Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 516

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Дандий-Ядам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас М овогт С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808012610429 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт С.Б, Монгол Улсын иргэн, .....................регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр байрны орчим автомашины зогсоолд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Б-тэй хардалтын улмаас маргалдаж, түүний толгой, цээж рүү нь цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, цээжинд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч С.Б нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр байрны орчим автомашины зогсоолд байрлуулсан автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Б-ийг бусадтай хардаж, эр эмийн хардалтын улмаас түүний толгой руу цохиж, цээжийг базаж бие махбодод нь “...тархи доргилт, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд: “...Б бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, дундаасаа нэг хүүхэдтэй. Бид хоёр таарамжгүй харилцааны улмаас энэ оны эхнээс хамт амьдрахгүй байсан. Хэрэг гарсан өдөр Б-ийн ажил дээр нь очиж, түүнийг гэртээ авч ирэх зорилготой байсан. Гэтэл тэр өөр хүнтэй болсон гэж хэлэхээр нь уурлаад, тэр хүнтэй нь уулзуулахгүй гэж цохисон, цээжийг нь базсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

2. Хохирогч Т.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд (хх-ийн 11-14-р хуудас)

3. Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 01-ний манай нөхөр С.Б манай ажил дээр ганцаараа ирээд суухаар нь би хамт сууж байтал миний гар утсыг авч шалгах гээд байхаар нь би шалгуулахгүй гээд гар утас булаацалдаж байтал манай төрсөн дүү О хүрч ирээд, Б-эээс миний гар утсыг булаагаад авчихсан юм. Тэгтэл Б уурлаад гарч явснаа над руу залгаад “гараад ир уулзъя” гэхээр нь би “үгүй” гэтэл “гарч ирэхгүй бол ална шүү” гээд утсаа тасалчихсан. Би гарахгүй ажил дээрээ тээкнийхээ ард сууж байтал Б буцаж орж ирснээ миний үснээс зулгаагаад гарнаас татаад тэр чигт нь чирч авч гараад, манай ажлын гадна буюу саппорогийн арын 4 дүгээр байрны хажуугийн зогсоол дээр байрлах машин руу ор гээд миний баруун талын мөр рүү түлхэхээр нь би машинд нь суутал Б өөрөө бас машиндаа суугаад бид хоёр маргалдсан. Тэр үед Б миний толгой руу гараараа 2 удаа хүчтэй цохиж, мөн миний зүүн талын хацар руу 2 удаа алгадахад нь миний толгой манараад явчихсан. Тэгтэл Б миний уруулыг үнэсэх гэж дайраад хоёр гараараа миний цээжийг базсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3308 дугаартай “...Т.Б-ийн тархи доргилт, цээжинд цус хуралт тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),

5. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-ийн араас ороход тээкнийхээ ард зогсож байхаар нь “хоёулаа гарч ярилцъя” гэхэд “гарахгүй” гээд байхаар нь би баруун гарынх нь булчин хэсгээс нь бариад чирч авч гараад машиндаа суулгаад. ...Б уулздаг хүнтэй болсон гэхээр нь би ингэчихвэл чи хүнтэй уулзахгүй  байлгүй гээд цамцных нь ил гарсан хэсэг хөхнийх нь дээд талд шимж, базсан. Б-ийн гар утсыг авах гэж ноцолдож байхдаа би түүний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-52-р хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь идэвхтэй ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Б-ийн биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.  

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Т.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүний буюу эхнэрийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дандий-Ядамын дүгнэлтэд: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа зэргийг харгалзаж оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч С.Б гэм буруутай болохыг нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч С.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овогт С.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА