Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар   2024/ДШМ/956

 

 

 

С.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

цагаатгагдсан этгээд С.С,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/652 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэг 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн С.С-т холбогдох эрүүгийн 2403 00222 0309 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б овгийн С.С ..... тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Шүүгдэгч С.С нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 35 минутын үед, А дүүргийн ..... дугаар хороо, М дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд); 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчин, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгаагүйгээс, тус тээврийн хэрэгслийн зорчигч нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээснээр, унадаг дугуйтай зорчигч болох Г.Э  нь уг хаалганд цохигдож унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Тээврийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.С-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, С.С-ыг цагаатгаж,  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон С.С-т холбогдох эрүүгийн 2403 00222 0309 дугаартай хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг нь бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл нь ноцтой эсхүл ялимгүй гэсэн ойлголт байхгүй гагцхүү тухайн зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэн шалгах ёстой бөгөөд энэ хэргийн хувьд Б овогт С-ийн С нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 35 минутын үед, А дүүргийн ..... дугаар хороо, М дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд); 14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчин, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгаагүй үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт бүхий сиди, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганд унадаг дугуйтай зорчигч болох Г.Э нь цохигдож унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэж байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэх, хохирол учруулах эрсдэлтэй байдаг тул хууль тогтоогч зөвхөн дээрх дүрмийг зөрчсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэрэгт оногдуулдаг ял шийтгэлтэй ижил эсхүл өндөр шийтгэл хүлээлгэж байна.

Тухайлбал, урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,700 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг шийтгэл оногдуулах зэргээр тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нөгөө талаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч байгаа боловч энэ төрлийн эрүүгийн хэргийн хувьд хүний эрүүл мэндэд шууд хохирол учруулсан үйлдэл зөрчлийн арга хэмжээг ч авах үндэслэлгүй гэж цагаатгаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/652 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

Цагаатгагдсан этгээд С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гаргасан нь миний буруу. Миний бие ажил, төрөлгүй, таксинд явдаг. Би өөрийн болгоомжгүй байдлаас болж алдаа гаргасан. Тэр 2 хүүхэд толинд харагдаагүй. Хүнгүй байхаар нь “за буугаарай” гэхэд хаалга онгойлгож, улмаар хохирогчид маш хурдтай ирж машины хаалга мөргөсөн. Уг нь сайн харж байгаад гэрлэн дохионоос наашаагаа ямар ч машингүй болонгуут нь “за буугаарай” гэхэд хаалга онгойсон. Маш хурдтай ирээд мөргөөд уначихсан. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

С.С-ын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 35 минутын үед, А дүүргийн ..... дугаар хороо, М дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

14.8-т заасан “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд) гэх заалтыг зөрчиж түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж,

14.11-т заасан “Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно” гэх заалтыг зөрчин аюулгүй байдлыг хангаж зорчигчийг буулгаагүйгээс тус тээврийн хэрэгслийн зорчигч нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг нээснээс унадаг дугуйтай явж байсан Г.Э нь уг хаалганд цохигдож унан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

С.С-ын түр зогсохыг хориглосон, замын автомашин зорчих хэсэгт зогсолт хийсэн үйлдэл нь хэрэгт бэхжүүлэгдсэн камерийн бичлэг, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилт /хх 6/, хэргийн газрын үзлэг /хх7-8/, хэрэг болсон газрыг харуулсан гэрэл зургууд /хх 9-10/ зэргээр,

замын хөдөлгөөнтэй хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад болсон газарт тээврийн хэрэгслийн хаалгыг нээсэн болох нь С.С-ын яллагдагчаар мэдүүлсэн “...зүүн талын толиндоо харж байгаад машингүй болохоор нь буугаарай гэж хэлээд хаалгаа онгойлготол дугуйтай хоёр хүүхэд ирж мөргөөд...” /хх 133/ гэсэн мэдүүлэг, уг мэдүүлгийг нотолж буй зүүн урд талын суудалд зорчиж явсан иргэн Г.Г-ийн гэрчээр мэдүүлсэн “...1 эгнээнд машин зогсоод жолооч намайг машингүй болчихлоо буугаарай гэхээр нь би толинд хартал машин байхгүй болохоор нь нээтэл шууд унадаг дугуйтай сундалдчихсан хүүхэд мөргөөд хаалга даваад хоёулаа газар унасан....” /хх 61/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Жолооч С.С-ын зогсолт хийхийг хориглосон замын хөдөлгөөнтэй газар жолоодож буй тээврийн хэрэгслээ зогсоосон, зорчих хэсгээр зорчиж буй унадаг дугуйтай хүүхдүүдийн зорчих хөдөлгөөнд саад хийж хаалгыг нээлгэсэн үйлдлээс насанд хүрээгүй Г.Эгийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн талаар нотлох баримтыг няцаан үгүйсгэх болсон нотлох баримт, түүний агуулга болон мөрдөгчийн магадлагаанаас бусад яллах нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх шийдвэртээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцээгүй байна.

Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд С.С-ыг цагаатгаж, түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан С.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2024/ШЦТ/652 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд С.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ