Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/04896

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        11          22                                                   182/ШШ2024/04896 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, давхарт байрлах,  дугаар регистртэй, ЗБДСгийн нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Ш-ын А,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй, Б овогт Б-йн У нарт холбогдох,

                                                              

Нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Хариуцагч Ш.А, Б.У,

Иргэдийн төлөөлөгч Н.О,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЗБДС нь хариуцагч Ш.А, Б.У нарт холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ЗБДС нь “ЗБДСгийн тухай хууль”-д зааснаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчийн оролцоотой ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Ш.А нь ЗБДСгийн гүйцэтгэх захирлаар Б.У нь ЗБДСгийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ЗБДСд хохирол учруулсан болох нь холбогдох эрх бүхий байгууллагаар тогтоогдсон. Тодруулбал: Сангийн яамнаас ЗБДСгийн 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийж, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/01-07 дугаар актад “Тус санг төлөөлж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.А, гүйцэтгэгчийг төлөөлж “ХМХДТ” ТББ-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №20/19 гэрээний дугаартай “ЗБДСгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, менежментийн бодлого, төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг сурталчилсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, нийгмийн чанартай реклам, сурталчилгаа, ярилцлага зэрэг сэтгүүл зүйн төрөл жанрын контентуудад медиа мониторинг хийх” хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч тал огт биелүүлээгүй байхад захиалагч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Төрийн банк дахь  тоот данснаас “ХМХДТ” НҮТББ/РД:/-ын Голомт банк дахь тоот дансанд 5.0 сая төгрөгийг шилжүүлсэн байна.” Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/01-07 дугаар актад “Тус санг төлөөлж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.А, гүйцэтгэгчийг төлөөлж “АМВС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №11/20 гэрээний дугаартай ЗБДСгийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх зорилгоор “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. Тус гэрээний төлбөр тооцоо хэсэгт гүйцэтгэгч байгууллагын хаан банкны данснаас өөр мэдээлэл байхгүй, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэх буюу гэрээний дүнгүй, мөн гэрээний биелэлт, гэрээ дүгнэсэн акт байхгүй байхад захиалагч тал 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрийн банк дахь  тоот данснаас “АМВС” ХХК-ийн Хаан банк дах  тоот дансанд 1.000.000 төгрөгийг “гэрээний дүн” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.” Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэж дүгнэн уг төлбөрийг ЗБДСгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.А, ерөнхий нягтлан бодогч Б.У нараар төлүүлж улсын төсвийн орлого болгохыг ЗБДСгийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ц, ерөнхий нягтлан бодогч Б.У нарт даалгасан. Мөн Үндэсний аудитын газраас ЗБДСгийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/01/-07, 02/01-07 дугаартай албан хаагчид тогтоосон төлбөрийн актыг байгууллагын төсвөөс төлсөн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-д “Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцаан төлүүлнэ.”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 8-д “Өр, авлагыг барагдуулах арга хэмжээг авч үлдэгдлийг тооцсон байх” гэж заасантай тус тус нийцээгүй, санхүүгийн тайлангийн нийцсэн бөгөөд зохистой байх, эрх ба үүрэг батламж мэдэгдлүүдийг хангахгүй байна” гэж үзэн нэр бүхий албан хаагчдад тогтоосон төлбөрийн актыг өөрсдөөр нь төлүүлээгүй зөрчлийг арилгахыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагаар шаардсан. Хариуцагч нартай дээрх төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцох, тооцоо нийлсэн акт үйлдэх санал гаргасан боловч хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг төлөхгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг тус тус үндэслэн дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Сангийн яамны улсын ахлах байцаагчийн актад албан хаагч тус бүрээс төлбөрийг хэдэн хувиар гаргуулах талаар заагаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулж нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Сангийн УЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан шинэчилсэн төсвийн хавсралт 1-ийн зардлын төрлийн 12 дах Зар сурталчилгааны зардлын 34.3 сая төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн гүйцэтгэл нь төсөв хэтрээгүй, шилжүүлэх хууль эрх зүйн үндэстэй байсан тул анхан шатны баримтуудыг үндэслэн өөрийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар шилжүүлсэн. Анхан шатны баримтуудыг жагсаавал: АМС” ХХК тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн үнийн дүнтэй №11/20 дугаартай гэрээ, “ХМХДТ” ТББ-тай 2020-12-22 ны өдөр №20/19 дугаартай 5 сая төгрөгийн гэрээнүүд нь УЗ өөр баталсан чиг үүргийн дагуу Төсөл бизнес хөгжлийн газрын маркетингийн мэргэжилтэн хийж, гүйцэтгэх захирлаар батлуулж санхүүд мэргэжилтэн өөрийн биеэр танилцуулсан 2 гэрээ мөн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор Төсөл бизнес хөгжлийн газрын маркетингийн мэргэжилтэн байгуулж, гүйцэтгэх захирлаар батлуулсан, мөн гүйцэтгэх захирлаар цохуулсан нэхэмжлэхүүд гэсэн 2 гэрээ, 2 нэхэмжлэхийг анхан шатны баримт гэж үндэслэсэн болно. Удирдах зөвлөлийн хурлаар баталсан 2020 оны төсвийн зар сурталчилгааны зардалд тусгасан төсөв, түүний гүйцэтгэлийг хянаж мөн тухайн гэрээг хариуцаж хийсэн маркетингийн мэргэжилтэн Ө.Г биеэр уулзаж маркетингийн гэрээний дүнг он дуусах дөхөж байгаа тул яаралтай шилжүүлэх ёстойг захирал зөвшөөрсөн гэж тайлбарласан. УЗ- Удирдах зөвлөл нь Сангийн удирдах дээд байгууллага нь юм. УЗ нь гүйцэтгэх захирлыг томилж чөлөөлнө, байгууллагын бүтэц, чиг үүрэг, орон тоог батална. Мөн тухайн оны төсвийг хэлэлцэн баталдаг бөгөөд Санг үүсгэсэн байгуулсан байгууллага болон төрийн төлөөллөөс бүрддэг болно. Тус гэрээ, түүний гүйцэтгэлийн тайлангийн ажил нь Ерөнхий нягтлан бодогчийн Ажлын байрны тодорхойлолт, нягтлан бодогчийн харьяалагддаг Захиргааны газрын чиг үүрэгт байхгүй бөгөөд энэ ажил нь Төсөл бизнес хөгжлийн газар, тус газрын маркетингийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ТБХ газрын чиг үүрэгт хуваарилан заасан тухай Сангийн Удирдах Зөвлөлийн баталсан бүтцээр Нягтлан бодогч нь захиргааны газарт харьяалагддаг бөгөөд харин зар сурталчилгаа маркетингийн ажлуудыг хариуцан ажилладаг мэргэжилтэн нь Төсөл бизнес, хөгжлийн газарт харьяалагддаг. Иймд газрын чиг үүрэг, ажилтны ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус 2 гэрээг ТБХГ-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн мэргэжилтэн гэрээг хийж, Гүйцэтгэх захирлаар зөвшөөрүүлэн батлуулж санхүүд холбогдох баримтыг өгч гүйлгээ хийлгүүлэх, хэрэгжилтийн тайланг дүгнэж, гэрээний 2 талаар баталгаажуулах, тайланг газрын дарга, гүйцэтгэх захирлаар хянуулан баталгаажуулах чиг үүргүүдийг хангаж ажиллах хөдөлмөрийн гэрээтэй болно. Гэрээнүүдэд ТБХГ-ын маркетингийн мэргэжилтэн Ө.Г, баталсан Гүйцэтгэх захирал Ш.А нар гарын үсэг зурж, тамгалан баталгаажуулсан байгаа. Дахин дурдахад гэрээний хэрэгжилтийг дүгнэх, гүйцэтгэл хэрэгжилтийн тайлан үйлдэж 2 талаар гарын үсэг зурж баталгаажуулах ажил нь Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь, Захиргааны газрын чиг үүрэгт байхгүй гэдгийг Сангийн УЗ-ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан Сангийн бүтэц, газруудын хийх ажил, чиг үүргийн хүрээг зааж өгснөөр миний бие хариуцах үндэслэл нотолгоо байхгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал Ш.А 2020-08-14-нөөс 2022-09-14, Ц 2022-09-14-нөөс 2023 оны 04-16 хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Сангийн яамны дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Дээрх зар сурталчилгааны 6 сая төгрөгийн дүнтэй 2 гэрээний дүнг шилжүүлэхдээ Сангийн УЗ-ийн 2020 оны 10 сарын 30 дугаар тогтоолоор батлагдсан төсөвт зар сурталчилгааны зардал нь 34.307.890.0 төгрөгөөр батлагдсан төсвийг баримталж, 2020 оны аудитын дүгнэлтийн аудитлагдсан тайлангийн орлого үр дүнгийн тайлангийн Зар сурталчилгааны зардлын гүйцэтгэл 32.157.270.0 төгрөгөөр тайлагнасан. Иймд төсвийг хэтрүүлээгүй хэмнэлтэй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д, зар сурталчилгааны 2 гэрээ нь батлагдсан зар сурталчилгааны зардалд шууд хамаарах ажил гүйлгээ тул 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалтуудад нийцэж байгаа болно. Тиймээс Б.У миний ажлын тодорхойлолт, нягтлан бодогчийн харьяалагддаг Захиргааны газрын чиг үүрэгт зар сурталчилгааны гэрээ хийх, хянах, хэрэгжилтийн тайлан гүйцэтгэх үүргийг заагаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Ш.А миний бие ЗБДСгийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэх хугацаандаа аливаа төлбөр, нэхэмжлэхийг дангаар шийдвэрлэх эрхгүй байсан бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд сангийн удирдлагын баг болох газар, хэлтсийн дарга нар, мөн тухайн ажил, чиг үүргийг хариуцсан албан тушаалтны урьдчилан судлан гаргаж өгсөн баримт бичиг, шийдвэрийг үндэслэн төлбөр тооцоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад хариуцуулан ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурдсан хоёр гэрээг боловсруулж гарын үсэг зуруулсан буюу уг гэрээг боловсруулж, дүгнэсэн мэргэжилтэн нь ЗБДСгийн Төсөл, бизнес хөгжлийн хэлтсийн маркетингийн мэргэжилтэн М.Г байсан. Тухайн цаг үед ковид цар тахлын эдийн засаг, нийгмийн хүндрэлээс гарах төр, засгийн бодлогын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үнэн зөв, бодит мэдээ, мэдээлэл өгөх, сангийн үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд нээлттэй ил тод байлгах зорилгоор “ХМХД” ТББ болон “АМВС” ХХК-тай ЗБДСгийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа тус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг баталсан. Гэрээний нөхцөлийн дагуу зохих төлбөрийг тус байгууллагуудын эзэмших дансанд холбогдох албан тушаалтнууд шилжүүлж ажилласан байна. Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын улсын ахлах байцаагчид хяналт шалгалтын явцад удаа дараа хэлж, мэдэгдэж байсан. Тус гэрээнүүдийг дүгнэсэн акт нь ЗБДСд хадгалагдаж байсан. Гэвч нэхэмжлэлд дурдсан Сангийн яамны хяналт, шалгалт хийх үед тус шалгалтыг хийж гүйцэтгэсэн байцаагчид нэхэмжлэгч буюу ЗБДС нь тус актуудыг гаргаж өгөлгүй дээрх гэрээнүүдийн дагуу гэрээний гүйцэтгэгч тал нь огт ажил хийж гүйцэтгээгүй мэт нөхцөл байдлыг зориудаар үүсгэсэн гэж үзэж байна. Сангийн яамны буюу төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ЗБДС нь шаардлагатай, холбогдох бүхий л мэдээ мэдээллийг үнэн зөв бодитоор нь гаргаж өгөх, холбогдох этгээдүүдээс шаардан авч хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл тус үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцагч нараас шаардах нь үндэслэлгүй юм. Харин дээрх төрийн бус байгууллага болон компаниас холбогдох тайлбар, мэдээллийг авах шаардлагатай болох нь үүгээр харагдаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу гэм хор учруулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2,498 4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Тодруулбал, хариуцагчийн шууд хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх дүгнэлт, үндэслэл нь хангалтгүй бөгөөд тухайн хууль бус гэх шийдвэрийг хариуцагч нь илтэд болгоомжгүй эсхүл санаатайгаар гаргасан гэсэн үйл баримт тогтоогдох ёстой юм. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч нь санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн урьдчилсан нөхцөлийг хангагдаагүй гэж үзэх нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж гэм хорын төлбөрт 6.000.000 төгрөг гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Монгол улсын сангийн яам 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01-07 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт төлүүлэх тухай” Улсын ахлах байцаагчийн акт, Монгол улсын сангийн яам 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01-07 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт төлүүлэх тухай” Улсын ахлах байцаагчийн акт, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11/20 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20/19 дугаартай Зар сурталчилгааны гэрээ, 2 хуудас гялс банк интернэт-гүйлгээний мэдээлэл, 2 хуудас нэхэмжлэх, Үндэсний аудитын газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 817/А0150127 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага,

хариуцагчаас Б.Уийн хариу тайлбар, Ш.Аийн хариу тайлбар, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5.Шүүх 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2024/15962 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр ЗБДСгийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/166 дугаартай “Томилолтоор ажиллуулах, зардал гаргах тухай” тушаал, ЗБДСгийн удирдах зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай “Сангийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, бүтцийн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” тогтоол, ЗБДСгийн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай “Сангийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоол, ЗБДСгийн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай “Сангийн 2021 оны төсөв батлах тухай” тогтоол, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ЗБДСгийн төсөл, бизнес хөгжлийн газрын маркетинг хамтын ажиллагааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2051 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ЗБДСгийн захиргааны газрын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, ЗБДСгийн төсөл, бизнес хөгжлийн газрын маркетингийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Үндэсний төв архив Удирдлагын баримт хүлээн авсан акт, Үндэсний аудитын газар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07/939 дугаартай Аудитын санал дүгнэлт, Ажлын гүйцэтгэлийн тайлан гаргуулж бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/01/-07, 02/01-07 дугаартай албан хаагчид тогтоосон төлбөрийн актыг байгууллагын төсвөөс төлсөн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай этгээдээс буцаан төлүүлэхээр заасан. Зөрчлийг арилгуулахаар шаардсан боловч төлөхийг зөвшөөрөөгүй тул Ш.А, Б.У нараас улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 6.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Хариуцагч Б.У нь Улсын ахлах байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй, миний ажлын тодорхойлолт, нягтлан бодогчийн харьяалагддаг Захиргааны газрын чиг үүрэгт зар сурталчилгааны гэрээ хийх, хянах, хэрэгжилтийн тайлан гүйцэтгэх үүргийг заагаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

хариуцагч Ш.А улсын ахлах байцаагчийн актыг бол хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн шууд хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх дүгнэлт, үндэслэл нь хангалтгүй, илтэд болгоомжгүй эсхүл санаатайгаар гаргасан гэсэн үйл баримт тогтоогдох ёстой гэтэл тийм зүйл байхгүй, байгууллагад хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.ЗБДС, ХМХДТ ТББ нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20/19 дугаартай  “ЗБДСгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, менежментийн бодлого, төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг сурталчилсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, нийгмийн чанартай реклам, сурталчилгаа, ярилцлага зэрэг сэтгүүл зүйн төрөл жанрын контентуудад медиа мониторинг хийх” хамтран ажиллах гэрээг байгуулжээ. /хх-ийн 10, 11/

 

Уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч тал огт биелүүлээгүй байхад нь захиалагч буюу ЗБДС нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Төрийн банк дахь  тоот данснаас “ХМХДТ” НҮТББ/РД:/-ын Голомт банк дахь  тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай хэмнэлтэй байхаар төлөвлөж зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн учир тус сангийн захирлаар ажиллаж байсан Ш.А, ерөнхий нягтлан бодогч Б.У нараар төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тавигдсан байна.  

 

6.ЗБДС, “АМВС” ХХК нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №11/20 гэрээний дугаартай ЗБДСгийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх зорилгоор “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

 

Тус гэрээнд гэрээний төлбөр тооцоо хэсэгт гүйцэтгэгч байгууллагын хаан банкны данснаас өөр мэдээлэл байхгүй, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэх буюу гэрээний дүнгүй, мөн гэрээний биелэлт, гэрээ дүгнэсэн акт байхгүй байхад ЗБДС нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрийн банк дахь  тоот данснаас “АМВС” ХХК-ийн Хаан банк дахь  тоот дансанд 1.000.000 төгрөгийг “гэрээний дүн” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

 

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэж дүгнэн тус сангийн захирлаар ажиллаж байсан Ш.А, ерөнхий нягтлан бодогч Б.У нараар төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тавигдсан байна.  

 

7.Монгол улсын сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01-07 тоот “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийн улсын төсөвт төлүүлэх тухай” актаар “...ЗБДСгийн Төрийн банк дахь  тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ХМХДТ” НҮТББ-ын Голомт банк дах тоот дансанд “мониторингийн төлбөр” гэж шилжүүлсэн 5.0 төгрөгийг тус сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.А, ерөнхий нягтлан бодогч Б.У нараар төлүүлж улсын төсвийн орлого болгох...” гэжээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

8.Монгол Улсын Сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01-07 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт төлүүлэх тухай актаар “...ЗБДСгийн Төрийн банк дахь  тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “АМВС” ХХК /РД:/-ын Хаан банк дахь  тоот дансанд “гэрээний дүн” гэж шилжүүлсэн 1.0 сая төгрөгийг тус сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.А, ерөнхий нягтлан бодогч  Б.У нараар төлүүлж улсын төсвийн орлого болгох...” гэсэн байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь  2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01-07 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01-07 дугаартай Улсын ахлах байцаагчийн актуудтай танилцсан болох нь актыг танилцаж зөвшөөрсөн хэсэгт гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Уг актад Ш.А, Б.У нар нь гомдол гаргаагүй байна.

 

Монгол улсын сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01-07 тоот актаар тавигдсан 5.000.000 төгрөг, Монгол улсын сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01-07 тоот актаар тавигдсан 1.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг ЗБДС нь төлж барагдуулсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн банкны “Гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл” болон талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд үүн дээр маргаагүй болно.   

 

Иргэн, хуулийн этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөр учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. 

 

Дээрх баримтаас үзэхэд, ЗБДСд 6.000.000 төгрөгийн хохирол учирсанд хариуцагч Ш.А, Б.У нар буруутай байх тул 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Иргэдийн төлөөлөгч Н.О нь хариуцагч нар нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд зарцуулсан зардал учир төлөх шаардлагагүй гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн актуудтай танилцаж зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бөгөөд гомдол гаргаагүй байна.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 110.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Ш.А, Б.У нараас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЗБДСд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А, Б.У нараас 110.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗБДСд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                      Х.ДАШДЭЧМАА

                                     

                                                                                        Н.НАРАНГЭРЭЛ