Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04926

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        11         25                                                 182/ШШ2024/04926

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй, “ДД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Э-ийн А-д холбогдох

             

6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Э.А /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ДД” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “ХАХ” ХХК-ийн инженер Э.А-тэй Мөсөн уул хийцлэлийг хөөсөөр болон будаг карказаар хийлгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний үнийн дүн 9.500.000 төгрөг байсан. Урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэрээний хугацаа хугацаа 15 хоног байсан уг хугацаанд Э.А нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул дээрх гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6.000.000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжилж байна. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ Э.А зохих ёсоор гүйцэтгээгүй тул “ДД” ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа учир уг гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Э.А нь 6.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч “ДД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч “ДД” ХХК нь хариуцагч Э.А-ид холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“ДД” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.А-ид холбогдох 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 110.950 төгрөгийг хариуцагч Э.А-өөс гаргуулж, нэхэмжлэгч “ДД” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН