Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1004

 

 

 

Э.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Т.Х, Ц.Монгол,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан, өмгөөлөгч Ц.Монгол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Х-т холбогдох эрүүгийн 2310017830624 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

О овгийн Э.Х ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;  

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Э.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Ц-ий А дүүргийн ..... дүгээр хороо, Н-ийн аманд барьж буй амины орон сууцны барилгын талбайд экскаватор жолоодож шороо тэгшлэх ажил гүйцэтгэх явцдаа ар талаа харахаар эргэхдээ механизмын хөдөлгөөн дамжуулах удирдлагад болгоомжгүйгээр хүрсний улмаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.1-т “Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаартай тушаалаар баталсан 2784 дугаартай “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1 дэх хэсэг, Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ийн 7.1.11-т “машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, механикжуулалтын бусад хэрэгслүүдийг залгах, ажиллуулах үйл ажиллагааг зөвхөн эдгээр хэрэгслийг удирдах, хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэх бүхий этгээд гүйцэтгэнэ” гэснийг тус тус зөрчиж, хохирогч Б.Э-ыг экскаваторын шанагаар цохиж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Э-ны Х-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хурал дээр миний бие биеэ барилгүй шүүгдэгчийн тал руу дайрсан. Үнэндээ шүүгдэгч миний хүүгийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй. Гэнэтийн ослын улмаас миний хүү амь насаа алдсан. Шүүгдэгч энэхүү үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, буруугаа ойлгож, ухаарч байгаад миний хувьд бага ч гэсэн сэтгэл тайвширч байгаа. Шүүгдэгчийн талаас анхан шатны шүүх хурал дээр хохирол, төлбөрт 80 гаруй сая төгрөг, нэмж 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10 сая төгрөг, нийт 90 гаруй сая төгрөгийг хүлээлгэж өгсөн болно. Мөн шүүгдэгч бидэнтэй адил эдийн засгийн боломжгүй ч эд хөрөнгөө зарж, чадах хэмжээгээрээ хохирлын төлбөрийг барагдуулсан. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, мөн өөрийн үйлдлийг ухаарч, гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзаж хорих ялыг хөнгөрүүлж, боломж олгож өгнө үү. Миний зүгээс болон миний ар гэрийн зүгээс шүүгдэгчийн талд ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие алс хол Увс аймагт амьдардаг бөгөөд нас өндөр болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдолдоо: “...Санамсар, болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. Миний бие өөрийн зүгээс хохирогчийн ар гэрт ажил хөдөлмөр эрхлэж санхүүгийн туслалцаа үзүүлэх хүсэлтэй байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ байдаг. Миний ар гэрийн байдал, хохирогчийн ар гэрт туслах хүсэлтийг харгалзан үзэж, ял хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.   

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Т.Хонгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Х өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн. Шүүгдэгчийн ажил олгогч “Хүрээ цамхаг” ХХК нь нийт 83,583,700 төгрөгийн тусламж хохирогч талд үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Э.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Х нь гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг компанид хүсэлт гаргаж бүрэн барагдуулсан, өөрөө төлбөрийн чадваргүй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ах, дүү нараас нь удаа дараа уучлал гуйж, маш их харамсаж байгаагаа илэрхийлж байсан, маш ихээр гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн зүгээс хохирол, нөхөн олговорыг компаниас гаргуулсныг илэрхийлж, Э.Х-оос хохирол нэхэмжлээгүй бөгөөд ял оногдуулахдаа Э.Х-ын ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан \хавтаст хэргийн 198, 212 дугаар тал\ байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.  

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нэгээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял, эсхүл 1-ээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж, Э.Х-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.Х-т холбогдох 2310017830624 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Э.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Ц-ий А дүүргийн ..... дүгээр хороо, Н-ийн аманд барьж буй амины орон сууцны барилгын талбайд экскаватор жолоодож шороо тэгшлэх ажил гүйцэтгэх явцдаа ар талаа харахаар эргэхдээ механизмын хөдөлгөөн дамжуулах удирдлагад болгоомжгүйгээр хүрсний улмаас хохирогч Б.Э-ыг экскаваторын шанагаар цохиж амь насыг нь хохироосон болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас: “Замын хажууд барилга дээр хүн осолдсон. Механикийн шанаганд цохиулж гэмтсэн” /1-р хх-ийн 8/,

хэргийн газрын үзлэг, гэрэл зургууд /1-р хх-ийн 9-15/,

гэрч М.С-ийн: “...Бид хоёр ажил хэргийн холбоотой хүмүүс байсан. Би өөрийн хоёр ажилтан Б.Э-, Х гэх хүмүүсийг экскаватор Чойр хүргүүлэхээр явуулсан. Тэрнээс ямар нэг талбай цэвэрлэх ажилд явуулаагүй. ...” /1-р хх-ийн 48/, “...талийгаач Э, Х хоёрыг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө утсаар яриад өнөөдөр механизмаа ачаад Чойрт очоод буулгачих гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь орой 19 цаг 30 минутын үед Х утсаар залгаж уйлаад би Эыг алчих шиг боллоо гэж ярьсан.  ...” /1-р хх-ийн 50/,

гэрч О.Г-ийн: “...экскаватор ачсан 2 залуу хаус баригдаж байгаа хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талд байх налуу шороог тэгшлэх ажлыг хийж байсан. Туранхай намхан залуу нь экскаватороо жолоодож байсан. Тэгээд 19:00 цагийн үед барилгын хашаан дотор байх гэрт орж ус уучхаад гараад ирсэн чинь А ах над руу гүйж ирээд нөгөө экскаваторыг авчирсан залуу экскаваторын шанагад цохиулчихлаа гэж хэлсэн. Яваад очсон чих хамраас нь цус гарчихсан экскаваторыг жолоодож байсан залуу үхчихлээ гээд тэвэрчихсэн уйлаад сууж байсан...” /1-р хх-ийн 52-53/,

гэрч О.А-ийн: “...Би ерөнхийд нь хараад байж байсан. 19:00 цагийн үед гадаа гэгээтэй, нар дөнгөж жаргаж байсан. Тухайн хоёр залуугийн намхан жижиг залуу нь экскаватораа бариад талийгаач залуу нь экскаваторын зүүн хойд хэсэгт хараад зогсож байсан. Тухайн экскаватор ухрах гээд хойшоо хашаанд тулаад хашааг нь авчихсан байсан. Би тухайн үед баригдаж байгаа байшингийн баруун урд талд нь зогсож байсан чинь гэнэт хүн орилох шиг болохоор нь эргээд харсан чинь экскаваторын шанаганы доор талийгаач залуу унаж харагдсан. Нөгөө экскаваторын жолооч экскаватороосоо гүйж гарч ирээд бид хоёр яваад очсон чинь хамар амнаас нь цус гарчихсан байсан.  ...” /1-р хх-ийн 55-56/,

гэрч Б.Ц-ий: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын талбай цэвэрлүүлэхээр захиалга өгөөгүй, харин Б.Э- гэх хүнд Сонсголонгоос Нүхтийн аманд барилгын талбай дээр экскаваторыг аваачиж тавьчихаарай гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 58/,  “...би өөрийнхөө бариулж байгаа байшинд ажиллаж байсан хүмүүстэй амаараа ярилцаад үнэ хөлсөө тохиролцоод аюулгүй байдлаа өөрсдөө хангахаар ярилцаж тохиролцдог байсан.  ...” /1-р хх-ийн 248/,

гэрч О.С-ийн: “...Э нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай хамаатны ахын компанид ажилладаг. ...2023 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө би А-д өнөөдөр 13 цагийн үед экскаватор очиж газар тэгшлэх ажил хийнэ шүү гэж хэлсэн. Тэгсэн над руу 15 цагийн үе А экскаватор ачсан нэг жижиг оврын машинтай залуу ирсэн гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 61, 225/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №1200 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаачийн цогцост толгойн хэлбэр алдагдуулсан гавлын орой ба суурь яс, нүүрний яснуудын үйрч бяцарсан, олон салсан, цөмөрсөн хугарлууд, тархины хатуу хальсны урагдал, тархины хэлбэр алдагдалт, тархины эдийн няцрал, бяцрал, их ба бага тархины аалзан хальс доорхи цус харвалт, нурууны язарсан шарх, дух, баруун хацрын төвгөр, хамрын нуруу, баруун гуя, баруун өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид 2023.04.24-ний өдрийн 02 цаг 00 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. ...” /1-р хх-ийн 73-77, 82-84/,

хэргийн материалаар гаргасан шинжээчдийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХАБ-029/23 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 152-157/, шинжээч Г.Г-ийн мэдүүлэг: “...Б.Ц- нь ямар техник хэрэгслээр ажиллаж байгааг мэдэх боломжгүй байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтад Б.Ц- нь гүйцэтгэгч байгууллагуудтай амаар тохиролцсон байсан. Тэрнээс бол өөрөөр албан ёсны бичгээр гэрээ хэлцэл байхгүй байсан...” /1-р хх-ийн 220/,

2802 УР улсын дугаартай Hyundai маркийн R60-7 загварын экскаватор нь “Хүрээ цамхаг” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 103/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Э.Х-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.1-т “Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаартай тушаалаар баталсан 2784 дугаартай “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1 дэх хэсэг, Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ийн 7.1.11-т “машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, механикжуулалтын бусад хэрэгслүүдийг залгах, ажиллуулах үйл ажиллагааг зөвхөн эдгээр хэрэгслийг удирдах, хариуцан ажиллуулахаар томилогдсон үнэмлэх бүхий этгээд гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж, барилгын талбайд экскаватор жолоодож шороо тэгшлэх ажил гүйцэтгэх явцдаа ар талаа харахаар эргэхдээ механизмын хөдөлгөөн дамжуулах удирдлагад болгоомжгүйгээр хүрсний улмаас экскаваторын шанагаар Б.Э-ыг цохиж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн Э.Х-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос төлөөгүй хувийн байдлыг нь харгалзан түүнд хорих ялыг сонгож, хоёр жилийн хугацаагаар оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохиролд 83,583,700 төгрөгийг төлсөн тухай баримт /1-р хх-ийн 198-211/-аар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт “Хүрээ цамхаг” ХХК-аас төлжээ.

Харин шүүгдэгч Э.Х нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохиролд 10 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е-д төлсөн болох нь Я.Е-гийн давж заалдах гомдол /2-р хх-ийн 100/, шүүхэд гаргасан бичиг зэргээр нотлогдож байна.

Э.Хоос хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е-гийн “...шүүгдэгч бидэнтэй адил эдийн засгийн боломжгүй ч эд хөрөнгөө зарж, чадах хэмжээгээрээ хохирлын төлбөрийг барагдуулсан, бага насны 3 хүүхэдтэй, мөн өөрийн үйлдлийг ухаарч, гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзаж хорих ялыг хөнгөрүүлж, боломж олгож өгнө үү. ...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор, Ц.Монгол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е нараас ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлуудыг хүлээн авч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Э.Х нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Э-ны Х-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овгийн Э.Хт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Э.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Е-д 10,000,000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ