| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2025/0028/з |
| Дугаар | 120/ШШ2026/0014 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 120/ШШ2026/0014
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга *******, хариуцагч мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга (албан үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "*******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/53 дугаар тушаал, мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Ёс зүйн зөрчилд тооцох тухай” 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо /Цаашид “Ёс зүйн дэд хороо” гэх/ нь мөн газрын Олон нийттэй харилцах албаны менежер А.Наранцэцэгээс ирүүлсэн гомдлыг хянан шалгаад “...Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн *******ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.6 дахь заалтад заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан...” гэж дүгнэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Ёс зүйн зөрчилд тооцох тухай” 02 дүгнэлтийг гаргажээ.
2.2. Улмаар хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дөлбаяр /Цаашид “Тамгын газрын дарга” гэх/ 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар “...*******д нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/ШЗ2025/0230 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн.[1]
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...******* аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах зорилгоор БНХАУ-руу явсан, энэхүү үйл ажиллагааг байгууллагаас зохион байгуулсан. БНХАУ-д байх үед миний нөхөр М.Шинэхүү ээлжийн амралттай байж байгаад бидэнтэй хамт явсан. Энэ үеэр нөхрийг маань Засаг даргын тамгын газрын ОНХА-ны менежер Наранцэцэг ОНХА-ны ажлаасаа өөрийнх нь хүсэлтээр гаргахыг шаардаад байгаа тухай яригдсан, энэ шалтгааны улмаас би Наранцэцэгтэй маргалдсан асуудал гарсан. Гэхдээ энэ нь төрийн албаны ажил үүрэгтэй холбогдолгүй, санал зөрөлдсөн маргалдсан гэх боловч ёс зүйн зөрчилд хамаарахгүй нөхцөл байдал үүссэн байсан.
Гэтэл ОНХА-ны менежер Наранцэцэгийн гомдлыг хянаад ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Гэр бүлийн гишүүнийг маань ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шаардаж байсан Наранцэцэгийн зүй бус үйлдлийг харгалзан үзээгүй, улмаар ёс зүйн дэд хорооны шийдвэр нь надад нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээлгэх нотлох баримт болж байгаа. Уг шийдвэрт үндэслэн *******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/53 дугаар тушаал гарсан.
Мөн үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн дээрх тушаал гарсантай холбоотойгоор миний хувьд цаашид төрийн албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээний дагуу олгогддог үр дүнгийн урамшуулал нэг жилийн хугацаанд олгогдохгүй болж байгаа, миний бие Удирдлагын академид Төрийн захиргаа удирдлагын чиглэлээр ахисан буюу ахлах түшмэлийн сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа. Гэтэл Удирдлагын академийн тус сургалтын шалгуурт ёс зүйн зөрчилгүй байх гэх шаардлага тавигдсан байгаа. Ес зүйн зөрчилтэй хүн ямар нэгэн шагналд нэр дэвших боломжгүй. Энэ мэт байдлуудаас үүдэн миний эрх ашиг зөрчигдөж байна.
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "*******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/53 дугаар тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дүгнэлт, тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр болон түүний үндэслэлтэй санал нийлэхгүй шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна. Хариуцагч талаас гаргасан шийдвэрүүдийнхээ үндэслэлийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндэслэл болгодог. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийнхаа 5 дугаар зүйлд төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Мөн хуулийнхаа 5.1.1-д нь төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэж Төрийн албан хаагчийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг гэж нэр зааж тодорхойлсон.
Ёс суртахууны нийтлэг шаардлага гэдэг нь тухайн хуулийн 2 дугаар бүлэг буюу 6, 7, 8 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байдаг. Ёс зүйн хорооны дүгнэлт болоод маргаан бүхий тушаал дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6, 7, 8 дугаар зүйлүүдэд заасан энэ олон нэр заасан зөрчлүүдээс яг алийг нь гаргасан талаар тодорхой дурдсан зүйл байдаггүй. Баримталсан зүйл хэсгээр нь харахад нэгжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, байгууллагын дотоод журам зэргийг үндэслэл болгон үндэслэлтэй гаргасан мэт харагддаг.
Гэтэл үндэслэл болгосон зохицуулалт, хуулийн заалтуудыг бүгдийг нь нарийвчлаад харахад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан ёс зүйн зөрчлийн аль зөрчлийг гаргасан гэдгээ тодорхойлж зааж өгөөгүй, Үндсэн хуульд заасан буюу салбар хуулиудад үүрэг болгосон мэдэх эрх, өөртөө сөрөг өөрчлөлт бүхий захиргааны шийдвэр, аливаа үйл ажиллагаанд ойлгомжтой байх, мэдсэний дараа эрхээ хамгаалах үйлдэл хийх боломжуудын нэгжүүдийг энэ хамгаалагдсан эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна.
Дээрээс нь их маргаантай, эргэлзээ үүсгэсэн нэг зүйл байгаа. Энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар дотор ёс зүйн зөрчил гаргасан, ёс зүйгүй бүдүүлэг авир гаргасан гэдэг үйл явдал нь хаана болсон бэ гэдгийг анхаарал ёстой. Бүгд хүлээн зөвшөөрч байгаа нэг зүйл нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр энэ асуудал болсон учир Монгол Улсын төрийн албан хаагч гадаад улсын нутаг дэвсгэр дээр явахдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэх, аливаа үйлдлийг нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг шийдэж хэлэлцэх үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль дээр энэ талаар зохицуулалт байдаггүй.
Харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэнэ гэсэн зарчмын зохицуулалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн эвсэл гэж байгаа.
Тэгэхээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр төрийн албаны чиг үүрэг буюу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн харилцаа, эрх үүргээ биелүүлж байхдаа гаргасан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан зөрчил гаргах юм бол төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжтой.
Гэтэл гадаад улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөрлөх харилцаатайгаа тусдаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй явах үедээ бусадтай маргалдсан ийм асуудлыг Ёс зүйн дэд хороо хүлээн авч дүгнэлт гаргах, цаашлаад ажил олгогч буюу Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс шийтгэл оногдуулах нь хуульд заасан зарчим, нутаг дэвсгэрийн харьяалал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан зөрчлүүдэд нэр заахгүй байгаа энэ байдлууд нь тухайн тушаал болон дүгнэлтүүдийг хуульд заасан шаардлагад нийцэхгүй үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
5. Хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/09 дүгээр тушаалаар батлагдсан "Байгууллагын дотоод журмын 34 дүгээр зүйлийн 1 дэх заалт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар *******д ёс зүйн хариуцлага ногдуулж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байгууллагын албан хаагчдын шуурхай хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр Б/53 тушаалын хэрэгжилтийг хангаж байгууллагын 35 албан хаагчдад тушаалыг уншиж танилцуулан, *******д өгсөн.
******* нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн Б/53 дугаар тушаал гарснаас шалтгаалж "төрийн албан хаагчийн үр дүнгийн урамшуулал авч чадахгүй болсон, удирдлагын академийн сургалтад хамрагдаж чадахгүй болсон, ямар нэг шагналд нэр дэвших боломжгүй болсон тул" гэж тайлбарласан нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасны дараах үр дагавраас шалтгаалан зөрчлийг үгүйсгэх, улмаар тушаалыг хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Иймд *******ын аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар 08-ны өдрийн "*******д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/53 дугаар тушаалтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслээд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ёс зүйн хариуцлага ноогдуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасны дагуу *******тай биечлэн уулзаж, дээрх шийдвэрийг гаргах тухай тэмдэглэл, сонсох ажиллагаа хийгээд уг шийдвэрийг 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар гаргаад, 10 дугаар сарын 29-ний өдрийн байгууллага хамт олны шуурхай хуралд танилцуулах заалтын дагуу хамт олонд шийдвэрийг танилцуулж гаргаж өгсөн.
Үндэслэл дээрээ олон хуулийн заалттай харагдах мэтээр гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн дээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт төсвийн шууд захирагч буюу ажил олгогч нь албан хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбоотой хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ёс зүйн дээд хорооны дүгнэлт болон ёс зүйн дээд хорооны хурлын тэмдэглэл дээр зөрчсөн заалтуудыг тодорхой тусгасан учраас шийтгэлийн хэлбэрийг тусгасан байгаа.
Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн биечлэн уулзаж танилцуулсан. Мөн байгууллагын дотоод журмын холбогдох заалт, ёс зүйн дэд хорооны дүгнэлт зэргийг үндэслэж шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
6. Хариуцагч Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 46 алба хаагч нар 2025 оны 08 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг ёс бус үг, хэллэгээр доромжилсон, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүй, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэлийг гаргаж, албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлалгүй, БНХАУ-ын Ганц модны хилийн боомтын орчинд болон улсын хилээр нэвтрэх үед биеэ авч явах чадваргүй согтуу байснаас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16.00-18.00 цагийн хооронд БНХАУ-ын Ганц модны хилийн боомтын шалган нэвтрүүлэх үүрэг бүхий албан хаагчид *******ыг хилээр зорчихыг хориглож, нэвтрүүлээгүй зэрэг үйлдэл гаргасан.
*******ын дээрх үйлдэлтэй холбогдуулан ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны менежер А.Наранцэцэгээс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороонд гомдол гарган ирүүлсэн. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам" зэрэг тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд *******д холбогдох гомдлыг хянан шалгаж ёс зүйн зөрчил гаргасныг тогтоон аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг гаргасан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос тухайн гомдлыг хянан шалгах явцад ******* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны хуралдаанд биечлэн оролцож тодруулга, мэдээлэл өгч Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, байгууллагын удирдлага, албан хаагчдаас уучлал гуйсан, дахин зөрчил гаргахгүйн үүднээс цаашид олон нийтийн арга хэмжээнд оролцохгүйгээ илэрхийлж байсан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-3 дугаартай тэмдэглэлд авагдсан.
*******аас нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо: "төрийн албан хаагчийн үр дүнгийн урамшуулал авч чадахгүй болсон, Удирдлагын академийн сургалтад хамрагдаж чадахгүй болсон, ямар нэгэн шагналд нэр дэвших боломжгүй болсон тул Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгох" гэсэн агуулгаар тайлбарласан бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасны дараах үр дагавраас шалтгаалан зөрчлийг үгүйсгэх, улмаар дүгнэлтийг хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй тул *******ын аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
6.1. Хариуцагч Ёс зүйн дэд хорооны дарга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Төрийн албаны хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ гэдэг хязгаарлалт байхгүй. Монгол Улсын төрийн албан хаагч гэдэг төрийн албанд орохдоо тодорхой шалгуураар ороод төрийн албан хаагчийн тангаргаа өргөөд, албаны цагт албан үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй гээд ямар ч цагт энэ хүн төрийн албан хаагч гэдэг эрхэм нэрийг эрхэлж явах ёстой. Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль дээр төрийн албан хаагчийн нийтлэг шаардлага, нийтлэг хэм хэмжээ гэж байдаг.
Ёс зүйн дэд хороо хуралдахдаа тухайн гомдол гаргасан болон холбогдсон албан хаагчдадаа бүх мэдээллийг танилцуулсан. Энэ дээр бидний гол авч үзэж байгаа нь төрийн албан хаагч ямар ч үед улсын болон байгууллагын нэр хүндийг эрхэмлэх ёстой. Бусдыг ёс бус үг хэллэгээр хаана ч хэлэх ёсгүй, энэ бол хуульчлагдсан ойлголт. Албан томилолтоор ажиллаж байсан. Байгууллагаас тодорхой хэмжээгээр зардлыг нь шийдээд бүх албан хаагчдыг томилолтоор ажиллуулсан. Албан томилолтоор хилийн чанадад ажиллахдаа Монгол Улсынхаа нэр хүндэд халдсан аливаа үйлдлийг гаргахгүй гэснийг үндэслэж ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьснаар гадаад улсад үйлдэгдсэн асуудал дээр арга хэмжээ тооцож болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь ямар зөрчил үйлдсэн юм гэдэг нь тодорхойгүй гэдэг. Энэ дээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зүйлийг зөрчсөн бол зөрчил гэж үзнэ, үгүй бол зөрчил гэж үзэхгүй гэдэг дээр ажилласан. Бид тухайн үед хуралдаж, энэ үндэслэлээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиа баримталж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1.3, 8.1.6-г зөрчсөн гэж хуулийн мэдлэгээрээ бид нар албажуулсан байх ёстой. Энэ дүгнэлт дээр харьяалуулсан дагуу гомдол мэдээлэл шалгаж дүгнэлт гаргуулсан гэдэг ерөнхий үндэслэлээр гарсан байна. Тэгэхээр Ёс зүйн дэд хорооны хурал дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн нийтлэг шаардлагын 8.1.3, ёс зүйн нийтлэлийн хэмжээний 1.8-ыг зөрчсөн гэж шийдвэрээ гаргасан, тухайн албан хаагчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаал,[2] мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг[3] тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн б/29 дүгээр захирамжаар санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд анх туршилтын 6 сарын хугацаатай томилогдон, улмаар 2014 оны 07 сарын 21-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, өнөөдрийг хүртэл тус хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
2.2. Маргаан бүхий Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “...Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн ******* /цаашид нэхэмжлэгч гэх/-ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.6-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан...” гэж дүгнэжээ.
Улмаар дээрх дүгнэлтийг үндэслэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар нэхэмжлэгчид “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага /шийтгэл/ ногдуулжээ.
2.3. Нэхэмжлэгч талаас “...БНХАУ-ын нутаг дэвсгэрт болсон хүнтэй маргалдсан асуудал нь төрийн албаны ажил үүрэгтэй холбогдолгүй, ёс зүйн зөрчилд хамаарахгүй, гадаад улсын нутаг дэвсгэр дээр, хөдөлмөрлөх харилцаанаас тусдаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй явах үедээ бусадтай маргалдсан асуудлыг Ёс зүйн дэд хороо хүлээн авч хэлэлцэх, дүгнэлт гаргах хуульд заасан үндэслэл байхгүй, Засаг даргын Тамгын газрын даргаас үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь хууль бус, үүний улмаас төрийн албан хаагчийн хувьд үр дүнгийн урамшуулал авах, шагналд нэр дэвших, Төрийн захиргаа удирдлагын чиглэлээр ахисан буюу ахлах түшмэлийн сургалтад хамрагдах боломжгүй болох зэрэг эрх ашиг зөрчигдөнө...” гэж,
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...*******тай биечлэн уулзаж, сонсох ажиллагаа явуулсан, зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, хурлын тэмдэглэлээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль, журам, шийдвэрийг үндэслэн түүнд хариуцлага оногдуулсан нь хууль зөрчөөгүй...” гэж,
2.5. Хариуцагчийн төлөөлөгчөөс “...Төрийн албаны хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ гэдэг хязгаарлалт байхгүй, төрийн албанд тодорхой шалгуураар орж, тангараг өргөсөн төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй ямарч цагт төрийн албан хаагч гэдэг эрхэм нэрийг эрхэмлэж явах ёстой, байгууллагаас тодорхой хэмжээгээр зардлыг нь шийдээд 46 алба албан хаагчдыг албан томилолтоор БНХАУ-ын Хөх хотод Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан, энэ үеэр аймгийн төрийн албан хаагч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй согтуу байсны улмаас олон нийтийн дунд бусдыг ёс бус үг, хэллэгээр доромжилсон, хилийн боомтоор нэвтэрч чадаагүй, байгууллагын журам, албан харилцааны ёс зүй, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэлийг гаргаж албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлаагүй, Ёс зүйн дэд хорооны хуралдаанд ******* биечлэн оролцсон, ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, байгууллагын удирдлага, албан хаагчдаас уучлал гуйсан, дахин зөрчил гаргахгүйн үүднээс цаашид олон нийтийн арга хэмжээнд оролцохгүйгээ илэрхийлж байсан тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.8, 8.1.3, 8.1.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн, хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан, хэргийн оролцогч, тэдгээриййн төлөөлөгч нараас өөр бусад асуудлын талаар маргаагүй.
2.6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.3-т "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг ойлгохоор заасан бөгөөд Төрийн албан хаагч нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөхөөр, 8 дугаар зүйлийн 8.1.3-т “...ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх”, 8.1.4-т “бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх”, 8.1.6-д “албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх”, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан нийтлэг үүргийг төрийн албан хаагч сахин мөрдөх үүрэгтэй.
2.7. Хавтаст хэрэгт авагдсан[4] Ёс зүйн дэд хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02-3 дугаар тэмдэглэл, Тамгын газрын даргын 2025 оны А/461 дугаартай тушаал /түүнд хавсаргасан баримт/, гэрч Б.Уянга, А.Наранцэцэг, Ё.Номинтунгалаг, Н.Чинжаргал нарын мэдүүлэг, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд тус байгууллагын нэр бүхий[5] 46 албан хаагч БНХАУ-ын Хөх хотын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буцах замд нэхэмжлэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс автобусанд зохисгүй байдал гаргасан болон Улсын хилийн боомтын шалган нэвтрүүлэх дээр буюу олон нийтийн газарт зохисгүй байдал гаргасан, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн А.Наранцэцэг /Олон нийттэй харилцах албаны менежер/-тэй маргаж хамт олны дунд түүнийг зохисгүй үг, хэллэгээр доромжилсон зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх зохисгүй зан байдал, үг, үйлдэл гаргасан, нэхэмжлэгчээс гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
2.8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний Хоёрын 2.2-т “Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө” гээд 2.2.1-т “...олон нийтийн газар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа ... зүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх”, 2.8-т “...улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн албан тушаалыг эрхэлж, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж төрийн ажил, үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа, ард түмэндээ үйлчилж байгаа Монгол улсын төрийн албан хаагчийн хувьд аль ч үед Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиудад болон хуульд нийцүүлэн тогтоосон ёс зүйн хэм хэмжээнд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөж ажиллах учиртай тул нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.9. Эндээс дүгнэвэл, нэхэмжлэгч *******ыг төрийн албан хаагчийн хувьд “...зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгээгүй, ёс бус үг, хэллэг хэрэглэсэн, Улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ сахин биелүүлээгүй... ” зөрчил гаргасан гэж үзэхээр байх тул дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзлээ.
3. “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. Маргаан бүхий 2025 оны Б/53 дугаар тушаалаар “...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, “Байгууллагын дотоод журам”-ын 34 дүгээр зүйлийн 1, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02-3 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн *******д “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ.
3.2. Уг тушаалд “...сахилгын шийтгэл...” гэсэн байх боловч хариуцагчаас ирүүлсэн “ХНУМТ цахим системд бүртгэсэн Ёс зүйн зөрчлийн бүртгэл”-ээс[6] үзвэл дээрх 2025 оны Б/53 дугаар тушаалыг нэхэмжлэгчид холбогдох ёс зүйн зөрчлийг хянан шалгаж гаргасан буюу түүнд ёс зүйн хариуцлага ногдуулахаар гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.3-т “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” гэж заасан.
3.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд[7] болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд хариуцагч ******* аймгийн Засаг дарга нь тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг оролцуулан сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “...төрийн албан хаагчийнхаа хувьд үнэхээр байж болохгүй үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх тайлбарыг гаргасан, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус байгууллагын шуурхай хурал дээр байгууллагын албан хаагчдын өмнө маргаан бүхий актыг танилцуулж, гардуулсан болох нь Тайлбар авах ажиллагааны тэмдэглэл, 05 дугаар шуурхай хурлын тэмдэглэл зэргээр тогтоогддог, үүнтэй холбогдуулан талууд маргаагүй.
3.5. Тодруулбал, “******* нь дээрх хуулийн 7.1.2, 7.1.8, 8.1.3, 8.1.6-д заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь тогтоогдсон /энэхүү шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсгийн 2.7, 2.9-д дүгнэсэн/ тул хуульд нийцсэн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэж гарсан, түүнд ёс зүйн хариуцлага ногдуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны Б/53 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаал, мөн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70200 төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 1-4, 17-19 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 39-47, 75-76, 116-127 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 52-54, 98-100 дугаар хуудас