| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0750/э |
| Дугаар | 0801 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 0801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хохирогч Д.У, шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт О Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806040600999 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О Э, 19 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн сумын 2 дугаар багийн гэдэг газар оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн дугаар хороо хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
О.Э нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн хэсгийн тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.У толгой руу шүүрний ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 10.00 цагийн орчимд дүүргийн дугаар хороо У нь байдаг Ж гэх айлынд толгойгоо бариулахаар очсон. Тэдний гэрт очиход үл таних 2-3 хүн архи ууж байхаар нь би нийлж уусан. Тэгээд би толгойгоо бариулчихаад тухайн үед мөнгөгүй байсан болохоор Ж дагуулаад гэртээ очоод нэг утас өгсөн. Тэгээд гэртээ байж байтал эхнэр уурлаад намайг архи уулаа гээд байхаар нь гараад явах гэтэл намайг модон иштэй шүүрээр араас нуруу руу цохисон. Тэгэхээр нь би шүүрийг нь булааж аваад эхнэрийнхээ толгойн арын дагз хэсэгт цохитол цус гарсан. Би гэрээсээ гарч явж байгаад эргээд иртэл цагдаа нар ирчихсэн байсан юм. Би өмнө нь эхнэрээ зодсон гэж баривчлагдаж байсан гэжээ. /хх-ийн 19/
Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар хэсэг тоот гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт байж байтал өглөө 08-09 цагийн орчимд манай нөхөр Э толгойгоо хүнээр бариулна гээд гарсан. Өдөр 12.00 цагийн орчим гэртээ ирэхдээ нэг үл таних залуугийн хамт орж ирээд барьдаггүй гар утсаа олж аваад гараад явсан. Нөхрийг гараад явсаны дараа манай дүү манайд ирсэн юм. Гэтэл манай нөхөр удалгүй орж ирээд гэрт хүн байлгалаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чи архи ууж орж ирчихээд хүн рүү агсарлаа гээд өмсөж байсан өмдийг нь шидчихсэн юм. Гэтэл Э гэрт байсан шүүрийг аваад миний толгой руу 2-3 удаа цохисон. Миний толгойноос цус гарахаар нь би цагдаа дуудсан гэжээ. / хх-н 3-7/
О.Э гэрчээр асуусан тэмдэглэл : /хх-н 8-/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 11/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний /хх-н 10/ 5925 тоот ДҮГНЭЛТ:
1.Д.У биед баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 10/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/
О.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14-15/
О.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-19/
О.Э иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 21/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 20 /, О.Э зөрчлийн талаар баримтууд / хх-н 23-25/
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягтад: эрсдэлийн түвшин 15 буюу өндөр түвшинд байна гэжээ. / хх-н 22/ зэрэг болно.
О.Э нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн дугаар хорооны Улиастайн хэсгийн тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.У толгой руу шүүрний ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Д.У биед баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт хх-н 10/
Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай нөхөр удалгүй орж ирээд гэрт хүн байлгалаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чи архи ууж орж ирчихээд хүн рүү агсарлаа гээд өмсөж байсан өмдийг нь шидчихсэн юм. Гэтэл Э гэрт байсан шүүрийг аваад миний толгой руу 2-3 удаа цохисон. Миний толгойноос цус гарахаар нь би цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг. /хх-н 3-7/
Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … гэртээ байж байтал эхнэр уурлаад намайг архи уулаа гээд байхаар нь гараад явах гэтэл намайг модон иштэй шүүрээр араас нуруу руу цохисон. Тэгэхээр нь би шүүрийг нь булааж аваад эхнэрийнхээ толгойн арын дагз хэсэгт цохитол цус гарсан. Би гэрээсээ гарч явж байгаад эргээд иртэл цагдаа нар ирчихсэн байсан юм. Би өмнө нь эхнэрээ зодсон гэж баривчлагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
О.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.У нэхэмжлэх зүйлгүй, нөхөртэйгээ эвлэрсэн тул гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
О.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт О Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар О.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Эрхэмсайхан нь нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН