Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/971

 

 

  2024             8             27                                           2024/ДШМ/971

 

Е.С-д холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ

яллагдагч Е.Сөмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1837 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Е.С-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 01177 0142 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Е.С, 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 0 дугаар баг 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: 0000000/

Яллагдагч Е.С нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч буюу хууль сахиулагчаар ажиллах үедээ хэрэг бүртгэлтийн 0000000 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримт цуглуулан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа таньж олуулах ажиллагааг хохирогч О.А зааж чиглүүлсэн зураг авч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Е.С-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 127 дугаартай: “...023 гэж дугаарласан 2021.11.03-ны өдрийн огноотой “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэсэн баримтын арын нүүрний доод хэсэгт “Г.З” гэсний урд, ...082 гэж дугаарласан хуудсанд байх 2021.11.03-ны огноотой “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэсэн баримтын арын нүүрний доод хэсэгт “Г.З” гэсний урд, 000018, 000019 гэж дугаарласан хуудсанд байх 2021.11.03-ны огноотой “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэсэн баримтын 2 дахь хуудасны доод дунд хэсэгт “Г.З” гэсний урд тус тус хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.З-н гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Дээрх дүгнэлтэд дурдсан “...000018, 000019 гэж дугаарласан хуудсанд байх “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” нь уг шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан Зураг №11,12 гэрэл зургийн үзүүлэлт /1хх 79/-ээр 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.С-ны явуулсан таньж олуулах ажиллагаа болох нь тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтэд дээрх 000018, 000019 гэж дугаарласан хуудсанд байх “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-ийн огноог буруу бичсэн байх тул энэ талаар шинжээчээс мэдүүлэг авч тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан 2021 оны 11 дүгээр сарын 23- ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д хөндлөнгийн гэрчээр оролцсон Г.З-н гарын үсгийг хэн зурсан болох талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй байна.

Гэтэл яллагдагч Е.С-ыг зөвхөн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч буюу хууль сахиулагчаар ажиллах байх үедээ дээрх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн таньж олуулах ажиллагааг явуулахдаа таньж олуулах ажиллагааг хохирогч О.А-р зааж чиглүүлсэн зураг авч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Е.С-ны үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Г.З-н гарын үсгийг хэн хуурамчаар зурсан болох, “Г.З” гэсний урд зурагдсан байх гарын үсэг нь яллагдагч Е.С-ны харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирох эсэх, уг Г.З-н гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Мөн дээрх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-ийн доод дунд хэсэгт байх “Г.З” гэсний урд зурагдсан гарын үсэг нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад уг үйлдлийг яагаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байна.

Иймд яллагдагч Е.Сд холбогдох эрүүгийн 2311011770142 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Е.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Яллагдагч Е.С давж заалдах гомдолдоо: “....Миний зүгээс хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх талаар дурдсан үндэслэлээр яллах дүгнэлтэд тусгаагүй, яллаагүй болохыг тэмдэглэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Яллагдагч Е.С-ны өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүхэд шилжүүлж шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад хэргийг прокурорт буцаасан. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан н.Золбоо гэх хөндлөнгийн гэрчийг ямар нэгэн байдлаар яллаагүй. Яллах дүгнэлтэд гэрч О.А-р таньж олуулах ажиллагаа явуулахдаа зааж чиглүүлсэн гэх байдлаар яллах дүгнэлтэд тусгаж ялласан байдаг. Энэ хэргийн хүрээнд н.З гэх хөндлөнгийн гэрчийн хувьд зааж, чиглүүлсэн байдлаар яллах дүгнэлтэд тусгаж яллаагүй нөхцөл байдалтай байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд таньж олуулах ажиллагаа явуулах процессыг хуульчилсан. Уг хуульд хөндлөнгийн гэрч оролцуулна гэж заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн гэрчийг энэ хуульд зааснаар оролцуулна гэж тусгасан байдаг. Таньж олуулах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага тухайн үед байгаагүй. Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бланк дээр таньж олуулах ажиллагаа хуучин хуульд заасан зүйл заалтаар хөндлөнгийн гэрч оролцуулах байдлаар бичигдсэн байсныг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд дурдсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэдэг байдлаар ялласан болохоос хөндлөнгийн гэрчийг оролцуулах ёстой хэрэг дээр оролцуулсан эсвэл оролцуулах ёсгүй хэрэг дээр оролцуулсан гэдэг байдлаар прокурор яллах дүгнэлтэд тусгаж яллаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасны дагуу хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагаа хөндлөнгийн гэрч оролцуулна” гэж хуульд тусгайлан заасан байх юм бол шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болох байсан. Гэтэл таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн гэрчгүй явуулж болох нөхцөл байдалтай байсан юм билээ. Тиймээс гэм буруугийн асуудал шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Е.С-ны давж заалдах гомдлыг дэмжиж анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Е.С-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Учир нь анх яллагдагчаар татахад хөндлөнгийн гэрчээр хуурамчаар гарын үзэг зурсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж ирсэн тул яллагдагчаар татсан тогтоолд утга найруулгын хувьд нэмэлт өөрчлөлт оруулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн ярьж байгаа хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж байгаа боловч, прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж прокурорын үзгээс үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд яллагдагч Е.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1837 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1837 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Е.С-ны гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Яллагдагч Е.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                   Б.БАТЗОРИГ