Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

           Н.*******од холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай  

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Н.*******од холбогдох ******* дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, **** оны ****дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ******** хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дугаар баг, ****дүгээр хорооллын ****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:******/;

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумаас Алтанбулаг сум явах чиглэлийн асфальтан замд ******* улсын дугаартай “Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр, Т.*******гийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл, Д.*******ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагчийн өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж,

Яллагдагч   Н.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №№12 дугаартай эсэргүүцэлдээ:

           ...Шүүгчийн захирамжийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлага болон хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.******* мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр прокурорт ирүүлсэн байна. Прокуророос хэргийг хянаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргаж мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.*******т тогтоолыг яллагдагчид танилцуулж мэдүүлэг авахыг даалгасан. Уг өдрийн 15 цаг 23 минутад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.******* нь тогтоолыг яллагдагч Н.*******-д танилцуулахад өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгнө гэснээр мэдүүлгийг дуусгасан. Мөрдөгч мэдүүлэг авахын өмнө яллагдагч Н.*******ын өмгөөлөгч Г.Амартүвшинтэй холбоо мэдээллийн хэрэгслээр холбогдож, яллагдагчаас мэдүүлэг авах талаар танилцуулахад, би Улаанбаатар хотод байна, одоо очих боломжгүй гэсэн талаарх мөрдөгч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан болно. /хавтаст хэргийн 51 дүгээр талд/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах...” гэж хуульчилсны дагуу хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоол гарснаас хойш 2 хоногийн дараа 02 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж, түүнд гардуулан өгч хэргийг тухайн өдөр шүүхэд шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан маш олон хуулийн заалтууд болон хүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болно.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллагааны процессыг нэг өдөрт багтаан шийдвэрлэж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй бөгөөд нөгөө талаас яллагдагч Н.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчтэйгөө уулзах, ярилцах хууль зүйн туслалцаа авах цаг хугацаагаар бүрэн хангагдсан  болох нь  хавтаст  хэрэгт  авагдсан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол”-г танилцуулсан тэмдэглэл, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, яллагдагчийн гарын үсэг зэргээр нотлогдож байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүгчийн захирамжид дээрх шийдвэрүүдийг нэг өдөр гаргасан мэтээр хэргийн байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

З.Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх прокурорын шийдвэрүүдтэй холбоотой хүсэлт, гомдлыг яллах дүгнэлт гардуулан өгөх үед гаргах бүрэн боломжтой боловч энэ эрхээ эдлэхгүйгээр яллах дүгнэлтээ гардан авсан нь тэдгээрийн эрхийг шууд хаасан гэж үзэх үндэслэлгүй юм.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд “мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр, 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах талаар хуульчилсан, гэтэл хэргийг мөрдөгчөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр прокурорт шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирүүлснийг прокуророос хянаад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн өөрөөр хэлбэл прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр огт байхгүй байхад нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчдод танилцуулаагүй гэж шүүгчийн захирамжид заасан нь үндэслэлгүй байна.

5.Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд хэргийн цаг хугацааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч гэрч нарын мэдүүлэгт үндэслэж 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд гэж бичсэн нь буруу бичсэн гэж үзэх үндэслэлгүй засаж залруулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргах цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн, нөгөөтэйгүүр хэрэг үйлдэгдсэн газар нь Сүхбаатар сумаас тодорхой хэмжээний зайтай, гэмт хэргийн талаарх мэдээллийг утсаар үл таних хүн ирүүлсэн зэргээс дүгнэхэд уг гэмт хэрэг 17 цагийн орчимд үйлдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.

6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн газарт согтуурлын зэргийг шалгах гэж драгертай очсон 2 эрх бүхий албан тушаалтны талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй нөгөө талаар хэргийн газарт байсан зорчигч нар нь бүгд ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн талаар хохирогч С.*******, Т.*******, Д.******* нарын мэдүүлэг, цагдаагийн албан хаагч Э.******* нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан болно. Энэ нь нэг талаас тухайн хүмүүс драгер үлээх боломжгүй, нөгөө талаас одоо тухайн 2 эрх бүхий албан тушаалтнаас тодруулга тайлбар авах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

7.3ахирамжид ямар гэрчүүдийн мэдүүлэгт ямар зөрүү байгаа болох талаар огт дурдаагүй, мөн гэрч ******* гэх хүн хэрэгт мэдүүлэг өгөөгүй учраас энэхүү заалтыг биелүүлэх боломжгүй өөрөөр хэлбэл энэхүү шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хангаагүй байна. / ЭХХШТХ-н 33.1-6/

 Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Шүүгчийн захирамжид заасан 7 дугаар заалт үндэслэлтэй. Н.*******ын зүгээс зүйлчлэлийг хүндрүүлсэн. Прокуророос мэдэгдсэн. Зүйлчлэлийг 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгож өөрчиллөө гэж өмгөөлөгч надад мэдэгдсэн. Би Улаанбаатарт ажилтай гэдгээ хэлсэн. Н.*******ын зүгээс өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гэж хэлээд, гарын үсэг зураагүй. Нэгэнт үйлчлүүлэгч өөрөө өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тохиолдолд хуульд зааснаар эрх ашгийг нь хангах нь зүйтэй. Эрхийг нь эдлүүлээгүй өмгөөлөгчийн зүгээс саад учруулсан зүйл байхгүй. Шүүгчийн захирамжийн 4 дүгээр заалтад нэмэлт мөрдөн байцаалт хийсэн бол оролцогч нарт мэдэгдэнэ гэж заасан. Нэмэлт мөрдөн байцаалт хийгээгүй ч зүйлчлэл хүндрүүлж байгаа бол дахин эрх зүйн акт гарч байна гэж үзнэ. Тиймээс үүнийгээ танилцуулаад, үүнтэй холбоотойгоор гомдол гаргах эрх нь байна уу гэдгийг танилцуулсан бол процессын дагуу явагдах байсан. ....Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч Н.*******од холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2023 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр 75 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжинд яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн эрх хязгаарлагдсан болон дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-д “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна”  гэж заасан.           

Гэтэл яллагдагч Н.*******од 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Прокурорын яллагдагчаар татах тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.1, 2.3, 3-д зүйлүүдэд зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авч явсан ба  2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж түүнд холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэл хүндэрсэн байхад түүнээс энэ талаар мэдүүлэг өгөх эсэх талаар асууж, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө гэсэн байхад мэдүүлэг авалгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь түүний мэдүүлэг өгөх, дээрх тогтоол шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл бий болжээ.

Иймд түүний эрхийг хязгаарласан зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч Захирамжинд “Прокурорын алдаа нь процессийн алдаа биш” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй эргэлзээ бүхий байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессийн алдаанд хамаардаг ба хуулинд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуулинд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.

4. Харин захирамжийн 6, 7 дугаар заалтанд заасан “согтуурлын зэрэг шалгах гэж очсон 2 ажилтнаас мэдүүлэг авах”, “гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах” гэсэн 2 ажиллагаа хийлгэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал,  нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д  “Шүүх  хуралдааны   явцад   нотлох   баримтаар   тогтоогдсон   хэргийн   нөхцөл  байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх   хуулийн   заалтын   дагуу   ажиллагааг   явуулахаар   хэргийг  Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5. Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч байгаа боловч шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт өөрчлөлт орохгүй болохыг дурьдав.

6. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/97 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ