Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1005

 

                

 

Г.Х, М.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Саруул-Ирээдүй 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Г.Х, М.З нарт холбогдох эрүүгийн 2206032192425 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. С овгийн Г-ын Х ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Б овгийн М-ийн З  ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х, М.З нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх худалдааны төвийн дэргэд хохирогч Т.Г-ын  өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-3 загварын гар утсыг олж авч улмаар гар утсан дахь Худалдаа Хөгжлийн банкны аппликэйшнийг ашиглан Т.Г-ын  нэрээр эзэмшдэг 2620хххххх дугаартай данснаас 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Б-ийн нэрээр арилжааны банкинд эзэмшдэг 4160ххххххх дугаартай данс руу 3,015,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан,

шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Д дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” салоныг түрээслэн ажиллаж байхдаа тухайн салоны 00-ийн өрөөний хаалга, үсчний сандал, гэрэл, маникюрын ширээ зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 679,500 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө гэмтээсэн,

Д дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод оршин суух бөгөөд түүнийг цахим хэрэгсэл ашиглаж “приус 30 загварын саарал өнгийн автомашин зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б-т “машин 22 товчоон дээр хучсан байгаа ажил тараад үзүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Хаан банкны 5819ххххххх тоот дансаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр цахим орчин буюу Үнэгүй.мн сайтад “0000 ААА улсын дугаартай приус 30 маркийн автомашин зарна” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Т.А-с 970,000 төгрөгийг Хаан банкны 5301ххххх тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Х” гэх нэртэй хаягаас “цагаан өнгийн тоёота кроун зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Л-г Д дүүргийн .... дугаар хороо, ...... тоот гэртээ байхад нь Хаан банкны 5819ххххххх дугаарын данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн Үнэгүй.мн сайтад “2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд орж ирсэн “Тоуоta Sai” автомашиныг 17,500,000 төгрөгөөр зарна” гэж хуурамч зар байршуулан, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Д.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, А  дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод байхдаа 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Хаан банкны 5819ххххххх тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х-т холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус тооцон оногдуулсан ялуудыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Г.Х бусдад төлөх төлбөргүйг дурдаж,

шүүгдэгч М.З-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйийн 1 дэх хэсгийг баримтлан ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар зүйлд зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан М.З-т хяналт тавихыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.З-аас 500,000 төгрөг гаргуулж, 30 /гуч/ хоногийн дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Б.Саруул-Ирээдүй эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэтдээ: “...Шийтгэх тогтоолыг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу 10-р хуудаст “...Шүүгдэгч Г.Х-ыг М.З-тай бүлэглэн, шүүгдэгч М.З-ыг Г.Х-тай бүлэглэн хохирогч Т.Г-ын  өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-3 загварын гар утсыг олж авч, улмаар гар утсан дахь Худалдаа Хөгжлийн банкны аппликэйшнийг ашиглан Т.Г-ын  нэрээр эзэмшдэг 2620хххххх дугаартай данснаас 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Б-ийн нэрээр арилжааны банканд эзэмшдэг 4160ххххххх дугаартай данс руу 3,015,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан, ...үйл баримт тогтоогдож байна. ...” гэсэн атлаа 11 дүгээр хуудаст “...М.З-ын бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт Г.Х-ын оролцоо тогтоогдохгүй байх тул Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэж, мөн “...Шүүгдэгч Г.Х, М.З нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйл баримт тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа үүнийгээ үгүйсгэж хулгайлах гэмт хэрэгт Г.Х-ын оролцоо тогтоогдоогүй гэж хоёр өөр агуулгатай дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Г.Х-т холбогдох хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа 2 дахь заалтад М.З-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.З-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Г.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр М.З-тай уулзаж, иргэн Б.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4160ххххххх дугаарын арилжааны банкны картыг ашиглан, хохирогч Т.Г-ын  эзэмшлийн 3,015,000 төгрөгийг гаргуулан авч, тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг Г.Х нь авч ашигласан нь гэрч А.Д-ын “Тухайн мөнгийг манай хамаатны дүү болох Х-тай нийлж байгаад үрсэн байсан” гэх мэдүүлэг, мөн яллагдагч Г.Х-ын “Би тухайн мөнгөнөөс ашигласан 1 сая төгрөгийг бүрэн төлсөн, мөнгө үрсэн хүмүүс нь буруутай гэж үзвэл З бид хоёр л энэ хэрэгт буруутай” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байхад дээрх нотлох баримтыг үгүйсгэж няцаасан талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Г.Х-ын оролцоо тогтоогдохгүй гэж дүгнэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу яллагдагч Г.Х, М.З нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Х-ын цагдан хоригдсон 150 хоногийг оногдуулсан торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэснийг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Шүүгдэгч М.З-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийн 2, 3 дахь хэсэгтэй холбогдуулан хэлэх тайлбаргүй. Харин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа хэрэгсэхгүй болгосон зөрүүтэй дүгнэлт хийсэн гэдэг талаар шүүх процессын хувьд шийтгэх тогтоолд зөрүүтэй, ойлгомжгүй бичсэн учраас үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж, шүүх хуулийг зөв хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Агуулгын хувьд алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж харж байна. Г.Х-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүддээ маргаагүй, харин хулгайлах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцсон. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь талд авагдсан гэрч Ариунтуяагийн “Манай найз залуу З чиний Дансранжамцад өгсөн гар утсанд эзнийх нь интернэт банк орчихсон байсан, тэгээд бид нар данснаас нь 2,000,000 төгрөг гаргуулж бэлнээр авсан гэсэн”, 109-111 дэх талд шүүгдэгч М.З-ын гэрчээр өгсөн “Бид тухайн үед Хосбаярт ямар учиртай мөнгө байсан талаар хэлээгүй. Х-тай уулзаад банкны карт байна уу, бид нарт мөнгө байна, энэ мөнгийг гаргаж авах хэрэгтэй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.З шүүх хуралдааны явцад Г.Х ямар учиртай мөнгө талаар мэдээгүй талаар тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс гар утсанд нь нэвтэрч нууц дугаарыг нь авч, данс руу нь орж дансны үлдэгдлийг нь мэдсэн, бусдын дансаар мөнгийг шилжүүлж авах санал гаргаж, ажлыг зохион байгуулсан зэрэгт Г.Х-ын үйлдэл оролцоо байхгүй болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаар тогтоогдоно. Мөн шүүх яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг хянан шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан шийдвэртээ /шийтгэх тогтоолд/,

“шүүгдэгч Г.Х нь М.З-тай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх худалдааны төвийн дэргэд хохирогч Т.Г-ын  өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-3 загварын гар утсыг олж авч улмаар гар утсан дахь Худалдаа Хөгжлийн банкны аппликэйшнийг ашиглан Т.Г-ын  нэрээр эзэмшдэг 2620хххххх дугаартай данснаас 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Б-ийн нэрээр арилжааны банкинд эзэмшдэг 4160ххххххх дугаартай данс руу 3,015,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан,

шүүгдэгч М.З нь Г.Х-тай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх худалдааны төвийн дэргэд хохирогч Т.Г-ын  өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-3 загварын гар утсыг олж авч улмаар гар утсан дахь Худалдаа Хөгжлийн банкны аппликэйшнийг ашиглан Т.Г-ын  нэрээр эзэмшдэг 2620хххххх дугаартай данснаас 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн Б.Б-ийн нэрээр арилжааны банкинд эзэмшдэг 4160ххххххх дугаартай данс руу 3,015,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан ...үйл баримт тогтоогдож байна. “ /шийтгэх тогттолын 10-11 тал/ гэсэн атлаа

“шүүгдэгч М.З-ын бусдыг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Х-ын оролцоо тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” /шийтгэх тогтоолын 11 тал/ гэж харилцан зөрүүтэй дүгнэлтийг хийсэн,

мөн шүүгдэгч М.З-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон /шийтгэх тогтоолын 17 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.   

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэг, тодорхойлох хэсэг /шийтгэх тогтоолын 1-2 тал, 10-11 тал/-т шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн “...Д дүүргийн .... дугаар хороо, Согоот ...... тоотод цахим хэрэгсэл ашиглаж “приус 30 загварын саарал өнгийн автомашин зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б-т “машин 22 товчоон дээр хучсан байгаа ажил тараад үзүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Хаан банкны 5819ххххххх тоот дансаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан...” гэх Д.Б-ыг хохироосон үйлдлийг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 2.4 дэх заалтад заасанд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Г.Х-ын иргэн Г.Б-ийн банкны картыг авсан, 2 удаагийн гүйлгээгээр тус карт руу 3,015,000 төгрөгийг шилжүүлж, тус 3,015,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр зарлагадаж авсан байдал, тус мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг авч зарцуулсан зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулж, улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ, ямар нотлох баримтыг үнэлэн няцаан түүнд холбогдох “Хулгайлах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа зааж дүгнэлт хийж бичилгүйгээр Г.Х-т холбогдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй …”-г хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Саруул-Ирээдүйн бичсэн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Саруул-Ирээдүй 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар  эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Х, М.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ