| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2025/0042/з |
| Дугаар | 120/ШШ2026/0015 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 120/ШШ2026/0015
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “*******д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, *******д өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг тус газарт даалгуулах”-аар маргаж байна.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүсч материалаа авч очиход нь Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар хүлээж авалгүй, татгалзсан хариулт өгсөнг эс зөвшөөрч, тус газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан, уг гомдлын хариуг тус Зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11/01 дугаартай албан бичгээр[1] “...Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөлд нефть хангамжийн операторчин ажил мэргэжлийг хамруулан тогтоох боломжгүй...” гэх хариуг өгчээ.
2.2. Дээрх хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд нэхэмжлэгч өргөдөл гаргаж, тус Зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 32/71 дугаартай албан бичгээр[2] “...хөдөлмөрийн бус хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй...” гэх хариу өгснөөр нэхэмжлэгч нь Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 313/ШЗ2025/02411 дугаартай захирамжаар[3] “...хэргийн харьяалал зөрчсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШЗ2025/0251 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2005 оны 8 сарын 1-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Магнай трейд буюу "МТСХ" ХХК-ийн Өмнөговь дахь ШТС-49 салбарт түгээгч, нефть хангамжийн оператороор 18 жил 2 сар 25 хоног ажилласан, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэртээ гарсны дараа Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Нандинцэцэгтэй хэд хэдэн удаа уулзахад "хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд таны ажил хамаарахгүй, зөвхөн нефть үйлдвэрт хамаарна, шатахуун жижиглэнгээр борлуулдаг аж ахуйн нэгжид хамаарахгүй учраас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн тайлбарыг хэлж, тэтгэвэр тогтоохоос татгалзсан.
2025 оны 5 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд болон Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандсан боловч намайг хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлийн ажил мэргэжил бүлэгт заагдаагүй тул хөдөлмөрийн бус хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн тул иргэн би хохироод байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлийн ажил албан тушаалд ажиллаж ирсэн учраас энэ хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Миний "МТСХ" ХХК-ийн Өмнөговь дахь ШТС-49-д түгээгч, нефть хангамжийн оператороор ажилласан хугацаа тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 8131-13 кодтой ангилалд хамаарч байхад миний өргөдөл гомдлуудыг шат дараалал татгалзсан хариу өгдөг, мөн би шатахуун, ууршилттай хортой нөхцөлд олон жил ажилласнаас шалтгаалан харшилтай болсноос бие өвдөөд байдаг, тэтгэвэрт гарч чадахгүй байгаадаа гомдолтой байна.
Нийт 18 жил 2 сар 25 хоног шатахуун түгээх станцад ажилласны 7 жил 6 сараас доошгүй хугацаанд энэ хортой нөхцөлд хангалттай ажиллаж, нийгмийн даатгал төлсөн, 45 насанд хүрсэн учраас хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хортой нөхцөлд ажилласан гэдгээр тэтгэвэрт гарах хүсэлтэй, түүний ажиллаж байсан ажил албан тушаал нь бензин колонкод шатахуун түгээгч гэдэг. Сүүлийн ажлын байр нь нефть хангамжийн операторчин гэж гарсан байна. Бид нар хууль хэрэгжүүлж байгаа учраас хуульд зааснаар 7 жил 6 сараас доошгүй хугацаанд хортой нөхцөлд ажилласан гэдгийг нотлохын тулд заавал ажлын байрны тодорхойлолт, тушаалуудыг нь авдаг.
Энэ тушаал дээр байгаа нефть хангамжийн түгээгч буюу нефть хангамжийн оператор гэдгийг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2023 оны А221 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлүүдийн ажлын байрны жагсаалтын 2.19-д нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжлийн хэсгийн нефть хангамжийн операторчин гэдэг ажил мэргэжилд хамааруулдаг, энэ албан тушаал нь нефть боловсруулах үйлдвэрт хамаатай. Гэтэл нэхэмжлэгч нь шатахуун түгээгчээр ажилладаг байсан. Сүүлд албан тушаалынхаа нэршлийг нь өөрчлөөд нефть хангамжийн операторчин гэсэн ажил мэргэжилдээ оруулаад байгаа. Нефть хангамжийн оператор гэдэг нь нефтийн үйлдвэрт хамаатай учраас *******гийн хортой нөхцөлд ажилласан жилд оруулахгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох гээд манайд хандсан, гэхдээ тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй. Анх материалаа үзүүлэхэд нь манай байгууллагаас хортой нөхцөлд хамаарахгүй гэдэг хариулт, зөвлөгөөг амаар өгсөн. Түүний дараа нэхэмжлэгч нь манай Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл өргөдөл, гомдлоо өгсөн байдаг. Салбар зөвлөлөөс ийм шалтгааны улмаас орох боломжгүй гэдэг хариултыг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11/01 тоот шийдвэрээр хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь манай шийдвэрийг зөв гэж үзсэн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 32/71 шийдвэрийг *******д хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1091 тоот албан бичгээр нийгмийн даатгалын бүх байгууллагад ийм зөвлөмж чиглэл хүргүүлсэн.
Энд нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефтийн үйлдвэрт хамаардаг учраас нефтийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагын шатахуун түгээх станцын түгээгч нь нефть хангамжийн операторчин ажил мэргэжилд хамаарахгүй гэдэг зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмж нь түгээгч буюу нефть хангамжийн оператор болон хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй гэдэг ерөнхий газрын бичиг юм. Ингэж аль аль шатанд хууль хэрэгжүүлж байгаа учраас түгээгч, нефть хангамжийн операторчин нь хортой нөхцөлд орохгүй гэсэн учраас бид нар тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “*******д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, надад өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг тус газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 5.1.4-т “...газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд..., нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас[4] үзэхэд нэхэмжлэгч нь 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, 46 настай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар, 1996 оны 02 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь *******гийн НДД № 749067 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн 1115003521 дугаартай баталгаажилтын хуудсаар, 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Магнай Трейд буюу “МТСХ” ХХК /одоогийн нэршил “МТ ХАН-УУЛ” ХХК/-ийн Өмнөговь аймаг дахь Шатахуун түгээх станцын салбар /49, 50/-т түгээгч, нефть хангамжийн операторчин /оператор/-оор ажилласан, энэхүү хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “МТСХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 25/05 дугаар тушаал, “МТ ХАН-УУЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/237 дугаар тушаал, тус компанийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14/25 дугаар албан бичиг, “МТ ХАН-УУЛ” ХХК-ийн Шатахуун түгээх станцын “түгээгч”-ийн Ажлын байрны тодорхойлолт /огноогүй, тус компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, албажуулсан/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 749067 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн баталгаажсан хувь, *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцож үзвэл, нэхэмжлэгч нь “МТ ХАН-УУЛ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь Шатахуун түгээх станцын салбарт түгээгч, нефть хангамжийн операторчноор ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа нь 18 жил 2 сар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг ханган нөхөн тооцсон хугацаа 4 жил 11 сар, нийтдээ 23 жил 01 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч нь өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандах үедээ 45 нас 4 сар хүрсэн байсан нь тус Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан өргөдөлд[5] бичигдсэн огноогоор тогтоогдоно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн ажиллаж байсан Шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчин гэх ажил, мэргэжил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажил, мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй” гэж маргасан ба харин нэхэмжлэгчийн нас, нийт ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа зэрэг бусад асуудлын талаар маргаагүй.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг”, 4.1.4-т "түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.
Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн “МТ ХАН-УУЛ” ХХК-ийн 2025 оны 14/25 дугаар албан бичигт “...хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэрт суух эрх үүссэн...” гэж тодорхойлсон, мөн тус компанийн Өмнөговь аймаг дахь салбар Шатахуун түгээх станцад түгээгч буюу нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх ажил үүргийг ээлждээ шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хариуцах, тээвэрлэгдэж ирсэн нефтийн бүтээгдэхүүнийг хүлээж авах, хадгалах, түгээх, шатахуун тосолгооны материалд хэмжилт хийх, үлдэгдлийг нэр төрлөөр нь хэмжиж хүлээн авах, хүлээлгэн өгөх, зарж борлуулах, шатахууны түгээгүүрийн бүрэн, бүтэн үйл ажиллагааг хариуцахаар тусгагдсан зэргээс үзвэл Шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчин ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг “хэвийн бус” гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан түгээх станцад түгээгч, нефть хангамжийн операторчноор ажилласан нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжилд хамаарах эсэх нь одоогийн дагаж мөрдөж байгаа болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар тус тус зохицуулагдана.
Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталсан ба энэ жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталсан.
Уг жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ гэж заасан байна.
Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна. Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан дээрх жагсаалтын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох дээрх жагсаалтын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Тиймээс уг тушаалуудаар “Монгол улсад нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг хортой нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар нефть буюу шатахуун гэх хортой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний актуудтай холбон үзэхэд, Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих, ачих, буулгах зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас “зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна” гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрхэлж байсан Шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчны ажил мэргэжил нь чиг үүргийн хувьд бензин, шатахуун, тэсэрч, дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих, хүлээн авах зэргээр хортой нөхцөлд ажилладаг тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна.
Иймээс нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан байхад “...зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажил мэргэжлийг тооцно, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ийм зөвлөмж[6] ирүүлснийг хэрэгжүүлсэн...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохоор хариуцагчид хандсан гэх боловч бичгээр өргөдлөө өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох гээд манайд хандсан, анх материалаа үзүүлэхэд нь аваагүй, манай байгууллагаас хортой нөхцөлд хамаарахгүй гэдэг хариулт, зөвлөгөөг амаар өгсөн...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөр буюу 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, *******д 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ