| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0104/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Д.Доржханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Дашмаагийн Доржхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807002700100 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 06 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, хүүгийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо Арван шар 64-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД95012606 дугаартай, Боржигин овогт Дашмаагийн Доржхандад нь:
яллах дүгнэлтэд дурдсанаар: - 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Х.Кенжегүлийг загналаа, битгий хэрүүл хийгээд бай гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж Ш.Жаналганыг мөргөх, үсдэх, заамдах зэргээр зодож биед нь хамар ясны хугарал, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үсний уналт зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Доржханд нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Х.Кенжегүльтэй хамт явж байхад түүний эгч Х.Бахатгүль, найз Ш.Жаналгантай ирж уулзсан. Эгч Х.Бахатгүль нь “өөр тийшээ яваад ирье” гэж хэлэхэд дүү Х.Кенжегүль “орой болсон хойно хаашаа явах гээд байгаа юм, түрүүнээс хойш хүлээгээд байхад” гэж уурлахад эгчтэй нь хамт явж байсан найз Ш.Жаналган нь “эгчийгээ битгий загнаад, хэрүүл хийгээд бай” гэж хэлэхэд нь маргалдаж Ш.Жаналганыг мөргөж үсдэж заамдан авч зодож биед нь хамар ясны хугарал, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үсний уналт зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Доржхандын өгсөн: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Жаналганы 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-4 тоот гэртээ найз Х.Бахатгүлийн хамт байж байтал түүний дүү гэх эмэгтэй залгаад “гэр лүүгээ харих юм уу цуг явъя, цэцэрлэг дээр хүрээд ир” гэхээр нь хамт очиход дүү Х.Кенжегүль найзын хамт зогсож байсан. Х.Бахатгүль бид хоёр “нэг ойрхон ажил байна тэнд очоод ирье” гэхэд дүү “орой болчихсон байхад явна гэж юу яриад байгаа юм, түрүүнээс хойш зөндөө хүлээсэн байхад” гээд уурлаад байхаар нь би “чих болиочээ эгчийгээ яагаад загнаж, уурлаад байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд яваад өгсөн. Х.Бахатгүль бид хоёр цэцэрлэгийн хойно зогсож байтал дүү нь залгаад “хаана байна танд таксины мөнгө өгөх гэсэн юм” гэсэн. Тэгээд найзтайгаа хамт ирчихээд “би 1000 төгрөг өгчих чадалтай байгаа биз дээ” гэхээр нь би “дуугүй бай одоо яв битгий хэрүүл хийгээд бай” гэсэн чинь хажууд нь зогсож байсан Д.Доржханд гэх найз нь “чи аль түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ” гээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгснээ намайг түлхэхээр нь хойшилсон чинь энгэрээс татаад хамар хэсэг рүү толгойгоороо мөргөж, үснээс зулгааж, цээж хэсгийг маажиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Кенжегүлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 17 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах цэцэрлэг дээр найз Д.Доржхандтай уулзаад сууж байтал миний төрсөн эгч Х.Бахатгүль залгаад “хамт харьна шүү хүлээж байгаарай” гэхээр нь хүлээгээд сууж байтал эгч найз Ш.Жаналганы хамт ирсэн. Би эгчийгээ “явъя хүүхэд чинь ганцаараа байгаа” гэхэд эгчийн найз Ш.Жаналган нь “чи өөрөө явахгүй юу” гээд байсан. Тэгээд бид хоёр жаахан маргалдаж байгаад салаад явсан. Салаад явж байгаад эгчдээ таксины мөнгө өгье гээд буцаад очсон. Уур хүрээд байхаар нь эгчид “би таксины мөнгө өгчих чадалтай хүн шүү” гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь манай найз Д.Доржханд эгчийн найз Ш.Жаналган нар маргалдаад Ш.Жаналган Д.Доржхандыг үсдэхээр нь би салгасан. Тэгсэн Д.Доржханд эргэж хараад Ш.Жаналганы хамар хэсэг рүү мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Бахатгүлийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би найз Ш.Жаналганы гэрт байж байтал манай дүү Х.Кенжегүль над руу залгаад “гэр лүүгээ харих болж байгаа бол хүрээд ир” гэхээр нь найз Ш.Жаналгантай хамт очсон. Очоод “эгч нь арай харих болоогүй байна” гэхэд дүү “явах болоогүй байж хүн хүлээлгэлээ” гэж уурлахад надтай хамт явж байсан найз Ш.Жаналган “чи эгчтэйгээ ямар муухай харьцдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл дүүтэй хамт явж байсан Д.Доржханд гэгч эмэгтэй Ш.Жаналгантай маргалдаж хамар луу нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/242 тоот:
1. Д.Доржхандын биед хамар ясны хугарал, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд үсний уналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Доржхандын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн найз Х.Кенжегүлийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн урд сууж байтал Х.Кенжегүль эгч рүүгээ залгаад “хамт харих уу хүрээд ир” гээд дуудахад эгч нь Ш.Жаналган гэх найзтайгаа хамт ирсэн. Манай найз Х.Кенжегүль эгчийгээ “явъя” гэхэд эгч нь “болоогүй байна” гэсэн. Тэгсэн эгчийнх нь найз Ш.Жаналган “чи дүүгүй бай, чи өөрөө түрүүлээд яв” гэж хэлээд маргалдаж байгаад салаад явсан. Тэгээд манай найз Х.Кенжегүль эгчидээ таксины 1000 төгрөг өгье гээд буцаж очсон чинь Х.Кенжегүль, Ш.Жаналган нар хоорондоо хэрэлдээд байхаар нь би “боль” гэхэд Ш.Жаналган “чи дуугүй бай” гээд намайг үсдэхэд нь би зөрүүлээд үсдэх гэтэл миний нүд рүү гар нь орчихоор нь больсон. Нүд өвдөөд байхаар нь эргэж хараад үснээс нь зулгааж байгаад хамар хэсэг рүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,
Д.Доржхандын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,
Д.Доржхандын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/,
Д.Доржхандын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Доржханд нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Х.Кенжегүльтэй хамт явж байгаад түүний эгч Х.Бахатгүль, найз Ш.Жаналган нартай уулзсан. Х.Бахатгүль “өөр тийшээ яваад ирье” гэхэд дүү Х.Кенжегүль нь “орой болсон хойно хаашаа явах гээд байгаа юм, түрүүнээс хойш хүлээгээд байхад” гэж уурлахад эгчтэй нь хамт явж байсан найз Ш.Жаналган нь “эгчийгээ битгий загнаад, хэрүүл хийгээд бай” гэж хэлэхэд нь маргалдаж Ш.Жаналганыг мөргөж үсдэж заамдах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Доржхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Доржхандыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Жаналган “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Дашмаагийн Доржхандыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Дашмаагийн Доржхандыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дашмаагийн Доржхандад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Доржханд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Доржханд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Жаналган “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Доржхандад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Доржхандад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ