.
Мөн тус Хүн эмнэлэгтэй түүний 1995-1996 он дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 он дуустал хугацаанд Н шимтгэл төлж байсан талаарх Н шимтгэл төлсөн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хүсэлт гаргагч С нь тус эмнэлгийн туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 2003 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.
6.2 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Т сумын У нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаар 1981-1988 онуудын баримт нь хоньчин С нэртэй гарсан ч гэсэн шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
Учир нь, 1981-1987 оны 7 дугаар сар хүртэл хүсэлт гаргагч С нь тус аймгийн С сумын 10 жилийн сургуульд сурагч байсан нь Б аймгийн У хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн 1986.10.27-ний өдөр хөтөлсөн хаягийн хуудасны ХААТР маягт, 1988.10.16-ны өдрөөс цэргийн албанд татагдсан байхад 1988 оны цалин хөлсний баримтад 360 хоног ажилласнаар гарсан Солтанмурат нэртэй цалин хөлсний баримт нь хүсэлт гаргагчтай ижил нэртэй өөр хүний цалин хөлс байна гэж шүүх үзлээ.
6.3 Хүсэлт гаргагч С нь 1988.10.16-ны өдрөөс 1990.10.16-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 021 дүгээр ангид цэргийн алба хааж 64221 дугаартай Цэргийн батлахтай халагдсан болох нь Б яам Б ын төв архивын 2024.03.22-ны өдрийн 2462 дугаартай хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа, №00 дугаартай Цэргийн батлахаар нотлогдож байна.
6.4 Харин тус аймгийн У хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/493 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С ын 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөтөлсөн ХААТР-1 дүгээр маягтад нийгмийн бүлэг хоршоолсон ард, С сумын МАА-н 2-р хэсэг, ажилладаг байгууллага Е нэгэдэл, 2 дугаар хэсэг ажилд орсон 1988 он, эрхэлсэн ажил хоньчин гэж, мөн түүний 1992.03.15-ны өдөр төрсөн хүүхдийн ХААТР-11 дүгээр маягтад эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр С сумын Е нэгдэл гэж бичигдсэн байдлыг хамт ажилласан гэх К , Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн С.Салтамурат нь С сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд тэрээр 1987 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл тус аймгийн С сумын Е нэгдэлд малчнаар мөн С сумын туслах аж ахуйн малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 2002 он хүртэл ажилласан үнэн гэх мэдүүлгийг харьцуулан үнэлж, хүсэлт гаргагчийн тус аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагчаас Б аймгийн С сумын Е нэгдэл болон тус аймгийн С сумын туслах аж ахуйд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
8.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С ын Б аймгийн С сумын Е нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл болон С сумын туслах аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ