Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00383

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00383

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/02607 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С.С нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т.Х эс орон сууц худалдаж авахаар болж түүний хүсэлтийн дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг хариуцагч Б.М-ын дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.С болон Т.Х нар орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.С нь Т.Х эс хүлээн авсан орон сууцыг биет байдлаар нь буцааж өгсөн. Мөн Т.Х нь уг орон сууцыг С.С ээс хүлээн авч, өөр хүмүүст худалдан борлуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Харин Б.М нь С.С ээс орон сууцны урьдчилгаа гэж 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 12,000,000 төгрөгийг С.С-ийн дансанд Б.М нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 1415108901 тоот данснаас буцаан шилжүүлсэн бол 25,000,000 төгрөгийг мөн өдөр Б.Батхишиг гэх хүний дансаар буцаан шилжүүлсэн. Б.М нь С.С ээс шилжүүлсэн нийт 40,000,000 төгрөгийн төлбөрөөс 37,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба харин үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй тул Б.М нь үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь зохигчийн хооронд ямар нэгэн гэрээ болон гэрээний бус үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч хэдий хариуцагчийн дансанд 40,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр гэх утгатай шилжүүлсэн боловч зохигчийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч уг мөнгийг Т.Х гэх хүний хүсэлтийн дагуу хариуцагчид шилжүүлсэн байна. Иймд хариуцагч Б.М аас үндэслэлгүйгээр олж авсан 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Т.Х нь Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн голын замд байрлах, барилгын 1 давхарын 2 өрөө орон сууцыг худалдахаар үл хөдлөхийн чиглэлээр ажилладаг танил дүү Г.Б-д хандсан. Зуучлагч Г.Б зар тавьж тухайн орон сууцыг хүмүүст үзүүлж худалдаж авах санал олон байсан. С.С т орон сууцаа 88 саяаар худалдахаар тохиролцож, орон сууцны үнэд автомашин оролцуулж, автомашинаа 28 саяаар бодож, зөрүү 60 сая төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. С.С нь урьдчилгаа болгоод автомашинаа өгөөд 40 сая төгрөг өгье. Хүүхдээ ирэхээр гэрчилгээг шилжүүлэхдээ 20,0 сая төгрөг болон автомашинаа шилжүүлье гэсний дагуу тохиролцсон. С.С ээс 40 сая төгрөгийг Зүүн 4 зам дээр байрлах Хаан банкны салбарын киоск машинаас шилжүүлэхэд миний зээлийн дансны лимит хэтэрчихсэн байсан тул эхнэр Б.М-ын дансаар авсан. С.С-ийн хүүхэд нь ирэх болоогүй байсан тул мөнгө авсан, өгсөнөө баталгаажуулж нотариат дээр хүүгүй, барьцаагүй зээлийн гэрээ хийсэн. Хэд хоногийн дараа С.С орон сууцыг авахаа болилоо гэж надруу залгаж буцаахаар тохиролцсон. С.С манай орон сууцанд 10 орчим хоног байрлаж амьдарсан ба зарын дагуу очсон хүмүүст зуучлагч Г.Б-ний хамт үзүүлж байсан. Мөн орон сууцыг худалдаж авах гэж байсан хүнийг болиулан надад хүндрэл учруулсаар байсан. С.С надруу залгаж ахад нь мөнгө хэрэгтэй байна өөр орон сууц авахаар болсон, орон сууцаа хямдруулаад зарчих ах нь мөнгөнөөсөө хасуулаад авъя гэж ярилцсаны үндсэн дээр би С.С т шилжүүлсэн мөнгөнөөс зуучлагч Г.Б-д 2,0 сая төгрөг зуучлалын хөлсөнд өгсөн. Та манай орон сууцанд 10 орчим хоног байрласан. Орон сууц худалдаж авах гэж байсан хүнийг болиулан. Нөгөө хүн 85,0 сая төгрөгөөр авъя гэсэн. Би 3 сая төгрөг хямдруулаад өгчих үү гэж асуухад С.С тэр мөнгийг нь хасуулаад авъя, орой автомашинаа очиж авъя гэж тохиролцсон. Г.Б 85 сая төгрөгөөр орон сууцыг худалдаад С.С-ийн данс руу 37,0 сая төгрөг шилжүүлсэн. Нотлох баримт болгож зуучлагч Г.Бтэй фэйсбүүк чатаар орон сууцны мэдээлэл өгсөн зураг, С.С ээс шилжиж орж ирсэн 40,0 сая төгрөг болон зуучлагч Г.Б-д шилжүүлсэн 2,0 сая төгрөгийн дансны хуулгыг хавсаргасан. А.М бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдардаг. Энэ маргаанд А.М огт хамааралгүй, би түүний дансаар дамжуулан 40,0 сая төгрөгийг С.С ээс авсан. Мөн түүний дансыг би өөрийн компаний бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг тул манай компанийн мөнгө орж гарч байдаг. А.М нь 3,000,000 төгрөгөөр хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.С-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Б.М ыг 3,000,000 төгрөгийг олж авсан этгээд биш гэж дүгнэхдээ нэхэмжлэгч нь Т.Х д орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгэхээр 40 сая төгрөг шилжүүлсэн ... уг мөнгийг Т.Х хүлээж авсан гэдэгтээ маргаагүй ... Т.Х мөнгө хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Т.Хаш-Эрдэнийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор мөнгө шилжүүлсэн гэсэн байна. Гэвч 40 сая төгрөгийг Б.М өөрийн дансаар хүлээж авсан тул уг мөнгийг Т.Х хүлээж авсан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв Б.М нь Т.Х д шилжүүлсэн бол тус харилцаа нь зөвхөн тэдгээрийн хоорондын харилцаа юм. Түүнчлэн, Т.Х нь орон сууцны өмчлөгч биш гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь түүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул түүний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Б.М-ын дансны хуулгаас үзвэл тэрээр авсан 40 сая төгрөгийг Т.Х рүү шилжүүлээгүй, өөрөө захиран зарцуулсан нь харагдана. Мөн 37 сая төгрөгийг ч өөрөө буцаасан. Орон сууцаа хожим өөр хүнд худалдахдаа орон сууцны төлбөрийг өөрөө хүлээж авсан. Гэхдээ Б.М нь 40 сая төгрөгийг өөрөө хүлээж авснаараа үндэслэлгүй хөрөнгөжсөн тул мөнгийг хэрхэн захиран зарцуулсан эсэх нь маргаанд хамааралгүй асуудал юм. 3 сая төгрөгийг буцааж өгөхгүйгээр харилцааг дуусгавар болгохоор тохирсон гэх Т.Хаш-Эрдэнийн тайлбарыг үгүйсгээгүй" гэсэн байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тайлбар нь үндэслэлгүй, нотлох баримтгүй болохыг хэлсэн. Бид тус тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хариуцагч нь тайлбараа нотолсон бол эсрэг баримт гаргаж өгөх үүрэг үүсэх юм. Нотлогдоогүй зүйлийг үгүйсгэсэнгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Шүүгч мөнгийг Т.Х хүлээж авсан тул Б.М-д хамааралгүй гэж тайлбарлах боловч бидний нэхэмжлэл гаргаагүй этгээд Т.Х нь мөнгийг төлөх эсэх талаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн. Хэрэв Т.Х мөнгийг авсан гэвэл тэрээр мөнгийг буцаах ёстой эсэх асуудлыг түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан үед дүгнэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: С.С гэдэг хүн орон сууцыг хүлээж авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг манай компанийн ажилтан н.Б-ийн худалдах авах гэрээ, манай компани руу шилжүүлж өгсөн баримт гэх 3 бичиг баримтыг өөрийн биеэр хүлээж авсан. Тэр хүн хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол тэр бичиг баримтыг авчирж өгөөд орон сууцыг шилжүүлж мөнгийг хүлээж авах ёсгүй, өгөхгүй байх эрх өөрт нь нээлттэй байсан. Үүрэг үүссэн болоод тэр хүн мөнгөө шилжүүлээд үүрэг нь бэлэн болсон учир тэр хүн гэрчилгээг өөрөө хүлээж авсан байна. Иймээс нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч С.С нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т.Х эс орон сууц худалдан авахаар тохиролцож, Т.Х-ийн хүсэлтээр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг Б.М-ын Хаан банк дахь 5037491284 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 3, 21 дэх талд авагдсан Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч Б.М нь орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.С т өгсөн боловч үлдэх 3,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

 

5. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Энэ талаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. /4/

 

6. Хариуцагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй, өөрт учирсан хохирол гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй байна.

 

7. Хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхгүй үндэслэлээ зуучлагчид 2,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь орон сууцанд 10 орчим хоног байрлаж амьдарсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагч Г.Б-д 2,000,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 21 дүгээр тал дахь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул хариуцагч 2,000,000 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотолсон.

 

Харин нэхэмжлэгч нь орон сууцанд 10 орчим хоног байрлаж амьдарсан талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б амьдарсан гэх баримт байхгүй тул тайлбар хэлэх боломжгүй байна гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч С.С ийг 10 орчим хоног орон сууцанд амьдарсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасан.

 

8. Иймд хариуцагч Б.М аас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/02607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М аас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Б.М аас 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С т олгосугай. гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ