Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 0780

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Г.Эрдэнэ, шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Ё овогт Л Н холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж   хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806038440828 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  овогт Л Н, 19  оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,   бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд цахилгаанчин ажилтай, ам бүл 7,  эхнэр, хүүхдүүдийн   хамт  Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны Шархадны   тоотод түр оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,      

Холбогдсон хэргийн талаар:

          Л.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсгийн өрөөн дотор Г.П маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.   

     Шүүгдэгч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ ирээд тоолуурын хэсгийн өрөөнд байж байхад П гаднаас ороод ирсэн. Орж ирээд бид 2 ажил ярьж байгаад түүнээсээ болж маргалдсан. Маргаан ширүүсээд П над руу дөхөж ирээд миний цамцнаас заамдаж аваад хоолой боосон. Миний хоолойг П боосон чинь миний нүд харанхуйлаад эхэлсэн. Тэр үед би ширээн дээр байсан цаас цоолдог цоолтуур ширээн дээрээс аваад толгой руу нь 1 удаа цохисон. Тэгсэн П намайг тавьсан. Би хоолойгоо засчихаад  руу харахад   түүний толгойноос цус гарч байсан. П цусаа тогтоогоод гараад явсан. Тухайн өрөөнд байсан Э, М 2 биднийг харсан. Тэр хоёр биднийг салгасан гэв.

     Хохирогч  Г.П  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны 08.28 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  дээр ажлаа хийж байгаад хамт ажилладаг Н гэх хүнтэй ажлаас болоод маргалдсан. Тэрээр над руу дайрахаар нь хариуд нь түлхсэн чинь миний толгой руу хатуу төмрөөр цохиж мөн нүүрэн тус газар цохиж хиймэл шүдийг минь хугалсан. Бид хоёрыг манай ажлын газрын Э салгасан. Ажлын шаардлага тавьсан чинь над руу уурлаж дайраад байхаар нь би түлхсэн юм. Тэгсэн чинь миний нүүрэн тус газар нэг удаа цохиж миний хиймэл шүдийг хугалсан. Мөн миний толгой руу төмрөөр цохиж хагалсан гэжээ.  / хх-н 4-9/    

    Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 08.00 цагт Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу ажлыхаа байран дээр ирээд тоолуурын хэсгийн өрөөрүү орж ажлын зааварчилгаа авах, гарын үсэг зурахаар орсон.  Намайг тоолуурын өрөөнд ороход П ах, сандал дээр сууж байсан Н ахын хоолойг нь шахаад дээр нь дараад заамдчихсан байдалтай байж байсан. Э ах ширээний цаад талд сууж байсан. Би эхлээд харахдаа П ах, Н ах хоёрыг тоглож байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл Эр ах наад хоёрыгоо салга муудалцаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би П ахыг тэврээд Н ахын дээрээс авсан. Тэгээд би  ах тайвшир тайван бай гэж хэлээд хэсэг араас нь тэвэрч зогссон. П ах хэсэг хугацааны дараа тайвширсан. Би Пж ахыг тайвширхаар нь тавьсан чинь П ахын толгойноос цус гарч байсан. Би өрөөнд байдаг эмийн сангийн сав гаргаж ирээд цусыг нь тогтоож өгөөд гарсан. П ах намайг гарахаас өмнө гараад явчихсан юм. Би Н, П ах хоёртой 1 жил 11 сар хамт ажиллаж байна. Би удаан хамт ажиллаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Өглөө таараад л салцгаадаг юм гэжээ. /хх-ийн 11/

   Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө ажил дээрээ ирээд тоолуурын өрөөнд орсон чинь Пж, Нж 2 маргалдсан байдалтай байж байсан. Би П, Н 2-н маргааныг юунаас болсоныг мэдээгүй. Хэсэг харж зогсож байгаад би ширээний ард очиж суусан. Тэр хоёр маргалдаж байгаад гэнэт П ах Н ахын хоолойг зүүн гараараа боогоод түлхсэн. Н ах хойшоо ухарч явж байхдаа хойд талын ширээн дээр байсан цаас цоологч аваад П ахын толгой руу цохисон. Тэр хоёр зууралдсан чигээрээ сандал дээр унасан. Тэр үед гаднаас М орж ирээд гайхаад хараад байсан. Тэгэхээр нь би наад хоёроо салгаарай гэж хэлсэн. Би энэ хоёр хүнтэй 5-9 жил орчим хамт ажиллаж байна. Бид өглөө ирээд л яваад өгдөг юм гэжээ.  / хх-н 12/

    Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ 08.30 цагт ирсэн. 1 давхарт явж байхдаа П таараад бид хоёр мэнд усаа мэдэлцээд өрөөндөө орж ирсэн. Өрөөнд орж ирээд байж байхад араас Нямдорж орж ирсэн. Түүний араас П ороод ирсэн. Тэр хоёр ажлаас болоод маргалдаад байсан. Маргаан ширүүсээд Н П  мөр лүү түлхсэн. Тэгээд маргалдаж байгаад маргаан намжиж байхад гаднаас Энхбаатар орж ирсэн. Энэ үед П Н заамдаж аваад түлхээд сандал дээр унагаасан ба өөрөө дээрээс нь дарж унасан. Би Н яаж цохисон талаар хараагүй. П босоод ирсэн чинь толгойноос нь цус гарч байсан. Маргаан дууссаны дараа П хиймэл шүдээ хайгаад байсан. Би энэ хоёр хүнтэй 6-7 жил орчим хамт ажиллаж байна гэжээ.  / хх-н 32-33/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 13/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1.5619 тоот ДҮГНЭЛТ:

            1.Г.П биед тархи доргилт, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 15-16/

          Л.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/

          Л.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-29/

    Л.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:  /хх-н 20 /, зэрэг болно.  

          Л.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсгийн өрөөн дотор Г.П маргалдан улмаар толгойн тус газар нь цаас цоологчоор цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:           

         Г.П биед тархи доргилт, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний  5619 тоот дүгнэлт /хх-ийн 14/

   Хохирогч  Г.П  мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … Н гэх хүнтэй ажлаас болоод маргалдсан. Тэрээр над руу дайрахаар нь хариуд нь түлхсэн чинь миний толгой руу хатуу төмрөөр цохиж мөн нүүрэн тус газар цохиж хиймэл шүдийг минь хугалсан. Бид хоёрыг манай ажлын газрын  салгасан. Ажлын шаардлага тавьсан чинь над руу уурлаж дайраад байхаар нь би түлхсэн юм. Тэгсэн чинь миний нүүрэн тус газар нэг удаа цохиж миний хиймэл шүдийг хугалсан. Мөн миний толгой руу төмрөөр цохиж хагалсан гэсэн мэдүүлэг   /хх-н 4-9/   

    Гэрч Г.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн… П ах, сандал дээр сууж байсан Нямдорж ахын хоолойг нь шахаад дээр нь дараад заамдчихсан байдалтай байж байсан. Э ах ширээний цаад талд сууж байсан. Би эхлээд харахдаа П ах, Н ах хоёрыг тоглож байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл Э ах наад хоёрыгоо салга муудалцаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би П ахыг тэврээд Н ахын дээрээс авсан. Би П ахыг тайвширхаар нь тавьсан чинь П ахын толгойноос цус гарч байсан. Би өрөөнд байдаг эмийн сангийн сав гаргаж ирээд цусыг нь тогтоож өгөөд гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

   Гэрч С.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Тэр хоёр маргалдаж байгаад гэнэт П ах Н ахын хоолойг зүүн гараараа боогоод түлхсэн. Н ах хойшоо ухарч явж байхдаа хойд талын ширээн дээр байсан цаас цоологч аваад П ахын толгой руу цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 12/

    Гэрч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … П Н заамдаж аваад түлхээд сандал дээр унагаасан ба өөрөө дээрээс нь дарж унасан. Би Нг яаж цохисон талаар хараагүй. П босоод ирсэн чинь толгойноос нь цус гарч байсан. Маргаан дууссаны дараа П хиймэл шүдээ хайгаад байсан гэсэн мэдүүлэг   / хх-н 32-33/

  Шүүгдэгч Л.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн … Маргаан ширүүсээд П над руу дөхөж ирээд миний цамцнаас заамдаж аваад хоолой боосон. Миний хоолойг П боосон чинь миний нүд харанхуйлаад эхэлсэн. Тэр үед би ширээн дээр байсан цаас цоолдог цоолтуур ширээн дээрээс аваад толгой руу нь 1 удаа цохисон чинь толгойноос нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

Л.Н нь ажил дээрээ хамт ажилладаг Г.П ажлын асуудлаас болж маргалдан Г.П түүнийг заамдаж аван хоолойг нь бооход нь ширээн дээрээс цаас цоологч авч толгойн тус газар нэг удаа цохисоноос Г.П биед  тархи доргилт, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх туул шүүх Л.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Г.П эмчилгээнд гарсан 238.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэнг хохирогч Г.П хүлээн зөвшөөрсөн байна.

          Л.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Ё овогт Л Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар Л.Н нь торгох ялыг хоёр  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн  5-д  зааснаар Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

    5. Л.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.   

                          

    6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Л.Н  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Н 238.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-3-26а тоотод оршин суух ОЕ65041517 регистрийн дугаартай Г П олгосугай.

 

   8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

    9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

   10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Л.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН