| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00447/И |
| Дугаар | 311/ШШ2025/00439 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00439
Зохигчид эвлэрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,................ тоот хаягт байрлах, ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн, Сонгино сумын, ........ хаягт оршин суух, Д.Н........т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,619,749.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... БЗГ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ".......... БЗГ" ХХК нь Д..........ийн хүсэлтээр 2021 оны 08-р сарын 18-нд №21/214 тоот зээлийн гэрээгээр 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч үндсэн зээлээс 4,878,805.05 төгрөг, хүүгээс 7,393,415.23 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй болно. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Н........ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул 13,619,749.88 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.........шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уг нэхэмжлэлд гаргасан мөнгөн дүнг миний бие огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийг цаг хугацаанд нь төлж байгаад бас хувийн сангийн асуудлаас болоод 6,621,164.95 төгрөг төлөөгүй байж байгаад 1,500,000, 2,000,000 төгрөг тус тус хийсэн боловч энэ банк бус нь алдангийн мөнгө гээд үндсэн зээлээс хасаагүй учир төлөлтийг үргэлжлүүлэн хийгээгүй болно. Иймд би нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлж чадахгүй алдангид 3,500,000 төгрөг төлсөн одоо 6,600,000 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч "........... БЗГ" ХХК, хариуцагч .......тэй харилцан тохиролцож, "....... БЗГ" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,619,749.88 төгрөгний алданги 4,539,916.63 төгрөгөөс татгалзаж, харин хариуцагч үлдэгдэл 9,079,833.25 төгрөгийг 2025 оны 9-р сарын 25-с 11-р сарын 25-ныг хүртэлх 3 сарын хугацаанд "........ ХХК-н Хаан банк дахь ........ тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ......... БЗГ ХХК нь хариуцагч Д.Н........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,619,749.88 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч 9,079,822.25 төгрөгийг өгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ........ БЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Н........... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 13,619,749.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 9,079,822.25 төгрөгийг өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,048 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80,113.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 145,934.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 226,048 төгрөгийг нэхэмжлэгч ......... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ