| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0498/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 508
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808016390603 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Ц.О, Монгол Улсын иргэн,..... регистрийн дугаартай, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 49-13/б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.О-г “....хоол хийсэнгүй...” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 49-13/б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.О-ыг “...хоол хийсэнгүй...” гэх шалтгаанаар түүний толгой руу төмөр хайрцагаар цохиж бие махбодод нь “духны баруун хэсэгт шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, прокурорын зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой маргаан байхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял, санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон...” гэв.
2. Хохирогч Т.О мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 49-13/б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.О согтуу ирээд унтсан. Тэгээд орой 22 цагийн үед сэрээд “намайг хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар утас зүүний төмөр хайрцаг авч над руу шидтэл миний толгойн баруун талд онож цус гарсан. Тэр үед манай дүү Т.Б ирж таараад шууд цагдаа дуудсан. …намайг цохиж зодоогүй, орны хажууд байсан зүү утасны төмөр хайрцаг авч шидсэн нь миний духыг оночихсон. Өөр юм болоогүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
3. Гэрч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хувиараа таксинд явж байгаад төрсөн эгч О гэрт ортол манай эгч О баруун хөмсөгний дээд талд хагарч цус гарчихсан байхаар нь шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3865 дугаартай “....Т.О биед духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
5. Шүүгдэгч Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Хангай зах орж 2 найзтайгаа 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Гэрт ороход эхнэр О, хүү С хоёр байсан. Би хүүтэйгээ цуг орон дээрээ унтаад, 22 цагийн үед сэрээд эхнэр О-оос “хоол хийсэн үү” гэж асуухад “хоол хийгээгүй” гэсэн. Мөн “тал шил архи байгаа билүү” гэхэд “байхгүй” асгасан гэхээр нь миний уур хүрээд хажууд байсан утас зүүний төмөр савыг эхнэр О руу шидэхэд толгойг нь оносон. Би уурлаад хэвтэж байхад эхнэр О дүү Б орж ирээд цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа орж ирээд, намайг авч авсан. ...Би эхнэр О-ыг “тал шил архи асгасан, хоол хийгээгүй” гэх шалтгаанаар утас зүүний төмөр сав шидэж толгойг нь хагалчихсан. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Энэ гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас) зэрэг нотлох баримт болно.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 сарын 08-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Ц.О-ын үйлдэл нь идэвхтэй ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.О биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүгдэгч Ц.О нь шүүх хуралдааны үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хор уршиг болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.О нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүний буюу эхнэрийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонгосон ял, санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн “гэм хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, хохирогчийн эвлэрсэн тухай хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Прокурророос гаргасан Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналын харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ц.О-т 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, хүмүүжүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Ц.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ц.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.О-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА