Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/970

 

 

 

 

 2024             8             27                                             2024/ДШМ/970

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч О.О,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 01871 0344 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.О, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Да хүрээ зах дээр хувиараа  автомашин зардаг, ам бүл 2 эхийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо Барилга засвар нэгдсэн 00 айлын 00 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:00000000/,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр торгох ял биелэгдэж дууссан,

Шүүгдэгч О.О нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Монелын замд 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Kia Carnival маркийн 00-00 000 улсын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихьг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй ба буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би эхнэр, хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг ба одоогоор настай ээжийн хамт амьдарч байгаа. Эхнэр хүүхдүүдээ эргэж, харж ханддаг. Хувиараа машин оруулж ирж зардаг. Миний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг  багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Монелын замд 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24/1548 дугаартай О.О нь 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 00 цаг 28 минутын орчимд Киа карнивал маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Монелын замд 1.99 хувийн согтолттойгоор жолоодсон. ...” гэх тэмдэглэл /хх 03/,

“О.О /РД:0000000/, 2016 оын 01 дүгээр сарын 28-нд “В” ангилалын эрх авч, 00000 дугаарын жолоочийн үнэмлэх олгогдсон. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан” гэх жолоочийн лавлагаа /хх 07/,

Техникийн тодорхойлолтын хуулбар, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг /хх 09-10/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 8 сарын 17-ны өдрийн 000000 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугазр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч О.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэх шийтгэлийн хуудас /хх 58/,

Цагдаагийн ерөнхий газар, бүртгэл хяналтын төвийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24-1/1412 дугаартай “...О.О /РД:00000000/-ийн мэдээллийг жолоочийн бүртгэлийн сан /dls.police.gov/-д шүүхэд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.1 дэх заалтын дагуу 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. ...” гэх албан бичиг /хх 35/,

Шүүгдэгч О.О: “...2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Да хүрээ зах буюу ажил дээрээ хүмүүстэй 2 шил архи хувааж уусан. Шөнийн 00 цагийн үед өөрийн эзэмшлийн Киа карнивал маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод “Асайт” төвийн төлбөртэй хашаа руу оруулж тавихаар монелын замаар явж байх үед цагдаа нар үлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд машиныг ачаад миний согтолтын зэргийг драгер багажаар шалгахад 1.99 хувийн согтолттой гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх 73-74, 137/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

2. Анхан шатны шүүхээс О.О-н үйлдлийг "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг. 

Шүүгдэгч О.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гомдол гаргасан.

Шүүгдэгч нь 2022 онд ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-31/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. 

Шүүгдэгч О.О нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгийн торгох ялыг хөнгөрүүлэн 8,000 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгийн торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.О-н гаргасан “оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх ” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн : 

2 дахь заалтын “...12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр. ...” гэснийг. ...”

“...8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр. ...” гэж,

3 дахь заалтын “...12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр. ...” гэснийг. ...”

“...8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-н гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай  давж заалдах гомдлыг хангасугай.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ