Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/947

 

 

 

Н.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Анударь,

шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Булган,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/480 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Булган давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Н.М-т холбогдох эрүүгийн 2405000000697 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б овгийн Н-ын М, /РД: ....... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй зочид буудлын орчимд хохирогч Б.Д-тэй “дүүгээс утас аваад мөнгийг нь өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний толгой, нүүр, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь “...зүүн зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Булган нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.М-ын төрсөн эх Р овогтой Б нь Б аймгийн А суманд хүү Н.М-ын асрамжинд уушигны архаг бөглөрөлт өвчний оношоор хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, тахир дутуугийн группт байдаг. Шүүгдэгч Н.М нь хувиараа барилгын ажил хийж, орлого олж амьдардаг байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан 450 нэгжээр торгох ялаар сольж, хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.    

Прокурор Э.Анударь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-т холбогдох хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Оногдуулсан ял шийтгэл үйлдсэн хэрэгт нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.М-т холбогдох эрүүгийн 2405000000697 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй зочид буудлын орчимд хохирогч Б.Д-г “дүүгээс авсан утасныхаа мөнгийг нь өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар толгой, нүүр, гэдэс рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

БГДЦГ ЦХ-1, Шуурхай удирлагын тасаг “...Манай ах хүнд зодуулсан байдалтай гэртээ ирсэн...” гэх 2024.04.13 17:26.40, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

хохирогч Б.Д-гийн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хамт ажилладаг М-ын Дархан-Уул аймагт байдаг дүүгээс Айфоне 12 загварын гар утсыг 1,400,000 төгрөгөөр авахаар, мөнгийг нь цалин буухаар өгөхөөр ярилцан тохиролцсон. ...М караокены гадаа “чи миний дүүг хулхидаж гар утас авсан байна, мөнгийг нь өг” гэж уурлаад газраас чулуу аваад миний толгойны ар дагз руу нэг удаа цохихоор нь би доошоо бөхийтөл үргэлжлүүлээд толгой, нүүр, гэдэс рүү гар болон хөлөөрөө өшиглөж цохисон. Би цохиулж байхдаа биеэ хамгаалах гэсэн боловч тэр хүнийг дийлэхгүй байсан. Би “М аа больё л доо, үхлээ шүү дээ, эхнэр хүүхдэдээ амьд очмоор байна” гэж хэлэхэд улам илүү цохиод байсан. Тэгэхээр нь би доороос нь арай хийж босож зугтаагаад гэр рүүгээ харьсан. ...” /хх-ийн 18-19/,

гэрч Т.М-ын: “...Д ахын баруун нүд нь нээгдэхгүй, хөхөрч хавдсан, толгойн орой хэсэг дээрээ хагарсан, хавирга нь хөндүүрлэсэн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Би “...яасан юм бэ, ахаа хэнд ийм болтол оо зодуулчихсан юм бэ” гэж асуухад Д ах хамт ажилладаг Н намайг ийм болтол зодчихлоо гэж хэлсэн. М гэдэг хүнийг ах Н гэж дууддаг.  ...” /хх-ийн 22/,

гэрч Э.Батбаярын өгсөн: “...маргааш өглөө нь Д М-т зодуулчихлаа гээд миний утас руу зодуулсан зургаа явуулсан.  ...” /хх-ийн 26-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5120 дугаартай: “...Б.Д-гийн биед зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Н.М-ын “дүүгээс утас аваад мөнгийг нь өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар иргэн Б.Д-г зодож, түүний эрүүл мэндэд “...зүүн зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт...” гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх шүүгдэгч Н.М-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэмтлийн хэр хэмжээ, түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүхээс Н.М-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байх тул шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Булганы “...торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.М-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

Шүүх Н.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн хэдий боловч  хохирогчийн сэтгэл санааны хохиролд 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдэхдээ эд хөрөнгийн хохирлыг гаргуулах талаарх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөж, сэтгэл санааны хохирлыг гаргуулах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэсэн заалтыг хэрэглэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоох хэсгийн 5 дахь заалтад оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Н.М-ын нэрийг Э.Х гэж зөрүүтэй бичсэн байгааг зөвтгөн тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/480 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ