| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0493/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 505
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт А.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808020630564 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт А.О, Монгол Улсын иргэн, ...... регистрийн дугаартай, ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч А.О нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 22-85 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Ө-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч А.О нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 22-85 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Ө-гийн толгой, нүүр рүү чулуугаар цохиж бие махбодод нь “...духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч А.О-ийн шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
2. Хохирогч Т.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би нөхөр А.О-тэй 1997 онд нэг гэрт орсон, бид гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хоёр хүү, нэг охинтой одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 22-85 тоотод амьдардаг. Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ амарч байхад 17 цагийн үед нөхөр А.О согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхэхээр нь 5000 төгрөг аваад өгтөл гараад явсан. Удалгүй буцаж орж ирэх үед нь миний дургуй хүрээд “ажилгүй байж чи надаас архины мөнгө нэхлээ” гэтэл нөхөр маань над руу агсраад байхаар нь “цагдаа дуудлаа” гэж хэлтэл тэрээр “ямар их цагдаа дууддаг юм бэ” гээд миний хуцваснаас чирж, намайг гэрээс гаргаад, хашааны үүдэнд очоод газраас чулуу аваад гартаа барьж байгаад миний духны зүүн дээд хэсэгт нэг цохиод толгой хагалсан. ...Өмнө нь надад гар хүрч байгаагүй архи уухаараа жаахан агсраад, хэрүүл хийж байгаад, өөрөө унтаад өгдөг байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Тэр өдөр надад анх удаа гар хүрсэн. Миний толгойг манай нөхөр А.О хагалсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4876 дугаартай “...Ө-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 24-р хуудас),
4. Шүүгдэгч А.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Ө-тэй 19997 онд нэг гэрт орсон, гэрлэлтийн баталгаатай, дундаасаа гурван хүүхэдтэй, хоёр хүү, нэг охин. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 22-85 тоотод амьдардаг. Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө босоод 15 цагийн үед Хархорин зах руу яваад юмны үнэ сонирхож байгаад захаас гараад гэр лүүгээ явах замдаа 0.5 литрийн хэмжээтэй стандарт нэрийн архи дэлгүүрээс авч, гэртээ харих замдаа ганцаараа ууж дуусгаад, гэртээ орж эхнэрээсээ мөнгө нэхэхэд 5000 төгрөг өгсөн. Би буцаж гараад архи авах гээд дэлгүүрт зогсож байхад манай ар талын хашааны хөрш эмэгтэй Б эгчтэй дэлгүүрт таараад авсан архиа түүний торонд хийгээд дэлгүүрээс хамт гараад явтал манай эхнэр ард явж байхаар нь түүнтэй уулзахад манай эхнэр “өгсөн мөнгөөр архи уулаа” гэж загнахаар нь би Б эгчтэй хамт архи уугаагүй чамтай таараад архи уухаа больчихлоо гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд тэрнээс болж маргаан болж би эхнэрийгээ хувцаснаас нь чирж гэрээс гарч гартаа таарсан чулуугаар дух руу нь нэг удаа цохиод толгойноос нь цус гарахаар нь би айгаад хашаанаас зугтаасан. Гудамжинд явж байгаад гэртээ ирэхэд эхнэр толгойгоо боочихсон гэмтлийн эмнэлэг яваад ирсэн гэж хэлсэн. Энэ гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас) зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч А.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Ө-гийн биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүгдэгч А.О нь шүүх хуралдааны үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Т.Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч А.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.О нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүний буюу эхнэрийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Прокурророос яллах ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.О-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ойлгосон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч түүнтэй эвлэрсэн байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч А.О-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч А.О-д 500 нэгж буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дэхь заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт А.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.О-д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА