Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/013

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Яллагдагч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ы бичсэн 2016 оны 18 тоот эсэргүүцлээр М.*******д холбогдох эрүүгийн 201605000059 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булаг” гэх газар байх гэртээ хувийн сэдэлтээр нөхөр *******гийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 1-р хавтаст хэргийн 123-125 дахь тал болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаас үзэхэд *******гийн тухайн гэмт хэрэг, үйл явдал болох үеийн сэтгэцийн өөрчлөлтийн байдал, мөн тэрээр сэтгэл санааны болон биеийн дарамт шахалтанд байсан эсэхийг шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулах болон бусад нотлох баримтаар шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих бүхий л ажиллагаануудыг бүрэн дүүрэн хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүхээс шийдвэрлэж болох боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасныг зөрчигдөх тул дээр дурьдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын байгууллагаар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2016 оны 18 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй ба захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Шүүгчийн захирамжид дан ганц яллагдагч *******гийн мэдүүлгийг үндэслэсэн нь өрөөсгөл буюу хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байгаа бөгөөд *******гийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогддоггүй юм. Мөн гэрч *******, , , , , , , нарын мэдүүлэг, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 183 тоот дүгнэлт, шинжээч , нарын мэдүүлгүүдээр ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай бөгөөд ******* нь сэтгэцийн биш мэдрэлийн өвчтэй, гэмт хэрэг үйлдэгдэх болон түүний дараах агшинд өөрийн үйлдлээ мэдэж, удирдан жолоодож байсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Одоогийн мөрдөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулиар онц хүнд гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг заавал тодорхойлуулахаар заасан бөгөөд хуулийн уг заалтын дагуу яллагдагчийн сэтгэцийн байдлыг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнээр шинжлүүлэхэд сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг нь тогтоосон. Нөгөөтэйгүүр шүүгчийн захирамжид дурдагдсан “гэмт хэрэг, үйл явдал болох үеийн сэтгэцийн өөрчлөлтийн байдал”-ыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй буюу өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх үеийн санаа, сэтгэлийн өөрчлөлт, цочрон давчидсан байдал нь цэвэр хууль зүйн ойлголт бөгөөд уг байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоодог болохоос биш шинжээчийн дүгнэлт гаргаж тогтоох ямар ч үндэслэл, боломж байхгүй юм. *******гийн гэмт хэрэг үйлдэх үеийн болон түүний дараа ямархуу байдалтай юу хэлж ярьж байсан нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ. Яллагдагч ******* нь “эвгүй үнэр үнэртсэний улмаас болсон үйлдлээ санахгүй байгаа” талаар мэдүүлдэг боловч хэргийн эд мөрийн баримт болох сэлтэрхий моднууд, түүнд хийсэн шинжээчийн дүгнэлт, талийгаачийн биед хуйхны цус хуралт гэмтэл үүссэн зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарах үед, талийгаачийг амьд байх үед түүнд халдсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ гэж заажээ. Гэтэл шүүгчийн захирамжид сэтгэцийн дүгнэлтэд тодорхойгүй ямар байдал үүссэний улмаас нэмэлт шинжилгээ хийлгэх болсон талаар дурдаагүй нь шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг “шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг улсын яллагч хүлээнэ” гэсэн, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт, “яллагдагч гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах үндэслэл байгаа эсэхийг нотлох үүргийг улсын яллагч хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчиж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр буюу улсын яллагчийн хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олголгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар урьдчилан таамаглал дэвшүүлж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд *******гийн хувийн байдлын талаар олон удаа хүсэлт өгсөөр байхад ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байгаа. *******гийн өвчин нь өвчний учир ялаас чөлөөлөгдөх өвчний жагсаалтад орсон байгаа, энэ нь Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд нөлөөлж болзошгүй байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж *******гийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор гэрч, хохирогч, шинжээч болон хэргийн бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулан талуудыг мэтгэлцүүлэн хянан хэлэлцэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******гийн үйлдсэн хэргийн ангилал, түүний хувийн байдлыг харгалзан үзэн хэргийг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол түүнд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар

зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******д холбогдох эрүүгийн 201605000059 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН