Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/957

 

              

 

Д.О, П.Ю, С.О, Ц.С,

М.О, Б.А, Ж.Б,

Д.Д, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 1902008130359 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Д.О- .... тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулагдаж байсан,

2. Т овгийн П.Ю ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

3. Б овгийн С.О- ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

4. Б овгийн Ц.С- ................ суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй,  

5. Х овгийн М.О ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,   

6. С овгийн Б.А ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

7. С овгийн Ж.Б .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

8. Х овгийн Д.Д- ............ тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй,

9. Б овгийн М.М- ................ тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан;

Шүүгдэгч Д.О- нь нийтийн албан тушаалтан буюу АААА сургуулийн захирлаар ажиллаж байхдаа А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч П.Ю-гийн Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр С.О--гээр дамжуулан П.Ю-гаас 1,000,000 төгрөгийн,

хахууль өгөгч М.О-гийн Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд М.О-гээс 500,000 төгрөгийн,

хахууль өгөгч Ж.Б-гийн Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сард Ж.Б-гаас 500,000 төгрөгийн,

хахууль өгөгч Б.А-ийн Б-д элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-ийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 9 дүгээр сард Б.А-ээс 2,000,000 төгрөгийн,

хахууль өгөгч Ц.С-гийн Б-д элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г.Ж-г тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 9 дүгээр сард Ц.С-гаас 600,000 төгрөгийн,

хахууль өгөгч Д.Д-гийн Б-д элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О.Б-ийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард М.М-аар дамжуулан Д.Д-гаас 500,000 төгрөгийн хахууль тус тус авч Ү сургуулийн захирлын 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын Ц сургуулийн ..... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

шүүгдэгч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ү сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э.Г-ыг тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.О-гийн “ХААН” банк дахь 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

шүүгдэгч Ц.С- нь 2018 оны 8 дугаар сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү сургуулийн Ц сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г.Ж-г тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч М.О нь Ү сургуулийн Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АААА сургууль дотор Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Б.А нь 2018 оны 9 дүгээр сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-ийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Ж.Б нь Ү сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард А дүүргийн ..... дугаар хороо, АААА сургууль дотор сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч Д.Д- нь 2018 оны 10 дугаар сард А дүүргийн ..... дугаар хороо, Ү сургуулийн Ц сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О.Б-ийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч М.М-аар дамжуулан Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч С.О- нь нийтийн албан тушаалтан буюу Ү сургуулийн Ц сургуулийн жагсаалын даргаар ажиллаж байхдаа А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг Ү сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Ю-гийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал Д.О-д 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Ю-гийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

шүүгдэгч М.М- нь нийтийн албан тушаалтнаар буюу Ү сургуулийн Ц сургуульд ажиллаж байхдаа Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сард А дүүргийн ..... дугаар хороо, Ү сургуулийн Ц сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О.Б-ийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500,000 төгрөгийн хахуулийн мөнгийг Д.О-д дамжуулан өгч Д.Д-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.О-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О, М.М нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Ю, Д.Д.Д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.С, М.О, Б.А, Ж.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж М.М-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Д.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ээс төлсөн 5.100.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

С.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө дамжуулж хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж,

П.Ю, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.С, М.О, Б.А, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас П.Ю, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч М.О нь урьд 5 хоног, Б.А нь 2 хоног, Ж.Б нь 2 хоног, Д.Д нь 2 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг дэвтрийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.

Харин мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилгыг тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэл /хууль хэрэглээ/ шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотолбол зохих байдлыг тогтоодог. Дээрх нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд заасны дагуу гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулснаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго оршдог.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн субъектив санаа зорилгыг няцааж, үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгдээгүй болно. Учир нь, хэрэгт Х.Б нь /5-р хх-ийн 151-152/ “...Ц сургуулийн засварын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулж аж ахуйн нэгж, иргэн, сурагчид тэдний эцэг, эхчүүдээс хандив, мөнгөн тусламж авах тухай үүрэг, чиглэл, зөвлөмж зөвөлгөө өгөөгүй, ийм эрх зүйн үндэслэлгүй зүйлийг удирдлагын зүгээс шаардах боломжгүй юм” гэх мэдүүлгийг өгсөн атлаа хэрэгт авагдсан /5-р хх-ийн 153-193 тал/ баримтууд нь 2018 оны 7 сар, 8 сар, 9 сарын засвар хийгдсэн баримтууд байх бөгөөд 5-р хх-ийн 155 дугаар талд авагдсан Д.О-ээс “... сургууль засварын ажилд 8.500,000 төгрөгийг хүссэн байтал 2018.10.08-ны өдөр 8.000.000 төгрөгийг олгоё гэх цохолт хийгдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэргээн дүрсэлсэн үйл баримтын хувьд Д.О- нь бусдаас авсан мөнгөө сургуулийн засварын ажилд зарцуулсан талаар баримтууд хэрэгт авагдсан байдаг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн гэмт үйл ажиллагаагаа хэрхэн ухамсарлаж хандсан сэтгэхүйн харьцааг тодорхойлох элемент бөгөөд түүнд 4 субъектив шинжийг хамааруулдаг.

- Гэм буруу,

- Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт,

- Гэмт хэрэг үйлдсэн зорилго,

- Гэмт хэрэг үйлдэх үеийн этгээдийн сэтгэл санааны байдал зэрэг шинжүүд хамаардаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хүссэн, эсвэл тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэм буруугийн санаатай хэлбэр гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл Д.О-ийн авлига авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн боловч Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлоогүй, мөн хэрэгт иргэний хариуцагчаар Ү сургуулийг татан оролцуулаагүй нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна. Д.О нь бусдаас авсан мөнгийг сургуулийн засварын ажилд оруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ү сургуулийн Ц сургуулийн объект нь 1989 онд баригдсан. Түүнээс хойш ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй. 2017 оны 9 дүгээр сард ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар намайг тус сургуулийн захирлаар томилсон. Энэ ажлыг авахад сэтгэл өвдмөөр байсан. Хаалга нь эвдэрсэн, шал нь цөмөрсөн, хана, таазны нуралт үүссэн, 3 дугаар давхрын ангиудад бороо орж байгаа мэт дусаал гоождог байсан. Миний бие ХАБЭА-н ажлыг хариуцах үүрэгтай байсан тул засварын ажлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан. Үүний дагуу төв сургуулийнхаа захиралд “манай сургууль засвар хийхгүй бол болохгүй нь ээ. Ийм зүйлс болж байна” гээд албан бичгээр хандаж эхэлсэн. Тэгтэл “хичээл сургууль амрах үед мөнгө, төгрөгийг нь гаргаж өгнө” гэдэг хариу өгсөн. Миний бие прокурорт “тэр албан бичгийг гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Тухайн бичиг нь Ү сургуулийн нууцад байдаг. “Тэр бичгийг авч, хэрэгт хавсаргаж өгнө үү” гэхэд хавсаргаж өгөөгүй. Миний бие Ү сургуулийн захиралд “засвар хийх гэж байна. Хүүхдүүд амарчихлаа. Амралтын үеэр засварын ажлыг хийе” гэж хэлтэл тэрээр “өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлаж засвараа хий” гэж хэлсэн. Миний бие энэ талаар захиргааны зөвлөлийн гишүүдтэй ярилцахад бүгд “засвараа хийе” гэж хамт олноороо шийдсэн. Түүний дараа багш нарын хурал хийхэд багш нар дэмжиж, тус бүр 100,000 төгрөг, суралцаж байсан оюутнууд бүгд тус бүр 50,000 төгрөг, төгсөгч нар тодорхой хэмжээний хандив өгсөн. Мөн сургуульд орох гэж байгаа хүүхдүүд болон тэдгээрийн эцэг, эхчүүд “танай сургууль засвартай байгаа юм байна. Хандив өгье. Засварын үйл ажиллагаандаа хэрэглээрэй” гээд хандив өгсөн. Хандив нийт 20,000,000 гаруй төгрөг болсон. Тус хандивт миний бие өөрийн 3, 4 сарын цалинг оруулсан. Тухайн үед миний эхнэр төрсөн байсан. Эхнэрийнхээ декритийн мөнгийг гуйж аваад сургуулийн засварт ашигласан. Эндээс бараа, материал авах гэхэд үнэтэй, юунд ч хүрэхгүй байсан. Манай сургуулийн дээвэр 1900 метр квадрат талбайтай, 2, 3 давхрын засварыг хийх гэтэл тооцоо нь огт болохгүй байсан. Эрээнээс тус материалуудыг 2, 3 дахин хямд үнээр авч байсан. Тэгээд миний бие нэг багшийн хамт явж цугларсан бүх мөнгөөрөө материал татаж, засварын үйл ажиллагааг эхлүүлсэн. Иймээс “....сургуулийн иргэний хариуцагчаар татаж өгнө үү” гэж хүсэлт гаргахад тус хүсэлтийг хангаагүй. Миний бие шунахайн сэдэлтээр мөнгө авсан зүйл байхгүй. Төрийн сургуулийн үйл ажиллагаа, энэ хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэж засвар хийсэн. Магадгүй эдгээр хүүхдүүд гэмтсэн бол миний бие ялтан болох байсан. Хүүхдүүдийн сайн, сайхны төлөө, тэдгээрийн суралцах орчныг нь бүрдүүлэх гэж ийм үйл ажиллагаа хийсэн. Хууль дүрэм сайн мэдэхгүй байсандаа гэмшиж байна. Мөн энэ олон хүмүүсийг хэрэгт татан оролцуулсан нь миний буруу, энэ талаараа хүлээн зөвшөөрч байна. Миний бие С.О-гээс 1,000,000 төгрөг аваагүй. Анхан шатны шүүх 5,100,000 төгрөгийг төл гэсэн учраас миний бие төлсөн. Иймд хэргийг зөв шийдвэрлэж өгнө үү. Мөн өөрийн гаргасан тайлбарыг бичгээр гарган өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч С.О-гийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.О- нь даргын тушаалаар өөрийн дансаар 1,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн дүгнэлтэд маргаж оролцсон. С.О- нь 1,000,000 төгрөгийг П.Ю-гаас авч, захиралдаа оруулж өгснөө хүлээн зөвшөөрдөг.  2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад “С.О-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй” гэсэн байна. Үүнд өөрчлөлт оруулж, С.О-д торгуулийн ял оногдуулж өгнө үү. Учир нь, 2 жилийн хугацаа нь маш удаан хугацаа. С.О- нь 3 бага насны хүүхэдтэй, тэрээр одоогоор эхнэртэйгээ хуваариа бизнес эрхэлж байгаа. Түүний эхнэр нь удаан хугацаанд буюу 2 жилийн хугацаанд ганцаараа гадаад руу явж бараа, материал татаж, хүнд хайрцагтай зүйлсийг өргөж явах шаардлага үүсэж байгаа ба энэ нь эмэгтэй хүний хувьд хэцүү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул С.О-гийн тухайн хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг торгуулийн ялын доод хэмжээгээр сольж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 3 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 хувааж, хэсэгчлэн төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй, өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.М--ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч М.М--ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, миний бие тус хэрэгт 2019 оноос хойш 3, 4 жил ажилласан. Миний бие ажиллах явцдаа прокурорын бүх шатны байгууллагад өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгах талын гэрч болох н.А, н.Б нараас мэдүүлэг авах тухай хүсэлтийг гаргаж байсан боловч прокурорын байгууллагаас эдгээр хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус асуудлыг хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэх боломжтой гэж үзэж, анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанд энэ хоёр гэрчийг оролцуулснаар миний үйлчлүүлэгчийн эрх хангагдсан. Мөн М.М-ын үйлдэлтэй холбогдолтой гэмт хэргийн субъектив болон объектив талын шинж нь прокурор, өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүний асуултуудаар  дэлгэрэнгүй тодорхойлогдсон. 2024 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 35 нүүр бүхий анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаарх асуудал тодорхой тусгагдсан. Уг гэрчийн мэдүүлэг, үйл баримтуудаар эдгээр хүмүүс хоорондоо харилцаа холбоо үүсгээгүй, н.А нь Д.Д гэдэг хүнийг Д.О-тэй танилцуулсан нь гэмт хэрэг ямар ч холбоогүй гэдгийг тогтоосон. Мөн н.Б гэх хүн ямар нэгэн байдлаар М.М-аар дамжуулж хахууль өгөөгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, өмгөөлөгчийн санал, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж чадсан. Иймээс өмгөөлөгчөөс давж заалдах гомдол, прокуророос эсэргүүцэл гараагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын М.М-т холбогдолтой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-ийг нийтийн албан тушаалтан буюу Ү сургуулийн Б-д ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчөөс 5,100,000 төгрөгийг авч, шалгалт өгөөгүй болон шалгалтад тэнцээгүй 6 хүүхдийг элсүүлэн суралцуулсан буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.О-г тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 6 хахууль өгөгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.М-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал “гэмт хэргийн субъектив шинжийг тогтоогоогүй” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Д.О- “тухайн авсан мөнгийг сургуулийн засварт хандив байдлаар авч, засварын ажил хийсэн” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхэд шүүгдэгч Д.О- нь тухайн мөнгийг засварын ажилд зарцуулсан нь тогтоогддоггүй. Иймээс шүүдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Д.О- болон түүний өмгөөлөгч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа, хохирол төлбөрийг төлнө. Ял оногдуулах нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэж байсан. Өнөөдрийн түүний хэлж байгаа тайлбар нь дээрх тайлбартай зөрчилдөж байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, “хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой” гэсэн магадлал гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгч С.О-гийн өмгөөлөгчийн “торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй учраас тэнсэж өгнө үү” гэсэн саналыг үндэслэж, С.О-д хорих ял оногдуулалгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Тухайн нөхцөл байдалд “торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж байсан бөгөөд одоо “торгуулийн ялыг биелүүлэх боломжтой” гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Мөн “шүүгдэгч С.О-г улсын хилээр гарахыг хязгаарласан” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс С.О-г ажил, сургуулиа сольж байгаа бол хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн болохоос биш, хилээр гарахыг хязгаарлаагүй. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг 1902008130359 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

1. АААА сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтан Д.О нь

Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр С.О-гээр дамжуулан П.Ю-гаас 1,000,000 төгрөгийг албан өрөөндөө П.Ю-гаас, Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд М.О-гээс 500,000 төгрөгийг, Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сард Ж.Б-гаас 500,000 төгрөгийг,

Б-д элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-ийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 9 дүгээр сард Б.А-ээс 2,000,000 төгрөгийг, Г.Ж-г тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 9 дүгээр сард Ц.С-гаас 600,000 төгрөгийг, О.Б-ийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард Д.Д-гаас 500,000 төгрөгийг тус тус авч Ү сургуулийн захирлын 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын Ц сургуулийн ..... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

2. П.Ю нь 2018 оны 7 дугаар сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ү сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э.Г-ыг тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.О-гийн “ХААН” банк дахь 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн,

3. Ц.С- нь 2018 оны 8 дугаар сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү сургуулийн Ц сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г.Ж-г тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600,000 төгрөгийг өгсөн,

4. М.О нь Ү сургуулийн Б-д элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АААА сургууль дотор Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг өгсөн,

5. Б.А нь 2018 оны 9 дүгээр сард А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ү сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-ийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2,000,000 төгрөгийг өгсөн,

6. Ж.Б нь Ү сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Б-г тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард А дүүргийн ..... дугаар хороо, АААА сургууль дотор сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг өгсөн,

7. Д.Д- нь 2018 оны 10 дугаар сард А дүүргийн ..... дугаар хороо, Ү сургуулийн Ц сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О.Б-ийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Ц сургуулийн захирал Д.О-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг өгсөн,

8. Ү сургуулийн Ц сургуулийн жагсаалын дарга буюу нийтийн албан тушаалтан С.О- нь А дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг Ү сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Ю-гийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал Д.О-д 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгсөн болох нь:

Ү сургуулийн хөдөлмөрийн Дотоод журам /1хх-ийн 84-100/,

АААА сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.О-ийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс АААА сургуулийн захирлаар томилсон тухай тушаал /1 хх 102/,

Ц сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 103-106/,

Ү сургуулийн Б-д элсэн орох боломжгүй байсан Э.Г, Г.Ж, Л.Б, Б.Б, Б.Б, О.Б- нар тус сургуульд элсэн орж суралцсан байдлыг нотолж буй Монгол Улсын Ү сургуулийн 2020-01-02 өдрийн “Тэнцсэн сурагчдын нэрс” гэсэн албан бичиг /1хх-ийн 245-249/,

АААА сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтан Д.О-ийн элсэн суралцах боломжгүй болсон нэр бүхий 6 хүүхдийг суралцуулахын тулд авсан мөнгөний эх сурвалжийг нотолж буй Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 114, 176, 128, 2хх-ийн 161-163/, Д.Д-гийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 56-59/, М.М--ын хувийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 61/, Б.А-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 150-153/, Ц.С-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 161-163/, дансны хуулганд хийсэн үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 56-59/,

Л.Б, Б.Б, Э.Г нарын 2018-2019 оны хичээлийн жилийн хөгжимдөх урлагийн элсэлтийн шалгалтад тэнцээгүйг нотолж буй дүнгийн хуудас / 2хх-ийн 99-100, 102-103/,

Л.Б, Б.Б, Э.Г, Г.Ж, Б.Б,О.Б, Э.Г нар 2018-2019 оны хичээлийн жилд Монгол Улсын Ү сургуулийн Б-д элсэн орсон байдлыг нотолж буй Ү сургуулийн захирлын тушаал, хавсралт /2хх-ийн 104-105/,

гэрч Н.Н /1хх-ийн 11-13/, П.Б /1хх-ийн 14-16/, насанд хүрээгүй гэрч Э.Г /1хх-ийн 17-19/, гэрч Т.Э /1хх-ийн 228-229/, П.Ц /2хх-ийн 38-39/, Д.Г /2хх-ийн 40-42/, М.М- /2хх-ийн 49-51, 3хх-ийн 89-91/, Б.А /2хх-ийн 53-54, 147/, насанд хүрээгүй гэрч О.Б-/2хх-ийн 76-78/, гэрч Б.С /2хх-ийн 80/, гэрч Ц.С /2хх-ийн 133-134/, гэрч Б.Т /2хх-ийн 143-145/, гэрч Г.Б /2хх-ийн 138/, гэрч Ч.Н /2хх-ийн 141/, гэрч Б.А /3хх-ийн 92-94/, гэрч Б.Д /3хх-ийн 95-96/, гэрч Б.А /3хх-ийн 97-100/, гэрч Ц.А /3хх-ийн 104-105/, гэрч Б.Б /3хх-ийн 116-117/, гэрч Б.Э /3хх-ийн 118-119/, гэрч Т.Б /3хх-ийн 127-128/, гэрч Б.А /4хх-ийн 109/ нарын мэдүүлгүүд,

Ү сургуулийн Б-д хандив, тусламж хувь хүнээс авах үндэслэлгүй талаар мэдүүлсэн гэрч Б.Б /1хх-ийн 21-24, 3хх-ийн 42, 44, 5хх-ийн 151-152/, А.А /1хх-ийн 26/, П.Ж /2хх-ийн 74-75, 3хх-ийн 40/, М.О /5хх-ийн 218/ нарын мэдүүлгүүд,

Ц сургуулийн засварт 8,500,000 төгрөгийг хүсэж захирал Д.О-ийн бичсэн “Бэлэн мөнгө олгох”-ыг хүсэлт, тус хүсэлтээр 8,000,000 төгрөг олгож шийдвэрлэсэн, уг мөнгийг зарлагадсан талаарх баримтууд /2хх-ийн 241, 3хх-ийн 24, зурган тайлан 3хх-ийн 25-38, 5хх-ийн 155/,

АААА сургуулийн 2018 онд худалдан авсан материалын тооцоо /5хх-ийн 156-192/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх М.М-т холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэрэгсэхгүй болгосон байна.

Тодотговол: - Шүүгдэгч Д.О- нь нийтийн албан тушаалтан буюу АААА сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс,

ур чадварын шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг суралцуулахаар 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр С.О-гээр дамжуулан П.Ю-гаас 1,000,000 төгрөгийг албан өрөөндөө, Л.Б-г суралцуулахаар 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд М.О-гээс 500,000 төгрөгийг, Б.Б-г суралцуулахаар 2018 оны 7 дугаар сард Ж.Б-гаас 500,000 төгрөгийг,

- элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Б-ийг суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сард Б.А-ээс 2,000,000 төгрөгийг, Г.Ж-г суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сард Ц.С-гаас 600,000 төгрөгийг, О.Б-ийг суралцуулахаар 2018 оны 10 дугаар сард Д.Д-гаас 500,000 төгрөгийг тус тус авч Ү сургуулийн захирлын 2018 оны “Элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын Ц сургуулийн ..... мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад нэрсийг нь багтаан Ү-н Б-д элсүүлэн суралцуулж, тэдэнд давуу байдал бий болгосон буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдэл нь тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 4 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэсэн шинжийг,

- Ү сургуульд суралцах боломжгүй хүүхдийг тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлоор тус сургуулийн захирал Д.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч П.Ю-гийн 2018 оны 7 дугаар сард С.О-гийн “ХААН” банк дахь 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сард 500,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.С-гийн 2018 оны 8 дугаар сард 600,000 төгрөгийг, шүүгдэгч М.О-гийн 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 500,000 төгрөгийг, шүүгдэгч Б.А-ийн 2018 оны 9 дүгээр сард 2,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Б-гийн 2018 оны 7 дугаар сард 500,000 төгрөгийг тус тус өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн...” гэсэн шинжийг,

- шүүгдэгч С.О-гийн нийтийн албан тушаалтан буюу Ү сургуулийн Ц сургуулийн жагсаалын даргаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох гэсэн П.Ю-гийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн 5753хххххххх тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал Д.О-д 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Ю-гийн “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх, шүүгдэгч С.О-, П.Ю, Д.Д-, Ц.С-, М.О, Б.А, Ж.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан  шүүгдэгч П.Ю, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхийг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь тус тус үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн ашиг сонирхолд учруулж буй хор уршигт тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн 2018 онд дагаж мөрдөж байсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг “...хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасныг хэрэглэлгүй 6 жилийн хугацаагаар оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул эрх хасах ялын хугацааг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жил өнгөрсөн,  Д.О-ийн цэргийн байгууллагад удаан жил ажилласан байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд оногдуулах нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг тус зүйл ангид заасан доод хэмжээгээр нь буюу 2 жилийн хугацаагаар тогтоосон болно.  

Мөн анхан шатны шүүх:

шүүгдэгч С.О-д тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгайлан зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заалтыг хэрэглээгүйг зөвтгөсөн, 

 шүүгдэгч Д.О, С.О нарт авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй байдлыг үүсгэх тул тус тус хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О-ийн нийт авсан 5,100,000 төгрөгийг Ү сургуулийн засвар, тохижилтын ажилд зарцуулсан гэх давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтад “...шүүгдэгч Д.О-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар...” гэснийг “...шүүгдэгч Д.О-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар. ...” гэж,

5 дахь заалтад “М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.О, С.О нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. ...” гэж,   

8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар... “ гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ