| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/02861/И |
| Дугаар | 182/ШШ2024/04924 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/04924
2024 11 25 182/ШШ2024/04924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Д-ийн Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, давхарт байрлах, дугаар регистртэй, “ПД” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч А.А,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “ПД” ХХК-д холбогдуулан “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 45.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Н миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул “ПД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Би анх 2023 оны 02 дугаар сарын 06-нд ажлаа авахад ТУЗ-ийн зүгээс компани бага зэрэг асуудалтай байгаа талаар мэдэгдэж байсан боловч яг ажилтайгаа танилцахад төсөөлснөөс хэтэрхий тааруу үзүүлэлтүүдтэй тулгамдсан маш олон асуудалтай компани хүлээн авсан. Удалгүй 2023 оны 3-р сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос /СЗХ/ газар дээрх шалгалт орох талаар мэдэгдэл ирж, хорооноос бүрэлдэхүүн томилогдон сар гаран ажиллаж маш олон алдаа дутагдлууд илрүүлж тэр дундаа компанийн 2022 оны жилийн эцсийн тайлан худал мэдүүлсэн, компанийн гол үзүүлэлт болох төлбөрийн чадварын зохистой харьцаа хангалтгүй буюу төлбөрийн чадваргүй зэрэг нийт 22 томоохон зөрчлүүд илрүүлж богино хугацаанд залруулах хугацаатай үүрэг өгч тус хугацаанд алдаа дутагдлаа залруулж чадахгүй бол өндөр дүнтэй торгууль төлөх, төлбөрийн чадваргүйг олон нийтэд зарлах, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах талаар мэдэгдээд байв. Миний хувьд өмнөх удирдлагуудын алдаа дутагдалд хариуцлага хүлээх үүрэггүй хэдий ч компани цаашид энэ байдлаараа хэвийн ажиллах боломжгүй байсан тул гар бие оролцохоос өөр аргагүй хүнд нөхцөл байдал байсан. Тухайн үеийн компанийн менежментийн багын ур чадвар хангалтгүй гэж үзэн даатгалын салбарт ажиллаж байсан туршлага дээрээ суурилан ур чадвартай мэргэжилтнүүдийг хайж уулзан ажилд авах боломжтойг нь авч боломжгүйг нь хөлсөөр ажиллах гэрээ, хамтран ажиллах гэрээ гэх мэт гэрээнүүдийг хийн яаралтай баг бүрдүүлэн ажилласан. Богино хугацаанд хийж болох бүхий л ажлуудыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласны хүчинд хагас жилийн тайлант хугацаанд компанийн алдаа дутагдлуудыг залруулж, тайлан балансыг үнэн зөвөөр мэдүүлж, Даатгалын компанийн голлох үзүүлэлт болох төлбөрийн чадварын зохистой харьцааг хангуулж чадсан. Мөн тайлант үеэр зэрэгцэн Монгол улсад байгалийн эрсдэлүүд ар араасаа цувран гарч томоохон үер, мөндөр, гал ус мэт эрсдэлүүд олноор гарч баяр наадмын өдрүүдэд ч амралтгүй ажиллаж, харилцагчидтайгаа уулзан хүнд нөхцөл байдлуудтай газар дээр нь танилцаж үүсээд, буй асуудлуудад компаниа төлөөлөн нэг бүрчлэн шийдэж явсан. Энэ үеэр манай толгой компани болох ОУХ компанид миний талаар манай дотоод ажилтнуудаас маш их гомдол ирж буй талаар мэдэгдсэн. Энэ үед миний бие Холдингийн захиралтай уулзахад намайг ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлүүд хийсэн байх магадлалтай хэмээн матсан байлаа. Миний хувьд аль ч компанид сохор зоосны ашиг хувьдаа харж хэлцэл хийж үзээгүй тул Холдингийн Аудитаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Холдингийн Аудит 45 хоног шалгалт хийн надтай холбоотой 6 зөрчил байна гэж үзэн, мэйлээр хариу тайлбарууд авах талаар мэдэгдсэний дагуу тухайн үед нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үед хариу тайлбар хүргүүлж байлаа. Гэтэл 2024 ч гараад удаагүй байтал буюу 2024 оны 01 сарын эхээр ТУЗ-ын дарга дуудаж уулзав. “...Таныг ТУЗ-өөс халах гээд байна” гэв. Би ч гайхаж цочирдон, ямар үндэслэлээр яагаад халж байгаа талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсэв. Маргааш өглөө нь ТУЗ-ын даргатай ярьтал “ОУ группийн Ерөнхийлөгч тантай уулзъя гэж хэлсэн” гэв. Ерөнхийлөгч орой нь утсаар залгаад тэгж байгаад завтай үедээ уулзъя, чи зүгээр ажлаа хийж байгаарай” гэж хэлээд ямар нэг зөрчил дутагдал гаргасан эсэх талаар болон ажлаас халах болсон гэх мэт зүйл огт ярьсангүй. Би ч ажилдаа сатааран компанийн жилийн эцсийн тайланг гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 30-нд СЗХ-нд хүргүүлж, 2024 оны бизнес төлөвлөгөөг боловсруулан 02 дугаар сарын 02-нд ТУЗ болон Холдингд хүргүүлэв. Энэ үед өмнөх ТУЗ-ын даргыг 01 дүгээр сарын 30-наар дуусгавар болгож цалин мөнгийг олгох тухай тушаал Холдингоос ирэв. Удалгүй 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинэ ТУЗ-ын дарга ирж уулзав. Уулзалтаар намайг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр халж буй талаар дуулгав. Төд удалгүй Холдинг ТУЗ-өөс хүмүүс ирж баяраас өмнө буюу маргаашийн дотор ажлаа хүлээлгэж өг гэж мэдэгдэн халагдах тушаалтай танилцуулав. Би ч уур бухимдал, гайхсан цочирдсон зэрэгцэж байсан тул буруу үг үйлдэл хийхээс эмээж үг дуугүй маргааш өдөр 13 цагт ажлаа хүлээлцье гэж хэлээд уулзалтыг дуусгав. Маргааш өдөр нь товлосон цагтаа ирж ажил хүлээлцэх актад гарын үсэг зурж мөн СЗХ-д өөрийгөө гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж өөр хүн томилж өгөх хүсэлтийг ураад гарав. Хэдийгээр би халагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч компанийн ажил хэвийн үргэлжлэх ёстой учир зурсан хэрэг юм. Д.Н миний бие Даатгалын салбарт анх 2012 онд мэргэжилтнээр ажилд орж бүхий л түвшинд, олон албан тушаалууд дээр тасралтгүй өсөлтийг үзүүлж даатгалын компанийн дэд ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж байсан, салбартаа нэр хүндтэй цөөхөн хэдэн менежерийн нэг гэж өөрийгөө боддог. Гэтэл миний дээд удирдлагууд намайг нойр хоолоо хасан байж энэ олон асуудлуудтай нүүр тулан тэмцэж байхад дэмжиж ажиллах нь бүү хэл удаа дараа аудит оруулж хянаж цагдан дарамтлахаас өөр зүйл хийгээгүй төдийгүй эцсийн мөчид яг ямар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн талаар нотолсон зүйлгүй, албан ёсоор надад танилцуулсан зүйлгүй хууль зөрчиж намайг ажлаас халсанд туйлын их гомдолтой байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасныг үндэслэсэн байх боловч уг зөрчлийг нотолсон зүйлгүй, компанид ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байхаас гадна уг тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т заасныг зөрчсөн байна. Тодруулбал хуульд сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад ТУЗ-ийн дэргэдэх Хараат бус аудиторын 2023 оны 3 дугаар улирлын тайлан гэх баримт бичиг, түүнд заасан үндэслэлийг дурдаж ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Урт хугацаанд хамтран ажиллаж, чанартай, нэр хүндтэй, салбарын жишиг болсон компанийг дунд хугацаанд бий болгоно хэмээн зорьж, хичээж зүтгэн ажиллаж байсан компаниасаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн шалтгаанаар үндэслэлгүйгээр халагдсанд гомдолтой байна. Иймд Д.Нг “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 45.500.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Дараа тайлбарыг хэлье. Д.Н онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээний 4.2.20.3, 4.3.4с гэдэг заалт, ханган нийлүүлэх үйл ажиллагааны журмын 3.5, 7.1 дэх заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсвэл захиран зарцуулах эрх бүхий ажилтнууд ашиг олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл эс үйлдэхгүй гаргасан нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус аудиторын 2023 оны 3 дугаар улирлын тайлан, нэр дэвшүүлэх цалин мөнгөн урамшууллын хорооны дүгнэлтээр бүрэн тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Ханган нийлүүлэх үйл ажиллагааны журамд бараа материал хөрөнгө, ажил үйлчилгээ бүтээгдэхүүн үйлчилгээний төрлөөс хамаарна. Үйлчилгээний нийт үнийн дүн болон үйлчилгээний төрлөөс хамааран удирдлагын багийн шийдвэрээр сонгон шалгаруулалт хийнэ. Хамгийн багадаа 3 харилцагчийн мэдээллийг цуглуулж мэдээллийн нэгдсэн баазыг бий болгон цаашид тасралтгүй сайжруулж зах зээлийн судалгааг 6 тутамд хянан анхаарах ажлыг хариуцан хийнэ гэсэн ийм агуулгатай. Хамгийн багадаа 3 харилцагчийг сонгож байж сонгон шалгаруулалт явуулдаг. Д.Н онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээн дээр 100.000.000 төгрөгийн үнийн дүнг гүйцэтгэх захирал өөрөө байгуулах эрхтэй гэж заасан боловч гол нь Ханган нийлүүлэх үйл ажиллагааны журамд заасан эдгээр шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Тэгэхээр 100.000.000 төгрөгт гэрээ байгуулах эрх нь байгаа ч гэсэн ханган нийлүүлэх үйл ажиллагааны журмын 3.5-д байсан 3 харилцагчаас мэдээллийг нь аваад харьцуулсан байдлаар сонгон шалгаруулах ёстой. Мөн ханган нийлүүлэх журмын 4.1-д заасан бизнес төлөвлөгөөнд тусгагдсан төсвийг үндэслэн засвар тохижилтын ажилд тавих ерөнхий шаардлага чанарын шалгуурууд холбогдох фото зураг схемээс бүрдсэн ажлын зураг хийх гэрээ гаргаж гүйцэтгэх захирлаар явуулна гэсэн энэ заалтыг зөрчсөн. Д.Нгийн хувьд “ХС” ХХК-тай гурван удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нийт гурван удаагийн ажил гүйцэтгэх гэрээг Ханган нийлүүлэх журмын 4.1, 4.3, 7.1.1-ийг зөрчсөн. Төлөвлөгөөт хугацаа зөрчсөн, зохих журмын дагуу хийгдээгүй гэх мэт эдгээр журмыг зөрчсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, ПД төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Д.Нгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
хариуцагчаас Аудитын зөрчил, үл нийцлийн бүртгэл, зөвлөх үйлчилгээний гэрээ, депозит дансны хуулга, ТУЗ-ийн дэргэдэх хараат бус аудиторын аудитын тайлан, “ПД” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ТУЗ-ийн нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны дүгнэлт, ПД компанийн ханган нийлүүлэх үйл ажиллагааны журам, “ПД” ХХК-ийн аудит хяналтын удирдамж, “ПД” ХХК-ийн аудитын тайлан, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Н нь “ПД” ХХК-д холбогдуулан “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 45.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хариуцагч нь Д.Н нь компанийн хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан учир аудит хийсэн. Аудитаар зөрчлүүд илэрсэн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй хэлцэл хийж, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зөрчин “ВХ” ХХК-тай гэрээ байгуулан ажлын тайлан үр дүн гараагүй байхад 45.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дур мэдэн давуу байдлаа ашиглан “ХС” ХХК-тай гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Д.Н нь “ПД” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллуулахаар томилогдсон байна.
6.“ПД” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/05 дугаар тогтоолоор Монгол улсын компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх заалт, Нэр дэвшүүлэх цалин урамшууллын хорооны №2024/01 тоот дүгнэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Хараат бус аудиторын 2023 оны 3 дугаар улирлын тайлан, гүйцэтгэх захирал Д.Нтай байгуулсан №01/-2023 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2.20.3, 9.3.4 дэх заалт, Ханган нийлүүлэх үйл ажиллагааны журмын 3.5, 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Д.Нг чөлөөлж, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс тасалбар болгон дуусгавар болгожээ. /хх-ийн 10/
7.Хариуцагч нь Д.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дэх заалтыг үндэслэл болгожээ.
8.Д.Нтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ Д.Н нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдсон гэж үзжээ.
9.“ПД” ХХК нь Д.Нтай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01-2023 дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /контракт/ байгуулан, гэрээгээр тус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулан ажиллуулжээ. /хх-ийн 5-9/
10.Нэхэмжлэгч Д.Н нь дээрх Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Гэрээ байгуулсан тухайдаа талууд маргаагүй болно.
11.Хариуцагч “ПД” ХХК нь “ВХ” ХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан, гэрээний үр дүн гараагүй байхад Д.Н нь 45.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Н нь “ХС” ХХК-тай 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээ байгуулах журам зөрчиж дур мэдэн нийтдээ 87 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулагдсан болох нь ТУЗ-ийн дэргэдэх хараат бус аудиторын тайлан болон бусад баримтаар нотлогдсон гэх боловч “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” /контракт/-ний үр дүнг талууд дүгнээгүй, уг гэрээний хугацаа дуусаагүй байна.
12.Иймд хариуцагч “ПД” ХХК-ийг ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Д.Нс ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн нэхэмжлэгч Д.Нг “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
13.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Д.Нгийн 2024 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 19.500.000 төгрөгийг 3 сард тооцоод /19.500.000 төгрөг : 3сар/ дундаж цалин 6.500.000 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 6.500.000 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /6.500.000 төгрөг : 21.5 хоног/ 302.325 төгрөг болж байна.
14.Иймд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 62.279.069 төгрөг болж байна.
Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч “ПД” ХХК-иас 45.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож шийдвэрлэв.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Д.Нг “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45.500.000 /дөчин таван сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “ПД” ХХК-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ПД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 385.450 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН