Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/969

 

  2024              8             27                                          2024/ДШМ/969

 

 

О.Л, О.Б, Ж.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

яллагдагч О.Лын өмгөөлөгч Ж.Батзоригт,

яллагдагч О.Б, Ж.А нарын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Билгүүн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-н өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1111 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар эсэргүүцлээр О.Л, О.Б, Ж.А нарт холбогдох 2205 00430 0130 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  О.Л, 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн мэс заслын тасагт эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар байрны 000 тоотод оршин суух хаягтай бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:000000000/,

2. О.Б, 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн мэс заслын тасагт эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо 00000000 хотхоны 000 дугаар байрны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/,

3. Ж.А, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрс оношилгооны тасагт дүрс оношилгооны эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 0000 хотхоны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч О.Л нь Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авто ослын улмаас гэмтсэн Ж.Ч-г түргэн тусламжийн машинаар хүргэгдэн очиход нь амь хохирогчийн биед үзлэг хийж “биеийн ерөнхий доргилт” гэсэн үндэслэлгүй онош тавьж, амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтлийг оношлоогүй, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген, хэвлийд хатгалт хийх зэрэг шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, албан тушаалын тодорхойлолтод дурдсан жижүүрийн эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх, ажлын байран дээр хариуцлагатай ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Ж.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бие махбодын ерөнхий хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэх хэрэгт,

2. Яллагдагч О.Б нь гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авто ослын улмаас гэмтсэн Ж.Ч-г түргэн тусламжийн машинаар хүргэгдэн очиход хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген, хэвлийд хатгалт хийх зэрэг шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, албан тушаалын тодорхойлолтод дурдсан жижүүрийн эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх, ажлын байран дээр хариуцлагатай ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Ж.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бие махбодын ерөнхий хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэх хэрэгт,

3. Яллагдагч Ж.А нь гэмтэл согог судлалын үндэсний төвд дүрс оношилгооны эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авто ослын улмаас гэмтсэн Ж.Ч-г түргэн тусламжийн машинаар хүргэгдэн очиход нь амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтлийг оношлоогүй, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген, хэвлийд хатгалт хийх зэрэг шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, хүлээн авах, амбулатори, тасгийн эмч нарын илгээсэн өвчтөнүүдэд шаардлагатай, эмчилгээ үзүүлэх, эмчлэгч эмчид онош тодруулахад туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг стандарт, журмын дагуу чанартай, чирэгдэлгүй гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ж.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бие махбодын ерөнхий хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Л, О.Б, Ж.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Талийгаач Ж.Ч-гийн үхлийн талаарх анхны шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч эмч Л.Б гаргасан байх ба тэрээр “Нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслээр хүндэрч Монгол Улсын ММ5:5665-6 2006 стандартын 10-р заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген /хэвлий харах/, хэвлийд хатгалт хийх /гарсан шингэнийг шинжлэх/ зэрэг шинжилгээнүүд хийгдээгүй тул оношлогдоогүй байна. Оношлогдоогүй учир яаралтай мэс заслын эмчилгээг /2 цагийн дотор хийх/ хийгээгүйн улмаас биеийн байдал хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барсан” /1хх 43-51/ гэжээ.

Хэргийн материалд тулгуурлаж шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд "... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 368 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ. /1хх 192-205/

Хавтаст хэрэгт “Монгол Улсын стандарт” “Эрүүл мэндийг хамгаалах технологи” “Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээ” “МNS:5665-6 2006” гэсэн баримт авагдсан байна. /1хх 224-227/

Уг баримтын А хавсралтад “Хагалгаанд 2-оос 4 цагаас илүүгүй бэлтгэх” гэсэн нь шинжээч эмч Л.Б-н гаргасан 368 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх “... оношлогдоогүй учир яаралтай мэс заслын эмчилгээг /2 цагийн дотор хийх/ хийгээгүйн улмаас биеийн байдал хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлттэй уялдана гэж үзэхээр байна.

Хэрвээ яаралтай мэс заслын хугацааг “2-оос 4 цаг” гэж тодорхойлж байгаа бол мөрдөгч, прокурор нь өмнөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Ж.Ч нь Төв аймгийн Эрдэнэ суманд авто осолд орсон гэх үйл баримтын цаг хугацааг тодорхой болгох нь зүйтэй юм.

Учир нь, хавтаст хэрэгт Төв аймгийн Эрдэнэ суманд болсон гэх авто ослын цаг хугацааг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний “08:50 минут”, “10 цагийн орчимд”, “10:40 минут”, “12:00 цагт” гэж янз бүрээр бичсэн байх боловч “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлийн талаарх бичгийн баримтуудыг энэ хэрэгт огт хавсаргаагүй байна.

Шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны явцад хяналтын прокуророос дээрх байдлын талаар тодруулж асуухад “... эмч нартай холбоотой энэ хэрэгт авто осолтой холбоотой хэргийн баримт хамааралгүй " гэж хариулсныг дурдъя.

Талийгаач Ж.Ч-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд "... Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баян даваа гэх газарт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчим Приус-20 маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Приус-30 маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зорчиж явсан Э.Х, Э.Х нар гэмтэж, 49 настай эмэгтэй Ж.Ч нас барсан гэх" гэжээ. /1хх 96-103/

Тодруулбал хохирогч Ж.Ч-гийн үхэлд нэр бүхий эмч нар буруутай гэхээс гадна түүний амь насыг аврах цаг хугацаатай холбоотойгоор Төв аймагт үйлдэгдсэн авто ослын цаг хугацааг нарийн тогтоох, нөгөөтээгүүр Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн талаарх /энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх/ мэдээлэл шаардлагатай байна.

Тухайн хэрэгт Ж.Ч нь хохирогч уу, холбогдогч уу гэдэг нь тодорхой бус. мөн бусад хүмүүсийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь ойлгомжгүй байгаа болно.

Нэр бүхий яллагдагч нар өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой буюу тухайн үед болсон үйл явдлын талаар гэрчээр мэдүүлэхдээ тодорхой мэдүүлж байжээ.

Тухайлбал; Ж.А "... өдрийн 13:30 цагийн орчимд авто осолд орсон, гэмтээд удаагүй байгаа гэсэн яриа өгүүлэмжтэй 45-50 насны эмэгтэйг тэргэнцэр дээр түрээд ЭХО-н 234 номерт орж ирсэн. ... хэсэг хугацааны дараа буюу 15.27 цагийн үед дотоод сүлжээгээр өвчтөний нэр ирсэн бөгөөд түрүүний үзүүлдэг Ж.Ч гэх эмэгтэй тэргэнцэртэй орж ирээд өөрийн биеэр шээж чадахгүй байна гэж хэлэхээр нь давтан үзэхэд цуллаг эрхтэнд өөрчлөлт байхгүй. давсагт шээс байхгүй, хэвлийн хөндийн сул шингэн байхгүй байсан тул дүгнэлтийг гараар бичиж өгөөд хүлээн авахын эмч рүү явуулсан байгаа” гэж /1хх 31/,

О.Л "... хэвлийн ЭХО-д өөрчлөлт байхгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Ж.Ч-тай дахиж уулзаад зовуурийг асуухад хэвлийгээр өвдөнө, бусдаар гайгүй байна гэсэн. Иймд хэвлийгээр өвдсөн хүнд өвчин намдаах хийж болохгүй заалттай тул би 2 цагийн дараа ЭХО-д давтан харж ажиглана гэж ар гэрийнхэнд нь хэлсэн. Гэтэл ар гэрийнхэн нь өвчин намдаах хийж болохгүй юу гэхээр нь би саяны заалтыг хэлсэн. Охин нь сувилагч учраас ойлгож байсан” гэж /1хх 35/,

О О.Б ”... өвчтөнг би өөрийнхөө хэмжээнд оношлоод О.Л эмч болон ар гэрт нь хүлээлгэж өгөхдөө хэвлийн тодосгогчтой компьютер томографын шинжилгээ хийлгэнэ шүү, тэр хугацаанд чинь зовуурь илрээд байвал ороод ирээрэй. Магадгүй гараад явж байхад чинь хүчтэй зовуурь байвал ирнэ шүү гэдгийг хэлсэн. О.Л эмч хэвлийн тодосгогчтой компьютер томографын шинжилгээ хийлгэх талаар зөвлөмж хуудас бичиж өгсөн байх ёстой ... ЭХО-н хариугаар хэвлийн хөндийд сул шингэнгүй байсан учраас хатгалт шууд хийх боломжгүй юм. Яагаад гэвэл хатгалт хийхэд эрхтэн гэмтэх эрсдэлтэй. Эмнэлэгт хэвтсэний дараа цусны ерөнхий шинжилгээ, биохими зэрэг шинжилгээнүүд хийгддэг” гэж /1хх 146-147/ тус тус мэдүүлсэн байна.

О.Б ”... өвчтөнг би өөрийнхөө хэмжээнд оношлоод О.Л эмч болон ар гэрт нь хүлээлгэж өгөхдөө хэвлийн тодосгогчтой компьютер томографикын шинжилгээ хийлгэнэ шүү, тэр хугацаанд чинь зовуурь илрээд байвал ороод ирээрэй. Магадгүй гараад явж байхад чинь хүчтэй зовуурь байвал ирнэ шүү гэдгийг хэлсэн. О.Л эмч хэвлийн тодосгогчтой компьютер томографикын шинжилгээ хийлгэх талаар зөвлөмж хуудас бичиж өгсөн байх ёстой ... ЭХО-н хариугаар хэвлийн хөндийд сул шингэнгүй байсан учраас хатгалт шууд хийх боломжгүй юм. Яагаад гэвэл хатгалт хийхэд эрхтэн гэмтэх эрсдэлтэй. Эмнэлэгт хэвтсэний дараа цусны ерөнхий шинжилгээ, биохими зэрэг шинжилгээнүүд хийгддэг” гэж /1хх 146-147/ тус тус мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг дахин гаргахдаа эдгээр эмч нарын ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёстой ажлыг нэг бүрчлэн нягталж, хэн нь ямар үүрэгтэйг, энэ үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгах нь зүйтэй.

Гэрч Б.Ц "... захиалгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 ширхэг дүрс оношилгооны тодосгогч олгосон “...” гэж /1хх 230/ мэдүүлжээ.

Гэрч С.Н мэдүүлэхдээ "... Эрболд эмч гарч байсан гэж санаж байна. Тухайн үед манай эмнэлэг дээр хэвлийн тодосгогчтой компьютер томографийн аппарат ажиллаж байсан байгаа. Над руу хэрвээ хүлээн авахын жижүүр эмч энэ Ж.Ч гэж хүнийг хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээ хийлгэе гээд программаар захиалсан бол би хийж болох байсан. ... гэхдээ манай эмнэлэгт тухайн үед хэвлийн тодосгогч бодис нь тасарчихсан байсан шиг санагдаад байна. сайн мэдэхгүй байна шүү” /1хх 28/ гэжээ.

Гэрч Б.У "... харин шөнө буцаж ирэхэд үзсэн эмч нь манай хэвлийн тодосгогчтой КТГ ажиллахгүй байгаа. Та нар хувийн лабораторид хэвлийн тодосгогчтой КТГ боломж бололцоогоороо хийлгэж болно гэсэн” /1хх 40/ гэж мэдүүлснээс үзвэл дараагийн эмч нар мөн хариуцлагагүй хандсан гэхээр байна.

Иймд нэр бүхий бусад хүмүүсийг шалгахаас гадна ажлын хариуцлагатай холбоотой тус эмнэлгийг /Гэмтэл согог судлалын үндэсний төв/ иргэний хариуцагчаар татвал зохино.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд нэр бүхий 3 яллагдагчийг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй”, “зохих ёсоор биелүүлээгүй”-гийн аль шинжээр нь яллаж байгаагаа зааглаж ялгалгүй зөвхөн ... энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж яллажээ.

Талийгаач Ж.Ч-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Л.Б дахин шинжээчийн дүгнэлт гаргаж болох эсэх /гаргах боломжтой эсэх/ талаар тодруулах нь зүйтэй.

Яллагдагч О.Л, О.Б, Ж.А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 2205004300130 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, О.Л, О.Б, Ж.А нарт урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Амарзаяа эсэргүүцэл болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид: “шинжээчийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, ялангуяа эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байх гэмт хэргийн хувьд нотолбол зохих байдлыг бичсэн.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт хамаарах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь үйлдэгдсэн болохыг тусгайлсан мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нотлохыг шаарддаг төдийгүй, шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцсэн байх учиртай. Шинжээчийн дүгнэлтийг 3 удаа гаргасан байдаг. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс 368 дугаартай, 1049 дугаартай дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүд бүгдээрээ тусгайлсан мэдлэгийн хүрээнд гарсан шинжээч эмч нарын дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байгаа.

Үүнд: гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.” зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эргэлзээгүй шалгаж тогтоох нь зүйтэй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарна.” гэжээ.

Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 104 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэргийг яллагдагч О.Л, О.Б, Ж.А нар үйлдсэн болохыг, гэмт хэрэг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлдэгдсэн, гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, эмнэлгийн мэргэжилтэн болох яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч, дүрс оношилгооны эмч эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан болохыг хангалттай тогтоож, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон гэж үзэж байгаа.

Хэрэгт авагдсан шинжээчийн 368 дугаартай дүгнэлтээр талийгаач Ж.Ч нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, тасралын улмаас хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, бие махбодын ерөнхий хордлого, олон эрхтний дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон. Мөн хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал тасрал гэмтлийг цаг хугацаа алдаж өвчнийг оношилсон нь талийгаачийн гэмтлийг хүндрүүлж нас барахад хүргэсэн гэдгийг тогтоож Гэмтэл Согог судлалын үндэсний төвд бодит үзлэг, хэвлийн эхог давтан, толгой цээж, аарцагны рентген шинжилгээ хийгдсэн боловч хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлыг оношлоогүй, шаардлагагүй толгойн компьютер томографийн шинжилгээг хийж, шаардлагатай хэвлийн рентгенскопия шинжилгээг хийгээгүй. Мөн шаардлагатай хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээг цаг алдаж хийсэн гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон. Талийгаачийн биед учирсан нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслээр хүндэрч Монгол Улсын МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген (хэвлий харах) хэвлийд хатгалт хийх (гарсан шингэнийг шинжлэх) зэрэг шинжилгээнүүд хийгдээгүйн улмаас оношлогдоогүй гэдгийг дүгнэсэн. Үүний улмаас талийгаачийн биеийн байдал хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон.

2. Шүүгчийн захирамжид “хохирогч Ж.Ч-гийн үхэлд нэр бүхий эмч нар буруутай гэхээс гадна түүний амь насыг аврах цаг хугацаатай холбоотойгоор Төв аймагт үйлдэгдсэн авто ослын цаг хугацааг нарийн тогтоох, нөгөөтээгүүр Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн талаарх хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл шаардлагатай” гэжээ.

Шинжээчийн 368 дугаартай дүгнэлтээр “... талийгаач Ж.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10:20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ суманд зам тээврийн осолд орж 2021 оны 12 дугаар сарын 19-ний 12:59 минутад Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвд ирэх үед хэвлийн хөндийн битүү гэмтлийг оношлон тухайн өдрийн 18:20 минутад тасагт хэвтүүлсэн. Дээрх хэвлийн гялтангийн түгээмэл (ялгадаст) үрэвслийг оношлоогүй 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн нь өвчтөний амь насыг аврах боломжийг эрс багасгаж байгаа юм”, “нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслээр хүндэрч Монгол улсын МNS:5665-6 2006 стандартын 10-р заалт дээрх цусны ерөнхий шинжилгээ, рентген, хэвлийд хатгалт хийх зэрэг шинжилгээнүүд хийгдээгүй тул оношлогдоогүй байна. Оношлогдоогүй учир яаралтай мэс заслын эмчилгээг (2 цагийн дотор хийх) хийгээгүйн улмаас биеийн байдал хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт гарсан байхад хэрэгт огт хамааралгүй зам тээврийн осолтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, уг осол нь хэрхэн шийдвэрлэгдсэн мэдээлэл шаардлагатай гэж хэрэгт хамааралгүй асуудлыг дурдаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Энэ хэрэг хаагдсан байдаг. Хэрэг хаагдсан талаар лавлагаа авч ирээгүй ч 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөөд Х, Х нар гэмтээд, Ж.Ч нас барсан гэмт хэрэг гарсан. Энэ хэрэг дээр задлан шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Зам тээврийн ослын улмаас амь хохирогч нас барсан гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Уг дүгнэлт гарахдаа зам тээврийн ослын улмаас биш, нарын гэдэсний урагдал, хялтангийн үрэвслийн улмаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Зам тээврийн осолтой хэрэг дээр Ж.Чг хохирогч, холбогдогч аль нь болох нь тодорхойгүй байна. Бусад зүйл ойлгомжгүй байна гэх үндэслэлээр энэ хэрэг хаагдсан. Уг хэрэгт хамааралгүй гэж прокурорын зүгээс үзсэн.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 368, 86 дугаартай шинжээчдийн дүгнэлтээс гадна шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1049 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний "... эмнэл зүйн зовуурьтай давтан үзүүлэхээр ирж буй өвчтөнд хэвлийн хэт авиан шинжилгээ хийж, хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээг цаг алдалгүй хийсэн тохиолдолд нарийн гэдэсний урагдал оношлогдох боломжтой байжээ” гэсэн дүгнэлтийг бататгаж гаргасан байхад үүнийг шүүх үнэлээгүй, мөн талийгаач Ж.Ч-д Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар мэс засал, эмийн, шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг, хордлого тайлах зэрэг эмчилгээнүүдийг зохих ёсоор хийсэн байна...., Талийгаачийг хэвтэн эмчлүүлж байх хугацаан дахь шаардлагатай эмчилгээнүүд болох яаралтай мэс ажилбар, эмийн, шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг эм, хордлого тайлах зэрэг эмчилгээнүүд зохих ёсоор хийгдсэн байна гэсэн дүгнэлтээр зам тээврийн осолтой холбоогүй болохыг дүгнэсэн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргаж, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилнээ үзүүлэх үүргээ ... зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан болохыг, Монгол Улсын МNS:5665-6 2006 стандартын 10-р заалт зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон болохыг тогтоосон.

3. Шүүгчийн захирамжид “...иймд нэр бүхий хүмүүсийг шалгахаас гадна ажлын хариуцлагатай холбоотой тус эмнэлгийг /Гэмтэл согог судлалын үндэсний төв/ иргэний нэхэмжлэгчээр татвал зохих” гэжээ.

Захирамжид дурдсан “нэр бүхий хүмүүсийг гэдэг” нь хэн болох нь ойлгомжгүй байгаагаас гадна гэмтэл согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, “ иргэний хариуцагчаар татахдаа шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж шүүхэд эрх хэмжээ олгосон байх тул хэргийг прокурорт буцаах шаардлага байхгүй, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, шаардлагатай гэж үзвэл гэмтэл согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар татах боломжтой гэж үзэж байна.

4. Мөн шүүгчийн захирамжид “түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд нэр бүхий 3 яллагдагчийг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй”, “эсхүл зохих ёсоор биелүүлээгүй”-гийн аль шинжээр нь яллаж байгаагаа зааглаж ялгалгүй, зөвхөн “... энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж яллажээ гэжээ.

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 104 дугаартай яллах дүгнэлтийн яллаж буй хэргийн товч агуулга болон яллах дүгнэлтийн тогтоох нь хэсэгт:

Яллагдагч О.Л нь ... их эмчээр ажиллаж байхдаа ... амь хохирогчийн биед үзлэг хийж “биеийн ерөнхий доргилт” гэсэн үндэслэлгүй онош тавьж, амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтлийг оношлоогүй, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх ... шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, албан тушаалын тодорхойлолтод дурдсан жижүүрийн эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх, ажлын байран дээр хариуцлагатай ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ж.Ч нь нас барсан,

Яллагдагч О.Б нь "... их эмчээр ажиллаж байхдаа ... хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн МNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, албан тушаалын тодорхойлолтод дурдсан жижүүрийн эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх, ажлын байран дээр хариуцлагатай ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ж.Ч нь нас барсан,

Яллагдагч Ж.А нь “... дүрс оношилгооны эмчээр ажиллаж байхдаа амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтлийг оношлоогүй, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн MNS:5665-6 2006 стандартын 10 дахь заалт дээрх шинжилгээнүүдийг хийгээгүй, оношлоогүй, хүлээн авах, амбулатори, тасгийн эмч нарын илгээсэн өвчтөнүүдэд шаардлагатай, эмчилгээ үзүүлэх, эмчлэгч эмчид онош тодруулахад туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг стандарт, журмын дагуу чанартай, чирэгдэлгүй гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ж.Ч нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хэргийг “ аль шинжээр нь яллаж байгаагаа зааглаж ялгалгүй... энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна.

Талийгаач Ж.Ч-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Л.Б дахин шинжээчийн дүгнэлт гаргаж болох эсэх (гаргах боломжтой эсэх) талаар тодруулах нь зүйтэй гэжээ. Яллагдагч О.Л, О.Б, Ж.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэр бүхий шинжээч эмч нарыг биечлэн оролцуулах энэ талаар тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар татах асуудлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байх тул прокуророос иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв шүүх үүнийг шаардлагатай гэж үзвэл шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татах боломжтой байсан. Үүнийг заавал прокурорт буцааж иргэний хариуцагчаар татах зайлшгүй хийгдэх ажиллагаа биш үзсэн. Прокурорын дүгнэлтэд нэр бүхий 3 яллагдагчийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг аль шинжээр яллаж байгааг зааглаж тодорхой бичсэн.

Яллагдагч О.Л нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л, гэрч Б.У, П.Б, Б.Ц нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний төвийн 368, шүүх шинжилгээний ерөнхий газрын 86, 1049 дугаартай дугаартай дүгнэлт, талийгаач Ж.Ч-гийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шаардлагатай гэж үзвэл хэрэгт мэдүүлэг гаргасан гэрч, шинжээч эмч нарыг оролцуулан яллагдагч О.Л, О.Б, Ж.А нарын гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн 2024/ШЗ/1111 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-н өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д шүүх хуралдааны зар өгөөгүй учраас шүүх хуралдаанд оролцоогүй шүүх хуралдаанд оролцох эрхийг нь зөрчсөн. Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг 4 үндэслэлээр буцаасан гэж үзэж байна. Хэзээ хэрэг гарсан, хэн үйлдсэн, гэмт хэргийн хор уршиг, шалтгаан нөхцөл зэргийг тогтоогоогүй байна гэж хэргийг прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн хувьд энэ гэмт хэрэг Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт амь хохирогч нас барсан. Эмнэлгийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж үзэж байна. Төв аймагт гарсан ослын хувьд 08 цаг 59 минутад дуудлага өгсөн. Урдаас ирж байсан машинтай мөргөлдөөд 2 хүн хүндэвтэр гэмтэл авч хохирогч Б.Ж.Ч нас барсан. Энэ ослын талаарх хэрэг шалгагдаад зохих журмаараа хаагдсан байдаг. Энэ хаагдсан хэргийн талаарх баримтыг Төв аймгийн прокурорын газраас гаргаж өгч болно. Гэмтэл Согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар татах асуудал байна. Хуульд зааснаар шүүх өөрөө захирамж гаргаж иргэний хариуцагчаар тогтоож болно. Хор уршгийн хувьд амь хохирогчийн ар гэрээс 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Эмнэлгийн ажилтны буруугаас болсон уу, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүссэн үү гэх асуудал яригдаж байна. Үүнд 3 эмчийг буруутгаж байгаа. Шүүх эмнэлгийн 3 удаагийн дүгнэлт байгаа. Үүнд эмч нарыг Монгол улсын стандарт зөрчсөн гэж тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Л-ын өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэж зүйлчилсэн нь эмч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар гүйцэтгээгүй гэдгийг шалгах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Төв аймагт авто ослын улмаас амь хохирогч гэмтсэн. Түүнээс биш гэмтлийн эмнэлэг дээр очоод амь хохирогч гэмтээгүй. Тийм учраас зайлшгүй Төв аймгийн авто ослын хэрэгт холбоотой материалыг хэрэгт хавсаргах ёстой. Шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан. Анх үхлийн шалтгааныг авто осолтой  холбоотой задлан шинжилгээг Төв аймаг дээр хийсэн байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулиараа дахин шинжээч томилохдоо О.Б гэх шинжээчээр дахин дүгнэлт гаргасан нь процессын алдаа болсон. Анхны шинжилгээ хийсэн шинжээч дахин шинжилгээ хийж болох уу гэдэг дээр алдаатай байдал үүссэн. 1049 дүгээр дүгнэлтэд тодорхой заасан байдаг. Давтан үзлэг хийхэд хариуцлагагүй хандсан байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн зовуурь үзлэгээр шингэн илрээгүй байсан. Ж.Ч-д ямар нэгэн зовуурь илэрвэл дахин эмнэлэгт хандаарай гэж зөвлөгөө өгсөн. Үүний дагуу өвчтөн үүргийнхээ дагуу ойлгоод явсан байдаг. Дараагийн эмч дээр ирэхдээ ходоодонд шингэн үүссэн байсан. Энэ үед миний үйлчлүүлэгч О.Л хүлээж аваад энэ бол шингэн илэрсэн байна. Яаралттай эмчлүүлэхгүй бол болохгүй гээд эмнэлгийн тусламжийг зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэтэл 2 дахь эмч гээд яриад байгаа Норжмаа эмч үзлэг хийхдээ энэ шингэн тухайн ходоодонд нөхцөл байдал үүсгэсэн байна гэдгийг тодорхой шинжлээд явуулсан байсныг Е-н эмч “та хэвтэх шаардлагагүй” гэж явуулсан байдаг. Шүүгчийн захирамжид хэд хэдэн эмч нараас мэдүүлэг, тодруулга ав гэж дүгнэлтдээ тусгасан. Үүнд Батсайхан эмч анхны хагалгаа хийгээд энэ хагалгаа амжилтай боллоо гэж дүгнэсэн байдаг. Дараагийн 2 хагалгаа ямар шалтгааны улмаас Ж.Ч гэдэг хохирогч дээр дахин дахин хагалгаа оруулсан талаарх процесс ажиллагаа шалгаагүй. Юунаас болж цааш хүндэрсэн талаар мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлага үндэслэлтэй байна. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Л Ж.А О.Б нарын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Цогцос шинжлэх бол нэмэлт дахин шинжилгээ хийх асуудал, тусгай мэдлэг шаардах гэдэг дээр шүүх эмнэлгийн шинжээчийн зөвшөөрөлтэй хүн байдаг. Эмч нартай холбоотой үхлийн шалтгаан, нас барсан хугацаа гэх мэт гэмтлээр үүссэн асуудлыг шийдвэрлэдэг. Нарийн мэргэжлийн эмч, эмч нартай холбоотой тусгай мэдлэг гэдэгт тусгай нарийн эмч нарийн асуудлыг шийддэг тусгай мэргэжлийн шинжээч нарын оролцоог оролцуулж хэргийг бодитой шийдүүлэх чухал ач холбогдолтой олон улсын туршилга байна. Монголд ч хэрэгжиж байсан. Сүүлийн үед энэ хэргийн хувьд нарийн мэргэжлийн шинжээч нараас нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн гэмтэлтэй холбоотой шүүх эмнэлгийн шинжээч нарын дүгнэлт гаргуулах ажиллагаа явагдсан учраас энэ гэмт хэргийн талаар нотолбол зохих бодитой тогтоох, ялгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дүгнэлт болж чадаагүй. Тухайлбал олон дүгнэлт гарсан боловч анхны задлан шинжилгээ хийсэн Төв аймгийн шинжээч эмч Г.Б-р хэргийн материалаар дараа нь дүгнэлт гаргуулсан. 368 дугаартай дүгнэлт чухал дүгнэлт гэдэг. Гэтэл урьд нь дүгнэлт гаргуулсан шинжээчээр дахин дүгнэлт гаргуулсан ийм процессын алдаа байна. Хэргийн талаар нотолбол зохих асуудал эмч болгон тодорхой ажил үүргийн хувиараа юу, яаж хийх, ямар дэс дарааллаар, ямар эрх хэмжээгээр үзүүлэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Тухайлбал О.Л хүлээн авахын эмч анхны үзлэг хийсэн. Дараа нь нарийн мэргэжлийн эмч явуулсан О.Б эмч, Б эмч нар тэр өдрийн залуу эмч нар дэс дараалаараа үзээд ахлах эмчид үзүүлээд холбогдох эмчилгээгээ хийгээд энэ хүнийг гэрт нь ажиглалтад байж болно. Заавал хэвтүүлэх шаардлага байхгүй гэж үзээд зөвлөгөө өгөөд явуулсан. Энэ хэсгийн нотолбол зохих асуудал дээр ноцтой алдаа гарсан. 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 40 минутын үед ирээд 17 цагийн үед Б.Ж.Чд шинжилгээ хийгдээд өвчтний шинж бүдэг байхаар нь 3 эмч  шинж тэмдэг нэмэгдвэл эргэж ирээрэй гээд зөвлөгөө өгөөд явуулсны дараа 22 цагт ирсэн энэ талаар 1049 дугаартай шинжээчийн дүгнэлтээс өөр бусад дүгнэлтэд энэ талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Энэ дүгнэлтэд дээр нэг нотлох баримт байгаа. Осол гэмтэл бүртгэх хуудас байгаа. Уг бичиг дээр 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагт дахин ирсэн гэж бүртгэгдсэн. Шинжээчийн дүгнэлтэд дээр дурдсан “шинж тэмдэг илэрч дахин давтан ирсэн өвчтөнд эхо шинжилгээ болон бусад шинжилгээ хийхгүй хугацаа алдсан гэсэн” утгатай дүгнэлт байгаа. Гэтэл тэр хүмүүс энэ 3 эмч биш юм. Тэр эмчийг энэ шинжээчийн дүгнэлтээр шалгах ёстой байтал шалгаагүй энэ талаар хуулийн хүрээнд шалгах ёстой. Цаг хугацааны хувьд ялгаатай асуудал нь өвчнийг оношлох асуудал танин мэдэхүйн асуудал, өвчний шинж тэмдэг хэзээ илэрсэн үед нь ямар шинжилгээгээр юу илэрдэг талаар тодорхой судлах шаардлагатй. 2 удаа эход харуулаад хэвлийд шингэн байхгүй байна гэж хариу гаргасан. Тэгээд эмч нар ажиглалтад гэр лүү нь явуулсан. Харин Ж.Ч 22 цагт эмнэлэгт ирэхдээ хэвлийдээ шингэнтэй эхогоор тодорхойлогдсон байдаг. Энэ тохиолдолд заавал шинжилгээ хийх шаардлагагүй, дараагийн шатны эмчилгээ хийх ёстой байсан. Ийм процессыг шалгахгүйгээр орхигдуулсан. Анх орж ирсэн эмч нарыг та нар энэ хүнтэй харьцсан гэж чиг үүргийг нь тогтоохгүй ялгаж салгахгүй ийм байдлаар шинжээчийн дүгнэлт тодорхой гараагүй. Ерөнхий байдлаар стандарт биелүүлээгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс үндэслээд шүүгчийн захирамжид тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлыг хөндсөн. Энэ эрүүл мэндийн яамны дэргэдэх гэмтэл согогийн үндэсний төвийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай. Авто ослын асуудлыг шүүгчийн захирамжид дурдсан байдаг. Хэргийн үйл баримт, гэмтэл үүссэний дараа шинж байдал, зовуурь, шаналгаа бусад нөхцөл байдлыг шинжээч нараар тогтоолгох үйл баримтыг бодитой тогтооход огт ач холбогдолгүй зүйл биш юм. Энэ бол зайлшгүй шаардлагатай асуудал юм. Эдгээр эмч нар Гэмтэл, согог судлын үндэсний төвийн эмчээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ажил олгогчтой хийсэн гэрээний үндсэн дээр үүргээ биелүүлсэн. Тиймээс хуульд заасны дагуу тухайн байгууллагийг  иргэний хариуцагчаар татаад гэм буруутай нөхцөлд хохирол төлбөрийг гаргуулах, иргэний хариуцагчийн эрх, үүрэг гэж байгаа дүгнэлт болон бусад хэргийн оролцогчдын өгсөн мэдүүлэгтэй танилцаад эм тариа хангасан талаарх асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг, нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой. Дан ганц шүүх дээр ирээд хохирол төлөх, төлөхгүй талаарх асуудлыг яриад байж болохгүй. Энэ талаар шүүгчийн захирамжид дурдсан нь үндэслэлтэй юм. Зохих ёсоор биелүүлээгүй стандарт гэж байна. Гэтэл цусны шинжилгээ гэдэг нь аль эмчид нь хамааралтай, цусны шинжилгээ хийснээрээ яг оношлогдох боломжтой эсэх тусдаа асуудал. Энэ бүгдийг дэс дарааллаар хийнэ гэж ойлгоод шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, бодитой дүгнэлт гаргаж чадаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй учраас шүүгчийн захирамж гаргаж дахин прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Ж.А-ын өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 дахь шинжээчийн дүгнэлтэд дээр нэмэлт дүгнэлт, дахин дүгнэлт үү гэдэг дээр асуудал үүсээд байгаа. Үүнд процессын ноцтой зөрчил гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна гэж заасныг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт гаргуулсан өвчтний түүхийг прокурорын зөвшөөрлөөр аваагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Энэ нь ямар үр дагавар үүсгэж байна гэхээр мөрдөгч дур мэдэж тухайн өвчтний түүхийг авснаараа шинжээчийн шинжилгээний дүгнэлтийг орхигдуулдаг. Эрүүл мэндтэй холбоотой хэрэг дээр онол, эх сурвалжийг шалгах ажиллагаа хийгээгүй байдаг. Хэдэн цагийн дотор илрэх ёстой, ямар үед цонх үе гэж үзэх талаарх мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Эрүүл мэндийн тал дээр шинжээчийн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Төв аймагтай холбоотой асуудал дээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйл заалтыг хэрэглэх, гэм хорын хэмжээ багасгах, ихэсгэх үү гэдгийг тодорхой ажиллагаа хийлгэхтэй холбоотой асуудал байна гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч О.Л, О.Б, Ж.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

          Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд амь хохирогч Ж.Ч-г 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхэд тухайн үед жижүүр эмчээр ажиллаж байсан дүрс оношилгоо буюу ЭХО-ны эмч Ж.А, яаралтай тусламжийн хүлээн авах тасгийн эмч О.Л, нэгдүгээр ахлах жижүүр эмч н.Б туслах жижүүр эмч О.Б нар нь ажил үүргийн хувьд хэн нь ямар үүрэгтэйг, энэ үүргээ зохих ёсоор биелүүлж ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёстой ажлыг нэг бүрчлэн хийсэн эсэх,  тэдгээрийн үйлдэл оролцоог хэргийн үйл баримт болон ажлын байрны тодорхойлолтой нь  холбогдуулан ялгаа заагтайгаар нарийвчлан тогтоосоны эцэст  прокурорын яллах дүгнэлтэнд заасанчлан өөрт ногдох ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг ялгамжтайгаар зааж ирүүлэх шаардлагатай байна.

          Мөн яаралтай тусламжаар ирсэн тухайн өвчтөнд компьютер томографийн шинжилгээг хийгээгүй шалтгаан нөхцөлийн талаарх зөрүүтэй байдлыг арилгах болон үүрэг хүлээсэн бусад эмч нарын хариуцлагагүй байдал хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох нь зүйтэй ба энэ талаарх шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

           Мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх тул ажлын хариуцлагатай холбоотой Гэмтэл согог судлалын үндэсний төвийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1111 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1111 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Яллагдагч О.Л, О.Б, Ж.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                   Б.БАТЗОРИГ