Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00263

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00263

 

Е.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/03831 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Е.А-ийн хариуцагч Х-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Х-д 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хүний нөөцийн менежерийн ажилд орсон. Ажлын 5 өдрөөр, өдөрт 4 цаг ажиллахаар, үндсэн цалин 1,200,000 төгрөгөөр тохиролцон ажиллахаар болсон. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон тушаал гаргаагүй. Миний хувьд хөл хорионы үед ажлын 4 цагтаа баригдалгүй ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, тайлан төлөвлөгөөгөө тогтмол танилцуулж ирсэн. Мөн ажиллаж байсан хугацаанд үндсэн ажил үүрээс өөр ажил хийлгэхийг удаа дараа шаардаж байсан. Шинээр ажилтан ажилд авахдаа сургаж байгаа гэх үндэслэлээр цалин хөлсийг олгодоггүй. Е.А-ийг ажил үүргээ гүйцэтгэж байхад сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан гэж амарсан өдөр хуралдсан атлаа надад танилцуулаагүй ба өвчтэй гэсэн эмнэлгийн магадлагаа өгсөн байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна. Ажлаас халагдсан тушаал гарсан гэж мессенжерээр мэдээд тушаал авъя гэхээр өгөхгүй байсаар эмнэлэгт хэвтээд гарсны дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уулзсан. Гэхдээ тушаалыг өгөхөөс татгалзаж, халагдах өргөдлөө өг гэж сүрдүүлж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа бие давхар болсныг захирал болон гэр бүл, ажилтнууд мэдэж байсан. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 10-14 цаг хүртэл тогтмол Хөдөлмөрийн онлайн яармагт гэрээсээ болон ажил дээрээ оролцож тасралтгүй ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болох нэгдүгээр ангийн хүүгийнхээ үсэглэлийн баярт бэлдэхийн тулд 2021 оны 05 дугаар сарын 12, 13, 14-ны өдрүүдэд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгээд, хөдөлмөрийн онлайн яармагт гэрээсээ оролцъё гэж захиралтай утсаар ярьж чөлөө авсан. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс өвчтэй байсан гэсэн акт аваад мессенжерээр явуулсан. Тэр үед ажлаас халагдах тушаал гарсан гэж мэдэгдсэн ба шалтгаан нь юу вэ гэхээр та өөрөө мэдэж байгаа гээд тушаал өгөхгүй байсаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр очиж авсан. Иймд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс жирэмсний амралт олгох хүртэл хугацаагаар тооцож 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны буюу 5, 6, 7, 8 сарын цалин буюу сарын цалин хөлсийг 1,200,000 төгрөгөөр тооцож 4,800,000 төгрөг, 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 09 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын 900,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны нөхөн олговорыг 120 хоногоор тооцож 4,800,000 төгрөгийг нэхэмжилж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь манай байгууллагад ажилд орсон нь үнэн боловч хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ биелүүлээгүй. Цалинг нь сарын 1,200,000 төгрөгөөг тохирсон боловч өөрийнх нь хүсэлт шаардлагаар нийгмийн даатгалд 600,000 төгрөгөөр тооцож шимтгэлийг нь төлдөг байсан. Ажлаас чөлөөлөхдөө жирэмсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд нь ажлаас чөлөөлсөн хойно өвчтэй гэсэн баримтаа мэйлээр ирүүлсэн нь байсан нь ач холбогдлоо алдсан. Бид эмэгтэй хүнийг хүндэтгэж баримт гаргаж өгөөгүй болохоос манай ажилтанд хүүхдээ авахуулсан гэж бичсэн байсан. Нэхэмжлэгч Е.А нь анх компанид орохдоо хуулийн сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй гэж хэлж орсон. Ингээд компанийн хуультай холбоотой асуудлыг хариуцах мөн хүний нөөцийн асуудлыг хариуцахаар тохирч компанид орсон. Иймд долоо хоногийн хэдэн өдөр ажиллах талаар мэдэж байгаа гэж бодож байна. Учир нь компанийн зүгээс ажиллах цагийн уян хатан нөхцөлөөр хангаагүй гэж тайлбарласан. Өмнө нь хэд хэдэн удаа ажил дээрээ согтуу ирж зүй бус үйлдэл гаргаж байсан талаар компанийн ажилчид гомдол гаргаж байсан. Е.А нь хүний нөөцийн ажилтны хувиар ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй холбоотой актуудыг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажилд орсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орсон. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг шинчлэх шаардлагатай, 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилчидтай хөдөлмөрийн шинэчилсэн гэрээг дахин байгуулж ажиллъя гэдэг тохиролцоог хийсэн байдаг. Анх Е.А нь ажилд орохдоо өөрийгөө жирэмсэн гэдгээ компанид мэдэгдэж байгаагүй. Ажлаас халагдах үед жирэмсэн гэдгийг нь компаниас мэдсэн. Ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалыг төлж байсан. Е.А нь ажилд орсноос хойш тохирсон баримт бичгүүдийг хугацаанд нь боловсруулж өгөөгүй. Үндсэн цалин 1,200,000 төгрөг байхаар тохирсон боловч нийгмийн даатгалын шимтгэл 600,000 төгрөгөөр төлсөн нь Е.А-ийн өөрийнх нь санаачилсан ажил учир нь миний өмнө нь ажиллаж байсан компаниуд 600,000 төгрөгөөр төлөгдөж байсан гэдэг байдлаар энэхүү ажлыг зохион байгуулсан. 4,5 сарын нийгмийн даатгалыг бууруулж төлсөн гэх тайлбарыг өгч байна. Тухайн цаг хугацаанд цар тахалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон байсан. Е.А-ийн хувьд 4 сард нийтдээ 5 өдөр л ажилласан. Иймд цалин нь 136,364 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нь 36,810.28 төгрөгөөр бодогдсон. 5 сарын цалин нь 210,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нь 56,700 төгрөг төлөгдсөн. 5 сард нийт ажиллавал зохих хоног нь 20 хоног байсан ч Е.А-ийн хувьд нийт 7 өдрийн 23 цагаар ажилласан. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь боловсруулахаар тохирсон хөдөлмөрийн гэрээ шинэчлээгүй болон хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулаагүй учир сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Ажлаас халсан үндэслэлийн тухайд ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сард дуусгавар болж шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилчдад 14 хоногт нэг удаа сургалт оруулах үүргээ биелүүлээгүй. Ажилтнуудад сургалт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэг ч удаа сургалт оруулаагүй. Е.А нь дур мэдэн хоёр ажилчныг ажлаас халсан. Мөн компанийн санхүүгийн асуудалд дур мэдэн оролцох, ажилчдын цагийн бүртгэлийн тооцоог буруу гаргасан. Ажилчдын цалинтай холбоотой асуудалд оролцсон, будлиантуулсан асуудлыг хэд хэдэн удаа гаргасан. Зарим ажилчдын цалинг гурван сараар хассан, ажлаагүй ажилчны цагийн бүртгэлийг ажилснаар гаргасан гэх мэт зөрчлүүдийг гаргасан. Тухайн үед компанид н.Л гэх гэр бүлийн хүн нь хамт ажиллаж байсан ингэхдээ нөхрийнхөө цалинг үндэслэлгүйгээр нэмсэн. 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээр согтуу ирж нягтлантай зүй бус харьцсан. Мөн захирлын тушаалгүйгээр өөртөө сар бүр 100,000 төгрөгийн нэмэлт цалин бодуулж авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 т зааснаар ажил олгогчийн санаачилгаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 үндэслэж ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Ноцтой зөрчил гэдгийг компанийн санхүүгийн ажилд дур мэдэн оролцсон гэж тайлбарлаж байна. Эмнэлгийн магадлагааг ажлаас халах тушаал гарсны дараа буюу 6 сард цахим хэлбэрээр компани руу явуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.А-ийг Х ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Х ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.А болон хариуцагч Х ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Х ХХК-аас 53,350 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

а/ Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин болох 4,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба талууд нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээг нэг сарын 1,200,000 төгрөг гэдэгт маргаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг удирдлага болгон дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж, хариуцагчийн зүгээс дур мэдэн ажилтныхаа цалин хөлсийг бууруулан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээсээ зугтаж буй хууль бус үйлдлийг нь дэмжиж, нэхэмжлэгчийг давхар хохироосон шийдвэр гаргасан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, өөр хуулийг хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

б/ Нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Е.А ь нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 120 хоногоор тооцож 4,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх төрсөн хүүхдийг төрөөгүй мэт ойлгож, нотлох баримтыг зөв үнэлээгүй ноцтой зөрчил болжээ. Учир нь хэргийн материалын хавтаст 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 00:50 минутанд 2000 гр жинтэй эрэгтэй, дутуу нярай төрүүлсэн тухай эмнэлгийн солилцох хуудсыг эх хувиар нь нотлох баримтаар өгсөн, нэмэгдүүлсэн шаардлагадаа миний бие хүүхдээ 31-32 недельтэй (217-224 хоног) тээгээд дутуу төрсөн тухайгаа бичсэн, мөн шүүх хуралдааны явцад энэ тухайгаа дурдан өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласаар байсан атал эсэн мэнд төрж, эрүүл саруул бойжиж байгаа хүүхдийг 196 хоног тээсэн эсэх, хүүхэд нь амьд эсэх нь эргэлзээтэй зэргээр дүгнэсэн. Анхан шатны шүүх шийдвэртээ ажил олгогч буюу Х ХХК нь нэхэмжлэгч Е.А-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй нь нотлогдож байх тул ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгасан, гэм бурууг нь нотолсон атлаа нэхэмжлэгч Е.А-д хохирол учирсанд хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, зөрчил-хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн зэргээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Е.А миний бие нь хариуцагч Х-д 2021 оны 01 сарын 15-ны өдөр ажилд орж ажиллаж байх хугацаандаа жирэмсэн болж хүүхдээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эсэн мэнд төрүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа авах эрх үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 01 дүгээр сарын 15-2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговроо Хөдөлмөрийн тухай хууль болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын Ээлжийн амралт олгох зааврын дагуу тодорхойлж 900,000 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх хэргийн хавтаст хэрэгт ажилд орсон огноо, жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн огноо нь маш тодорхой байхад амралтын хугацаа нь тодорхойгүй, нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлээгүй гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг болон нэхэмжлэгч Е.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.

а/ Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй шалтгаан нь анх Е.А-ийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилд авсан бөгөөд сар дуусахад ажлын 12 хоног дутуу байсан. Е.А-ийг ажилд авсан шалтгаан нь өөрөө эрх зүйч" мэргэжилтэй, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай гэсэн учир компанид Хүний нөөцийн менежер"-ээр авч, компанийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, бусад бичиг баримтыг боловсруулах, ажилтнуудыг хөдөлмөрийн зөв зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй байх, хөдөлмөрийн гэрээг шинэчилж, ганц Е.А гэхгүй, компанийн нийт ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 дугаар сард дуусах байсан тул ажилтнуудтай шинэчилсэн гэрээгээр ажиллахаар төлөвлөсөн. Энэ байдлыг ч Е.А д үгүйсгэж, мэтгэлцээгүй. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн шинэчилсэн гэрээг бичгээр хийж, баталгаажуулан явах байсан боловч Е.А нь ажилд орсоноос хойш тогтвор, суурьшилтай ажиллаагүй, ямар нэг байдлаар өвчин зовлон ярьж, шалтаг тоочиж, ажил таслах зэрэг ажилтнаас өөрөөс нь хамаарах шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээг байгуулах асуудал хойшлогдож байсан болно.

Шийдвэрт "...хариуцагчийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна ... Х ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаартай тушаалаар ажил шалтгаангүй тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Е.А д сахилгын арга хэмжээ авсугай гэжээ ... дээрх тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмын хүрээнд шүүх энэ тушаалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй гэсэн боловч "...зөрчил шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчип гаргагчийн тайлбар зэрэг баримт хэрэгт авагдаагүй байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж буй хариуцагчийн тайлбар нотлогдохгүй гэж зарчмын зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч Е.А-ийг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл оноосон компанийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар тушаалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хурлын үеэр маргаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй тул хариуцагчийн зүгээс тухайн тушаалыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх зохигчдын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Тус тушаалыг гарсанаас хойш Е.А нь өмнө гаргасан зөрчил дутагдлаа засаагүй, ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелүүлээгүй тул Х ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаартай тушаалаар хүний нөөцийн ажилтан Е.А-ийг 05 дугаар сарын 24-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-д заасантай нийцэх учир ажил олгогчийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгч Е.А-ийг ажил тасалсан, сахилгын зөрчил гаргасантай холбогдох баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн, шүүх хуралд компанийн нягтлан бодогч Д.А-ыг гэрчээр оролцуулсан нотолгооны зүйлийг шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

б/ Нэхэмжлэгч Е.А-ийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилд авч, ажлын 12 хоногын цалинг тооцож, 600,000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн. 2, 3 дугаар сарын цалинг бүтнээр буюу 1,200,000 төгрөгөөр нь олгосон боловч Е.А нь өөрөө 600,000 төгрөгөөр тооцож, төлүүлэх хүсэлт гаргасан учир нийгмийн даатгалын шимтгэлийг нь 600,000 төгрөгийг төлсөн. 4, 5 дугаар сарын цалинг Е.А-ийн ажилласан хоногоор нь тооцож, нийгмийн даатгалд 4 дүгээр сард 36,818,28 төгрөгөөр, 5 дугаар сард 56,700 төгрөгөөр тус тус төлсөн зэргээс үзэхэд хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх үүрэг хүлээхгүй юм. Энэ талаар хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн цагийн бүртгэл, цалингийн тооцоо, нийгмийн даатгалын тайлан гэх мэт бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээс тодорхой харагдана гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ажил олгогч өөрөө үүргээ биелүүлээгүй атлаа ажилтныг буруутгах нь үндэслэлгүй. 1,200,000 төгрөгийг талуудад тохирсон. Долоо хоногийн 4 өдөр ажиллахаар талууд тохиролцсон ба үүнийг зөвшөөрч удаа дараа цалинг нь олгосон. Ажлын цаг буруу гарсан тухайд гэвэл тухайн үед онлайнаар ажилладаг байсан. Онлайнаар холбогдоод эсхүл утсаар холбогдоод цагаа бүртгүүлдэг байсан. Заавал ирж хуруугаа хийх албагүй байсан. Цалин хөлсөө үргэлж авдаг байсан нь нотлох баримтаар нотлогддог. 600,000 төгрөгөөс тооцож нийгмийн даатгал төлөх хүсэлт гаргасан зүйл байхгүй. Хэдэн төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгааг Е.А мэдэхгүй байсан. Ажил олгогч дур мэдэн, хууль зөрчиж, нийгмийн даатгалыг бууруулж тайлагнасан. Үүнд ажилтныг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Е.А нь хариуцагч Х-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,800,000 төгрөг гаргуулах, ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын мөнгө 900,000 төгрөг, авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,800,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Е.А нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Х ХХК-ийн хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 тоот тушаалаар Е.А-ийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 12 дахь тал/

 

3. Е.А нь Х ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь Х ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 тоот тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Хариуцагч байгууллага нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6 тоот тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.8, 12.1.9, 12.1.11-т заасныг тус тус үндэслэжээ. /хх-12 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тус тус заасан байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг тул энэ үүргээ ажил олгогч байгууллага хэрэгжүүлээгүйд ажилтан буруугүй байна. Иймд талууд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээр цуцлах үндэслэл болох ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцсон гэж үзэхгүйгээс гадна хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч байгууллага санхүүгийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн нэхэмжлэгчийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ хийх, хүний нөөц бүрдүүлэх, ажилтнуудад 14 хоногт нэг удаа сургалт явуулах үүргээ биелүүлээгүй, согтуу ирж удирдлагууд болон ажилтнуудтайгаа маргаан үүсгэж бусдыг доромжилсон, компанийн санхүүгийн асуудалд дур мэдэн оролцсон удаа дараа ажил тасалсан гэх зөрчлийг гаргасан гэж маргасан боловч дээрх зөрчлүүдийг гаргасан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй.

 

5б. Мөн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заагдсан ажил, үүрэгтэй нь холбоотой дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв болно.

 

6. Иймд Е.А-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хэргийн баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /5а/

 

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 600,000 төгрөгөөр тооцох хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зохих ёсоор баримтлаагүй байна.

 

8а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай нэг сарын цалинг 1,200,000 төгрөгөөр тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох ньталуудын тайлбар, гэрч Б.А-ын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Е.А-ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг 1,200,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. Иймд 4 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,800,000 төгрөг байх тул нэхэмжлэлийг 4,800,000 төгрөгөөр хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав. /4а/

 

9. Мөн шүүх нэхэмжлэгч Е.А-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг залруулах боломжтой байна.

 

10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж, 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олговол зохих 4,800,000 төгрөгийг ажил олгогчийн учруулсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. /4б/

 

11. Түүнчлэн, нэхэмжлэгч ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын олговорт 900,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар амралтыг бодитой эдэлсэн ажилтанд олговор олгохоор заасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хариуцагчаас ээлжийн амралт олгоогүй гэх үндэслэлээр 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4в/

 Нэхэмжлэгч Е.А нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/00753 дугаар захирамжаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/03831 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2,400,000 гэснийг 4,800,000 гэж, 8,100,000 гэснийг 5,700,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 46 дугаар зүйлийн гэсний дараа 46.1 гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 53,350 гэснийг 91,750 гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ