| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04990/И |
| Дугаар | 182/ШШ2024/04816 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/04816
2024 11 20 182/ШШ2024/04816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Д-ийн П-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт М-ын Г-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 54.425.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Я,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.М,
Гэрч Ц.Ц,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Д.П нь хариуцагч М.Гт холбогдуулан 54.425.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М.Г, Д.П бид хоёр 2013 онд танилцаж, 2014 оноос хойш хамтран амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд хүү Г.Э 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, хүү Г.Э 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод тус тус төрсөн. Хамт амьдрах хугацаанд Улаанбаатар хотод миний ээжийн байранд амьдарч байсан бөгөөд 2018 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж салж, 2019 онд буцааж эвлэрч амьдарлаа сайхан болгоно хэмээн итгэж байсан боловч 2022 оны 7 сараас хойш таарч тохирохгүй, гэр бүлийн маргаан их гарсан. Маргаан гарах үндэслэл нь М.Гийн согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэгтэй холбоотой байсан бөгөөд хэд хэдэн удаа надад гар хүрч байсан. Дээрх хугацаанаас хойш тусдаа амьдарч байгаад Д.П би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/01377 дугаар шийдвэрээр хүүхдүүдийн асрамжийг өөрт үлдээж, М.Гоос сар бүр тэжээн тэтгүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. М.Г уг шийдвэрийг биелүүлэхгүй, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байсан учраас би тус шүүхэд хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас, захирамж гаргуулсан. М.Г бид хоёр 2019 оноос 2022 он хүртэл салж нийлээд, салж нийлээд хэсэг хугацаанд хамтран амьдрах үедээ амьдарлаа дээшлүүлнэ сайхан болно гэж би түүнд итгэж байсан учраас бид хамтраад “ББ” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний ээж Д.Цгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн тоот орон сууцыг барьцаалсан. Тухайн үед М.Г бизнес эрхлэх зорилгоор уг зээлийг авхуулсан. М.Гтой 2022 оны 7 дугаар сард тусдаа амьдрах болсон бөгөөд тусдаа амьдарснаас хойш уг зээлийг М.Г сайн дураараа төлж байсан боловч 2024 оноос эхлэн уг зээлийг төлөхгүй "утсаар ярьж хэлэхээр чи өөрөө төл, би чамд хүүхдийг тэтгэлэг мөнгө өгч байна" гэх байдлаар уурлаж хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байдаг. Хүүхдийн тэтгэлэгт төлөх мөнгө нь зээл дарах нь байтугай хүүхдүүдийн хэрэглээнд ч хүрэхээргүй мөнгө байдаг гэдгийг хүн бүхэн мэдэх байх.
Тусдаа амьдарснаас хойш М.Г нь согтууруулах ундаа хэрэглэж ирж, агсан тавьж, элдэв үгээр Д.П намайг доромжлон дээрэлхэж, хардаж, хэрүүл хийх байдал үүсгэдэг. Энэ талаарх зөрчлийн маргаан Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа Д.П би нь өөрийн дагавар охин, мөн 2 хүүгээ сургууль, цэцэрлэгт зөөж, давхар ажил хийж 4 ам бүлийг тэжээн амьдарч байгаа бөгөөд авсан цалин мөнгө нь хаана ч хүрдэггүй. Зээлээс зээлийн хооронд амьдарч М.Гийн тавьсан зээлийн давхар төлөх нөхцөл байдал бий болоод байна. М.Гийн хүүхдэд тэтгэлэг төлөх ёстой байтал огт өгөхгүй байсаар шийдвэр гүйцэтгэх газар гомдол гаргаж байж сая 2024 оны 4 дүгээр сард 1 сая гаран төгрөг төлүүлсэн, уг мөнгө нь хүүхдүүдийн хичээл сургууль, ууж идэх, хувцаслах өвдөх гээд хаана ч хүрдэггүй. Саяхан хүү маань өвдөж эмнэлгээр явж М.Гт “хэдэн төгрөг өг” гэж хэлсэн боловч “чамд өгөх мөнгө байхгүй янхан минь” гэх байдлаар хүнийг доромжилж, дээрэлхэж харьцсаар байна. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай, өөрөөр хэлбэл, шээсээр уураг алдаж, бөөрний дутагдал үүссэн, бөөр архаг үрэвссэн гэж оншилогдож, нарийн шинжилгээ өг гэсний дагуу нарийн шинжилгээ өгсөн чинь “хэрх тулай, бамбайн дутагдал” гэх өвчнүүд нэмэгдэж, сар бүр эмчилгээ хийлгэж, 12 сарын хугацаанд эмнэлгийн хяналтад байх шаардлага бий болсон. Ийм нөхцөл байдлын хажуугаар Д.П би М.Гийн бизнесийг дэмжиж авч өгсөн зээлийг төлөх боломжгүй болсон. "ББ" ХХК-аас 2024 оны 01 дүгээр сараас зээлийн төлбөрийг төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргалаа, байрыг чинь битүүмжлэн хураана гэж ярьсан учраас бид уг барьцаа хөрөнгө болох Д.Цгийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн тоот орон сууцыг худалдан борлуулж, “ББ” ХХК-ийн зээлийг дарсан. Одоо би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ээж Д.Ц болон 3 хүүхдээ дагуулаад түрээсийн байранд амьдарч байгаа. М.Г нь “ББ” ХХК-иас зээлсэн 45.000.000 төгрөгөөр том оврын автомашин авсан бөгөөд, уг автомашиныг түрээслэн орлого олдог, түүний бизнес нь өргөжин тэлсэн. М.Гийн хувиа хичээсэн хариуцлагагүй байдлын улмаас бид орох оронгүй болж зээлээс зээлийн хооронд өр төлж, эрүүл мэнд болоод сэтгэл санаагаараа хохирч амьдарч байна. Дээрх зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгийг дараах байдлаар М.Гт шилжүүлсэн бөгөөд дансны хуулгаар нотлогдоно.
3.2022.03.06 - 14.290.800 төгрөг /машины үлдэгдэл гүйцээв/ гэх утгаар Хаан банк дахь М.Гийн эзэмшлийн 5619213230 тоот дансанд
10.2022.04.15 - 480.000 төгрөг /түлш/ гэх утгаар
11.2022.04.15 - 400.000 төгрөг/түлш/ гэх утгаар нийт 54.425.800 төгрөгийг өгсөн. М.Г нь уг автомашиныг авснаас түрээсэнд гарч хот, хөдөө ачаа ачиж ажилладаг байсан бөгөөд уг олсон орлогоос надад 1 төгрөг өгч байгаагүй, удаагүй 3 сарын дараа буюу 2022 оны 7 сард бид маргалдаж, надад гар хүрснээр бид салсан. Иймд 54.425.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо 43.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 20.301.698 төгрөгнөөс татгалзаж байна гэв.
2.Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Паас 3 удаагийн үйлдлээр 43.150.000 төгрөгийг аваагүй. ББнаас Д.П, М.Г хоёр зээл авсан. С.Г нь Д.Пын дансаар зээлийг төлж байсан нь дансны хуулгаар нотлогдох болно. Чиргүүлний мөнгөөр Д.П нь машин авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр цогцолбор сургуулийн тодорхойлолт Эрүүл өсөж бойжиж буй эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар цэцэрлэгийн албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, Төгс ялгуун эмнэлэгийн тодорхойлолт, фото зураг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, ББ зээлийн дансны хуулга, 2024 оны 11 сарын 17-ны өдөр Гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Д.Уийн хаан банкны 1 хуудас депозит дансны хуулга
хариуцагчаас М.Гийн хаан банкны 51 хуудас депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч М.Гоос зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнөөс М.Гт 11 удаагийн шилжүүлэгээр нийт 54.425.800 төгрөг шилжүүлэн өгсөн тул 54.425.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр М.Гоос 20.301.698 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
4.Нэхэмжлэгч Д.П нь нэхэмжлэлийн шаардлагаа ББнаас зээл авсан уг зээлийн мөнгөнөөс М.Гийг автомашин авахад нь зориулж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13.860.000 төгрөг, 2022 оны 03 дугааар сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14.290.800 төгрөг, нийт 43.150.800 төгрөгийг өгсөн тул 43.150.800 төгрөгийг гаргуулах тухай гэж тодруулав.
5.Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.Паас 43.150.800 аваагүй. ББнаас Д.Птай хамт зээл авсан үнэн үүнээс бол төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт Эрүүл өсөж бойжиж буй эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар цэцэрлэгийн албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, “Төгс ялгуун” эмнэлэгийн тодорхойлолт, фото зураг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн мэдээллийн лавлагаа, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, ББ зээлийн дансны хуулга, 2024 оны 11 сарын 17-ны өдөр Гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Д.Уийн хаан банкны 1 хуудас депозит дансны хуулга, М.Гийн хаан банкны 51 хуудас депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Д.П, М.Г нар нь 2022 оны 02 дугаар сарын 17-нд ББнаас 45.000.000 төгрөгийг зээлийг авсан тухайдаа талууд маргаагүй болно.
8.Хариуцагч М.Г нь Д.Паас 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13.860.000 төгрөг, 2022 оны 03 дугааар сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14.290.800 төгрөг, нийт 43.150.800 төгрөгийг аваагүй. ББнаас авсан зээлийг төлж байсан, төлөхдөө Д.Пын дансруу шилжүүлэн төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзан маргасан.
Нэхэмжлэгч Д.П ББнаас авсан зээлээс М.Гийг автомашин авахад зориулж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13.860.000 төгрөг, 2022 оны 03 дугааар сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 14.290.800 төгрөг, нийт 43.150.800 төгрөгийг шилжүүлсэн. ББнаас авсан зээлийн барьцаа хөрөнгө болох ээжийнхээ орон сууцыг зарж төлж барагдуулсан. Иймээс 43.150.800 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч түүнийгээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагч М.Г нь Д.Пын данс руу /зээл/ гэх агуулгаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2.700.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 600.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 736.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1.160.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1.680.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 750.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.580.000 төгрөг, нийт 22.806.000 төгрөгийг, мөн /чиргүүл/ гэх агуулгаар Д.Уийн дансаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 45.000.000 төгрөг шилжин орж ирсэн. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг /lexus ee abaarai/ гэх агуулгаар тус тус шилжүүлсэн болох М.Гийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.П нь ББнаас авсан зээлийг М.Г нь 2024 оноос хойш төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох ээжийнхээ орон сууцыг худалдан зээлийг төлж барагдуулсан гэж нотлох баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн боловч яг хэдэн төгрөгийн зээлийг төлж хаасан эсэх нь тодорхойгүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдлаар тодорхойлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх 43.150.800 төгрөгийг хариуцагч М.Г үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430.079 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Гоос 43.150.800 /дөчин гурван сая нэг зуун тавин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пын хариуцагч М.Гт холбогдуулан 20.301.698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 430.079 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН