Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Ховд аймгийн Соёл уран бүтээлийн зөвлөл”-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Т, А.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Соёл уран бүтээлийн зөвлөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь олон нийтийн Ховд телевизийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоол гаргаж хувийн өмчид шилжүүлжээ. Ингэхдээ тус телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж басан Н.Б нарын Ховд ТВ-ийг хувийн өмчлөлд шилжүүлж авахыг хүссэн удаа дараагийн хүсэлтийн дагуу хийгдсэн байна. Хууль ёсыг эрхэмлэх аваас нутгийн удирдлагын байгууллага ийнхүү хэн нэгний хүсэлтээр төрийн болон орон нутгийн өмчийг өөрт нь шилжүүлэн өгөх шийдвэр гаргах учиргүй. Соёл уран бүтээлийн зөвлөл болон тус зөвлөлд  багтдаг орон нутгийн сэтгүүлчдийн байгууллага, зохиолчид, зураачид, хөгжмийн зохиолчдын холбоод Ховд аймгийн бусад ижил төрлийн байгууллагуудаас Ховд телевизийн “олон нийтийн” гэсэн статусыг хэвээр хадгалах нь нэн чухал гэсэн байр суурьтай байсан агаад энэ тухайд 2015 оны 05 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд тодорхой санал хүргүүлж, анхааруулж байсан боловч огт хариу ирүүлээгүй билээ. Ховд телевизийн олон нийтийн статусыг хэвээр хадгалах зайлшгүй шаардлага нь иргэд, олон түмний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, дуу хоолойгоо гаргах олон нийтэд хандах зэрэг үндсэн хуулиар олгогдсон эрх эрх чөлөөг хангахтай холбоотой гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тэргүүлэгчид ийнхүү ард иргэдийн эрх эрх чөлөөг үл ойшоосон шийдвэр гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөнөөс гадна, тогтоолын үндэслэлийг гаргах хуулийн заалтуудыг буруу хэрэглэжээ.

Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоол нь хууль бус бөгөөд, иргэд олон түмний эрх ашгийн эсрэг шийдвэр болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоол нь хувь хүн, хуулийн этгээдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний ямар нэгэн зөрчил үүсгээгүй тул нэхэмжлэгчийн  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь заалтанд “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж заасан.Тухайн Ховд ТВ-ийн ашиглаж байсан 7 төрлийн 10.4 сая төгрөгийн орон нутгийн өмчийн хөрөнгийг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч бүртгэсэн ба харин аналог системийн үед ашиглаж байсан, тоон системд шилжсэнээр ашиглах боломжгүй болсон хөрөнгийг тухайн телевизэд үлдээсэн болно. Иймд хаана ч ашиглах боломжгүй хөрөнгийн асуудлыг ашиглалтаас хасаж байгаа тул хууль зөрчигдөх үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоол нь өмнөх олон нийтийн телевизийг байгуулсан тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Орон нутагт олон нийтийн радио телевиз, /цаашид “орон нутгийн радио, телевиз” гэнэ/ байж болно” гэсэн хуулийн заалтыг баримталсан болно. Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг 2015 оны 7 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд унтрааж, тоон системд шилжүүлсэн тул өмнө нь ашиглаж байсан ТВ-ийн дамжуулах тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж буй ч ашиглах боломжгүй болсныг холбогдох мэргэжлийн байгууллагаас тайлбар авна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Соёл уран бүтээлийн зөвлөлийг төлөөлж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь орон нутгийн төр захиргааны байгууллага нь олон нийтийн эрх ашигтай  холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хуульд нийцүүлж гаргах ёстой юм. Гэтэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоол гаргахдаа үндэслэл бүхий хуулийн заалтыг баримтлаагүй, зориудаар хууль бус тогтоол гаргасан. Үүний үр дүнд иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, аливаа шийдвэр нь хууль тогтоомжид нийцэж гарахгүй, байнга хууль бус шийдвэр гараад хэвшчихвэл төрийн үйл ажиллагааг завхруулах хэвшил тогтоно гэж үзэж байна. Иймд Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийн дагуу бид хууль бус үйлдлийг талсан зогсоож, шийдвэрлүүлэхээр иргэнийхээ эрхийн дагуу нэхэмжлэлийг гаргасан юм. Дээрх 90 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлүүдээ нэхэмжлэлдээ дурдсан байгаа.

Хууль бус гэхийн учир Ховд телевизийн захирал байсан Н.Б-ын гаргасан хүсэлтийн дагуу Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоол гарсан.

Орон нутгийн Ховд телевизийг хувийн эзэмшилд авах тухай хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байна. Хүсэлтийг уншиж үзэхэд хүсэлтийнхээ үндэслэлд Монгол улсын Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 103 дугаар тогтоол гэж дурджээ. Энэ нь ойлгомжгүй байна. Мөн дээрх хүсэлтийг гаргахдаа Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бие даасан хараат бус байх байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг мөн үндэслэсэн байна. Одоогоор манай улсад ийм хууль байхгүй байгаа юм.

2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд телевизийг Олон нийтийн телевиз болгосон байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо үндэслэл болж чадахгүй хуулийн заалтыг дурджээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Орон нутагт олон нийтийн радио, телевиз байж болно” гэж заасан бөгөөд олон нийтийн статустай байгуулагдсан телевизийг хэн нэгний хүсэлтээр хувийн өмчлөлд шилжүүлэхдээ уг заалтыг үндэслэх боломжгүй юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийнхөө дэргэд хэвлэл, мэдээллийн байгууллагатай байж болохгүй гэсэн заалт байдаг. Үүнийг үндэслэж олон нийтийн Ховд телевизийг хувьчилжээ. Гэтэл уг телевиз нь төрийн байгууллагын харъяанд байсан статустай телевиз биш юм. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу урд нь төрийн харъяанд байсан телевизийг орон нутгийн олон нийтийн телевиз болгосон юм. Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоолын үндэслэл нь буруу, хуульд нийцээгүй тогтоол байх тул үүнийг эргэж авч үзэн хүчингүй болгох нь зүйтэй гэв.

 

Нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нар өмч булаацалдаагүй. Хамгийн гол нь олон нийтийн телевизийг хуулийн дагуу хувийн эзэмшилд шилжүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг уншихад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан нь үнэн юм уу гэсэн хардалт төрсөн. Хуулийн дагуу тогтоолоо гаргаж, хувийн эзэмшилд шилжүүлбэл бидэнд ярих зүйл байхгүй гэв. Төрийн бус байгууллагад Иргэдийн төлөөлөгчдийн хурал  өөрөө хяналт тавьж байх ёстой. Төрийн бус байгууллагыг удирдаж чиглүүлэх газар нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Соёл уран бүтээлийн зөвлөлийг хууль бус байгууллага гэдэг асуудал яриад байна. Гэтэл 5 сая төгрөг гаргаж байгаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулсан зөвлөл юм. Өмчийн талаар бид дурдаагүй. Цаашдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэний нийгмийн байгууллагуудаа чиглүүлж ажиллах ёстой гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх субъект нь Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид байдаг. Уг асуудлыг тухайн үед Засаг даргад танилцуулахад хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн юм. Уг асуудлыг журмын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд олонхын саналаар шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч нар нь хууль бус хувьчлал явагдсан гэж үзэж байна. Ховд телевизэд орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгөнүүдээ санхүүгийн хэлтэс тухай бүр тоолуулж байсан. Бид нэхэмжлэлийн дагуу өмчийн асуудлыг татаж үзэхэд. 2014 оны жилийн эцэст тодорхой хөрөнгөнүүдийг тодорхой газруудад шилжүүлэх буюу буцаах тухай баримтаар 9 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн нь байдаг. Орон нутгийн телевизээр ажиллаж байсан Ховд телевизийн ашиглаж байсан техник төхөөрөмжийн ашиглах хугацаа нь 10 жил байсан бөгөөд Засгийн газрын “Хөрөнгө ашиглах, түүнд элэгдэл оруулах тухай” тогтоол хүчинтэй байх хугацаанд бүрэн элэгдэж дууссан юм. Ингээд эдгээр хөрөнгөнүүдийг буцаагаад Тамгын газарт шилжүүлсэн байдаг. Мөн өмнө нь хэрэглэж байсан төхөөрөмжүүд нь манай улс тоон системд шилжих үед ашиглах боломжгүй болсон. Уг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тавьсан бөгөөд нэгэнт ашиглалт дууссан хөрөнгийг буцааж авах шаардлагагүй гэж үзэн Ховд телевизэд үлдээсэн.

 Ховд телевизийн асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Г.Тнь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах хүртэл бидэнтэй ирж уулзаж байсан боловч уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд өөрөө ирж оролцоогүй юм. Г.Т нарын орон нутгийн статустай телевизийг хувьд шилжүүлж болохгүй гэсэн хүсэлтийг уг хуралдаанд хэлж танилцуулсан.

Нэхэмжлэгч нар тогтоол гаргахдаа хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж ярилаа. Төрийн байгууллагын дэргэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байж болохгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн. Учир нь, олон нийтийн гэх нэртэй байгаа ч гэсэн тухайн үед аймгийн Иргэдийн хурлаас гаргасан  шийдвэрт байгаа удирдах зөвлөлийн 9 гишүүний 6 нь төрийн захиргааны албан тушаалтнууд байсан. Удирдах зөвлөлийн гишүүд нь  төрийн албан хаагч байсан учраас төрийн байгууллагын хараат байна гэж үзсэн. Иймд төрийн байгууллагын дэргэд хэвлэлийн байгууллага байж болохгүй гэсэн заалтаа баримталсан юм.  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д орон нутгийн статустай телевиз байж болно гэсэн заалт нь байхгүй ч байж болно гэж бид ойлгож байгаа юм.

Тухайн үед аймагт ганцхан Ховд телевиз байсан бөгөөд иргэдэд төрийн мэдээллийг хүргэх үүднээс дэмжиж хөрөнгө оруулсан юм. Одоогийн байдлаар манай аймагт 4 телевиз ажиллаж байгаа бөгөөд бүгд хувийн хэвшлийн телевизүүд юм. Цаг үедээ тохируулсан орон нутгийн телевизүүдээ дэмжиж байсан шийдвэрүүдийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж байсан. 2009 онд орон нутгийн давсан орлогоосоо бүх хэвлэл, мэдээллийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж байсан. Дараа нь УИХ-ын гишүүн Дэмбэрэл, Бямбацогт нар нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан.

Сүүлд оруулсан хөрөнгө оруулалт нь тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагадаа санхүүгийн дэмжлэг болж орсон. Иймд хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний 6 нь төрийн албан хаагч байсан учир төрийн харъяанд Ховд телевизийг байна хэмээн үзэж татан буулгахаар олонхын саналаар шийдвэрлэсэн. Сонирхогчдыг хуралдаанд оролцуулаагүй гэж байгаа ч Г.Т нь өөрөө байгаагүй, бид утсыг нь олж чадаагүй юм гэв.

 

Гуравдагч этгээд П.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Ховд аймгийн Соёл уран бүтээлийн зөвлөл нь уг тогтоолыг хэзээ мэдсэн нь тодорхой бус, 10 сарын дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх тогтоол гарсны улмаас зөрчигдсөн талаар тодорхойгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм.

Мөн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Огторгуйн асар нийтийн мэдээллийн төв байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан телевизийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрны түрээсийн төлбөр төлөх зорилгоор ХААН банкнаас нийт 22 сая гаруй  төгрөгийн зээл авч 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар телевизийн аналог системээс тоон системд шилжсэнтэй холбогдуулан техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Соёл уран бүтээлийн зөвлөл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ховд аймгийн Соёл уран бүтээлийн зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ерөнхий менежерийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/52 дугаар Соёл уран бүтээлийн зөвлөл байгуулах тухай тушаалаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Олон нийттэй харилцах хэлтсийн дэргэд Соёл, уран бүтээлийн орон тооны бус зөвлөлийг байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар баталжээ.

Журамд заасны дагуу зөвлөл нь удирдлагын зөвлөлийн хурлаас зөвлөлийн даргаар 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор А.Ж-г зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа ба зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Ж нь шүүхэд төлөөлөх төлөөлөгчөөр А.Ж, Г.Т, А.Оюунчимэг нарыг томилж маргаан бүхий 90 дүгээр тогтоолыг иргэд олон нийтийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.  Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ гэж холбогдох хуулийн этгээдийг заасан ба эдгээрт орон тооны бус зөвлөл ороогүй байна.

Иймд Соёл уран бүтээлийн зөвлөл нь заавал улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардахгүй байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд нийтийн мэдээллийн төвийг анх байгуулсан /хх-66/ ба улмаар мөн тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Нийтийн мэдээллийн төвийн статусыг өөрчлөн олон нийтийн статустай орон нутгийн Ховд телевиз болгон өөрчлөн байгуулсан байна. /хх-65/

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйл, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Орон нутгийн хэвлэл мэдээллийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2000 оны Нийтийн мэдээллийн төв байгуулах тухай 73 дугаар тогтоол, 2007 оны Олон нийтийн статустай, орон нутгийн Ховд телевиз болгох тухай 17 дугаар тогтоолыг тус тус 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хүчингүй болгож, ...... тоон системд шилжиж байгаа техник, тоног төхөөрөмжүүд цаашид ашиглах боломжгүй болон сэлбэж өөрчлөх шаардлагатай болсон тул орон нутгийн өмчлөлийн хөрөнгүүдийг тус телевизэд шилжүүлжээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Орон нутагт олон нийтийн радио, телевиз байж болно, 32.3-д Орон нутгийн радио телевизийн ажиллах бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт болон үйл ажиллагаа явуулах журмыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална гэж тус тус заасны дагуу орон нутгийн Ховд телевиз нь байгуулагджээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон нутгийн Ховд телевизэд ашиглагдаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг орон нутгийн өмч гэдэгтэй маргаагүй ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл нь орон нутгийн өмчийг хууль журмын дагуу шилжүүлээгүй талаар үндэслэлээ тайлбарласан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа .... Ховд телевизэд ашиглагдаж байсан техник, тоног төхөөрөмжүүд нь тоон системд шилжсэнээр ямар ч ашиглалтгүй болсон тул тухайн телевизэд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар орон нутгийн өмч нь нийтийн өмчид хамаарах бөгөөд мөн хуулийн 100.1-д зааснаар аймаг ... өмчлөгч байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байна... гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ... орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ... гэж тус тус заажээ.

Хурал болон Хурлын Тэргүүлэгчид нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд орон нутгийн өмчийг өмчлөгчийн хувьд хэрхэн, яаж захиран зарцуулах журмыг хуулийн 80 дугаар зүйлд зааснаар тавдугаар бүлэгт нь зохицуулжээ.

Хуулийн 31 дүгээр зүйлд төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг хэрхэн, яаж худалдах, устгах, шилжүүлэх журмыг зохицуулсан ба хуулийн 31.3.1-д худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх гэж нарийвчлан зохицуулсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор холбогдох тогтоолуудыг хүчингүй болгож, Ховд телевизэд ашиглагдаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг цаашид ашиглах боломжгүй болон сэлбэж өөрчлөх шаардлагатай болсон тул орон нутгийн өмчлөлийн хөрөнгүүдийг тус телевизэд шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 ....шилжүүлэх эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх зүйлийг зөрчсөн, мөн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь буруу гэж үзлээ.

Маргаан бүхий акт гаргахдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь орон нутгийн Ховд телевизэд ашиглагдаж байсан техник, тоног төхөөрөмжийг цаашид ашиглагдахгүй талаар холбогдох газраас дүгнэлт гараагүй байхад шилжүүлсэн нь тухайн үеийн хурлын материалаар болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хуралдаанд тайлбарласан тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 80 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэг, Олон нийтийн радио,телевизийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч / Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЯНЖИНДУЛАМ