Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 112

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Р.Алтантуяа,

иргэний нэхэмжлэгч Д.Насанжаргал,

шүүгдэгч М.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Баатад овогт Мягмарын Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001520085 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 05 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 12-173 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо булгийн 4-320 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ХЕ71022411 дугаартай, Баатад овогт Мягмарын Эрдэнэбаатар нь:

яллах дүгнэлтэд дурьдсанаар: -2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” ХХК-ны шатахуун түгээх станцын хойд зам дээр 52-62 УБХ улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “... жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж 09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгслийн жолооч Р.Алтантуяагийн биед хүндэвтэр хохирол, зорчигч Б.Ууганжаргал, Д.Насанжаргал нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Эрдэнэбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” ХХК-ны шатахуун түгээх станцын хойд зам дээр 52-62 УБХ улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “... жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж 09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Р.Алтантуяагийн биед хүндэвтэр, зорчигч Б.Ууганжаргал, Д.Насанжаргал нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэбаатарын өгсөн: “...Осол миний буруутай үйлдлээс гарсан тул хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтантуяагийн өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчим Улаанбаатар хотоос хүү Б.Ууганжаргал, найз Д.Насанжаргал нарын хамт гарсан. Налайх дүүрэг хүртэл цаг агаар гайгүй байсан. Гордокоос эхэлж шуурга шуурч эхлэсэн. Машины аваарын гэрлээ татаад явж байхад шүүгдэгчийн машин гэнэт өөдөөс гарч ирсэн. Би тухайн машиныг хажуугаар өнгөрөх гэж байна гэж бодсон. Цасан шуургатай байсан тул манай машины аваарын гэрэл харагдаагүй байх. Ослын улмаас би 1 сар босох чадваргүй, гэртээ хэвтэрт байсан. Гадны хүмүүсийг гуйж эм тариа авахуулж байсан. Манай хоёр хүүхэд 9, 13 настай. Би хувиараа монгол загварын дээл оёдог. Цагаан сар, хонхны баяраар орлого их олдог. Энэ жил өвчний улмаас ажил хийж орлого олж чадаагүй. Их өрөнд орсон. Эмч гарын хугархай бороолсон ч зайтай эдгэрсэн байна, эдгэрэх гэж их хугацаа шаардлагатай гэж хэлсэн. Иймд би 6 сарын орлогыг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Хүүхдээ явуулах юм уу, өөр хүн гуйж эм тарианд явуулж байсан учир эмчилгээний баримтыг бүрэн цуглуулж чадаагүй. Баримтаар 1.022.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Насанжаргалын өгсөн: “...Би машины мөнгө 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг эмч 3 сарын дараа эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. 3 сар нь маргааш болж байгаа тул гэмтлийн эмчид очиж үзүүлнэ...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Алтантуяагийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн том хүү Б.Ууганжаргал найз Д.Насанжаргал нарын хамтаар Д.Насанжаргалын эзэмшлийн 09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркын автомашиныг би жолоодоод Төв аймгийн Эрдэнэ сум руу ээждээ очиж туслах гээд 19 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Бид хэдийг гарахад цасан шуурга шуурч үзэгдэх орчих муу байсан. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” клонкын уулзвар өнгөрөөд явж байтал миний чанх өөдөөс том оврын автомашины гэрэл гараад ирэхээр нь би зайлж нөгөө автомашины эсрэг тал руу дарахад манай автомашины баруун урд хэсэг рүү ирээд мөргөчихсөн. Тэгээд манай автомашин мөргөлтийн хүчнээс болж доороо бүтэн эргээд Улаанбаатар хот явах зүг рүү хамраараа хараад эсрэг талын урсгал руу ороод зогсчихсон. Тэгээд би автомашинаасаа буугаад хойд талын хаалгаа онгойлгож хүүхдээ гаргаж аваад л гэнэт өөрийнхөө хөл хугарч гэмтсэнийг мэдэрсэн. Тэгээд нөгөө автомашиныг харахад “Зил-130” маркын автомашин байгааг харсан. Жолооч нь бууж ирээд “яаж байна, ийж байна” гээд түргэн дуудаж өгсөн. Миний бодлоор тухайн үед цасан шуурганаас болоод нөгөө жолооч замын баримжаа алдсан юм болов уу гэж бодож байна. Миний жолоодон явсан автомашин, нөгөө автомашины гэрэлтүүлэг хэвийн байсан болохоор машины техникийн бүрэн бүтэн байдлаас болж осол болоогүй. Миний биеийн байдал одоогоор тааруухан, өвчин намдахгүй, яс бороолоогүй, баруун гар бугалгаар хугарсан, баруун хөлний тойг гэмтсэн байдалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Р.Алтантуяагийн 2018  оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын улмаас гараа хугалсан буюу хүндэвтэр гэмтэл авсан. Миний хүү Б.Ууганжаргал биедээ хөнгөн гэмтэл авч бид хоёр эмчилгээ хийлгэж, эм тарианд их мөнгө зарцуулсан. Надад нийт 7.242.375 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс баримттай нь 1.052.119 төгрөг байгаа. Би өөрөө бүх мөнгийг гаргасан тул яаралтай хохирлоо төлүүлнэ. Би гараараа хувцас оёдог ажил хийдэг. Гараа хугалснаас болж ажлаа хийж чадахгүй болсон. Би сард дунджаар 1.000.000-1.500.000 төгрөгийн цэвэр ашиг хангалттай олдог. Одоогоор надад хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Насанжаргалын 2018  оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркийн автомашин нь манай эхнэр Х.Энхтайваны нэр дээр бүртгэлтэй боловч миний өөрийн автомашин байгаа юм. Би өөрийн автомашинд учирсан 1.574.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ослын улмаас миний биед учирсан гэмтэлд шаардлагатай эм тариаг Р.Алтантуяа надад авч өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Ууганжаргалын 2018  оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн ээж Р.Алтантуяа, ээжийн найз Д.Насанжаргал ах нарын хамтаар Улаанбаатар хотоос орой 19 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг манай эмээ, өвөөгийнд очих гээд явсан. Би хотоос гараад машины хойд талын суудал дээр унтаад өгсөн. Д.Насанжаргал ахыг “хүүе, хаая” гээд орилохоор нь сэрээд өндийж амжаагүй байтал манай автомашиныг нэг автомашин мөргөчихсөн. Тэгээд би амьсгалж чадахгүй байтал ээж буугаад намайг гаргаж авсан. Удалгүй эмнэлэг ирээд бид нарыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Энхтайваны 2018  оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркийн автомашин нь           миний нэр дээр бүртгэлтэй байдаг ч миний нөхөр Д.Насанжаргалын эзэмшлийн автомашин байгаа юм. Р.Алтантуяа манай гэрт ирээд Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг аав, ээжийгээ нүүлгээд өгөөч гээд манай нөхрийг дагуулаад явсан. Манай нөхөр машин барьдаггүй болохоор Р.Алтантуяа нь машиныг жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/143 тоот:

1. Р.Алтантуяагийн

2. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч М.Эрдэнэбаатарын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид хохирлыг нь төлж барагдуулна. Хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/,

Техникийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Анхбаяры 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №11 тоот:

1. 52-62 УБХ  улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Эрдэнэбаатар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан  гэж үзэж байна.

“Ниссан Санни” маркийн 09-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Алтантуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

2. 52-62 УБХ улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Эрдэнэбаатар нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байна.

3. Зам тээврийн осол гарсан замын тэмдэг тэмдэглэлээ нь энэ осол гарахад нөлөөлсөн зүйл алга байна.

4. Зам тээврийн ослын газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй байх тул 52-62 УБХ улсын дугаартай “Зил-130” маркийн автомашин, 09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10 дугаар  тал/,

Хөрөнгийн үнэлгээ, "Вендо” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “09-64 УБЧ улсын дугаартай, “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн нийт шууд болон шууд бус зардлын дүн 1.574.000” гэсэн хавсралт /хх-ийн 42 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43 дугаар тал/,

М.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/,

М.Эрдэнэбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/,

М.Эрдэнэбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 63-69 дүгээр тал/

Р.Алтантуяагийн хохирлын баримт /хх-74-83 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин дээрх үйл баримтуудыг судалж дүгнэхэд шүүгдэгч М.Эрдэнэбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Магнай Трейд” ХХК-ны шатахуун түгээх станцын хойд зам дээр 52-62 УБХ улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “... жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ/ уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас  Р.Алтантуяагийн жолоодож явсан 09-64 УБЧ улсын дугаартай “Ниссан Санни” маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Р.Алтантуяагийн биед хүндэвтэр, зорчигч Б.Ууганжаргал, Д.Насанжаргал нарын биед хөнгөн хохирол тус тус учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Эрдэнэбаатар  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, М.Эрдэнэбаатараас 1.022.914 төгрөг гаргуулан хохирогч Р.Алтантуяад, 1.574.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Насанжаргал нарт олгох, хохирогч Р.Алтантуяа гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баатад овогт Мягмарын Эрдэнэбаатарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Мягмарын Эрдэнэбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэбаатарт оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Эрдэнэбаатараас 1.022.914 /нэг сая хорин хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан хохирогч Р.Алтантуяад, 1.574.000 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Насанжаргал нарт тус тус олгосугай.  

6. Шүүгдэгч М.Эрдэнэбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Р.Алтантуяа цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэбаатарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ