Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0119

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0119

  Улаанбаатар хот

 

                             Ё.Ц-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ё.Ц, гуравдагч этгээд А.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0880 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ё.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Ц-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0880 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг тус тус баримтлан иргэн Ё.Ц-ын “нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаагийн 22-р гудамжны 815 тоот хашааны газар эзэмших эрхийг эргүүлж Ё.Ц миний нэр дээр үлдээж, миний өмчлөлд шилжүүлэх” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Ц давж заалдах гомдолдоо:

“...Ё.Ц миний зээ дүү /төрсөн эгчээс минь төрсөн хүүхэд/ А-ийн гэргий Р.М 2002 оны 08  дугаар сарын 18-ны өдөр өвчний учир нас барж дүү М.А 5-11 насны хоёр хүүхдийн хамт үлдсэн билээ. Дүү маань өөрийн орон сууцаа зарж байргүй болсон байсан ба насанд хүрээгүй 2 хүүхэдтэй үлдсэн учир түүний амьдралд туслах зайлшгүй шаардлагатай болсон тул миний бие дүү М.А-хээ хоёр хүүхдийнх нь хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буй миний хадам аавын хашаа болох Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 829 тоот хашаанд гэрийг нь бариулж, тэд тэр хашаанд амьдарч байсан юм.

Дүү М.А тэр үед банкнаас зээл авч амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй байсан боловч банкны зээлийн барьцаанд тавих өмч хөрөнгө байгаагүй тул надад: “ Та хашааныхаа газар эзэмших эрхийг надад түр хугацаагаар шилжүүлж өгөөч. Би банкны зээлийн барьцаанд тавьж зээл аваад ажил үйлчилгээ явуулан мөнгө олоод таны хашааны газар эзэмших эрхийг эргүүлж танд өгье" гэсэн хүсэлт тавихад нь би зөвшөөрч өөрийнхөө амьдарч байсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 815 тоот /М.А-ийн амьдарч байсан миний хадам аавын хашааны хойд талын хашаа/ хашааныхаа газар эзэмших эрхийг дүү М.А-ийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлж өгсөн билээ.

М.А өөрийнхөө нэр дээр болгуулсан миний хашааны газар эзэмших гэрчилгээг банкны барьцаанд тавьж өөрийн төрсөн дүү М.Б-гийн / М.Б нь өөрийн ах М.А-ээ миний хашааны газар эзэмших гэрчилгээг түр хугацаагаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкны зээлийн барьцаанд тавьж байгаа гэдгийг мэдэж байсан юм/ хамт банкнаас зээл авч ажил үйлчилгээ явуулж эхэлсэн юм. Гэтэл дүү М.А маань 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэнэт нас барж насанд хүрээгүй хоёр өнчин хүүхэд үлдсэн юм. Дүүгий маань оршуулах ажил өнгөрсний дараа төрөл садан бид нар зөвлөлдөж өнчин хоцорсон 2 хүүхдийг нь эхнэр Р.М-ийн талын ах дүү нар нь авч өсгөн хүмүүжүүлэх, М.А, М.Б нарын банкнаас авсан зээлийг надаас өөр төлж барагдуулах хүнгүй учир миний бие төлж дуусган хашааныхаа газар эзэмших эрхийг буцаан өөрийн нэр дээр шилжүүлж авахаар болж тохирон би ХААН банкны холбогдох хүмүүстэй очиж уулзан банкнаас гаргаж өгсөн графикийн дагуу банкны зээлийг төлж дуусгасан юм.

Нэгэнт банкны зээл төлж дууссан учир хашааны газар эзэмших гэрчилгээг банкнаас авч Хан-Уул дүүргийн Газрын албан дээр очиж газар эзэмших эрхээ сэргээлгэх гэтэл миний хашааны газар эзэмших эрх нас барсан дүү М.А-ийн нэр дээр байсныг далимдуулан түүний төрсөн охин А.Ө /А.Ө тэр үед насанд хүрсэн байжээ/ “Би аавынхаа хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлчихсэн юм./ Тэр үед уг хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээг би банкнаас авсан учир надад байсан юм/ Одоо аавынхаа нэр дээр байгаа хашааны газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэж худал хэлж, түүний энэ худал үгэнд Газрын албаны холбогдох хүмүүс ямар ч шалгалт хийлгүйгээр нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 тоот захирамж гаргуулан газар эзэмших эрхийг А.Ө-ын нэр дээр шилжүүлэн улмаар мөн А.Ө-ын хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн А/665 тоот захирамж гаргуулан газар өмчлөх эрхийг А.Ө-ын нэр дээр шилжүүлжээ.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ БОЛГОХ НЬ:

1. Миний зээ дүү М.А миний хашааны газар эзэмших эрхийг түр хугацаагаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкны зээлийн барьцаанд тавьж банкнаас мөнгө зээлж авсныг мэдэх, энэ зээлийг төрсөн ах М.А-тэйгээ хамтран зээлдсэн М.Б-ийн /М.Б бол хамтран зээлдэгч учир энэ хэргийн хувьд банк болон төрийн байгууллагын өмнө М.А-тэй адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх үүрэг бүхий амьд гэрч мөн/ “Энэ хашаанд миний нагац ах Ё.Ц амьдарч байсан хашааны газар юм. Ах М.А бид хоёр банкнаас зээл авахад барьцаанд тавихын тулд ах М.А-хийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлж авсан юм. Энэ хашааны газар эзэмших эрх одоо Ё.Ц-ын нэр дээр шилжих ёстой юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн     -р хуудас/ болон баталгаажуулсан тодорхойлолт / хавтаст хэргийн 8 -р хуудас/,

2. Дүү М.А-ийн төрсөн ээж Ё.А-ын “Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 815 тоот хашааны газар бол миний дүү Ё.Ц-ын эзэмшилд байсан газар бөгөөд одоо тэр газар эзэмших эрх дүү Ё.Ц-ын нэр дээр шилжих ёстой тул шилжүүлж өгнө үү” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт /хавтаст хэргийн 27  дугаар хуудас/,

3. Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2012 оны А/309 дүгээр захирамжийн А.Ө-д холбогдох хэсэг нь А.Ө-ын худал үгэнд хууртан газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнд олгохдоо урдын хүчин төгөлдөр буй газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй Газрын Харилцаа Геодези Зураг Зүйн Газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан хавсралтын 1.3.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гэмтээсэн үрэгдүүлсэн тохиолдолд шинэ эрхийн гэрчилгээн дээр “нөхөн олгов” гэсэн дардас дарж олгох тухай заалт зөрчсөн, мөн журмын 2.1-д зааснаар эрхийн гэрчилгээ олгохдоо 2.2.1-д зааснаар өрөгдөл хүлээн авах, 2.1.2-д зааснаар суурин судалгаа хийх, 2.1.3-д зааснаар хээрийн судалгаа хийх, 5.3.1-д зааснаар өрөгдөлд хавсаргасан материалыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай тулгаж шалгасан материалуудыг хавсаргах гэсэн заалтууд болон мөн журмын Арван дөрөвт заасан “нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх тухай” заалтуудыг биелүүлээгүй зөрчсөн,           

4. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжийн                     /А.Ө-д холбогдох хэсэг нь "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-д заасан “иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэхдээ бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн эгнээнд өмчлүүлэх” тухай заалт, мөн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан “өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгаа хийлгүүлэх” гэсэн заалт, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “иргэнд газар өмчлүүлэх эрх  бүхий Засаг дарга хуульд заасны дагуу газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг баталсны үндсэн дээр түүнд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул миний хүсэлтийг биелүүлэх үндэс болж байна.

5. А.Ө нь газар эзэмших гэрчилгээ байсаар байтал “үрэгдүүлсэн” гэж худал хэлж, төрийн байгууллагыг хууран мэхэлж, түүгээр ч барахгүй уг хашааны газрын хувийн хэргийг /уг хувийн хэрэгт миний зээ дүү М.А-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүссэн өрөгдөл, миний өөрийн бичсэн газар эзэмших эрхийг түр хугацаагаар шилжүүлэхийг зөвшөөрсөн тухай бичиг зэрэг материалууд байсан /бусадтай хуйвалдан устгаж/ хавтаст хэргийн хуудас / хууль бусаар газар өмчилж авсан нь дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0880 дугаар шийдвэрийг хянан үзэж нийслэлийн Засаг даргын 2012 оны А/309 тоот захирамж, мөн 2012 оны А/665 тоот захирамжийн А.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж энэхүү өрөгдлийг гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ё.Ц-ын “...1983 оноос 9 дүгээр хорооны 22 дугаар гудамжны 815 тоот хашааны газырг эзэмшин амьдарч байсан ...зээ дүү М.А  хувиараа хөдөлмөр эрхлэхийн тулд банкнаас зээл авах шаардлагатай болсноор ...хашааны газар эзэмших эрх болон хашаан доторх 500 м.кв талбай бүхий байшинг дүү М.А-ийн нэр дээр шилжүүлж өгсөн ...2007 онд М.А гэнэт нас барсны улмаас хашааны газрыг эзэмших эрх түүний нэр дээр үлдсэн, банкны өр төлбөрийг би төлж барагдуулсан, газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байхад М.А-ийн охин А.Ө уг хашааг газар эзэмших эрхийн гэрчилгээ нь надад байсаар байтал газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж худал хэлж захирамж гаргуулан өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авсан байх тул нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрыг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг хүсье” гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ё.Ц нь тус газрыг эзэмшиж байсан, М.А-ийг зээл авах үед түүнд түр шилжүүлсэн гэж маргасан байх боловч тэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу тус газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн энэ талаарх үйл баримтыг тодруулахаар шүүх эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудаас холбогдох баримтыг гаргуулах, шүүхийн үзлэг хийх, гэрч асуух зэрэг нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн байх бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан болох нь, түүнчлэн тус газрыг эзэмших талаар болон бусдад шилжүүлэн эзэмшүүлэхээр хүсэлт гаргаж байсан болох нь тус тус тогтоогдоогүй байна.

 Харин хэрэгт авагдсан Ү-2206005773 дугаар бүртгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн баримтын хавсралтаас үзвэл тус газар эзэмших эрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0105-8027/04529 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр М.А-д үүссэн болох нь тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч Ё.Ц нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу гаргаж байгаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэг, түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан буюу тухайн эс зөвшөөрч маргаж буй захиргааны актын улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхол нь хуулийн дагуу үүссэн байх ёстой.

Ийнхүү тус газрыг хууль ёсоор эзэмшиж байгаад нас барсан иргэн М.А-ийн төрсөн охин[1] А.Ө-ын хүсэлт[2] ,бусад баримт[3]-уудыг үндэслэн маргаан бүхий газрыг А.Ө-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамж, 0400906 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, улмаар түүний гаргасан газар өмчлөх хүсэлт[4], хавсралт баримт[5]-уудыг үндэслэн тус газрыг А.Ө-д өмчлүүлж шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжуудын улмаас хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй Ё.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тус захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид шүүхээр сэргээлгэх эрх анхнаасаа үүсээгүй буюу тэрээр тус газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж, улмаар хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан болох нь тогтоогдохгүй байх тул эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн “...дүү М.А-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн байсан, энэ талаар М.Б, Ё.А нарын мэдүүлэг хэрэгт авагдсан, А.Ө-д газар эзэмших, өмчлөх эрх олгосон шийдвэрүүд холбогдох журмуудыг зөрчсөн ...А.Ө гэрчилгээг үрэгдүүлсэн гэж худал хэлсэн, ... хувийн хэргийг бусадтай хуйвалдан устгасан ...гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Нэхэмжлэгч нь “М.А-ийн нэр дээр 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхээ шилжүүлсэн” гэж нэхэмжлэлдээ дурджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан М.А-ийн Хаан банкны зээлийн баримт[6]-д М.А-ийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0105-8027/04848 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн байх боловч түүнд маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэн байсан нь түүнчлэн газар эзэмших эрхээ шилжүүлэхээр дүүргийн Газрын алба, эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, М.Б, Ё.А нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Ё.Ц-ыг тус газрыг хууль ёсоор буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх гуравдагч этгээд А.Ө-ын газар эзэмших, өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу үүссэн талаар болон бусад асуудлаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                                       ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                       ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1]  1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал

[2]  1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал

[3]  1 дүгээр хавтаст хэргийн  82, 84, 85 дугаар тал

[4]  2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал

[5]  2 дугаар хавтаст хэргийн 2-16 дугаар тал

[6]  1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал