Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/946

 

 

 

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.А- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Э.Э-т холбогдох эрүүгийн 2410000700048 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

.... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;  

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...... дүүргийн ..... дүгээр хороо,  ..... тоотод Т.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний зүүн талын бөөр, нуруун тус газарт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн хэсэгт суганы урд шугам болон суганы дунд шугамын хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар таван жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 9,038,525 төгрөг гаргуулан Т.А-долгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.А- нь учирсан гэмтлийн улмаас цаашид хийлгэх эмчилгээ, үйлчилгээний зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

хохирогч Т.А- давж заалдах гомдолдоо: “...Э.Э нь миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байтал түүнд 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол нөхөн төлөөгүй, надтай уулзаагүй, уучлал гуйгаагүй. Мөн миний эрүүл мэнд өдрөөс өдөрт муудаж байна. Гэтэл шүүхээс хэт бага ял оногдуулсанд гомдолтой байна.  Иймд гомдлыг хүлээн авч Э.Э-т хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэж, хохирол нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэжээ.   

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 4.695.000 төгрөгийг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч нь 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршигт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э-т холбогдох 2410000700048 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...... дүүргийн ..... дүгээр хороо,  ..... тоотод шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний зүүн талын бөөр, нуруун тус газарт нь хутгаар 2 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн хэсэгт суганы урд шугам болон суганы дунд шугамын хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

хохирогч Т.А-гийн: “...Би нэлээн согтчихсон байсан ба нэг ухаан ороод унтаж байсан Э-ыг сэрээсэн. Г, Э хоёр үүдэнд юм ярьж байгаад Э миний зүүн талд буйдан дээр ирж суугаад Г-ын цүнхийг аваад өг гэсэн. Э миний хажууд суух үедээ цүнхтэйгээ ирж суусан. Би согтсон байсан ба нэг ухаан ороход биеийн зүүн хэсгээс 2 газраас цус маш ихээр гарч байсан, би цус хараад шоконд орсон. Надаас цус гарч эхлэх үед Э манай гэрээс гараад гүйчихсэн. ...” /хх-ийн 15-16/,

гэрч Т.А-ийн: “...Ах өөрийг нь хэн хутгалсан талаар хэлээгүй. Найзалж байсан хүүхэн нь ахыг Б хутгалсан гэж хэлсэн. Б нь манай ахын багын найз юм...” /хх-ийн 18/,

гэрч Э.Гын: “...А У-ийг өмөөрөөд намайг алгадаад авсан. Тухайн үед Э унтаж байсан. Тэгээд дараа нь Э-ыг унтаж байгаад сэрэхээр нь би А намайг алгадсан гэж хэлэхэд Э намайг өмөөрөөд чи яагаад Г-г алгадсан юм бэ гэхэд А харин тиймээ найз нь уурлаад уурандаа тэгсэн юм гэж хэлэхэд нь би хажуу талаас нь чамайг уучлахгүй, чи зүгээр байсан хүнийг алгаддаг гэж хэлээд байж байхад Э А руу яагаад алгадсан юм гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Тэгтэл Э гараад явсан, тэгээд байж байтал А-гийн зүүн бөөр орчмоос цус гараад байхаар нь алчуур тавьж боосон, удалгүй цагдаа нар ирсэн. ...” /хх-ийн 20/,

гэрч Б.Т-ын: “...Б тасарчихсан том өрөөний орон дээр унтаж байсан ба би Бг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Б-аа Б-г дуудахад Б босож суусан. Б, Б хоёр хоорондоо юм яриад сууж байсан ба гэнэтхэн Б Бгийн цээж рүү алгадаад, тэр 2 бие биенээ заамдалцаад газарт унасан. Тэр хоёрыг муудалцаж байгааг нь хараад Б-г шууд татаж босгосон чинь хэвлийн зүүн талд 1, түүний хажуу ар хэсэгт 1 удаа зүсүүлчихсэн байсан ба цус ихээр гарч байсан. Б-гийн цусыг тогтоох гээд сандарч байх зуураа цагдаа, түргэн дуудсан...” /хх-ийн 26-27/,

гэрч Б.Т-гийн: “...У, Г хоёр хоорондоо хэрэлдээд А Г-ын баруун хацар руу нь 1 удаа алгадсан ба тэр хоёр хэрэлдэхээ больсон. У, А хоёр гарч яваад нэг шил 0.75 литрийн архи авч ирээд ууж эхэлсэн ба удалгүй А нь Э-тай хэрэлдээд бие биеийнхээ дээрээс давхралдаж унаад босож ирэхдээ А хэвлийн зүүн талдаа зүсүүлчихсэн, цус болчихсон байсан.  ...” /хх-ийн 29/,

гэрч Б.У-ийн: “...Б Г-ын баруун хацар руу нь нэг удаа алгадахад бид нар боль гээд болиулсан. Г нь уйлаад байхаар нь би очиж аргадаад толгойг нь тэвэрч аваад яасан талаар нь асуусан чинь уйлаад байсан. Тэгээд ойр зуурын юм яриад сууцгааж байсан чинь Б том өрөөнийх нь орон дээр унтаж байсан Бг бос гээд сэрээчихсэн. Б Гыг миний хайраа нааш ир, хажууд ирээд суу гээд дуудсан чинь Г уйлаад байсан. Т “Г, Б хоёр маргалдаад, Гыг алгадчихсан юм” гэхэд Б “яагаад, юунаас болсон юм бэ, надаас өөр хүн гар хүрч болдог уу” гээд асуусан ба Бтай ярилцъя гээд үүд рүү яваад, гарч ярилцаад удалгүй эргэж орж ирээд, том өрөөний орон дээр Б, Б хоёр зэрэгцээд суусан, нэгнийхээ гарыг барьчихсан байсан. Тэгээд би цай уух гээд цаашаа харсан байхад Төмөрөө “одоо хоёроо болно, болио” гэж хэлсэн ба Б “надаас цус гараад байна” гэхээр нь би эргэж харахад Б байхгүй, Б-гийн зүүн талаас цус гараад шалан дээр дусалж байсан. ...” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлгүүд,

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 499 дугаартай: “1. Т.А-гийн биед хэвлийн зүүн хэсэгт суганы урд шугам болон суганы дунд шугамын хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37/,

“Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээний 547 дугаартай: “...1. Т овогтой А-гийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 181-183/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.Э-ын хохирогч Т.А-тай хувийн сэдэлттэйгээр маргалдаж, улмаар түүний зүүн талын бөөр, нуруун тус газарт нь хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн хэсэгт суганы урд шугам болон суганы дунд шугамын хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхийн Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялаас 5 жил 3 сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн ба тус ялын хэмжээ нь тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хохирогч Т.А-гийн гаргасан “...Э.Э-т 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Э-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

Мөн хохирогч Т.А- нь “...Хохирол нөхөн төлөөгүй, надтай уулзаагүй, хохирол нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч Т.А- нь гэмт хэрэг үйлдэгдсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд гаргасан хохирлын зардалд баримтаар нийт 8,456,325 төгрөг /хх-ийн 57-80, 136-146, 188-196/-ийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Э нь 5,000,000 төгрөг /хх-ийн 82-86, 161, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл”.../-ийг хохирогчид төлжээ.

Анхан шатны шүүх баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээс дутуу гаргуулсныг зөвтгөн 3,456,325 төгрөг дээр сэтгэл санааны хохиролд гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 7,144,500 төгрөгийг нэмж, нийт 10,600,825 төгрөгийг шүүгдэгч Э.Э-аас гаргуулж хохирогч Т.А-д олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолыг 4 дэх заалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ийнхүү шийтгэх тогтоолд хохирлын төлбөрийг өөрчилсөн өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.    

Шүүгдэгч Э.Эын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...нийт 9,038,525 /есөн сая гучин найман мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулж...” гэснийг “...нийт 10,600,825 /арван сая зургаан зуун мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ