| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0101/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр (томилолтоор) |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр (томилолтоор),
шүүгдэгч Ж.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Түмт овогт Жаргалсайханы Сайнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002880083 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 50 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Нийгмийн ажилтан” мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 14 тоотод оршин суух, регистрийн ОС82121813 дугаартай, Түмт овогт Жаргалсайханы Сайнбаяр нь:
яллах дүгнэлтэд дурьдсанаар: - 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байрны 14 тоотод өөрийн эхнэр М.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Сайнбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим архи ууж согтууруусан үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байрны 14 тоотод өөрийн эхнэр М.Мөнхзулыг “үг мушгин, хэрүүл өдөөд байх юм больчих” гэж хэлэхэд нь уурлаж босч ирээд ширээ авч шидэхэд баруун гарын булчин хэсэгт онож, араас нь гүйж ирээд зүүн хацар, шүд рүү нь гараараа нэг удаа цохиж, үсдэж үүд рүү чирэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сайнбарын өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 23 цагийн орчим Бямбадэлгэртэй нэг шил архи хувааж ууснаас болж гэр бүлийн маргаан үүсч, эхнэртэйгээ маргалдаж эвхдэг жижиг ширээ авч хана руу шидээд гэрээс гарахаар явахад эхнэр гаргахгүй гэхээр би эхнэрээ алгадаж, буйдан руу түлхэж унагасан. Намайг охин, хүү хоёр салгасан, би гадаа байхдаа цагдаад баригдсан. Эхнэр М.Мөнхзулд хөнгөн гэмтэл учруулсандаа их харамсаж байна ...” гэх мэдүүлэг болн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхзулын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Ж.Сайнбаяр надруу залгаад “манай найзыг аваад ирээч” гэхээр нь Г.Бямбадэлгэрийг Улаанбаатараас аваад Налайх дүүрэгт ирээд гэрийн гадна буулгачихаад гадуур ажил хөөцөлдөж яваад цагийн дараа гэртээ ирэхэд Г.Бямбадэлгэр, Ж.Сайнбаяр хоёр гэрт байхгүй гараад явсан байсан. Тэгээд найз нь над руу залгаад “бид хоёр гадуур явж байна санаа зоволтгүй” гэж хэлсэн. Манай бага охин аав согтуу байгаа шүү гэж хэлсэн, хоол хийгээд байж байтал Ж.Сайнбаяр над руу залгаад “захиргааны хажуу талын пабад байна” гэхээр очиход Г.Бямбадорж, Ж.Сайнбаяр хоёр зуун грамм архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд гурвуулаа сууж байгаад гэртээ орж ирээд бүгдээрээ хоол унд идэж байгаад Г.Бямбадорж, Ж.Сайнбаяр хоёр “тамхи татаад ороод ирье” гээд хоёулаа гараад, буцаад орж ирэхдээ нэг шил архи авч ирээд ууж байхдаа Ж.Сайнбаяр ”гарлаа” гэхээр нь би “чи одоо гарч яах гэсэн юм бэ” гэхэд гэнэт буйдангийн урд талд байдаг жижиг модон ширээг аваад над руу шидэхэд нь би оногдсон. Ж.Сайнбаяр намайг учир зүггүй зодож цохьсон. Нэг мэдсэн чинь үсдүүлж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Х.Ашидмаагийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-ны орой ээж хотоос Ж.Сайнбаяр ахын найз Г.Бямбадэлгэрийг аваад Налайх дүүрэгт ирж буулгасан. Ээжийг гэртээ ирэхэд Ж.Сайнбаяр ах байхгүй байсан. Хоолоо хийж идчихээд унтаж байхад гал тогооны өрөөнд хүмүүс маргалдах чимээ гарахаар нь юу болоод байгааг харах санаатай очиход Ж.Сайнбаяр ах ээжийг үснээс нь зулгаасан, Г.Бямбадэлгэр ах араас нь татаад салгах гэсэн ч дийлэхгүй байсан. Би ээжийг татаж Ж.Сайнбаяр ахын гарыг цааш нь холдуулахад миний үснээс барих шиг болоход Г.Бямбадэлгэр ах цааш нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Бямбадэлгэрийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найз Ж.Сайнбаярын эхнэртэй хотоос хамт ирэхэд Ж.Сайнбаяр архи уучихсан байсан. Бид хоёр гэрээс нь гарч пабад орж пиво ууж байгаад буцаж гэрт нь ирээд 0.5 литрийн архи хувааж уусан. Ж.Сайнбаяр эхнэртэйгээ мэтгэлцээд байснаа уурлаж жижиг эвхдэг ширээ авч хана руу шидээд эхнэрээ барьж аваад толгой хавьд нь алгадахаар нь би салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №517 тоот:
1. М.Мөнхзулын
2. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/,
Ж.Сайнбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/,
Ж.Сайнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/,
Ж.Сайнбаярын амьдран суудаг Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Ж.Сайнбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед архи ууж согтууруусан үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо 39 дүгээр байрны 14 тоотод эхнэр М.Мөнхзулыг “үг мушгин, хэрүүл өдөөд байх юм больчих” гэж хэлэхэд нь уурлаж босч ирээд ширээ авч шидэхэд баруун гарын булчинд онож, зүүн хацар, шүд рүү нь гараараа цохиж, үсдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Сайнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ж.Сайнбаяр нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түмт овогт Жаргалсайханы Сайнбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Жаргалсайханы Сайнбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Жаргалсайханы Сайнбаярт оногдуулсан торгох ялыг 5 ( тав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Сайнбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Сайнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Мөнхзул “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сайнбаярт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Сайнбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ