Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00468

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Е . Хаяг:Б аймаг, Б сум, 4 дүгээр багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е ыг Д эд үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Е ,

Хүсэлт гаргагч Д , К /Б сумаас цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Е нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е ыг Д эд үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч Е миний төрсөн аав болох Б 2005 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан юм. Үүнээс хойш 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ээж маань Д тэй дахин гэр бүл болж намайг 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б сумын Засаг даргын 45 тоот дугаартай захирамжаар үрчилж авсан билээ. Миний бие Е нэрээр 16 жил, гэр бүл болж 6 жилийг ардаа үлдээж хоёр ч хүүхдийн эцэг боллоо. Миний хүүхдүүд ирээдүйд өвөг эцэг, ургийн овгоо мэдэж яваасай гэсний үндсэн дээр дээрх захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж байгаа юм. Иймд эцэг хүний үүргийг ухамсарлан гаргасан хүсэлтийг минь харгалзан үзэж 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 тоот дугаартай сумын Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

1.2 Хүсэлт гаргагч К миний нөхөр болох Б нь 2005 онд нас барсан. Би 2 хүүхдийн хамт үлдсэн бөгөөд нэг хүүхдийг нас барсан нөхрийн эцэг, эх нь авч үлдсэн. Миний бие 2009 онд одоогийн нөхөр н.Д тэй гэр бүл болсон. Нөхөрт гарахдаа хүү Е тай хамт очсон бөгөөд хүү Е ыг нөхөр Д ийн овгоор овоглохын тулд тухайн үед үрчлэлт хийгдсэн. Одоо хүү маань өөрийнхөө төрсөн эцэг болох Б ын нэрээр овоглох хүсэлттэй байгаа тул тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.

1.3 Хүсэлт гаргагч Д миний бие К тай 2009 онд гэр бүл болох үед хүү Е 4-р анги байсан бөгөөд, эхнэр К тай хамт дагаж ирсэн. Эхнэр маань надад таны овгоор овоглуулъя, хагас өнчин гэж хэлж байхын оронд үрчлэлт хийлгэж миний нэрээр овоглуулсан нь дээр юм байна гэж ярьсан. Тийм учраас би зөвшөөрч, үрчлэлт хийлгэж, тэгээд миний овгоор овоглуулж явж байсан. Гэтэл одоо хүү маань том болоод юм бодсон юм шиг байна. Төрсөн эцгийн овог нь Х , миний овог Н овогтой учраас төрүүлсэн эцгийн нэрээр овоглох хүсэлттэй байна. Иймээс түүний хүсэлтийг зөвшөөрч, дэмжиж байгаа тул тухайн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, З газрын хэрэгжүүлэгч агентлаг У газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбарууд, тус сангаас гаргасан 00 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Д , К нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Е ы төрсний бүртгэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээ, Я ий төрсний гэрчилгээ, Е , А нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д , К нарын иргэний үнэмлэх, Б ын нас барсны гэрчилгээ, Д , К нарын бичсэн зөвшөөрлийн бичиг болон тэд нарын гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 587, 588 дугаар албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/502 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б , Г болон Д , К нарын дундаас төрсөн хүүхдүүдийн төрснийг бүртгэсэн анкет, Б.Е ы ХААТР маягт, үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний төрсөн аав болох Б 2005 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан юм. Үүнээс хойш 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ээж маань Д тэй дахин гэр бүл болж намайг 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б сумын Засаг даргын 45 тоот дугаартай захирамжаар үрчилж авсан билээ. Миний бие Е нэрээр 16 жил, гэр бүл болж 6 жилийг ардаа үлдээж хоёр ч хүүхдийн эцэг боллоо. Миний хүүхдүүд ирээдүйд өвөг эцэг, ургийн овгоо мэдэж яваасай гэсний үндсэн дээр дээрх захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж байгаа юм. Иймд эцэг хүний үүргийг ухамсарлан гаргасан хүсэлтийг минь харгалзан үзэж 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 тоот дугаартай сумын Засаг даргын захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэж тайлбарлажээ.

7.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

7.1 З газрын хэрэгжүүлэгч агентлаг У газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр олгосон 00 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд хүсэлт гаргагчийн эцэг Д гэж бичигдсэн боловч уг лавлагааны эцгийн мэдээлэл гэдэг дээр Б гэж, мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/502 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн ХААТР-11 дүгээр маягт буюу Төрснийг бүртгэх анкетаар хүсэлт гаргагчийн төрүүлсэн эцэг нь 00 регистрийн дугаартай Б болох нь нотлогдон тогтоогдсон.

7.2 Хүсэлт гаргагч Е 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А тай гэр бүл болж, хууль ёсны эхнэр, нөхөр болох нь 00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин И , 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр охин Я нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр нотлогдсон.

7.3 Гэтэл 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Ө сумын ЗДТГ иргэний бүртгэлийн ажилтнаас олгосон №00 , Г-90 дугаартай нас барсны гэрчилгээгээр хүсэлт гаргагч Е ы төрүүлсэн эцэг Б нь 33 настайдаа 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байна.

7.4 Хүсэлт гаргагчийн эх 00 регистрийн дугаартай К нөхөр нь болох Б 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нас барсны дараа буюу 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д тэй гэр бүл болж хууль ёсны эхнэр, нөхөр болсон нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025.04.20-ны олгосон Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, тэд гэр бүл болсны дараа хүүхэд нь болох Б.Е ыг түүний зөвшөөрлөөр нөхөр Д эд 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б аймгийн Б сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай 45 тоот захирамжаар үрчлүүлж, улмаар Б сумын үрчлэлтийн бүртгэлийн 11-р бүртгэж үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлэх тухай 45 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/502 дугаартай албан бичгээр ирүүлсэн Е ы төрсний анкет болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд Е ы үрчлэлтийн талаарх ХААТР маягт, болон хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба энэхүү үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

8.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заажээ.

Энэхүү заалтуудын агуулгаас үзэхэд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журамтай байна.

9.Дээрх хуульд заасан үндэслэлээс гадна үрчлэгдсэн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь хүүхэд байх шаардлагатай.

9.1 Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус зааснаар ийнхүү 18 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд үрчлэлтийг хүчингүйд тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.

9.2 Учир нь, шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг цаашид асран хамгаалах, тэжээн тэтгэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх учиртай.

9.3 Гэтэл хүсэлт гаргагч Е нь 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 29 нас 5 сар 05 хоногтой буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул түүнийг хүүхдэд гэж үзэхгүй болно.

9.4 Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж зааснаар хүсэлт гаргагч Е ыг төрүүлсэн эх К ын асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д зааснаар тэдгээрийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна.

10.Хүсэлт гаргагч Е аас хүсэлтийн үндэслэлээ би гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон тул өөрийнхөө төрүүлсэн эцгийн ургийн овгоор овоглогдохыг хүсэж байна. Үр хүүхэд жинхэнэ ургийн овгоор овоглох ёстой гэж тайлбарладаг боловч тэрээр 18 нас хүрээгүй хүүхэд байсан бол тухайн үрчлэлтийг шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарах эсэхийг шалгаж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой боловч хүсэлт гаргагч Е нь насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх тул шүүхээс үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэлээ.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилснаар хүсэлт гаргагчаас үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлтийн шаардлага гаргасан байжээ.

12.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Е ыг Д т үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ