Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00355

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00355

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/03048 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Э.Б-т холбогдуулан гаргасан 51,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э , Ж.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай З ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Э.Б-тай хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Э.Б нь манайхаас оруулсан хөрөнгө оруулалтын хариу төлбөр болгож 13000 боодол өвс, бэлнээр авсан 15,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхөөр тохиролцсон. Бидний зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Харин Э.Б нь өнөөдрийн байдлаар 3800 боодол өвснөөс өөр бидэнд өгсөн зүйл байхгүй байна. Бид удаа дараа Э.Б аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрсэнгүй. Э.Б нь гэрээний дагуу одоо 15,000,000 төгрөг болон 9200 бодол өвсийг бидэнд өгөх ёстой. Иймд Э.Б ыг хариуцагчаар татаж түүнээс 15,000,000 төгрөг, үлдэгдэл 9200 боодол өвсийг тус тус нэхэмжилж байна. З ХХК нь хариуцагч Э.Б-тай 2020 оны 09 дүгээр сард гэрээ хийгээд мөнгө төгрөг, машин өгөөд оронд нь өвс авъя гэдэг байдлаар тохиролцсон. 3,800 боодол өвс өгсөн нь их муу өвс байсан тул хэл ам гарсан. Би өгсөн юмныхаа үнийн дүнгээр буюу бэлэн өгсөн 15,000,000 төгрөг, үлдэгдэл өвс 9,200 боодол өвч өгөх ёстой байсан. Тэрийг 1 боодол өвсөө 4,000 төгрөгөөр бодоод 36,800,000 төгрөг болж байна. Ингээд нийт 51,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнө бид амаар тохиролцсон. Э.Б өвсөөр гранд старекс маркийн автомашин худалдаж авсан. би түлш өгсөн. Түлшнийх нь мөнгийг би шилжүүлж байсан 510,000 төгрөг гэсэн үг. Бас 1,500,000 төгрөгийн мяндас, 2 ширхэг хадуур 1,200,000 төгрөг, шинээр тармуур авч өгөөрэй гэхээр нь 5,000,000 төгрөгөөр тармуур авч өгсөн. Сэлбэг авч өгсөн 40,000 төгрөгийн үнэтэй. Үүний оронд Э.Б 13,000 боодол өвс бэлдэж өгье гэсэн. 15,000,000 төгрөгийг чинь бас буцааж өгнө л гэж хэлсэн. Би нийт 36 сая төгрөгийн юм л өгч байгаа юм. 15,000,000 төгрөгийг нь зээлж байгаад 21 сая төгрөгийн хөрөнгийг шилжүүлж өгсөн. Машиныг 10,000,000 төгрөгт бодож 3,000 боодол өвс өгөх, түлш 510,000 төгрөг, мяндас 1,500,000 төгрөг, машин 10,000,000, хадуур 1,100,000 төгрөг, тармуур 5,000,000 төгрөг, сэлбэг 40,000 төгрөг, тээврийн хөлсөнд 500,000 төгрөг, дахиад түлш 170,000 төгрөг+360,000 төгрөг, дахиад өвсний тээвэрт 1,000,000 төгрөг, дахиад түлш 200,000 төгрөг, зээл дахиад 880,000 төгрөг надаас зээлсэн. Ингээд нийт үнийн дүн гарч байгаа. Уг баримт үйлдэх үед бүх зүйлийг өгсөн. Надад хадуур тармуураа буцааж өгвөл би авах өвснөөсөө хасая гэж байсан. Сүүлдээ өвс ч өгөхгүй болохоор би арга ядаад тармуураа очиж авсан. Хадуур би буцааж аваагүй. Старекс машиныг энэ хүний нэр дээр шилжүүлж өгөхөд бэлэн байж байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус компани нь Э.Б надаас 15,000,000 төгрөг 9200 боодол өвс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь бидний хооронд хийсэн гэрээний дагуу биш байна гэж үзэж байна. Учир нь гэрээ ёсоор өөрөө нэг боодол өвсийг 4,000 төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ байгуулчихаад одоо болохоор 4,000 төгрөгөөр худалдаж авахгүйгээр гаргасан. Бэлэн 15,000,000 төгрөг болон хэрэглээний автомашин зэргийг тооцоод түүндээ хүү тооцож дээрх мөнгийг нэхэмжилсэн байна. Гэтэл энэ нь бодит байдалд үл нийцэхээр барахгүй миний хувьд 4,000 боодол өвс ба 16,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тармуур, старекс маркийн автомашиныг буцааж өгөхөөр бэлэн байгаа тус компани нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй улмаас маргаан үүссэн. Иймд тус компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.4-д заасныг баримтлан Э.Б аас 46,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,9250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б аас 391,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хоорондоо уялдаа холбоотой, үндэслэлтэй байх ёстойг заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, хэн нь ямар гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна, уг гэрээний шинжийг агуулсан хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хэмээн гэрээний утга, агуулгыг тодорхойлж гарын үсэг зураад ажлаа хийсэн байна. Мөн шүүх шийдвэртээ 6 дахь талд З ХХК-ийн захирал н.Нарантуяа н гэрээний хавсралтад заасан 7413 УНА хьюндай гранд старекс маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн. Мөн түлшинд 510,100 төгрөг, 170,000 төгрөг, 360,000 төгрөг, мяндас 15 боодлыг 1,500,000 төгрөгөөр, хадуурны ир 2 ширхэгийг 1,100,000 төгрөгөөр, тармуур 5,000,000 төгрөгөөр, өвс тээвэрлэх зардалд 1,500,000 төгрөг, сэлбэг авахад зориулан 40,000 төгрөгийг тус тус зарцуулсан ба бэлнээр 8,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна гэж дүгнэсэн атал ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хэрэгт старекс маркийн автомашиныг Э.Б ын өмчлөлд шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Энэ талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж ч өгөөгүй. Уг автомашин Э.Б ын нэр дээр байдаггүй болно. Шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд шийдсэн төдийгүй, гэрээний нэр, агуулгыг бүхэлд нь өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг гэрээ бол хөрөнгө оруулалтын гэрээ мөн.

б/ Хөрөнгө оруулалтын гэрээг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Иргэний эрх зүйн ерөнхий ойлголтгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч 3992 боодол өвсийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн боловч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна гэж дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтаар түлш, мяндас, хадуур, тармуур, өвс, прес гэх мэт ажлыг хийхэд шаардлагатай бараа, материал, багажийг өгөхөөр гэрээнд тусгасан нь өөрөө хөрөнгө орууулалтын гэрээний суурь зарчим харагдаж байна. Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Э.Б ын зүгээс 4000 боодол өвс хүлээлгэж өгсөн. Энэ талаар гэрчийн мэдүүлэг өгч болох байсан. Хадлангийн хугацаанд бороо хур их байсан, техникийн эвдрэл саатал төрөл бүрийн зардлуудаас шалтгаалан ямар ч ашиг, орлого олох боломгүйгээр 3992 боодол өвс хадсан. Иймд хариуцагчид шилжүүлсэн 15,000,000 төгрөг бол худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу. Хэрэв худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн бол өмнө шилжүүлсэн тармуур, хадуур, түлш, прессний мөнгө ямар зорилготой шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн нь хөрөнгө оруулалтын гэрээний суурь, зарчмыг илтгэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл байдал, түүний шаардлага ямар шалтгаантай болохыг зөв тодорхойлсны үндсэн дээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэсэлэл бүхий гарах ёстой.

в/ Шүүх зөвхөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын хүрээнд хамаарагдана гэж заасан боловч уг З ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үнэлгээний төвийн дүгнэлт хангалттай сайн нотлох баримт болно гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэл бүхий биш салаа утгатай шийдвэр гаргасан. Учир өвс худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг баримталсан. Шилжүүлсэн гэх Старикс автомашиныг Э.Б ын өмчлөлд шилжүүлээгүй, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэнд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байхад ямар гэрээгээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний 3.2-т Б тал нь А талд нийт бэлтгэсэн өвснөөс 13,000 боодол өвс төлбөрт төлнө. Мөн 15,000,000 төгрөгийг бэлнээр төлнө гэж заасан. 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн хавсралт 1-д заасан хөрөнгө оруулалтыг хийх 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хавсралт 1-д заасан хөрөнгө оруулалтыг шаардах, Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах үүднээс хөндлөнгийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хариуцагчаас гэрч байгаа тийм зураг, хөрөг байгаа гэдэг боловч энэ баримтаа хуульд заасан нотлох баримтын хэмжээнд бүрдүүлж өгөх хугацаа хангалттай байхад бүрдүүлж өгөөгүй, гэрч асуулгаагүй. Давж заалдах гомдол гаргаж байгаа нь хугацаа хожих санаатай байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн нэр өөрчлөгдсөн талаар тэмдэглэл орсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд байна. З ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд н.Н болох нь материалаас хангалттай харагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн гэрээгээр тохиролцсоны дагуу бэлнээр шилжүүлэн өгсөн 15,000,000 төгрөг, гэрээний төлбөрт өгөх ёстой 9,200 боодол өвсний үнийг 36,800,000 төгрөгөөр тооцон нийт 51,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. З ХХК, Э.Б нар нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хөрөнгө оруулалт, эргэн төлөлтийн нэртэй гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэг тал нь хадлангийн зориулалтаар 13,000 боодол өвс бэлтгэн нийлүүлэх, нөгөө тал нь уг өвсийг бэлтгэхэд зориулж гэрээний хавсралтад тусгасан зардлыг гаргах, бэлтгэсэн өвснөөс 13,000 боодол өвс төлбөрт төлөх, зээл агуулгаар 15,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээний хавсралтад нэхэмжлэгч нь хариуцагчид хадлангийн өвс бэлтгэх зориулалтаар 10,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин болон мяндас, хадуур, тармуур, сэлбэг, өвс тээврийн зардал, түлш нийт 36,260,000 төгрөгний эд зүйл болон бэлэн мөнгийг гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн, зээлдүүлсэн 15,000,000 төгрөг, тармуур 1 ширхэг, хадуур 2 ширхэгийг, 13,000 боодол өвсний хамт буцаан хүлээлгэн өгөх-өөр тохиролцож гарын үсэг зурсан байна. Уг үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна. Энэ талаарх хариуцагчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй, харин хөрөнгө оруулж хамтран ажилласан гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

4а. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

4б. Хариуцагч нь нэхэмжлэгчид нэг боодол өвсийг 6,000 төгрөгөөр тооцож 3,982 боодол буюу 23,892,000 төгрөгийн үнэ бүхий өвс өгсөн, нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч нэр шилжүүлээгүй, өвсний тармуурыг ашиглах боломжгүй байсныг буцаан авсан, хадлан бэлтгэхэд 109,764,300 төгрөгийн зардал гаргасан гэж маргажээ.

 

4в. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгчид 3,982 боодол өвс хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч нь 3,800 боодол өвс хариуцагчаас хүлээн авсан гэх тайлбарт үндэслэн нийлүүлсэн өвсний хэмжээг тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гэрээний хавсралтад боодол өвсийг 4,000 төгрөг гэсэн байх боловч хариуцагч гарын үсэг зураагүй гэж, мөн боодол өвсний тухайн үеийн зах зээлийн үнэ 4,000 төгрөгөөс илүү байсан гэж маргасан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар нэг боодол өвсний зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 80 см х 45 смх 30 см хэмжээтэй, 20 килограммаас дээш жинтэй 1 боодол өвсийг 4,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг дахин хийсэн, эсхүл бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах зэрэг хүсэлт гаргаагүй, уг дүгнэлтийг баримтаар няцаагаагүй тул шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэх түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хэмжээний өвс нийлүүлэх үүргээ хариуцагч зохих ёсоор буюу бүрэн гүйцэтгээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэгдээгүй хэсгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

5а. Нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн тармуурыг хариуцагчаас буцаан авсан талаар маргахгүй байх тул хариуцагчид хүлээлгэн өгсөн 36,260,000 төгрөгний эд зүйл мөнгөн хөрөнгөөс нийлүүлсэн 3,800 боодол өвсний үнэ 15,200,000 төгрөг буцаан авсан, тармуурын үнэ 5,000,000 төгрөг хасч 16,060,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5б. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр 13,000 боодол өвс бэлтгэн нийлүүлэхээс дутуу нийлүүлсэн 9,200 боодол өвсний үнэ буюу 36,800,000 төгрөг шаардсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөнөөс учирсан бодит хохирол болох нь тогтоогдоогүй. Тодруулбал, 36,800,000 төгрөгийн ашиг, орлого олох байсан гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

5в. Харин талууд гэрээний 7.1-д үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдах тохиолдолд нөгөө талд учирсан бодит хохиролыг буруутай нөхөн төлөх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон байна. Талууд хохирлыг торгууль гэсэн үгээр тодорхойлсон боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон эд зүйлийг тодорхой хугацаанд ашиглан буцаан өгөөгүйтэй холбоотой хохирол үүссэн байх боломжтой тул хохирлыг гэрээнд заасан 5 хувиар тооцож 803,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,937,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/03048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б аас 16,863,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,937,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 391,950 гэснийг 242,265 гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ