Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 507

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Р.Энх-Оюун (томилолтоор), шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808022160551 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г.Г, Монгол Улсын иргэн,........регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хажууд иргэн Ж.Т-ыг зам дээрээс машинаа холдуулсангүй гэх шалтгаанаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны хажууд “зам дээрээс машинаа холдуулсангүй” гэх шалтгаанаар иргэн Ж.Т-ын нүүр лүү мөргөж бие махбодод нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны хугарал, мурийлт, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны урд өөрийн эзэмшлийн 34-84 УНЦ улсын дугаартай “Хьюндай Соната-7” загварын автомашин дотроо сууж байхад “Ниссан Санни” загварын автомашинтай жолооч араас дуут дохио хангинуулаад, цонхоороо “пизда минь замаас зайл, холдооч” гээд байхаар нь би “аятайхан хэлээч” гээд урдаас нь салаавч гаргахад машинаасаа бууж ирээд машин дотор орж ирээд “чи ямар овоо гар вэ” гээд намайг заамдаад, буцаж гараад жолооч талын хаалгаар ирээд заамдахаар нь би бас зөрүүлээд заамдахад шууд нүүр рүү духаараа мөргөсөн. Би нүүрээ дараад тонгойж байтал эхнэр ирээд тэр залууг нэг удаа алгадсан, тэр залуу намайг духаараа нэг л удаа мөргөсөн. ...намайг зодсон өөр хүн байхгүй, би тэр залууг эсэргүүцэж гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),

3. Гэрч Ж.З мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 дугаар байрны баруун талын буланд зогсоод би дэлгүүр ороод 5 минут орчим болоод гараад ирэхэд нөхөр маань үл таних нэгэн залуутай зууралдсан, нөхрийн маань нүүр цус болчихсон байхаар нь “юу болоод байна” гэж хэлээд, дундуур нь орж салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5558 дугаартай “...Ж.Т-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчний хугарал, мурийлт, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны баруун талын туслах зам дээр ... “Хьюндай Соната-7” загварын автомашин зам хаагаад зогсож байхаар нь гэрлээрээ дохиод, дуут дохио ажиллахгүй байхаар нь “яваачээ чи“ гээд хэдэн удаа орилсон, жолооч нь бага зэрэг хөдлөөд зогсохоор нь “пизда минь чи замаас зайлаач” гэсэн чинь урдаас салаавч гаргахаар нь уур хүрээд машинаасаа бууж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож “яваач гарцан дээр зогсчихоод” гэж хэлэхэд “май чи, чаддаг юм бол явуул” гээд салаавч гаргасан. Тэгэхээр нь жолооч талын хаалгаар нь очоод “юу гээд байгаа юм бэ” гээд гараас нь татахад намайг заамдаад авсан. Би зөрүүлээд хүчтэй татахад нүүр лүү нь духаараа нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-р хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Ж.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ж.Т-ын биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Ж.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогч Ж.Т-д эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүний буюу эхнэрийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Прокурророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Г.Г-т 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 (дөрвөн зуун жарган мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА