Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 111

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч М.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, дээд боловсролтой, Уул уурхайн инженер, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “ШЖМЖ” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 2 эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 5-23 тоотод түр оршин суух, /Налайх дүүргийн 2 дугаар хороо 9 дүгээр байрны 80 тоотод оршин суух бүртгэлтэй/, урьд Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 308 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн УД90010813, Цагаан овогт Мөнхчулууны Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001970070 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч М.Отгонбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18-19 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордоны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Н.Баяраагийн 46-54 УБЧ улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж салхины шилийг хагалж баруун зүүн талын 2 толийг хугалж бага хэмжээнээс дээш буюу 815.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгасан гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Отгонбаатарын өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Баяраагийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордоны өмнөх машины ил зогсоол дээр хадам аав Цолмонгийн эзэмшилийн 46-54УБЧ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Альфард” маркийн автомашиныг байрлуулж тавьчихаад 21 цагт машин дээрээ ирэхэд хоёр толь хагарсан, урд салхины шил хагарсан, урд хамар дээр нь чулуу, дээр нь хонхойсон, жолоочийн талын салхины болон эсрэг талын шилийг чулуугаар цохьсон байж болзошгүй ул мөр үүссэн байдалтай байсан. Би машиндаа үнэлгээ хийлгэхэд 815.000 төгрөгийн хохирол учирсан, надад хохиролын 200.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Билгүүнтулгын өгсөн: “...цэнхэр куртиктэй ах газраас том чулуу аваад ордоны өмнөх талбай дээр зогсож байсан хар өнгийн суудлын машины дээвэр лүү шидсэн. Энэ үед 4 залуугаас үлдсэн 2 залуу нь цэнхэр өнгийн куртиктэй залууг барьж аваад “чи одоо болиочээ хүний машин тэрэг эвдлээ” гэсэн. Тэр хоёр ах цэнхэр куртиктэй ахыг ордоны өмнөх талбайн баруун урд хэсэгт байх сандал дээр суулгасан. Гэтэл “тавь” гээд газраас дахин чулуу авч нөгөө машины хамар луу шидэж, машин дээр очоод чулуугаар хоёр толийг нь цохиж суурнаас нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бадамцэцэгийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” клуб бааранд орсон. Тэндээ пиво ууж, бүжиглэж байгаад 03 цагийн үед гарах гэтэл Налайхын дэлдэн Отгоо гэх залуу таараад “би хүний үнэтэй машины цонх хагалчихсан” гээд нэг ойлгомжгүй юм яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч М.Отгонбаатарын өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр архи ууж согтуу байхдаа орой 18 цагийн үед ганцаараа Соёлын ордоны урд талд надтай хамт ажиллаж байсан Баяраагийн 46-54 УБЧ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашин зогсоол дээр байхаар нь Баяраад уурласан уурандаа чулуу шидэж толийг нь хагалсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

            М.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/,

            М.Отгонбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/,

            Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар тал/,

Хохирол төлсөн тухай баримт /хх-60, 62/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явууулав.

Шүүгдэгч М.Отгонбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18-19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордоны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Н.Баяраагийн 46-54 УБЧ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашин руу чулуу шидэж салхины шилийг хагалж, баруун зүүн талын 2 толийг хугалж, 815.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устган гэмтээсэн нь: талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн хохирогч Н.Баяраагийн: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын ордоны өмнөх машины ил зогсоол дээр хадам аав Цолмонгийн эзэмшилийн 46-54УБЧ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Альфард” маркийн автомашиныг байрлуулж тавьчихаад 21 цагт машин дээрээ ирэхэд хоёр толь хагарсан, урд салхины шил хагарсан, урд хамар дээр нь чулуу, дээр нь хонхойсон, жолоочийн талын салхины болон эсрэг талын шилийг чулуугаар цохьсон байж болзошгүй ул мөр үүссэн байдалтай байсан. Би машиндаа үнэлгээ хийлгэхэд 815.000 төгрөгийн хохирол учирсан, 815.000 төгрөг өгсөн ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-16/,  яллагдагч М.Отгонбаатарын: “...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр архи ууж согтуу байхдаа орой 18 цагийн үед ганцаараа Соёлын ордоны урд талд надтай хамт ажиллаж байсан Баяраагийн 46-54 УБЧ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашин зогсоол дээр байхаар нь Баяраад уурласан уурандаа чулуу шидэж толийг нь хагалсан...” гэж мэдүүлсэн мэдүүүлэг /хх-37/, Автомашины эвдрэл, хохирол үнэлгээний тайлан /хх-29/, хохирол төлсөн тухай баримт /хх-60, 62/ зэргээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч М.Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь хохирогчийн хүсэлт, хохирол төлсөн баримтаар /хх-60,62/ тогтоогдов.

Шүүгдэгч М.Отгонбаатар гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагаан овогт Мөнхчулууны Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Мөнхчулууны Отгонбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 (дөрвөн зуун тавин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Отгонбаатарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Отгонбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.Отгонбаатарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ