| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00485/И |
| Дугаар | 311/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00436
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... оршин суух хаягтай, .......... ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг дөрвөлжин .......... тоотод оршин суух ........холбогдох,
Зээл, зээлийн хүүгийн төлбөр 11,245,039.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
.......ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
....... нь харилцагч Б.......... цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 сарын 3-ны өдөр 2010115917 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,227,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,964,366.36 төгрөгийг төлсөн. .......ы зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлэн 1,877,024.73 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010115917 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь ..........ы нэхэмжилсэн 11,245,039.86 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 10 хувааж төлөхөөр болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... ХК нь хариуцагч Б............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,245,039.86 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ............. ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 11,245,039.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б............ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,874 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О.....97,437 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 97,437 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 194,874 төгрөгийг нэхэмжлэгч ........ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ХК-ийн нэхэмжлэлтэй Б........ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,245,039.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,874 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... 97,437 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 97,437 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 194,874 төгрөгийг нэхэмжлэгч ..........ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ