Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 110

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Э.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хонгороочин овогт Эрхэмбаярын Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807002620088 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, бүрэн дунд боловсролтой, “Буудагч” мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Зэвсэгт хүчний 350 дугаар ангид мотобуудлагын салаанд буудагч ажилтай байсан, одоо “Оюутолгой” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 3-21 тоотод түр оршин суух, /Ховд аймгийн Булган сумын Алаг толгой 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй/, урьд ял шийтгэлгүй, регистрийн ПБ96121333 дугаартай, Хонгороочин овогт Эрхэмбаярын Нэргүй нь:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/ Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 350 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор Хоёрдугаар мотобуудлагын ротын буудагчаар цэргийн жинхэнэ алба хааж байгаад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллага, алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Нэргүй нь Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/335 дугаар тушаалаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тэсэлгээчнээр томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа тасалсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цэргийн анги, байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж цэргийн албанаас оргон зайлсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нэргүйн өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ахлагчийн сургуульд орсон. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Жанжин штабын тушаалаар 350 дугаар ангид томилогдон очсон. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ар гэрт гачигдал гарсан. Даргаас “чөлөө авъя” гэхэд хээрийн бэлтгэл эхэлсэн тул чөлөө өгөөгүй. Дарга Эрдэнэбаяр надад сүүлд 10 хоногийн чөлөө өгсөн байсан. Ээж “зүрх томролт” гэсэн өвчтэй байсан тул ээжийг 3 дугаар эмнэлэгт сахисан. Би шилжих өргөдлөө өгсний дараа надад ямар нэгэн албан бичиг ирээгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрдэнэбатын өгсөн: “...Э.Нэргүй нь 2018 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 13-ны өдөр, 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажил тасласан. Дараа нь ажил таслахгүй гэж амлалт бичиж өгч байсан. Тэгээд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. Ар гэрийн гачигдлын улмаас 10 хоногийн чөлөө албан ёсоор өгсөн. Цэргийн дүрэм, дотоод албаны дүрэм, ахлагчийн алба хаах журамд зааснаар халагдах тохиолдолд өөрийн биеэр ирж өргөдлөө гараар бичиж 1 сарын өмнө өгсөн байх ёстой. Гэтэл өргөдөл бичиж өгөөгүй ажлаа тасласнаас хойш 3 сарын дараа шилжих тухай өргөдлөө бичиж өгснийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн. Ажилдаа ир гэж удаа дараа хэлсэн боловч ирээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Нэргүйн өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ээжийн бие муудаад Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт сахихаар явсан. Ар гэрийн гачигдлаар 2017 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймаг руу шилжих тухай өргөдөл өгсөн. Дараа нь шилжин ажиллуулах боломжгүй гэж хэлсэн боловч надад албан ёсны хариу мэдэгдээгүй. Дүрэмд зааснаар өргөдөл болон бусад шийдвэр гараагүй байхад цэргийн албаа орхиж явж болдоггүй. Монгол Улсын цэргийн дүрмүүд гэдэг номыг баримталж явдаг. Би цэргийн жинхэнэ алба хааж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17, 75 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Болдсайханы өгсөн: “... Э.Нэргүй нь 2 дугаар ротын буудагч ажилтай дэд ахлагч. Ажлаа удаа дараа таслаж ахлагчийн зөвлөлийн хурлаар орж сахилгын шийтгэл ноогдуулж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Хатанбаатарын мэдүүлэг өгсөн: “...Э.Нэргүй нь шалтгаангүйгээр ажлаа тасладаг байсан. Ээжийнхээ эмчилгээнд зориулж зээл авснаас хойш ажлаа таслаж эхлэсэн. 11 сард шилжих тухай өргөдөл өгсөн. Зан байдлын хувьд төлөв даруу боловч хэнэггүй талдаа. Ээжийнх нь бие тааруу дээр нь шилжих хөдөлгөөнийг нь хүлээж аваагүй нь нөлөөлсөн байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар тал/,

Зэвсэгт Хүчний Жанжин штабын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/335 дугаартай тушаал /хх-ийн 32 дугаар тал/,

Э.Нэргүйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар тал/,

Э.Нэргүйн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/,

Зэвсэгт Хүчний 350 дугаар ангийн захирагчид Э.Нэргүйн гаргасан хүсэлт /хх-ийн 29-30 дугаар тал/

Мотобуудлагын 2 дугаар ротын ирцийн бүртгэл /хх-ийн 53-57, 62-65 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Нэргүй Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 350 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор Хоёрдугаар мотобуудлагын ротын буудагчаар цэргийн жинхэнэ алба хааж байгаад 2017 оны 07 дугаар сарын 05-13-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 03-10-ны өдөр тус тус ажил тасалсан, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялын санал гаргаж байгаа нь хууль зүйн шаардлагад нийцсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хонгороочин овогт Эрхэмбаярын Нэргүйг цэргийн алба хаагч цэргийн  байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Нэргүйг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Э.Нэргүйд даалгасугай.

3. Э.Нэргүй нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Нэргүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЛУВСАНДОРЖ